Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн зан үйлийн зөв төлөвшил, ёс суртахуун , хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг судлах, цаашид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, шударга иргэн болгон төлөвшүүлэхийн тулд хийгдэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг чиглүүлэх зорилгоор хот, хөдөөгийн 800 гаруй сурагчдаас 2013 онд судалгаа авчээ.
БНСУ- ын Транспэрэнси интернэшнл байгууллагаас боловсруулсан арга зүйн дагуу анх 2008 онд Энэтхэг, БНСУ, Бангладеш, Монгол зэрэг оронд сурагчдаас судалгаа авсан байна.
“Хүүхдийн шударга байдал” судалгааны 2013 оны дүнгээс харвал хөдөөгийн хүүхдүүд, хотын хүүхдүүдээс, охид, хөвгүүдээс илүү шударга гэсэн дүн гарчээ. Энэхүү судалгаа нь 12 асуулттай. Асуулт бүр хүүхдийн санал нийлж байгаа эсэхийг үнэлүүлсэн бөгөөд шударга байдлыг 1-5 хүртэлх оноогоор үнэлжээ. Шударга байдлын үнэлгээ 5 руу ойртох тусам шударга, 1 рүү ойртох тусам шударга бус гэсэн утгыг илэрхийлнэ.
Хүүхдийн шударга байдлын үнэлгээг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй хүүхдийн шударга байдлын үнэлгээ 3.69, эмэгтэй хүүхдийнх 3.73 гарсан байгаа нь эмэгтэй хүүхдүүд эрэгтэй хүүхдүүдээс илүү шударга байгаа нь харагдаж байна. Судалгаанд 7 аймаг болон нийслэл Улаанбаатар хотын 3 дүүргийг хамруулсан бөгөөд судалгааны үр дүнгээр шударга байдлын үнэлгээ нийслэл Улаанбаатар хотод 3.66, аймгуудынх 3.75 гарсан нь орон нутаг дахь /аймгийн/ хүүхдүүд Улаанбаатар хотын хүүхдүүдээс илүү шударга байна.
Сурагчид дараах асуултад хариулжээ.
- Таны сайн найз шалгалтандаа хуулах явдал буруу зүйл биш гэдэгтэй та санал нийлж байна уу?
- Томчуудын хууль бус үйл ажиллагаа миний амьдралд сайнаар нөлөөлж байвал энэ нь буруу зүйл биш гэдэгтэй та санал нийлж байна уу?
- Сурагчид гэрийн даалгавар хийхдээ интернэт болон хүмүүсийн бичсэн нийтлэлийг шууд өөрөө бичсэн мэт ашиглах нь буруу зүйл биш гэдэгтэй
- санал нийлж байна уу?
- Ангийн даргын сонгуульт ажилд ялахын тулд ангийнхандаа бэлэг өгөх нь буруу зүйл биш гэдэгтэй та санал нийлж байна уу?
- Багшдаа бэлэг өгөх нь дүнгээ ахиулах сайн арга гэдэгтэй та санал нийлж байна уу?
- Баян байх нь шударга байхаас илүү чухал зүйл гэдэгтэй та санал нийлж байна уу?
- Төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хариу шан харамж хүсэж болно гэдэгтэй та санал нийлж байна уу?
- Шалгалтандаа хуулсан бол тэр хүн нь миний сайн найз байсан ч энэ тухай багш, дотнын хүндээ мэдэгдэнэ. Та үүнтэй санал нийлэх үү?
- Урт дараалалд хүлээж байснаас урдуур нь дайрч кинондоо хурдан орохыг хичээнэ. Та үүнтэй санал нийлэх үү?
- Цагдаа байхгүй тохиолдолд би хууль, дүрэм сахихыг хичээхгүй. Та үүнтэй санал нийлэх үү?
- Авлига болон бусад гэмт хэрэг үйлдсэн хүнийг би эрх бүхий байгууллагад нь мэдэгдэнэ. Та үүнтэй санал нийлж байна уу?
- Миний гэр бүлийн гишүүд төрийн албан тушаалаа ашиглах буюу хууль зөрчих замаар баян болох нь буруу зүйл биш гэдэгтэй санал нийлж байна уу?