Хууль зүйн дэд сайд асан Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
–Өршөөлийн хууль олны анхаарлынтөвд байна. Ерөнхийлөгч хэсэгчилсэнхориг тавьчихлаа. Та хуульч хүнийхувьд юу гэж үзэж байна вэ?
-Өршөөлийн хууль нь өөрөө Эрүүгийн хуулийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Эрүүгийн хууль бусад хуулиас нэг том зарчмаараа ялгарч байдаг. Тэр нь Эрүүгийн хуулийн буцаж үйлчилдэггүй зарчим юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэрэгт холбогдсон эсвэл шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүс шинээр Эрүүгийн хууль юм уу, үүнтэй холбоотой хууль батлагдахад өөрт ашигтай хувилбарыг хэрэглэх эрхтэй байдаг.
Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хамгийн түгээмэл зарчим. Олон улсад ч энэ зарчмыг хэрэглэдэг. Бүр энгийнээр тайлбарлая. Өмнө нь таван жилийн ял авах хэрэг хийсэн хүн өнөөдөр шинэ баталсан Эрүүгийн хуулиар түүнийг нь гэмт хэрэг биш гээд тооцчихвол шууд суллагдана. Эсвэл нэг жилийн ял авахаар өөрчлөгдсөн байвал тэр нь шууд буурах жишээтэй. Өршөөлийн хууль яг үүнтэй адил. Өнөөдөр ял шийтгэл эдэлж байгаа бүх хүнийг Өршөөлийн хуульд хамруулсан нь батлагдсан өдрөөсөө буюу энэ оны наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн одоо ял эдэлж байгаа, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бүх хүн өршөөгдсөн гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгч 4.1, 7.1 -д хориг тавьчихаар Өршөөлийн хуульд бүхэлд нь хориг тавьснаас ямар ч ялгаагүй боллоо. Өөрөөр хэлбэл, буцаагаад ялла гэсэнтэй адил. 4.1 гэдэг нь одоо ял эдэлж байгаа хүмүүсийг үлдсэн ялаас нь өршөөн хэлтрүүлэх тухай заалт, 7 дугаар зүйл нь бол одоо шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа хэргүүдийг өршөөх тухай заалт байхгүй юу. Энэ хоёрыг авчихаар Өршөөлийн хуулиас юу үлдэх юм. Хэрвээ хоригийг хүлээгээд авчихвал саяхан хууль батлагдахад баярлаж байсан олон мянган хүнд “Уучлаарай, төр нь та нарыг баярлуулан гомдоосон юм аа” гэж шоглоом хийсэн болно. Бүхэл бүтэн хууль тогтоох дээд байгууллага өөрийнхөө онцгой бүрэн эрхээр иргэдээ өршөөж нэг баярлуулчихаад дараа нь, худлаа худлаа гэж шоглоом хийсэн юм гэж болох уу даа. Нөгөө талаар саяхан батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль байна. Энэ хууль Өршөөлийн хуультай нягт холбоотой. Хэрэв хориг энэ чигээрээ явбал өмнөх хуулиар нь өршөөгдсөн хүмүүсийг зальдаж хөрөнгийг нь илрүүлчихээд дараа нь шийтгэх нөхцөл бүрдэнэ.
– Тэгэхээр өршөөлийн хуульд хориг тавьж болдогүй гэсэн үг үү?
-Хориг огт тавихгүй байна гэсэн үг биш. Тавихдаа зөөлрүүлж тавьж болно. Зөөлрүүлсэн тохиолдолд тухайн хүний эрхзүйн байдлыг нь дээрдүүлж байгаа тул ямар ч асуудалгүй. Нэмэлт өөрчлөлт хийхэд ч дээрх байдлаар хандаж болно. Энэ нь Эрүүгийн хуулийн зарчим болоод хуулийг хэрэглэх талаасаа хамгийн зөв хувилбар. Харин хатууруулна гэдэг нь ямар ч ач холбогдолгүй зүйл. Учир нь тав хоног ч үйлчилсэн бай, таван жил ч үйлчилсэн бай хүнийг өршөөчихсөн хууль тогтоох байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр нэгэнт гарсан учраас сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтан тэдний өмгөөлөгч нар эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх эрхтэй. Өөрөөр хэлбэл өршөөлийн хуулийн хүчин төгөлдөр байсан хугацаан дахь хувилбарыг хэрэглэнэ гэсэн үг л дээ.
–Одоо энэ хуулийн хувь заяа хаашаа эргэхийг МАН л шийднэ гэсэн мэдээлэл нэлээд түгж байна. Энэ үнэнүү?
-Ялгаагүй. Дээр хэлсэн. Буцаагаад ялла гэсэн үг. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө гэж баталсан байгаа. Тэгэхээр Өршөөлийн хууль энэ сарын 11-нээс эхлэн хүчин төгөлдөр болсон гэсэн үг . МАН-д Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан зэрэг сайн хуульчид бий. Эрүүгийн хуулийн ийм зарчмыг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Тэр хүмүүс ийм хоригийг арай ч хүлээж авахгүй байх. Хэрэв зөвшөөрвөл Эрүүгийн хууль болоод бүх хууль хийдэг зарчмыг улстөрийн шалтгаанаар умартсан хэрэг болно. Үндсэндээ УИХ-д байх чадамжгүй нам гэдгээ мэргэжлийн хуульчид, эрхзүйчдийн өмнө харуулж доог тохуу болно шүү дээ. Ийм туйлбаргүй шийдвэр арай гаргахгүй байх. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хууль буцаж хэрэглэх эсэх дээр асар том маргаан, үйл ойлголцол үүснэ.
–Яагаад?
-Эрхзүйн байдлын хувьд энэ хүмүүсийн хувьд өршөөгдөөд тав хонож байгаа хүмүүс. Буцаах ямар ч боломжгүй. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг харахад заавал нэмэлт, өөрчлөлт маягаар шинээр оруулах юм байна лээ. Нэгэнт өршөөчихсэн гэмт хэргийг буцааж болиулна гэж байна. Хуулиар өршөөгдсөн хүмүүс буцаад өршөөлийнхөө хүрээнээс гарах гээд байна гэсэн үг. Нэмэлт, өөрчлөлтөөр хэзээ ч хүний эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл үүсгэж болохгүй. Жишээ нь, 2016 оны сонгуулиар цоо шинэ нам олонх боллоо гэж төсөөлье. Тэд “2009, 2015 оны Өршөөлийн хууль буруу байсан учраас нэмэлт өөрчлөлт оруулна” гэж шийдэж болох уу. Тэгэхээр өмнө нь Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүсийн бүгдийнх нь ялыг эргээд сэргээх юм уу. Хоёр жилийн ялаас чөлөөлөгдсөн байвал буцаж баривчилж авч ирээд шоронд хоёр жил нөхөн сууна гэсэн үг үү. Эрхзүйн ийм үр дагавар үүсгэдэг учраас нэмэлт өөрчлөлтөөр хүний эрх зүйн байдлыг дордуулж огт болдоггүй юм. Хоригийг тав хоногийн дотор тавьдаг бол нэмэлт өөрчлөлт оруулахад цаг хугацаа хамаагүй байдаг юм. Тийм балай жишиг рүү МАН-ын улстөрчид арай оруулахгүй биз дээ.
–Гэхдээ л улс төрийн нөхцөл байдлаас харахад Ерөнхийлөгчийн хоригийг олон хүн дэмжиж байна билээ.МАН ч бас дэмжинэ гэдгээ илэрхийлчихсэн юм биш үү?
-Зүгээр таамаг л явж байгаа байх. Албан ёсны байр сууриа илэрхийлээгүй. Сүүнд халаад агсам тавьсан хүний үгэнд дөрлүүлээд явдаг улс төрийн хүчин биш л дээ, уг нь. Хэрвээ хоригийг хүлээж авах бол ард түмэн МАН бол Ц.Элбэгдоржийн үгээр явдаг, ижилхэн үнэт зүйлтэй, хэлмэгдүүлэлт дээр хамтардаг нам гэж хүлээж авах байлгүй. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаан дээрээ нэг эзэнгүй морь хөтөлчихсөн байсан биз дээ. Тэр морины ч юм уу дүрд л орсон гэсэн үг болно биз дээ?
–Монголд олон удаагийн Өршөөлийн хууль гарсан байдаг. Ингэж хориг тавьж байсан тохиолдол бий юу?
-Байхгүй.
–Өршөөлийн хуулийг ганц хүнд, тодруулбал Н.Энхбаяр гэдэг хүнд зориуллаа гээд байгаа. Энэ хэр зэрэгүнэний ортой юм бэ?
-Энэ бол ганц Н.Энхбаяртай ч хамааралтай биш. Бүгдийг Н.Энхбаяр гэж харах хэрэггүй. Цагдаагаас лавлагаа авахаар ял шийтгэгдсэн гэж бичигддэг бүх хүнд хамааралтай асуудал шүү дээ. Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын цөөн хэдэн хүнд хууль боловсруулах, хэрэгжүүлэх болохоор нүднийх нь үзүүрт нэг л хүн харагдах юм. Үүнийгээ больчихмоор байна. Хууль хийвэл Н.Энхбаярт ашигтай болчих вий гэж хардсаар будилж яваад хэрэгт ороогдсон олон мянган хүний эрх ашгийг хохироочих гээд байх юм. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа албан тушаалтаны зүгээс хувийн хардлага, сэрдлэг, төсөөллөөрөө бусдыг турхирдаг, мөрдөн мөшгихийг даалгадаг, хууль өөрчлөхийг шахдаг энэ байдлыг дарангуйлал гэж хэлнэ. Шууд утгаараа хэлмэгдүүлэлт, мөрдөн мөшгилт. Олон улсын хүний эрхийн конвенц, түгээмэл тунхаглал, авлигын эсрэг конвенц, интерполын дүрэмд алинд нь ч “хэнийг ч улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж болохгүй” гэж заасан байгаа. Гэтэл улс төрийн зорилгоор мөрдөн мөшгиж байгаа гэдгээ дэндүү ил тод томруунаар илэрхийлээд уналаа шүү дээ.
Ер нь шулуухан хэлэхэд төрийн ажил алба эрхэлж байгаа байцаагч, эмч, том жижиг дарга, төрийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүс, нутгийн удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа, нийтийн аливаа албанд ажилаж байгаа хүмүүс, хил гаалиар бараа таваар нааш цааш нь зөөдөг хүмүүс гэх мэтчилэн асар олон хүнийг айдас хүйдсээс нь салгаж, нийгмийн шилжилтийн үед элдэв алдаа гаргасан, түүндээ гэмшиж яваа бүх хүнд энэ хууль үйлчилнэ. Хуулийн байгууллагад элдэв буруу санаагаар шургалж, танил тал, улс төрийн ашиг хонжооны гар хөл болж нийгмийг бузарлаж байгаа хир буртгаас нэг удаа сайтар цэвэрлэж өгнө.
–Өршөөлийн хуулийн ач холбогдлыг товч үгээр тодорхойлбол?
-Шинэ нийгэмд шилжсэн энхэл донхолтой цаг үед санаатай санаандгүй алдаж эндсэн бүх хүндээ дахин төрөх боломж олгосон, улс төрөө цэвэршүүлж байгаа хууль. Энэ удаагийн УИХ-ын, энэ чуулганы хамгийн чухал шийдвэрүүдийн нэг болж үлдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин