Ж.Батсуурь: Хямрал өнгөрнө, амьдрал үргэлжилнэ гэж харах хэрэгтэй

downloadУИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг хүндэрсний гол шалтгаан нь юу байв. Бид яагаад ийм байдалд хүрэв?

-Эдийн засаг хүндэрсэн гэдэг ойлголт, ер нь ийм яриа бол хийсвэр бөгөөд ерөнхий агуулгатай зүйл. Шинжлэх ухааны болон албан ёсны судалгаа, үнэлгээнд ийм тодорхой бус байдлаар ярьдаггүй. Гэхдээ монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэж ярьдаг болохоор би ч тэгж ойлгоод санаагаа хэлье. Ер нь өнөөгийн Монгол Улсын эдийн засаг бол нэг талаас, их авсаархан бага эдийн засаг, нөгөө талаас дэлхийн эдийн засгийн сүлжээнд олон талаар холбогдчихсон том эдийн засаг.

Өнөөдөр манай эдийн засагт хүндрэл үүслээ гэдгийг тодорхой утганд буулгаад яривал хэдхэн зүйлийг хэлж болмоор байгаа юм. Ер нь бол 2008, 2009 онд дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг гайгүй давж 2011 онд 17.3 хувьтай байсан эдийн засаг 4.4 хувийн өсөлттэй болж буурсан. Макро төвшинд их мөнгө хийсэн энэ нь микро төвшиндөө шингэхгүй, мөнгөний эргэлт удааширч, үйлдвэрлэл үйлчилгээ хумигдаж, байгууллага иргэдийн санхүүгийн чадвар эрс муудаад ирсэн зэргийг нэгтгээд эдийн засаг хүндэрлээ гэж ярьж буй хэрэг. Энэ юунаас болов гэхээр маш олон зүйлийг хэлэх боломжтой. Би багцлаад гол гэх хэдэн санааг хэлье.

Нэгд, олон улсын зах зээл дээр манай эдийн засгийн стратегийг тодорхойлж, хөрөнгө оруулалтыг татаж байдаг нүүрс алт, зэс гээд гол нэр төрлийн түүхий эдийн үнэ унаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт багассан нь гадаад зах зээлээс хамааралтай гол шалтгаан. Энэ бол манай эдийн засаг байгалийн баялгаараа дамжаад олон улсын зах зээлээс шууд хамааралтай болсны баталгаа.

Хоёрт, энэ удаагийн хямралын үр үндсийг бид өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Оюу толгой, Таван толгой зэрэг ганц нэг том төслийн хөрөнгө оруулалт, түүхий эдийн үнийн өсөлтөөс орж ирсэн орлогыг сонгуулийн өмнөх амлалтын хэлбэрээр бэлнээр нь тараасан, ингэхдээ дэлхийн эдийн засгийн хөгжлийн хандлага, нүүрс, алт зэснийхээ үнийн хэлбэлзлийн хандлагыг огт тооцоолж чадаагүй. Тэгээд эдийн засагтаа эргэж төлжихгүй их хэмжээний мөнгө оруулчихсан. Төр нь төсвөө данхайлгасан, аж ахуйн нэгжүүд нь тооцоо судалгаа дутмагаас бизнесээ оновчгүй төлөвлөсөн, иргэд маань бэлэн мөнгөнд амтшиж, бэлэнчлэх сэтгэлгээ газар авсан. Энэ бүхэн бол тооцоо судалгаа муу, зөв мэдээлэлд үндэслэсэн оновчтой прогноз хийж чадаагүй, хөгжлийн холыг харсан цэгцтэй бодлого байхгүй, улс төрчид, улс төр бизнесийн бүлэглэлүүдийн лобби, эрх ашгаар асуудалд хандаж олон буруу шийдвэр гаргаж байсан зэрэг нь биднээс өөрсдөөс нь болсон шалтгаан юм.

