Хөгжлийн бодлого судлаач, доктор М.Найданхүүтэй ярилцлаа.
-Баяр наадмын өмнө Төрийн тэргүүн Уфа хотноо очиж Орос, Хятадын тэргүүнүүдтэй уулзаад ирлээ. Энэ удаагийн уулзалтын гол ач холбогдол нь эдийн засгийн коридор байгуулах байсан тухай ярьж байна. Энэ удаагийн уулзалтын үр дүнг та юу гэж тодорхойлох вэ?
-Гурван орны төрийн тэргүүнүүдийн энэ удаагийн уулзалтад сэтгэл хангалуун байгаа. Үнэхээр үр дүнтэй уулзалт болсон гэж дүгнэж байна. Бид хөрш улсуудтайгаа хамтарсан найрсаг харилцаа хөгжүүлэхгүйгээр урагш хөгжихгүй, цааш явахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Бид тэдний хэрэгжүүлэхээр зорьж буй эдийн засгийн том хөтөлбөр, төслүүдээс хоцрохгүй, гадна үлдэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Гурван орны төрийн тэргүүн эдийн засгийн коридор байгуулах тал дээр аль аль нь нааштай байгаагаа илэрхийлсэн. Одоо энэ боломжоо ашиглах ёстой.
-Цаашид манай улс хоёр хөрштэйгөө хэрхэн харилцах нь зүйтэй вэ. Хоёр хөршийн хувьд манайхыг гэхээсээ илүүтэйгээр Казахстан тэргүүтэй бусад орнуудад илүү талтай байна уу гэсэн зүйл ажиглагдах боллоо?
-Бид хоцрохгүй, тэдний анхаарлаас гадна шоовдорлогдон үлдэж болохгүй. Манай мундаг дипломатчид ихэнх нь Москвад өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Тэднийхээ мэдлэг, ур чадварыг л ашиглах хэрэгтэй. Тэгэхээр Казакстанаас дутах зүйлгүй гэж бодож байна. Гагцхүү хэлсэн үгнээсээ буцдаг найдваргүй гэсэн муу нэр зүүвэл хэн ч тоохгүй. Хоёр хөрштэйгөө харилцаа сэргээд ирсэн энэ үед бид хөгжлийн тогтвортой бодлогоо бий болгох нь чухал. Сая хийгдсэн гэрээ хэлэлцээр, яриа гэрээндээ үнэнч байх хэрэгтэй байна. Баталгаатай бодитой гэрээ хэлэлцээр хийдэг төр засагтай болох хэрэгтэй. Худлаа хэлэх нь улстөр биш, хулгай хийх нь ухаан биш гэдгийг л хүн бүр эрхэмлэх хэрэгтэй байна. Энэ байдал даамжирвал бид дэлхийд ганцаардан шоовдорлогдох болно гэдгээ л хэн хүнгүй хатуу ухамсарлаж ойлгох ёстой. Ойрын жишээ Орос, Хятадад бид найдваргүй, овилгогүй хөрш гэсэн сэтгэгдэл төрүүлж болохгүй.
-Манай орны хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд ажиглагчийн байр сууринаас оролцдог. Энэ удаад Ерөнхийлөгч мөн Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалахаа тодотгосон…
-Манай улс ШХАБ-ын ажиглагч статусаа хадгалсан нь зөв. Жишээ нь, Европын Холбоо байна. Норвеги улс Европын холбооны гишүүн бус орон. Хүн ам цөөтэй байгалийн асар их баялагтай энэ улсын бодлогоос л бид чухалчлан судлах хэрэгтэй. Түүнчлэн зарим талаар ШХАБ-ын үйл ажиллагааны зорилго тодорхой бус мэт санагддаг. Улс төрийн өөр өөр дэглэмтэй улсууд нэгдэнэ гэдэг нь нэг л ойлгомжгүй мэт санагддаг.
-Монгол, Орос, Хятадыг холбосон нефтийн хоолой, газ хоолой явуулах уу гэдэг асуудал хөндөгдөх байх. Мөн цахилгаан дамжуулах хоолой татах уу, хос төмөр зам тавьбал харилцан ашигтай байж чадах уу гэдэг зүйлс анхаарлын төвд орж ирлээ. Бид юун дээрээ анхаарах ёстой бол?
-Олон тэрбyмын өртөгтэй мянганы бүтээн байгуулалтууд манай улсаар дамжин өнгөрвөл бидэнд эдийн засгийн, газарзүйн, хүн амзүйн том боломжууд бий болно. Ажлын байр бий болж Монголчуудын амьжиргаа дээшлэх нь гарцаагүй. Үүнийг дагаад хөгжил бий болох юм. Эзгүй хээр талуудад амьдрал бий болно. Үүний тулд монголчууд бид мэдлэг, чадвар, чадамжийн хувьд л аль ч улсын иргэдээс дутахгүй байх хэрэгтэй. Эх оронч үзэл бол хөдөлмөрлөж, бүтээж, хэнээс ч дутахгүй амьдарна гэсэн үг гэдгийг л бид хатуу ойлгох хэрэгтэй.
-Уфад гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх дөрвөн баримт бичгийг байгуулсан байна лээ. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?
-Би энэхүү уулзалтыг зөв өнцгөөс харахыг хичээж байна. Хамгийн гол нь хөрш yлcтaйгaa хамтран ашигтай, эв найртай амьдрах нь л чухал. Бусадтай муудалцсанаар дэлхийд ганцаардаж ард олноо зовлонд унагаж буй улс орнууд байгааг харж л байна. Уг нь гурван улсын хамтын ажиллагааны тод жишээ бол нэгэн жарныг ардаа орхиод буй төмөр замын салбар. Төмөр зам Монголд хөгжил авчирсан. Төмөр замаа дагасан олон тооны хот, тосгод, өртөөнүүд бий болсон. Тиймээс транзит тээврийн асуудлыг шийдээд явах нь үр дүнтэй болов уу.
-Энэ удаагийн Бриксийн уулзалтын гол зорилго нь юу байсан гэж та харж байгаа вэ. Мэдээж дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг улс орнуудын төрийн тэргүүнүүд мэдээж өөрийн улсын эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх тал дээр голлон анхаарсан байх?
-Өнөөдөр Украины асуудлаас үүдэлтэй ОХУ болоод АНУ тэргүүтэй Европын улс орнуудын хооронд зөрчилдөөн үүсээд байна. Эдийн засгийн хоригууд ОХУ-ын эсрэг хэрэгжиж байна. ОХУ дэлхийн тавцанд ганцаардахгүйг хичээж байна. Энэ цаг үед БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагаа идэвхжиж байна.
Үүндээ манай улсыг орхигдуулахгүй хамтруулж буй нь сайн хэрэг. Дээр хэлсэнчлэн бид л өөрсдөө хүчирхэг, чадвартай байх хэрэгтэй. Ашиг харахгүй амьдрал гэж байхгүй. Ах дүүгийн найрамдалт харилцаа аль хэдийнэ хойно үлдсэн. Мартагдсан түүх болж байна. Тэгэхлээр бид өөрсдөө л чадварлаг, ухаалаг байх хэрэгтэй.
-Сүүлийн үед БРИКС G20-ийн шийдвэрт нөлөөлж чадаж байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм билээ. БРИКС-ийн байр суурийг та юу гэж дүгнэж байна вэ?
-Одоохондоо үр дүн, зорилгыг нь дүгнэхэд эрт байна даа. ОХУ-ын эдийн засаг их л хэцүү байна. Ард олон нь хэр удаан тэсвэрлэхээс л хамаарна. БНХАУ-ын эдийн засаг ч мөн адил асуудалтай байгаа. Хэр удаан нууж чадах бол. Эдийн засгийн дотоод асуудлаа цэгцэлж чадаагүй улс орнууд G20-д нөлөөлж чадах нь юу л бол. Яг энэ асуудлаар намайг нааш ирэхээс өмнө Норвегийн Амьдралын шинжлэх ухааны их сургууль дээр олон улсын хуралдаан болсон. Илтгэл тавьсан эрдэмтэд манай хоёр хөршийн эдийн засаг тун эмзэг буйг л голчлон дурьдаж байна лээ. Манай зарим судлаач, сэтгүүлчид хамаагүй мэдэгдэл хийж иргэдийг хямруулах юм. Дайсагналаас л аль болох бид хол байх хэрэгтэй. Яг үнэндээ эдгээрт дүгнэлт хийх нь бидэнд ахадсан асуудал байж болно. Эхлээд дотоод тогтвортой хөгжлийн бодлогоо бий болгох нь л бидний нэг номерын асуудал. Баялагтаа эзэн болж Норвеги шиг хөгжих нь л гол асуудал.
-Таны хувьд Норвеги улсад нэлээд олон жил судалгааны ажил хийж ажиллаж амьдарсан. Монголыг өөр орны нүдээр харахад ямар харагдаж байна. Дотор нь байгаа хүмүүс тэр бүр мэдэхгүй байна гэдэг?
-Би тэнд доктор хамгаалж ирээд удаагүй байна. Ямар ч байсан зөв хэрэглээнд суралцаж буй байдал ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл харамч, хямгач байдалд хувь хүмүүс суралцаж эхэлж байна. Мөнгөний үнэ цэнийг ойлгож эхэлж буй нь сайн хэрэг. Харин төрийн хүмүүст бол хамааралгүй бололтой. Монголчууд маш орой унтаж, орой босч, буруу амьдарцгааж байна.
Улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлж, улс орноо бүтээн байгуулж хөгжүүлэхийг шоу хэмээн андуурсан, буруу төлөвшсөн муур багш болох улстөрчдөөс болж бид жинхэнэ шоучин үндэстэн болон хувирчээ. Уг нь бидэнд цаг хугацааг алдалгүйгээр хийх, бүтээх ажил маш их байгаа. Зуу, зуун жилийн хоцрогдлоо бид шоудаж, найрлаж, наадамлаж биш шаргyy хөдөлмөр, хичээл зүтгэл, зөв бодлогоор л нөхөж чадна.
Бусад нь алхаж байвал бид гүйж байх ёстой, бусад маань гүйж байвал бид хурдалж байх ёстой, бусад нь амарч байвал бид ажиллаж байх ёстой юм. Олон жил сайд, дарга хийсэн улс төрийн хоронд суралцсан муур багш нартаа бид хууртагдсаар л байна. Норвегийн бүх л бодлого, баялаг, хөрөнгө мөнгөний хуримтлал ирээдүй хойч үедээ зориулагдсан байдаг.
-Норвеги алтан дунджийн нийгмийг цогцлоож чадсан. Харин манайх алтан дунджийн нийгмийг бий болгох хэрэгтэй гэдэг ч нэг л ахиц муутай байх юм. Алдаа нь юундаа байна?
-Тийм, Норвегийн иргэн бүр баялагтаа эзэн болж өндөр цалин хөлстэй ажиллаж сайн сайхан, эрүүл энх аж төрдөг.Тэнд хэт баян, хэт ядуу хүн байхгүй.Цөөхөн хүн амтай манай улсад Норвеги шиг ингэж хөгжих боломж байгаа. Сонгуулиас сонгуульд урд хормойгоо аваад хойд хормойгоо нөхөөд oгт урагшлахгүй дороо эргээд байна. Сэхээтнүүд маань нийгмээ сэрээхгүй байна, Иймээс би сая ирээд “Эрдэмтэн, судлаачдын холбоо”, “Зөв хөгжил-Зүүний хөгжил” гэсэн нийгэмд үйлчилдэг ТББ-ууд байгууллаа. Үйл ажиллагаа маань идэвхжиж байна. Норвегид олон жил амьдарч, суралцахдаа бэлтгэсэн “Алтан дунджийн нийгмийг бүтээн байгуулъя”, “Монголын ХАА-д Хамтран ажиллах хоршооллын системийг нэвтрүүлж хөгжүүлэх” гэсэн хоёр хөгжлийн хөтөлбөрөө танилцуулж эхэлнэ. Мөн “Баялгийн зөв хуваарилалт” гэсэн хэлэлцүүлэх лекц бэлдээд сууж байна. Хүмүүсийг амарч, наадамлаж дуусахыг, сургууль соёл цугларахыг хүлээгээд байж байна даа.
-Та бол уул уурхайн салбарын талаар өөрийн байр суурийг илэрхийлдэг. Норвегийн жишээг харахад манайд хөгжих боломж хэр байна?
-Уул уурхайгаа ард олондоо тэгш хүртэхээр л бид шийдэх ёстой. Норвеги шиг төрийн мэдэл, эзэмшилдээ 100 хувь авах ёстой. Норвегид хэн баян байна, төр нь баян байна. Тэнд төрөөсөө баян болчихсон нэг ч олигарх алга. Төр ард олондоо өндөр цалин, өндөр тэтгэвэр, үр хүүхдэдээ өндөр халамжаар иргэддээ баялгийн зөв хуваарилалтыг зохицуулж байна. Норвегийн бүх иргэд нь 2-3 сая долларын эд хөрөнгөтэй, зөв хэрэглээг эрхэмлэсэн, эрүүл чийрэг, мэдлэг боловсролтой боллоо.
Бид гуравхан сая мөртлөө маш ядуу амьдарч байна. Төрийн дэвшүүлэн тавьж буй хөгжлийн бодлого туйлын буруу яваад байгаа юм. Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, Цагаан суварга гэх мэтчилэн дэлхийн хэмжээний мөнгө босгох олон тооны баялаг уул уурхайн орд байна.
Харамсалтай нь Монголчууд цайны мөнгө буюу типэнд хууртаад явж байгаа. Бид баялaгтаа эзэн болохын тулд олон тооны гадаад дотоод хөрөнгө оруулалттай олборлох оператор компаниуд болоод тэднийг удирдан ажиллуулах олон мянган өндөр цалинтай, өндөр хариуцлагатай, өндөр мэдлэг боловсролтой Төрийн менежерүүдийг бий болгох шаардлагатай байна. Дээр нь бид ХАА-н хямд түүхий эд дээрээ түшиглэсэн Хүнс ба Xөнгөн үйлдвэрлэлийн Хоршоолсон цогцолборyyдыг хөгжүүлэх хэрэгтэй байна.
Э.ЭНХБОЛД
Эх сурвалж: dnn.mn