МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохтой ярилцлаа.
– Цөмийн болон цацрагийн хяналт гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй. Ер нь аль салбарт ямар чиглэлийн хяналтыг хэрэгжүүлж байна вэ?
– Цацрагийн талаар ярихаар иргэдэд эхлээд атомын цахилгаан станц, байгаль орчинд хор хөнөөлтэй уран гэдэг талаас нь төсөөлдөг. Тэгээд ашигтай, тустай хэрэглээг нь мэддэг ч болгоомжилж эхэлдэг юм шиг санагддаг. Гэтэл цацраг гэдэг зүйл маань хөрс, агаар, ус гээд хүрээлэн байгаа орчин, хүнсний бүтээгдэхүүнд ч тодорхой хэмжээгээр байдаг л зүйл. Уран гэдэг маань цацраг идэвх шинж чанартай байгаль дээр өргөн тархсан ашигт малтмалын нэг. Цөмийн технологи, цацрагийн үүсгүүрийн ашигтай хэрэглээ манай улсад төрөл бүрийн салбарт нэвтрээд удаж байна. Тэгэхээр цацрагийг зохистой хэмжээнд байлгаж, аюулгүй нөхцөлд хэрэглэж чадвал тийм аюултай зүйл биш, бид ийм нөхцал байдлыг хангуулахад чиглэсэн төрийн хяналтыг хэрэгжүүлдэг.
– Манай улс хэдий үеэс энэ чиглэлийн хяналт хийгдэж эхэлсэн юм бол?
– 1965 онд ШУА-ийн харьяа Физик математикийн хүрээлэнгийн дэргэд анхны цацрагийн лабораторийн суурь тавигдаж, 1973 оноос эхлэн цацрагийн хяналтыг дэс дараатайгаар өргөжүүлж эхэлсэн. 1987 оноос радиохимийн лабораторийг байгуулан газрын хөрс, ургамал, хүнсний ногоо, сүү зэрэг сорьцонд радиохимийн задлан шинжилгээг бие даан хийх болсон. Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 96 дугаар захирамжаар цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий Цөмийн хяналтын хэлтсийг шинээр байгуулсан.
Одоогоор тус газар нь цацрагийн үүсгүүр хэрэглэгч, цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдолтой үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад хяналт хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, цацрагтай харьцаж ажиллагчдын хувийн тунг хянах, хүн амын шарлагын хяналт буюу гадаад орчин, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, барилгын материал, байгалийн цацрагийн түвшний хэмжилт, хяналтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг хариуцан ажилладаг.
– Өргөн хүрээтэй хяналтыг улсын хэмжээнд хийдэг юм байна, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад орны хяналттай жишихэд бидний түвшин ямар байна?
– Манай чиглэлийн хяналтын байгууллагын тогтолцоо олон улсын жишигт нийцсэн гэж хэлж болно. Монгол Улсын цацрагийн хамгаалалтын үндэсний дэд бүтцэд үнэлгээ өгөх ОУАЭА-ийн мэргэжлийн ажлын хэсэг 2007, 2012 онуудад 2 удаа Монголд ажилласан. Энэхүү үнэлгээгээр сайжруулах шаардлагатай зарим асуудлууд байсан ч цацрагийн хяналт хийх, зөвшөөрөл олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг хяналтын албаны үндсэн үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцэж байна гэсэн дүгнэсэн байдаг.
-Цөмийн технолгийг аль салбарт өргөн хэрэглэдэг вэ?
– Манай улсад ионжуулагч цацрагийн үүсгүүрийг хамгийн ихээр хэрэглэж буй салбар нь эрүүл мэндийн салбар юм.
1934 онд рентген оношилгооны кабинет нээгдэж байсан түүхтэй. 1975 онд цөмийн онош зүйн лаборатори, 1985 онд цөмийн изотоп эмчилгээ, 1987 оноос компьютерт томографийг оношилгоонд ашиглах болсноор цөмийн оношилгоо, эмчилгээний төвшинг шинэ шатанд гаргасан байдаг. Өнгөрсөн онд “Хос толгойт Спект гамма Камер” гэдэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтанд оруулсан. Энэ төхөөрөмжөөр төрөл бүрийн хорт хавдрууд, тархины цусан хангамж, дотоод эрхтэний бүтэц, эмгэгийн өөрчлөлтийг молекулын түвшинд эрт оношилж чадах боломжтой юм.