Гуравт, манай засаг төр аль эртнээс 2012 оны үеэс өгөгдөж эхэлсэн дохио сигналыг цаг үед зөв ойлгож, анхаарч хүлээж авалгүй буруу аргаар будаа тээснээс болсон шалтгаанууд байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис, Самурай бондын зарцуулалтыг тойрсон тодорхой бодлого, тооцоо муутай үйл ажиллагаа хэрэгжүүлж, тэр нь эдийн засгийн суурь хүчин чадлыг бэхжүүлэх, хямралаас сэргийлэх зэрэгт зохих үр дүнгээ өгөөгүй, үр ашиг муутай ажил болсон нь цаг алдахаас эхлээд эдийн засагт төсөв санхүүгийн бэрхшээл үүсэх их бага олон шалтгаан, шалтаг болсон доо. Хэрвээ санамж, дохиог цаг үед мэдрээд нөхцөл байдлаа зөв оношлож, гарах гарц, ойрын ирээдүйн төлөвийг сайн прогнозлож түүндээ үндэслэн бодлого, үйл ажиллагаа явуулсан бол байдал өнөөдрийнхээс дээр байх, хямралын зарим бэрхшээлтэй тулгарахгүй байх боломж байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй.

-Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр бодитоор ямар байна вэ. Төрдөө, нийгэмдээ итгэх итгэл алдарсан, бухимдалтай хүмүүс олширчээ. Энэ байдлыг буруугаар ашиглаж нийгмийн сэтгэл зүйг улам илүү буруугаар ашиглах үзэгдэл байх юм. Та юу гэж харж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл бид юунд хүрэх вэ?

-Улсын эдийн засгийн амин сүнс нь төлбөрийн тэнцэл, санхүүгийн хэвийн нөхцөл шүү дээ. Энэ үүднээс харвал манайд төлбөрийн тэнцлийн хямрал бий болчихсон, одоо даамжраад санхүүгийн хямралын ирмэгт тулж ирчхээд байна. Эдийн засгийн өсөлт энэ оны эцэс гэхэд 4-5 хувь орчим байхаар болчихлоо. Өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувиас давчихлаа. Төсвийн алдаатай бодлогын хажуугаар мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт зэрэг мөнгөний бодлогын арга хэмжээнүүд савлагаа ихтэй, эдийн засгийн мөчлөг дагасан, тодорхойгүй байдал үргэлжилсээр байна.

Оюу толгой, Таван толгойгоос эхлээд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын том төслүүд зогсч гацаанд орсон байдалтай болчихлоо. Хүн амын амьжиргаа ихээхэн хүндэрч эхэллээ. УИХ нь засгийн газраа ойлгож дэмжээд томоохон төслүүд зөв шийдэгдвэл үр дүн гарах боломж байсаар байгаа. Оюу толгойн төлөвлөгөө батлагдсаны үр дүнгээр зарим эерэг зүйл эдийн засагт бий болж байгааг харж байгаа байх. Аж ахуйн нэгж, компаниуд орон тоогоо цомхтгохоос эхлээд үүд хаалгаа хаах нь олширч байна. “Хаалга үүдээ хаасан, үйл ажиллагаагаа зогсоосон аж ахуйн нэгж, компанийн статистик тоон мэдээллийн тухайд ялгаа, зөрөө гараад байдаг.

Хамгийн гол нь хаанаас ямар үзүүлэлтээр мэдээлэл авч байна вэ гэдгээсээ хамаараад байгаа тал бий. Жишээ нь татварын тайлангаа өгсөн эсэхээр нь татварын байгууллагаас авсан мэдээ нэг гарна. Улсын бүртгэлийн газрын мэдээллийн сангаас авсан тоогоо энэ татварын мэдээлэлтэй харьцуулаад тооцвол бас нэг тоо гарна. Үндэсний статистикийн газрын бизнес регистрийн сангаас мэдээлэл авахад өөр нэг тоо гарах жишээтэй. Тийм учраас яс тооны тухай нарийн нягтлах шаардлагатай. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, мөнгөний урсгал саарсан, иргэдийн худалдан авах чадвар муудсан зэрэг шалтгаанаас хамаараад олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсож байгаа нь бодит зүйл. Үүнд хариуцлагатай дүгнэлт хийх ёстой.

-Хамгийн түрүүнд өөрсдөдөө хийх ямар дүгнэлт байна?

-Манайханд нэг дутагдал бий. Ард түмэн түүнийг “Уулын бугыг хараад унасан морио голох” гэдэг дээ. Төр засаг нь ч, хувийн хэвшил нь том төсөл, том ашгийн төлөө хошуураад өдөр тутмын амьдралыг авч явдаг, хүн ардыг хэвийн ажил амьдралтай байлгадаг жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэх гээд анхаарах ёстой асуудлаа мартчихдаг. Хэрэг дээрээ айл өрх, хүмүүс амьдралаа яаж ийгээд болгоод байгаа тэр бодит амьдралыг л их анхаарах учиртай. Жирийн иргэдийн амьдрал хүндэрч байгаа ч гэсэн бүр яахаа алдах хэмжээнд хүрчхээгүй гэж би боддог шүү. Ямар боловч одоогийн зарим хүмүүсийн яриад байгаа шиг босох, буу шийдэм барин тэмцэх дээрээ хүрээгүй гэдэгт итгэлтэй байна.

