Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн тавьсан хоригийг Улсын Их Хурал 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд уг хоригийг хүлээн авсан. Иймээс хоригийг хүлээж авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороо дээрх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж, энэ сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.
Эвслийн бүлэг тав хоногийн хугацаатай завсарлага авлаа
Чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр тус намын бүлгийн дарга С.Бямбацогт намын бүлгээс авсан завсарлага дууссаныг мэдэгдсэн юм. Ингээд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулан Хууль зүйн байнгын хороо дээрх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан байнгын хорооны энэ оны 10 дугаар сарын 01, мөн сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/, Танхайрах /181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/”-ийг тус тус, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/-ийг нэмэх саналууд байнгын хорооны гишүүдийн олонхын дэмжлэг авсан тул эдгээр саналыг нэгтгэн дээр дурдсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтжээ.
Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахтай холбоотой заалтыг төсөлд нэмэх асуудлаар байнгын хорооны зарим гишүүд цөөнх болжээ.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан горимын санал гаргасан юм. Тэрээр өршөөл үзүүлэх тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн, урьд нь ч тийм уламжлал байсан. Харин Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг нээлттэй хэлэлцсэн нь өөр асуудал. Тиймээс өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцсэн дэгээ баримтлаад уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлэв. Гишүүний гаргасан горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг байнгын хороон дээр нээлттэй хэлэлцсэн, Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг ч чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцсэн. Тиймээс энэ нь нэгэнт олон нийтэд ил болсон асуудал учраас хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Иймээс горимын саналаа татаж авах нь зүйтэй юм гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт мөн ийм байр суурьтай байгаагаа хэлсэн юм.
Харин энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс өгсөн чиглэлийн дагуу өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тус эвслийн бүлэг ажлын тав хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлтээ мэдэгдсэнийг хуралдаан даргалагч ёсоор болгосноор хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлогдов.
Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг
хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв
Дараа нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаарх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэц 2015 оны 10 дугаар 07-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.3, 30.4, 33 дугаар зүйлийн 33.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “… үл хөдлөх хөрөнгө … өмчлөх … эрхтэй.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Цэцийн хуралдаанаас Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.”; Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “… гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно.”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “… барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна.”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол …”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “… газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “… үл хөдлөх хөрөнгө … өмчлөх … эрхтэй.” гэснийг зөрчсөн байна гэж үзэж 13 дугаар дүгнэлтийг гаргажээ. Иймээс уг хуулийн холбогдох хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мөн өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.
Цэцийн 13 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг тус байнгын хороо энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээдҮндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалт тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Д.Ганхуяг, О.Баасанхүү нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсны дараа цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байнгын хорооны саналын дагуу Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзсэн хуулийн заалт тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.8-66.1 хувь нь дэмжсэн юм. Ингээд Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.