Эрүүл мэндийн салбарт рентген аппарат, төхөөрөмжийг ашиглан оношилгоо шинжилгээ хийдэг 170 орчим байгууллага манай хяналтад байдаг.
– Уул, уурхай хөгжсөнтэй холбоотойгоор энэ салбарт цөмийн технологийг түлхүү хэрэглэх болсон.
– Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос, усны хайгуул, судалгааны ажилд цацрагийн үүсгүүрийг өргөн хэрэглэж байна. Цооногийн геофизикийн энэ арга нь судалгааны нарийвчлал өндөртэй, эдийн засгийн хувьд ч үр ашигтай арга юм. Хүдэр болон хүдрийн баяжмалд рентген флюоресценцийн анализын багаж төхөөрөмжийг ашиглан эрдсийн агуулгыг тодорхойлж байна. Эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон аж үйлдвэрүүдэд үйлдвэрийн технологийн процессийг цөмийн хэмжүүрээр хянаж чадаж байна. Нэмж хэлэхэд цацраг идэвхт ашигт малмталыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар төрөөс баримтлах бодлого 2009 онд гарсан. Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт цацраг идэвхт ашигт малтмал болох уран олборлох, түүнийг шар нунтаг болгон боловсруулах талаар тодорхой асуудлууд тусгагдсан байгаа.
– Цацрагийн үүсгүүртэй ажилладаг хүмүүсийн аюулгүй байдлыг яаж хангуулдаг вэ?
– Цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангуулахын зэрэгцээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангуулах асуудал маш чухал. Хяналтын байгууллагын зүгээс мэргэшсэн, цацраг болон хийж байгаа ажлынхаа талаар бүрэн ойлголттой, ослын болон хэвийн бус нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрийгөө болон бусдыг хамгаалах дадал эзэмшсэн, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрхэн мөрдөж ажиллах талаар төрөлжүүлсэн сургалтанд хамрагдсан хүнийг л цацрагийн үүсгүүртэй харьцаж ажиллахыг зөвшөөрдөг. Мэдээж, тухайн ажилтны ажлын байранд холбогдох хэмжилтүүдийг хийж, цацрагийн хамгаалалт бүрэн хийгдсэн үед л үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Нэг удаагийн хэмжилт, хяналтаар бүх зүйл шаардлага хангаж байна гээд орхидоггүй, ажиллагчдын сар тутамд авч байгаа тунгийнх нь хэмжээнд тогтмол хяналт тавьдаг. Одоогийн байдлаар цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг 1300 гаруй цацрагтай ажиллагч улсын бүртгэлд бүртгэгдэж, хяналтанд хамрагдаад байна. Мөн ажил олгогч нарт цацрагийн үүсгүүртэй, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнууыг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулж байх шаардлага тавьдаг.
– МХЕГ-т нэгдэж орсноос хойших үйл ажиллагааны чиглэлийн тухайд?
– Манай хяналтын нэгж нь 2015 онд мэргэжлийн хяналтын байгууллагын бүтцэд шинээр орж ирсэн. МХЕГ-аас системийн хэмжээнд тодорхой шинэ зорилтуудыг тавьж ажиллаж байгаа. Манай газар ч эдгээр зорилтуудад нийцүүлэн хяналтын тогтолцоог сайжруулах, хяналт шалгалт хийх аргыг оновчтой сонгох, эрсдлийг бууруулах тал дээр тодорхой ажлуудыг хийгээд байна. Салбарын онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөгөөг Монгол улс ОУАЭА-тай байгуулсан дунд хугацааны хөтөлбөрийн тодорхой заалтуудтай уялдуулан боловсруулж дуусгалаа.
Хяналтад хэрэглэдэг байсан хяналтын хуудсуудыг системын хэмжээнд хэрэглэж байгаа хяналтын хуудсанд нийцүүлж, шинэчлэн боловсруулж хяналтад хэрэглэж байна. Хяналтын хуудас батлагдсанаар хяналт шалгалтыг зөвхөн хяналтын байгууллага биш, аж ахуйн нэгж, байгууллага ч өөрсдөө дотоодын хяналтаа сайжруулахад хэрэглэж болох давуу талтай.
Хяналт шалгалтын үйл ажиллагаанд зөвлөн туслах болон эрсдлийг бууруулах чиглэлийг баримтлан, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд дэмжин ажиллаж байна.