Харин эдийн засгийн хямрал, амьдралын цаг зуурын бэрхшээлээр дөрөөлөн олон түмний сэтгэл зүйг элдэв бослого, тэмцэлд уриалан нийгмийн тогтворгүй байдалд турхирах нь наанадаж хүн ардын амьдралд, цаашлаад улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ноцтой уршиг тарих увайгүй үйлдэл юм. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэж нэг үг бий дээ. Бас монгол хүн бол аливаад уужуу тайван, ухаалаг голч ханддаг, бас хүлээц тэвчээртэй, ноён нуруутай шинжээрээ бусад үндэстнээс их ялгардаг. Эдийн засгаа сайжруулж төсвийнхөө алдагдлыг бууруулах бодит боломж бидний гарт л байгаа. Би зарим эерэг үр дүн гарч байгаа тухай дээр хэлсэн. Монгол Улсынхаа, Монголынхоо ард түмний ирээдүйг өөдрөгөөр харж байна. Хямрал өнгөрнө, амьдрал үргэлжилнэ шүү дээ.

-Шийдлийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр батлуулсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэл ямар байна вэ. Энэ хөтөлбөр эдийн засгийн хүндрэлээс бүрэн гаргах хөтөлбөр байж чадах уу?

-УИХ-аас 2014 онд ”Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34-р тогтоол, 2015 онд “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” тогтоолыг тус тус батлан гаргасан нь улс орны эдийн засгийн байдлыг сайжруулахад чиглэгдсэн чухал арга хэмжээ болсон юм. Засгийн газар дээр дурдсан хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй төлөвлөгөө, хуваарийг гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж эхэлснээс хойш 4 сар гаруй хугацаа өнгөрч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарим тодорхой ажил, алхмууд хийгдэж байгаа.

Эдийн засгийн хүндрэлээс гарахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтуудыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулаад байна. Өрийн удирдлагын тухай хуулийг батлан гаргалаа. Мөн Ашигт малтмалын тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлтүүдийг орууллаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиуд хэлэлцүүлгийн шатанд явж байна. Валютын ханшын огцом өсөлт буурч эхлээд байна. Манай байнгын хороо эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллах ажлын хэсгүүд байгуулан ажиллуулж байна.

Улсын Их Хурлаас батлан гаргасан Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг Засгийн газраас бүрэн хэрэгжүүлснээр Эдийн засагт учраад буй одоогийн хүндрэлээс гарах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хамгийн гол нь Засгийн газрын идэвхтэй, санаачилгатай үйл ажиллагаа мөн УИХ-ын ажлын үр дүн бүтээлч, шуурхай ажиллагаанаас ихээхэн шалтгаалах нь тодорхой.

-Эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр бид одоо юу хийх ёстой вэ?

  1. Хөрөнгө оруулалтын эрх зүйн болон улс төрийн тогтвортой орчинг бүрдүүлж, улмаар томоохон мега гэгдэх төслүүдээ хөдөлгөх ёстой. Эрх зүйн орчны хувьд боломжийн сайжирсан гэж хэлж болно. Гэхдээ яаралтай шийдвэрлэх ёстой Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиуд хүлээгдсээр байна.
  2. Санхүүгийн болон мөнгөний бодлогын реформ хийх шаардлагатай. Энэ талаар одоогоор гол төлөв иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, зарим улс төрчдийн тодорхой санал санаачилга гарч байгаа ч нарийвчилсан судалгаа тооцоо хийгдээгүй, албан ёсны тодорхой төсөл өргөн баригдаагүй байна.
  3. Төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж хэмнэлтийн горимд шилжих.
  4. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийг хүлээн авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байгаа гэж би хувьдаа үздэг. Энэ тухай өмнө бас хэлж анхааруулж байсан л даа.

-Эдийн засаг, улс төрийн хямрал хоёрын алийг нь та манай улсад илүү нүүрлээд байна гэж үзэж байна вэ. Яагаад?

-Их төвөгтэй асуудал. Ер нь хоорондоо заавал холбогдчих гээд байдаг зүйл байх шүү. Манай тухайд бол улс төрийн болон эдийн засгийн хямрал ерөнхийдээ зэрэгцээд байна уу даа гэж хэлж болно. Тэгэхдээ улс төрийн хямралын шинжтэй үзэгдлүүд нь гол төлөв өмнө нь яваад эдийн засгийнхаа хямралд нөлөөлөөд байна уу даа гэж хэлж болмоор санагддаг. Яг одоогийн байдлаар бол улс төрийн хямралын шинжтэй үйлдлүүд нь эдийн засгийнхаа байдалд нэрмээс болоод байна. Гол шалтгаан нь улс төр ба эдийн засгийн эрх ашиг, сонирхол ил далд байдлаар их холбогдсоны улмаас улс төр-бизнесийн олигарх гэж нэрлээд байгаа бүлэглэлүүдийн зөрчил аливаа асуудлыг жам ёсных дагуу шийдвэрлэхэд бэрхшээл учруулаад байгаа явдал гэж би хувьдаа боддог. Дээр нь зарим шатанд засаглалын тодорхой хямрал бий болчхоод байгаа. Энэ тогтолцооны гажгаас үүсчхээд байгаа л даа.

-Манай улсын гадаадад тавьж байгаа өрийн хэмжээний талаар нийгэмд ихээхэн бухимдал байгаад байдаг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Ер нь зах зээлийн эдийн засагтай улс орнуудад бол зээл, өрийн асуудал жирийн төдийгүй жам ёсны үзэгдэл байдаг. Гэхдээ дэлхийн улс орнууд эдийн засгийн бүтэц, хэмжээ, геоэдийн засгийн болон геополитикийн байрлал зэргээсээ хамаараад гадаад өрийн хэмжээг янз бүрийн хэмжээнд хязгаарлаж зохицуулсан байдаг юм билээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэмжээнд, бүр давсан улс орнууд ч байдаг, 70, 80 хувь гээд хязгаарлачихсан улс орнууд ч бий. Нийтлэг жишгээр бол ДНБ-нийхээ хэмжээнээс нэг их хэтрээд байдаггүй юм билээ.

Манай орны тухайд энэ хязгаарыг 40 хувиар хязгаарлаж байснаа саяхан 58 хувь болгож хүрсэн төвшнийг зөвшөөрөөд цаашид буулгах зохицуулалт хийсэн. Гадаад өр бол тооцооллын бас нарийн аргачлалтай, тэр нь тухай улс орны онцлогтой холбогддог учраас одоохондоо аргачлал, тооцооллын шинжтэй зарим хувьд зарим нэг маргаантай асуудал бий. Одоогийн манай гадаад өрийн хэмжээ болгоомжлох төвшинд хүрсэн боловч цаашид нэмэхгүй, эргэн төлөлтийнхээ эх үүсвэрийг зөв олж тогтоогоод явбал аюул түгшүүрийн хэмжээнд хүрээгүй гэсэн бодолтой байдаг даа.

-Улс орны эдийн засаг өсөлттэй гараад байгаа мөртлөө иргэн хүнд, өрх айлд, аж ахуй нэгжид, жижиг дунд нэгжид сайн нөлөө авч ирэхгүй байгааг юу гэж үзэх вэ?

-Энэ бол яах аргагүй бодлогын алдаа. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг огцом өссөн үед зөв, оновчтой бодлого боловсруулж хэрэгжүүлэхийн оронд хэт хавтгайрсан халамжийн бодлого хэрэгжүүлсэн, иргэдийн гар дээр бэлэн мөнгө их хэмжээгээр тараасан, үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр цөөн компанийг тэтгэсэн, бондуудын зарцуулалтыг оновчтой зөв хуваарилж чадаагүй гээд эдийн засгийн үр өгөөж багатай, эргэж төлөгдөх хөрөнгийн эх үүсвэр бий болгож чадахгүй, баялаг бүтээхгүй бодлого явуулсан нь эдийн засгийн огцом өсөлт микро төвшинд үр өгөөжөө өгч чадахгүйд хүргэсэн гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд мэргэжлийн эдийн засагчид хүртээмжтэй эдийн засаг, хүртээмжтэй өсөлтийн тухай үзэл баримтлалыг их ярьдаг болсон. Энэ бол эдийн засаг өөрөө өөрийнхөө төлөө биш, хүний төлөө байх ёстой гэсэн санааг гол болгосон хэрэг. Тийм болохоор мэргэжлийн хүмүүс, эрдэмтдийнхээ ярьж бичээд байгаа хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн үзэл баримтлалыг бодлогодоо шингээж, бодитой хэрэгжүүлэх шаардлагатай юм.

-Баялаг бүтээгч гэж яг хэнийг хэлээд байна вэ? Манайд баялаг бүтээгчид байна уу?

-Орчин үед баялаг гэдэг үг их өргөн утгатай болсон. Дээхнэ үед бол эд хөрөнгө гэсэн утга голлож байсан бол одоо үүний зэрэгцээ эрдэм мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, оюуны чадамж гээд маш олон зүйлийг багтааж ойлгодог болсон шүү дээ. Тэгэхээр баялаг бүтээгч гэж тодорхой ажил хөдөлмөр эрхэлж, хүн ардын материаллаг болон оюуны хэрэгцээг хангахад ямар нэг хэмжээгээр хувь нэмэр оруулж буй хүн бүрийг ойлгох учиртай. Ингэвэл манай ажилтай орлоготой хэвийн амьдарч ажиллаж буй бүх иргэн баялаг бүтээгчид.

Тэднийг ямар нэг байдлаар ялгаварлаж хандах нь зохимжгүй хандлага. Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр баялаг бүтээгчдийн тухай ярихдаа жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүсийг онцолж яриад байгаа харагдсан. Байж болох зүйл боловч бусад иргэн, багш, судлаач, эмч, сэтгүүлч гээд материаллаг бус салбарынхныг баялаг бүтээгчид биш гэж үзвэл утгагүй зүйл болно биз дээ. Ер нь жижиг, дунд үйлдвэр, өрхийн бизнес эрхлэгчдийг онцолж дэмжих шаардлага бий. Гэхдээ энэ нь тэднээс бусад иргэдийг баялаг бүтээгч биш гэж ойлгогдохоор байж болохгүй шүү дээ.

-Улс төр бизнес эрхлэгчид нь хоорондоо хэт хутгалджээ гэдэг. Энэ зөв зүйл үү?

-Улс төр бизнес хоёр холбоотой хөгжиж болно. Энэ нь улс төрчид зөвхөн бүх бизнес эрхлэгчдэд тэгш үйлчлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, хууль гаргах зорилгоор тэдний талаар судалгаатай, мэдээлэлтэй, мэдлэгтэй байх хэмжээгээр хязгаарлагдах ёстой. Харин бизнес эрхлэгчдийн зүгээс нийтлэг хэрэгцээ, шаардлагаа улс төрчдөд ойлгуулан таниулах лоббийн үйл ажиллагааны хүрээнээс халих ёсгүй. Харамсалтай нь манайд лоббийн тухай хуульгүй учраас энэ үйл ажиллагаа эдүгээ хүртэл жам ёсоороо хийгдэхгүй явж ирсэн юм.

Монголд улс төр-бизнесийн олигарх бүлэглэл бий болсныг бараг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болно. Одоогоос хэдэн жилийн өмнөөс эхлээд л Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүнээс эхлээд судлаачид, иргэний нийгмийн төлөөлөгчид, иргэд бүгд л ийм зүйлийн тухай ярьдаг болж, одоо бол бараг хэвийн үзэгдэл мэтээр ойлгогдоод хүрчихлээ. Миний бодоход энэ нь яав ч эрүүл үзэгдэл биш. Монгол Улсыг, Монголын нийгмийг гадна талдаа “муухай” муугаар харагдуулж байгаа гол үндэс эндээс эхтэй. Монголчуудын дотоодын үл ойлголцол, хараал зөрчлийн үндэс бас эндээс үүснэ.

Ажил хэргийн завхрал, авилгын сүлжээ, цэгцгүй, холын хараагүй харалган бодлого хэрэгжих нөхцөл шалтгаан бас л эндээс хамааралтай. Ингээд бодохлоор улс төр бизнес хоёрыг салгасан шиг салгаж, холбогдсон шиг холбох эрх зүй, зохион байгуулалтын орчин үнэхээр дутагдаж байна. Хамгийн гол нь ийм орчин бүрдүүлэх хүсэл сонирхол эрх мэдэл бүхий улс төрчдөд, тэр тусмаа олигархи бүлэглэлд багтдаг хэмээн олон нийт харддаг тийм хүмүүст байхгүй байдаг нь уг асуудлыг зохистой хэмжээгээр шийдэх боломж ойрын ирээдүйд харагдахгүй байна.


Ч.Зотол

“Зууны мэдээ”  сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …