Сонгуульд хэн ялах бэ

1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид намаасаа тодорч мандатаа гардан аваад байна. Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн гурван том хүчин нэр дэвшигчээ сойхоор болов. АН-аас одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрсөлдөнө. Харин нөгөө хоёрынх нь хувьд тун “сонин”, таашгүй улс төрчийг намууд нэрийг нь дэвшүүллээ. МАХН-аас нэр дэвших Н.Удвалын хувьд эмэгтэй нэр дэвшигч гэдэг утгаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлогтой өрсөлдөгч ажээ.

Монгол Улс ардчилсан хувьсгал хийгээд, түүнээс өмнөх Ардын хувьгалаас ч хойш эмэгтэй төрийн тэргүүнтэй байсангүй. Нэр дэвшиж байсан ч удаагүй юм. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийн шинэлэг тал хийгээд Монгол Улсад ардчилал тогтосны нэгэн нотолгоо ч гэж харах хүн байна. Гэхдээ ардчилал гэхээсээ илүүтэй эмэгтэй улс төрчийг хүлээн зөвшөөрөх, улс төрд хүч түрэн орж ирж буйн том нотолгоо гэвэл зохилтой болов уу. Одоогийн УИХ-д 10 эмэгтэй гишүүн орж ирсэн нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайжирч, нийгэмд ч эмэгтэй удирдагчийг хүсэмжилж буй сэтгэл зүй харагдсантай холбоотойгоор МАХН туршлагатай эмэгтэй улс төрчөө сонгуульд сойлоо гэсэн ойлголт байна.

МАН-ын хувьд аварга Б.Бат-Эрдэнийг сойсон нь бас л сонин тохиолдол юм.

Харин сонгуулийн үр дүн хэрхэн гарах бол гэдэг таашгүй. АН-ын үзэл баримтлалтай зарим нөхдүүд Ц.Элбэгдоржийг тасархай “хол түрүүлнэ” гэсэн дүгнэлт өгч байна. Үзмэр ч биш, таахад бэрх. Гэхдээ нэр дэвшигчийн хувьд давуу тал их бий. МАН, МАХН гэсэн нэг намын угшилтай, үзэл баримтлал ижил намуудын нэр дэвшигчидийн санал хуваагдана гэдгийг эгэл жирийн улс төр сонирхогчид хэлэх биз. Иймээс энэ нь Ц.Элбэгдоржид хамгийн их ашигтай хийгээд, сөрөг хүчний нэр дэвшигчид тун их халгаатай юм. Гэхдээ сонгогчидын хувьд нам харж сонголтоо хийх үү, хүнийг харж сонгох уу гэдгээс энэ нь илүү хамааралтай. Гэвч тодорхой хувиар намыг харах сонгогч байх нь дамжиггүй юм.

Ц.Элбэгдоржийн хувьд өнгөрсөн дөрвөн жил төрийн тэргүүнээр ажиллахдаа тал нутгийг хэрсэн их лицензийн тоог багасгасан, шинээр лиценз олгодог байдлыг зогсоон, шүүхийн шинэчлэл, авлига хээл хахуултай тууштай тэмцсэн гээд оноо авах зүйл бий. Эсэргээрээ МАН-ынхныг “намнасан”, алагчилсан, Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэсэн сөрөг мессеж чөрсөлдөгчидөөс ирэх боломжтой. Гэхдээ тэр бол энэ цаг үеийн хамгийн тод лидер гэдэгтээ хэн ч маргахгүй. Түүнд ялах боломж бусад нэр дэвшигчидээс илүү бий болов уу.

МАН-аас өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн хувьд Ц.Элбэгдоржийн гол өрсөлдөгч. УИХ-д гурвантай сонгогдон ажиллаж буй, улс төрийн чамгүй туршлага хуримтлуулсан нэгэн юм. Уул уурхай, байгаль орчныг хамгаалахын төлөө хүчтэй дуугарч ирснээрээ тэрээр улс төрчдөс ялгардаг. Нийгэмд шударга, эх орон ч гэсэн имиж түүнд бий. Гүндүүгүй, ноён нуруу, тулгатай эр хүн гэсэн эерэг сайн хандлагтай.

Улс төрд хөл тавихаасаа өмнө үндэсний бөх, их спорт, бөхийн төрлүүдээр гарамгай амжилт үзүүлж байснаараа ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн ч “бөх” гэдэг сайн нэр нь ерөнхийлөгчийн сонгуулийн сөрөг Пиар болж мэдэхээр байгаа юм. Улс төрд бөх, тамирчид орж ирж буйг сонгогчид шүүмжлэлтэй ханддаг. Энэ нь Б.Бат-Эрдэнэд “сул” тал болохыг үгүйсгэмгүй. Сонгогчидын хувьд 2009 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийнхэн АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид илүүтэй оноо өгсөн бол орон нутагт МАН-ын Н.Энхбаярыг илүүтэй дэмжсэн байдаг.

Энэ удаагийн сонгуулиар ч Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн хувьд орон нутаг, хөдөөгийн иргэдээс санал зулгаах боломж өндөр юм. Бөхдөө хайртай Монголын ард түмэн, тэр тусмаа хөдөөгийн “хөх” өвгөд аваргаасаа санал харамлахгүй байх талтай.

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалын хувьд 2000-2004 онуудад Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч эмэгтэйчүүдийн нэг юм. Улс төрд эмэгтэйчүүд хүчтэй орж ирж буй энэ үед эрчүүдийн саналаас зулгааж мэдэх цаг үеийн тохироо ирж буй. Хувь хүнийх нь хувьд тулгатай, туршлагтай эрхэм ч нийгэмд тийм ч сайн танигдсан фигур биш юм. Өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Архангайд нэр дэвшин өрсөлдсөн ч өвдөг шороодсоноос үзэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт авах хэмжээнд санал авч чадахгүй байх гэсэн таамаг дэвшүүлэх байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …