А.Намхайравдандорж: Эрээнээс бараа үйлчилгээ авч байгаа иргэд заавал гэрээ байгуулж хэвших хэрэгтэй

olloo_mn_1440470486_rawБНХАУ-ын Эрээн хотоос бараа үйлчилгээ авдаг Монгол иргэдийн эрх ашиг ихээр зөрчигддөг байна. Үүний шалтгаан нь иргэд өөрсдөө бараа бүтээгдэхүүн авахдаа хяналтаа сайн тавьж чаддаггүйн дээр гэрээ хэлэлцээр байгуулдаггүйгээс болоод хохирох явдал гардаг аж. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Замын үүд дахь “Хэрэглэгчийн төв”-өө байгуулснаас хойш эдгээр асуудлыг шийдвэрлэх болсон юм. Ингээд Замын үүд дахь “Хэрэглэгчийн төв”-ийн Улсын байцаагч А.Намхайравдандорж Улсын байцаагч нарын сургалтад суухаар Улаанбаатар хотод ирээд байхад түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.

-Замын-Үүд дахь Хэрэглэгчийн төв байгуулагдаад хагас жилийн хугацааг үдэх гэж байна. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийв?
-ШӨХТГ нь Замын -Үүд суманд орон нутаг дахь анхны салбараа 2015 оны гуравдугаар сарын 15-ны дэлхийн хэрэглэгчдийн өдрийг тохиолдуулан  байгуулж байсан. Манай “Хэрэглэгчийн төв” бол Замын-Үүд дахь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, Эрээн хотоос бараа үйлчилгээ авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байна. Мөн манай байгууллагын чиг үүрэгт харъяалах өрсөлдөөний асуудлыг хамааран, хяналт тавин ажиллаж байна.

-Замын-Үүд сумын иргэдээс ямар төрлийн гомдол зонхилон ирж байна вэ?
-Иргэдээс ирж байгаа нийт гомдлын 40-50 хувийг шинэ орон сууцтай холбоотой гомдлууд эзэлж байна. Орон сууц худалдан авлаа гэхэд нийт талбайн м2-аас дутах, мөн шинэ ашиглалтад орсон байруудын засвар үйлчилгээг эхний гурван жилдээ тухайн компани өөрсдөө хариуцах хуультай байдаг. Гэвч түүнийгээ биелүүлэхгүй байгаагаас иргэдэд хохирол, чирэгдэл учруулах асуудал их гарч байна. Үүнээс гадна ашиглалтад орсон орон сууц нь чанарын шаардлага хангахгүй байна гэсэн гомдлууд байна. Энэ бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлээд явж байна.

– БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн зөөдөг хамгийн том гарц бол Дорноговь аймгийн Замын-Үүд боомт шүү дээ. Үүнтэй холбоотойгоор Монголын талын худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашиг зөрчигддөг, үүнтэй холбоотой гомдол сүүлийн үед ихэссэн гэж дуулсан?
-БНХАУ-ын Эрээн хотод үйлчилгээ эрхэлдэг, бараа бүтээгдэхүүнээ татдаг Монгол иргэдийн гомдол манайд ирж байгаа гомдлын бас дийлэнх хувийг эзэлж байна. Замын-Үүдэд Хэрэглэгчийн төв байгуулагдсанаас хойш буюу гуравдугаар сарын 15-аас долдугаар сарын хооронд нийтдээ Эрээн хотын наймаачид болоод үйлдвэрлэгчид, нийлүүлэгчидтэй холбоотой олон гомдол ирснээс 45 мянган юанийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнтэй холбоотой  21 гомдол саналыг Хятадын талтай хамтран шийдвэрлээд байна.

-Яг ямар байдлаас болоод Монгол иргэд хохироод байна вэ?
-Манай иргэд бараа үйлчилгээгээ авахдаа шалгаж авалгүй Хятад худалдаачдад найдаад орхичихдог, Мөн мөнгөө урьдчилаад шилжүүлээд бараагаа захиаллаа гэхэд энэ талаар гэрээ хэлэлцээр байгуулдаггүй. Эсвэл бараа бүтээгдэхүүн авлаа гэхэд түүнийгээ ямар бараа хэдэн төгрөгөөр хэзээ авав гэдгээ тодорхой тэмдэглэдэггүй. Тэмдэглэлээ гэхэд тэр нь Монгол орчуулга байхгүй, Зүгээр л цаадах хүнийхээ хятадаар бичиж өгсөн бичгийг аваад л явчихдаг. Иймээс иргэн хохирлоо гэхэд асуудлыг шийдэхэд их төвөгтэй болж ирдэг. Иймээс манай иргэд худалдаа наймаа хийхдээ гэрээ хэлэлцээ хийдэггүй юм гэхэд амаар бус цаасан дээр гар хөлийн үсгээ зурж заавал баталгаажуулж байх хэрэгтэй.

-Эдгээрээс шийдвэрлэхэд ярвигтай  асуудал байв уу?
-Байна аа. Жишээ нь, манай нэг иргэн Улаанбаатар хотоос утсаар ярьж байгаад 10 гаруй сая төгрөгийн барилгын  материал захиалсан байна. Үүнийгээ урьдчилаад ямар нэгэн бичгээр тохиролцож, гэрээ хэлэлцээр байгуулан үйлдээгүй. Зүгээр л утсаар ярьж байгаад л мөнгөө шилжүүлээд л бараагаа Монголд хүлээн авахаар болсон байна. Гэтэл тухайн иргэний авсан бараа нь яг захисан бараа нь биш байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, түүний захиалсан барилгын материалтай адил мөртлөө арай чанаргүй нь байх ч юм уу.  Ийм асуудал гарсан. Үүнийг нэг талаас харахад Монгол иргэн  хууртагдаж байгаа боловч, яг хууртагдсан гэж тогтоох бас хэцүү.
Үүнээс гадна манай иргэд Эрээнд очоод авах бараагаа тохирчхоод үнийн 50 хувийг төлчихөөд Монгол руугаа явчихдаг. Араас нөгөө захиалсан бараа ирнэ гээд хүлээгээд байдаг ирдэггүй. Хоорондоо ямар ч гэрээ байгуулаагүй болохоор нөгөө хятад худалдаачин нь үлдэгдэл мөнгөө шилжүүлчихээд бараагаа ав гээд гүрийчихдэг. Энэ мэт шийдэхэд ярвигтай асуудал их гарсан.   Иймээс манайхан бараа бүтээгдэхүүн захиалахаасаа өмнө заавал гэрээ контракт байгуулж байж захиалгаа хийх хэрэгтэй. Ядаж л гар хөлийн үсгээ зурж түүнээ баталгаажуулж хэвшмээр байна.

-Хил дамнасан энэ асуудлыг Хятадын аль нэг байгууллагатай  хамтарч шийдэж байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Эрээн хотын Үйлдвэр худалдаа засаг захиргааны товчоотой хамтран энэ асуудлыг шийдвэрлэж байна. Маргааныг тогтоох, хянах, шийдвэрлэх явц ямар байдаг вэ гэхээр Монгол иргэн манайд гомдлоо гаргана. Түүнийг нь бид Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны товчоонд мэдэгдэнэ. Тэрхүү мэдэгдлийн дагуу  тус газар өөрийн орны худалдаачин, үйлдвэрлэгчийг дуудан уулзаж, асуудлыг тодруулна. Монгол иргэнийг ч дуудаж уулзана. Ингээд асуудлыг шийдвэрлэж манайд хариу өгдөг. Энэ бүхэн хятадын хуулиар зохицуулагдаж байгаа. Ер нь Монгол иргэд өөрсдийгөө хохирлоо, гомдол гаргая гэж бодож байгаа бол Эрээнд байхдаа л гомдол гаргах хэрэгтэй гэж зөвлөе. Тэгэхгүй бол Монголд ирж гомдол гаргаад буцаад Эрээн рүү явж асуудлыг шийднэ гэдэг цаг хугацаагаа алдахаас гадна замын зардлаас эхлээд чирэгдэлтэй шүү дээ.

-Тэгвэл эсрэгээрээ Эрээнд байх Хятад иргэн гомдол гаргасан тохиолдол бий юу?
-Хэрэв тийм асуудал гарвал манай байгууллага шийдвэрлэж өгнө. Одоогоор нэг ч ийм тохиолдол гараагүй байна.

-Эрээн хотын зах худалдааны төвүүдэд Монголын төрийн одон медаль тэмдгийг ямар ч хяналтгүйгээр худалдаалж байсан талаар танайхаас мэдээлж байсан. Энэ асуудал цэгцэрсэн үү?
-Энэ асуудал цэгцэрсэн. Эрээн хотын “шинэ зээл” дээр лангуу ажиллуулдаг Хятадын иргэн  одон медаль, тэмдгүүдийг худалдаалж байсан. Түүнийг нь хурааж аваад зөвлөмж өгөхөөс гадна үйлдвэрлэж байгаа компаниудад нь Монголоос бараа тэмдэг хийх захиалга ирвэл манайд тухай бүрт нь мэдэгдэж байхыг анхааруулсан байгаа.

-Хохирсон иргэн гомдлоо хэдий хугацаанд гаргах ёстой вэ? 
-Хятадын үйлдвэр худалдааны товчоо зөрчил гарснаас хойш нэг жилийн доторх асуудлыг хүлээн авч шийдвэрлэдэг. Тэгэхээр Монгол иргэд хэрэв “зөрчил гарлаа, хохироо” гэж үзэж байгаа бол нэн яаралтай манайд хандах хэрэгтэй. Мөн хохирсноо мэдэх юм бол  Эрээнд байх хугацаандаа манайд хандах хэрэгтэй гэдгийг дахин хэлье.

-Тэгвэл Эрээн хотын Үйлдвэр худалдаа хамаарлын засаг захиргааны газар Монгол иргэдийг хохироож, чирэгдэл учруулж, зөрчил гаргасан худалдаачдадаа ямар арга хэмжээ авч байна вэ?
-Торгуулийн арга хэмжээ авч байна. Мөн хохирлыг нь барагдуулчих юм бол эвлэрүүлэн зуучлах арга хэмжээ авч байна. Үнэхээр хүндэрсэн асуудал байх юм бол бараа үйлчилгээ явуулах, захын түрээсийн эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ одоогийн байдлаар ийм арга хэмжээ авагдаагүй байна.
Иймээс манай иргэд өөрсдөө хохирохгүйн тулд эрсдэлээс сэргийлэхийн тулд өөрсдөө анхааралтай байх хэрэгтэй. Тухайн авч байгаа бараагаа хэн нэгэнд найдалгүй өөрсдөө савлаж, ачуулах хэрэгтэй. Мөн нэг ширхэг ч байсан авч, өгч байгаа гэрээ хэлэлцээ хийх хэрэгтэй. Ядаж л гар хөлийн үсэг зурж, түүнээ хятад Монгол хэлээр орчуулах ёстой.

-Замын-Үүд боомтод өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилт хэр хэрэгжиж байна вэ?
-Өрсөлдөөний тухай хуультай ганц гомдол манайд ирсэн. Энэ нь төмөр замын бараа ачилт буулгах үйл ажиллагаа явуулдаг компаниуд  хоорондын асуудал байсан. Энэ асуудлыг шийдвэрлэсэн. Тухайн гомдол гаргасан компани гэрээгээ биелүүлээгүй компанитай гэрээгээ цуцалж, өөр шинэ компани сонгож ажиллаж байгаа.

– Ярилцсанд баярлалаа.

Г.Уянга
Эх сурвалж: olloo.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …