П.Баттогтох: Бүх насныханд гамшгийн боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй

soyombo-sitend-2200x800Хууль сахиулахын их сургуулийн харьяа Онцгой байдлын сургуулийн захирал, доктор, профессор, хурандаа П.Баттогтохыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа.

-Манай цэрэг, цагдаагийн байгууллагад эрдэмтэй, чадвартай хүмүүс олон байдаг. Гэвч ард түмэн тийм хүмүүсийг таньдаггүй, мэддэггүй шүү дээ. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг П.Баттогтох гэдэг. Тухайн үеийн Монголын сэхээтнүүдийн л адилаар дээд боловсролыг ЗХУ-д буюу одоогийн ОХУ-д эзэмшсэн. Мөн АНУ, Швейцарьт мэргэжил дээшлүүлсэн. Би Монгол Улсын дархан хилд нийтдээ 25 жил, Батлан хамгаалах салбар, БХИС, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүчний байгууллагуудыг хариуцсан референтээр ажиллаж байсан. Манай улсад дэлхийн нийтийн жишгээр ард иргэдээ авран хамгаалах шинэ алба байгуулах зайлшгүй шаардлага гарч ирсэн 2004 оноос эхлээд Онцгой байдлын байгууллагад тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байгаа ийм л хүн дээ.

-Яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ. Миний бодлоор цэрэг, цагдаагийнхан гэдэг үнэхээр хэцүү, хүнд ажил хийдэг хүмүүс шиг санагддаг?

-Магадгүй зарим талаараа бусад мэргэжлүүдийг бодвол илүү хүнд, ачаалалтай, шалгуур өндөртэй ажил байх. Гэхдээ аль ч улсад эх орноо хамгаалах шиг сайхан ажил, мэргэжил гэж юу байх билээ. Эх орноо хамгаалж байгаа хүн цэргийн өндөр, хатуу дэг журам, сахилгыг мөрдөж ажиллах ёстой. Дээрээс нь шаардлагатай тохиолдолд эх орныхоо төлөө амиа өгөхөө буцахгүй гэсэн тангараг өргөсөн ийм л хүмүүс дээ. Манай улсын хэмжээнд ийм тангараг өргөдөг хүмүүс гэвэл Зэвсэгт хүчний албан хаагчид, Хилийн цэргийнхэн, Онцгой байдал, цагдаа гээд хүчний байгууллагад ажиллаж байгаа бүхий л албан хаагчид байна шүү дээ. Үүнээс гадна онцлог албууд байгаа байгаа. Жишээлбэл, хүний ардын эрүүл энхийн манаанд зогсч байгаа эмч нар бас тангараг өргөдөг. Ер нь бол алба болгон л сайхан. Би 10 жил төгсөх үедээ спортоор хичээллэдэг байлаа. Тэр ч нөлөөлсөн байх. Дунд сургуулийн багш нарын нөлөөлөл ч байсан болов уу. Ямар ч байсан энэ мэргэжлийг сонгоод л явсан. Ингээд 35 жил цэргийн байгууллагад алба хашч байна. Одоо бол ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирлаар ажиллаж байна даа.

-Хүүхдүүд дунд сургуульд байхдаа л цагдаа болно ч гэх зэргээр ямар нэгэн мэргэжлийг хүсч, мөрөөддөг шүү дээ. Та тэгж хүсч цэргийн мэргэжлийг сонгов уу. Эсвэл тухайн үед Орос руу сургуульд явах тохироо бүрдээд сонгочихсон уу?

-Энэ мэргэжлийг би өөрөө хүсч сонгосон. Нөгөө талаас биднийг 10 дугаар анги төгсч байх үед алслагдмал аймаг, говийн бүс нутгийг хөгжүүлэхээр төр засгаас анхаарал тавьж байсан юм шиг байгаа юм. Би Дорноговь аймагт дунд сургууль төгссөн л дөө. Тэр үед гадаад, дотоодын их, дээд сургуульд элсч орох хуваарийг говийн аймгуудад нэлээд түлхүү өгч байсан юм. Тэндээс хуваарь аваад, их, дээд сургууль төгсөөд, мэргэжил эзэмшээд ирсэн залуучуудыг тухайн бүс нутагт нь ажиллуулах чиглэлтэй байсан. Биднийг 10 төгсч байх үед манай ангийнхны 80 орчим хувь нь их, дээд сургуулийн хуваарь авч байсан юм даг. Тэр дундаас сурлагаараа арай дөнгүүр хүүхдүүдийг нь Чех болон ЗХУ-д сургуульд явуулж байлаа. Намайг төгсч байх үед гадаад руу сургуульд явах 4-5 хуваарь ирж байсан юм. Түүний нэгийг аваад, ЗХУ-ын Хилийн цэргийн дээд сургуульд элсч орж, суралцаж байлаа. Тэр үед цэргийн сургуульд элсч орж байгаа сахилга сурлага, эрүүл мэнд, ар гэрийн байдлыг нь судалж үздэг байсан юм шиг байна билээ. Ер нь цэргийн алба гэдэг бол хүнд шүү дээ. Хүнээс тэсвэр тэвчээр, зориг, хатуужил шаарддаг. Тийм учраас тэр бүгдгийг судалж, дээрээс нь өөрийнх нь сонирхлыг нэлээд харж үздэг ч байсан байх.

-Орост цэргийн сургуульд суралцаж байхад хэр хэцүү байв. Цэрэгжилт бол тодорхой хэмжээнд байсан л байж таараа?

-Одоо ч цэрэгжилт байгаа шүү дээ. Тухайн үед Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг болоод аюулаас хамгаалах, хүчний байгууллагын чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүдийг маш нарийн салгаж авдаг байсан. Цэргийн анхан шатны бэлтгэл олгож, нэг жил дотооддоо цэргийн алба хаалгаж, шалгадаг байлаа. Тэгснийхээ дараа Орос руу сургуульд явуулдаг байсан. Тэр үед бид социалист гэгдэх 10 гаруй орны оюутнуудтай л хамт суралцдаг байсан. Миний бодлоо тэр үед монгол оюутнууд бие бялдар, сурлага, сахилга бат гээд бүхий л талаараа дутуугүй байлаа. Зарим талаараа илүү ч байсан. Нөгөө талаар монгол нүүдэлчин ард түмний зан чанартай холбоотойгоор бусдаас илүү сёргэлэн ч байх үе байсан байсан. Гэхдээ Монголоос очсон оюутнууд дундажаас дээш төвшинд байсан уу гэхээс доор байгаагүй.

-Сургуулиа төгсч ирээд хаана, юу хийж байв?

-Төгсч ирээд тухайн үеийн Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын харьяа “Сулин хээр” дэх хилийн есдүгээр отрядад таван жил алба хаасан. Тэр хугацаанд цаашид үргэлжлүүлэн суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх сонирхолтой байсан учраас Цэргийн академид явж суралцсан. Орос руу явсан гэсэн үг. 1988-1991 оны хооронд явж байлаа. Ингээд л цэргийн бүх шатны сургуулиудыг дүүргэсэн дээ.

-Онцгой байдлын газарт 10 гаруй жил ажиллаж байгаа гэсэн байх аа?

-Манай улсад дэлхийн нийтийн жишигт хандсан орчин үеийн Онцгой байдлын албыг байгуулах зайлшгүй шаардлага гарч эхэлсэн. Хуучин БХЯ-ны харьяа Улсын иргэний хамгаалалтын газар гэж байсан. Иргэний хамгаалалтыг ард иргэдийн дунд зохион байгуулах, цэрэг дайны үед ард иргэдийг авран хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллаг байлаа. Гал түймэртэй тэмцэх алба болохоор ЦЕГ, Хууль зүйн яамны харьяанд байсан. Улсын нөөцийн газар ХХАЯ-ны харьяанд байлаа. Ийм гурван байгууллагыг нэгтгэж, орчин үеийн жишигт нийцсэн онцгой байдлын албыг байгуулсан. Энэ албыг байгуулж, анхны төрийн захиргааны удирдлага, стартеги , бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байлаа. Гэтэл манай улсад онцгой байдал талын боловсон хүчнийг дотооддоо сургах шаардлага гарсан учраас Онцгой байдлын сургуулийг байгуулж, анхных нь захирлаар ажиллаад л байж байна даа.

-Онцгой байдлын газрыг босголцсон хүн гэхэд болох юм байна, тийм үү?

-Болохгүй ч юм байхгүй. Тухайн үеийн Онцгой байдлын дарга, удирдлагуудын дор хамтарч ажиллаж, анхных нь шавыг тавьж байснаараа бахархдаг.

-ХСИС өнөөдөр ямар ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Энэ сургуулийн онцлогийг дурьдвал?

-Манай сургууль их арвин баялаг түүхтэй. 1934 онд Офицерийн төв сургууль гэж байгуулагдаж байснаас хойш манай сургуулийг 30 орчим мянган шилдэг, залуу боловсон хүчин төгссөн байдаг. Тэр залуучууд тухайн үеийн хилийн цэрэг, цагдаа, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр биелүүлэх газар гээд бүхий л байгууллагад нэр төртэй ажилласан. Тэр хүмүүсийн дотроос төр, нийгмийн зүтгэлтэн, Хөдөлмөрийн бааар, генералууд, салбарынхаа тэргүүлэгч эрдэмтэд төрж гарсан. Ийм л арвин түүхтэй сургууль. Харин 1990 оноос шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш ЗХУ-д боловсон хүчин бэлтгэхэд хүндрэлтэй болж эхэлсэн. Түүнээс гадна, аливаа улс орон аюулгүй байдлаа хангах салбарт ажиллах боловсон хүчнээ дотооддоо өөрсдөө бэлтгэх нь илүү давуу талтай байдаг. Зарим газар үүнийг төрийн хар хайцагны бодлого ч гэж ярьдаг. Тиймээс эх орноо хамгаалах, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө ажиллах, нийгмийн хэв журмыг хангаж ажиллах хүмүүсээ дотооддоо бэлтгэх нь олон талын давуу талтай.

Энэ үүднээс тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр Дотоод хэргийн их сургуулийг байгуулж, Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи гээд хоёр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сургуулиудаг нэгтгэж, их сургуулийн статустай болгосон. Дараа нь ХСИС гэж нэрийг нь өөрчлөөд, энэ сургуулийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын их сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн сургууль, төгсөлтийн дараах сургууль, ахлагчийн сургууль, удирдлагын академ гээд бүрэлдэхүүн 7-8 сургуулийг нэгтгэж байгуулсан. Энэ сургуулийн давуу тал гэж та асуусан. Зарим тохиолдолд өөр өөр зорилго, чиглэлтэй. Хууль, дүрэм журмын хувьд өөр өөр байдлаар зохицуулагддаг албадуудыг нэг дор бэлтгэж сургах хүндрэлтэй тал бий. Гэхдээ давуу тал нь үүнээсээ илүү гэж боддог. Манай сургууль мэргэжилтний төвшинд улсын хил дээр алба хааж байгаа хилийн харуулын албаны дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг харуулын хянагч ахлагч, цагдаагийн албан хаагч, Онцгой байдалд ажилладаг аврагч, гал сөнөөгч гээд бүгдийг нь жил орчим сургаад, захиалагч агентлагууддаа шилжүүлж өгдөг. Ингээд ирэхээр анхан шатны төвшинд ажиллах хүмүүс маань харилцан ажиллагааны дадлага туршлагатай болж байгаа юм.

Яагаад гэвэл Монгол орны аль ч газарт, хэсэгт гамшиг осол боллоо гэхэд гал сөнөөгч нар, хилчид, аврагчид, цагдаагийнхан хамтар ажилладаг. Тэгэхээр тухайн хүмүүс суралцаж байх хугацаандаа албаныхаа онцлогийг ойлгоод авчих учраас харилцаа ажиллагаа зохион байгуулах, бусдынхаа албыг хүндэтгэх тал дээр давуу талтай болдог юм. Мөн дараагийн буюу бакалаврын төвшинд 4-5 жил сургаж байна. Энэ хүмүүс мөн л цагдаагийн байгууллага, хилийн цэрэг, шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэр, онцгой байдлын байгууллагад дэслэгч цолтойгоор очдог. Улмаар бүлгийн удирдагч, тасгийн дарга, заставын дарга, орлогч, салаан захирагч гээд анхан шатны албан тушаал томилогддог.

Эдгээр хүмүүс их, бага ямар нэг хэмжээний бүлэг удирдах удирдагчид гэсэн үг. Урьдчилан харж, таамаглашгүй нөхцөл байдал үүсэхэд өөрийнхөө удирдсан бүлэг, хамт олныг зохион байгуулж, гамшиг осолтой тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, улсын хил дээр үүссэн нөхцөл байдлыг өөрөө шийдвэр гаргаж зохицуулах удирдах албан тушаалтан. Эд ч ялгаагүй сургуулийн ширээнд, их сургуулийн ханан дунд бие биенийхээ албаны онцлогийг ойлгоод авчих учраас харилцан ажиллагааг илүү сайн зохион байгуулах чадвартай болдог. Энэ бол цаад агуулгаараа үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын харилцан ажиллагаанд гар нийлэх, Монголын Улсын эрх ашгийн төлөө нэгдэн ажиллах тэр суурийг тавьж өгч байна гэж ойлгодог.

Түүнээс гадна, магистрын төвшинд суралцах, ахисан шатны боловсрол эзэмших боломжийг бий болгох зорилгоор манай сургууль магистр, докторын сургалт зохион байгуулах төгсөлтийн дараах сургуулийг байгуулсан. Дээрээс нь манай сургууль эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнтэй. Хүрээлэн дотроо гамшиг, цагдаа, шүүх шинжилгээ, хэл судлалын гэх мэт таван төвтэй. Аюулгүй байдлыг хангах энэ бүх салбарт судалгаа шинжилгээ хийх зорилгоор 18 профессорын баг байгуулсан. Тухайлбал, Гамшиг судлалын профессорын багийн тэргүүлэх профессороор би ажиллаж байна. Манай багт гэхэд салбарын болоод Монгол Улсын аюулгүй байдлын хэмжээнд мэргэшсэн, дэлхийд нэрээ цуурайтуулсан эрдэмтэн, профессорууд ажилладаг. Энэ хүмүүс эргээд тэнхимээсээ явуулж байгаа сургалтын ажиллагааг боловсронгуй болгох, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг дээшлүүлэх тал дээр тус болох хамгийн том хөшүүрэг болж өгдөг юм.

-Танай сургуулийн оюутнууд үнэ төлбөргүйгээр дээд боловсрол эзэмшдэг байх аа?

-Бүх оюутнууд үнэ төлбөргүй суралцдаг. Манай сургуулийн оюутнууд цэргийн анхан шатны курст суралцаад, цэргийн тангараг өргөөд, цэргийн албан хаагчийн статустайгаар суралцдаг. Оюутнууд маань төгсч очоод захиалагч байгууллагууддаа ажиллана. Өөрөөр хэлбэл, ажлын байр бэлэн гэсэн үг. Хоёрдугаарт, оюутнууд маань суралцаж байх хугацаандаа цалин, тэтгэлэгтэй, цэргийн дүрэмт хувцсаар хангагдана. Мөн бусад төрлийн цэргийн зайлшгүй байх ёстой хангамжуудыг эдэлж байдаг.

Манай сургууль сүүлийн үед гадаад харилцаандаа нэлээд анхаарч байгаа. Үүнийнхээ хүрээнд 10 гаруй улс орны ижил төстэй мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай хамтарч ажиллаж, оюутан, багш, судлаач солилцооны хөтөлбөрийг идэвхтэй хэрэгжүүлж байна. Жишээлбэл, манай Онцгой байдлын сургуулиас хэлний бэлтгэлийн шаардлага хангасан дөрвөн оюутан өнгөрсөн жил ОХУ-ын Онц хэргийн яамны харьяа Гал түймэртэй тэмцэх алба, Иргэний хамгаалалтын академид суралцаж байна. Мөн Солонгост 3-4 оюутан суралцаж байгаа юм. Энэ жилээс энэ тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Захиалагч агентлагуудын хүсэлтэд уялдуулж оюут­нуу­даа элсүүлж авдаг байж таараа. Тэгэхээр цөөн оюутнуудыг, шалгуур өндөртэй элсүүлж авдаг байж таарна?

-Маш чухал асуудал хөндлөө. Манай төгсөгчид бусад сургуулийг төгсөөд, ямар нэгэн мэргэжлийн диплом авчихаад ажилгүй байдаг хүмүүстэй адил биш. Яагаад гэвэл тухай хүчний байгууллагуудын захиалгын дагуу оюутнуудаа элсүүлж авдаг. Тийм болохоор төгсөөд ажлын байр нь бэлэн. Түүнээс гадна, бусад их, дээд сургуультай харьцуулбал, онцлогтой.

Шалгуурын хувьд шүү дээ. Тухайлбал, бие бялдрын хувьд эрүүл, зориг тэвчээртэй байх, сэтгэл зүйн болоод ёс зүйн хувьд зохих шаардлагыг хангасан байх ёстой. Дунд сургууль төгссөн хүүхдүүд элсэлтийн шалгалтаа өгөөд, авсан онооныхоо дүнгээр манай сургуульд элсч орох хүсэлтээ тавих нь нээлттэй. Гэвч дахиад шалгаруулалт хийгээд, сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн давхар шалгалт авдаг. Энэ шалгалтад тэнцсэн хүмүүс манай сургуульд орж болно. Нөгөө талаар хүчний байгууллагуудад ажиллаж байгаа, дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүмүүс эчнээгээр манай сургуульд суралцах боломжтой.

Мөн сүүлийн үед гадаад орнуудын цэрэг, армийн байдлыг харахаар нийт албан хаагчдын 10-15 хувь нь эмэгтэйчүүд байвал тухайн хамт олны ажиллах чадвар, үүрэг гүйцэтгэх чадамж дээшилдэг гэж үздэг юм байна. Эрэгтэй хүний хийж чадахгүй техникийн нарийн чухал ажлыг эмэгтэй хүмүүс хариуцлагатай хийдэг юм. Тиймээс манай улс ч гэсэн бүх хүчний байгууллагынхаа бие бүрэлдэхүүний 10-15 хувьд нь эмэгтэй албан хаагч ажиллуулж байгаа. Тэр утгаараа манай сургуульд охидууд элсч орж, нарийн мэргэжил эзэмших хүсэл сонирхол нэмэгдсэн. Гэхдээ элсэлтийн өрсөлдөөн их байдаг юм.

-Сүүлийн үед хүчний байгууллагуудтай холбоотой сөрөг зүйл их гарах болсон. Би цагдааг онцлох гээд байна л даа. Цагдаатай холбоотой сөрөг зүйлс гарах болсон. Цагдаагийн ёс зүй хаана байна гэж асуух хүмүүс ч байх л юм. Тэгвэл цагдааг бэлтгэж байгаа сургуульд онолын мэдлэг олгохын хажуугаар хүнийг хайрлаж энэрдэг, ёс зүйтэй байдаг, хуулиа дээдэлдэг сэтгэхүй, дадлыг суулгаж өгөх ёстой юм уу гэж санагддаг. Энэ тал дээр танай сургууль ямарху ажлууд хийж байна вэ?

-Энэ бол маш тулгамдсан асуудал. Энэ асуудал зөвхөн манайд ч биш дэлхийн бүхий л улсад хурцаар тавигддаг. Өндөр ёс зүйтэй, сахилга баттай, энгийн хүмүүсийг бодвол илүү өндөр төвшинд сахилгатай байх хүмүүс маань ямар нэг байдлаар ард иргэддээ хатуу ширүүн хандах, өөрсдөө гэмт хэрэгт холбогдох нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулдаг. Мөн энэ хүмүүс эрсдэлтэй, хүнд хүчир ажил хийдэг гэдгийг мартаж болохгүй. Хилийн цэргийнхэн гэхэд шууд л буу зэвсэгтэй харьцаж байна.

Хүний байгууллагын албан хаагчид хуулиар олгогдсон хэмжээнд хүний эрхийг хязгаарлах ажиллагаа явуулж байгаа. Энэ тохиолдолд ёс зүйгүй хүн хүчний байгууллагад ороод ирчихсэн тохиолдолд нийгэм, ард түмний дунд илүү их шүүмжлэл дагуулах нь гарцаагүй зүйл. Тухайн хүмүүс өндөр эрсдэлтэй, хариуцлагатай ажил хийдэг. Улсын хил дээр ямар нэгэн зөрчил будилаан болллоо. Цагдаагийн албан хаагчид гэмт хэргийн газар очлоо. Онцгой байдлын албан хаагчид байгалийн гамшиг, хүний буруутай үйл ажиллагаанаас үүссэн осол, эндэл дээр очно. Энэ бүхэнд өөрөө сэтгэл зүйн дарамтад орж, цохилт авдаг тохиолдол бий. Тухай бүрт нь сэтгэл зүйн эмчилгээг тогтмол хийж байх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол сэтгэл зүйн хүнд дарамтад орж, өөрөө гэмт хэрэг хийх, тогтворгүй болох, улмаар хэвийн байдлаар албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болох ч тохиолдол бий. Дэлхийн халуун цэг дээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын буцаад эх орондоо очиход өндөр хөгжилтэй улсууд хэдий хугацаанд алба хаасан, төдий хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.

Жишээлбэл, ОХУ-д гамшгийн газар хамгийн түрүүнд очоод, тэр аймшигтай байдлыг хамгийн түрүүнд харж, сэтгэлзүйн цохилтод орж байгаа албан хаагчдаа нөхөн сэргээх эмчилгээ хийдэг. Мөн сэтгэлзүйн хувь хэвийн хэмжээнд байлгах, дахиад албан үүргээ гүйцэтгэх чадвартай болгохын тулд тусгай сургалт зохион байгуулдаг. Яг үүнтэй адил манай хүчний байгууллагынхан сургалт зохион байгуулдаг. Бүр байгууллагынхаа хэмжээнд энэ байдлаа эрчимжүүлж, их сургуулийнхаа хэмжээнд тусгай сургалтуудыг зохион байгуулдаг.

-Та бол онцгой байдлын газрыг босголцсон хүн. Одоо энэ чиглэлээрээ ажиллаж, оюутнуудыг бэлтгэдэг сургуулийн захирал хийж байна. Манай улсын онцгой байдлын албаныхан техник хэрэгслээр үнэхээр дутмаг юм шиг санагддаг. Энэ салбарыг сайн мэдэх хүний хувьд та юу хэлэх вэ?

-Манай эриний өмнө нэгэн суут хүн “Өөрийнхөө орны армийг тэжээж чадаагүй ард түмэн, төр засаг хүний орны армийг тэжээнэ” гэж хэлсэн байдаг юм. Ингэж л ойлгомжтой хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр улс орон оршин тогтноё гэж байвал өөрийнхөө орны хүчний байгууллагын, эх орноо хамгаалагчдад илүү анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, ард иргэдээ сургаж, хүмүүжүүлж байдаг боловсролын байгууллагын чанарт анхаарах шаардлагатай.

Гуравдугаарт, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зогсч байгаа эмч нартаа анхаарах хэрэгтэй юм. Энэ гурван мэргэжил бол тухайн улс үндэстэн цаашид хөгжих, дэвших суурь баталгаа нь болдог. Ийм л чухал зүйл. Би ганцхан онцгой байдал гэж туйлшрахгүйгээр аюулгүй байдал талаас нь аваад үзвэл техник технологи, зэвсэглэл хангамжийн хувьд зайлшгүй анхаарах шаардлагатай. Гэхдээ манай улсын хувьд их бэрхшээл бий. Манай улс зэвсэг, техник, ямар нэгэн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй. Хүнд үйлдвэрлэл сулхан хөгжсөн орон. Хуучин тогтолцооны үед манай аюулгүй байдлын салбарт техник технологи өндөр төвшинд байсан. Үүнийг нуух юм байхгүй. Шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш суларсан.

Энэ бол тухай улс орны эдийн засгийн чадавхтай шууд холбоотой учраас тэр. Онцгой байдлын байгууллагад тухайн алба хаагчдын хүрээнд нэг хүнд ногдох техник, зэвсэглэл, тоног төхөөрөмжийн хувьд бусад улс орнуудтай харьцуулахад тэгтлээ доод төвшинд байгаа юм биш. Ерөнхийдөө ойролцоо төвшинд бий. Харин хүн хүчний хүрэлцээ үнэхээр дутмаг. Онцгой байдлын салбар 4-5 мянган хүн ажиллаж байна гэж бодъё. Гэтэл 1.5 сая квадрат километ газарт таран байрласан гурван сая хүнийг ийм цөөн албан хаагчдын хүчээр аварч, хамгаалах боломжгүй. Тэгэхээр цаашид Монгол Улсын хүн ам нэмэгдэж, хот суурин байгуулагдахын хэрээр онцгой байдлын албаны орон тоо, бүтцийг нэмж, бэхжүүлж байх ёстой.

Энэ ажил өнөөдөр улс орны эдийн засгийн чадавхиас шалтгаалаад хоцрогдоод байна. Хоёрдугаарт, бид иргэн хүнийг цэцэрлэг, сургуулиас нь эхлээд идэр залуу үед нь, тэтгэвэрт гарсан хойно ч гэсэн гамшиг осолтой тэмцэх, өөрийгөө аюулгүй авч явах соёлд сургах шаардлагатай байна. Бага балчир хүүхдээс авахуулаад өндөр настай хүмүүс хүртэл гамшгийн боловсрол эзэмшүүлэх асуудал манайд цоо шинээр тулгамдаж эхэлж байна. Ямарваа нэг гамшиг, осол болохд идэр залуу хүмүүс нэрвэгдсэн, хохирсон нь бага байдаг. Харин бага насны хүүхдүүд, өндөр настнууд гамшигт хамгийн их өртөж байгаа. Тийм болохоор бүхий л насныханд зориулсан гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байх шаардлагатай байна. Дунд сургуульд энэ хичээлийг заах ёстой.

Дээр үед монголчууд байгалийн гамшиг, ослыг шинжиж мэддэг байсан. Энэ бол Монголын ард түмний олон мянган жил уламжилж ирсэн соёл. Сүүлийн үед энэ талын хичээлийг бид бага зааж байгаа. Дээрээс нь суурин соёлд ороод ирэхээр хүмүүс биеэ авч явах, гамшиг осолтой тэмцэх, өөрийгөө аюулгүй орчинд байлгах дархлаа нь суларч байгаа тал бий. Өөр нэг асуудал юу байна гэхээр, аливаа улс орон дан ганц өөрийн хүчин чадлаар байгалийн гамшгийг даван туулж чадахгүй нь тодорхой болсон. Жишээлбэл, АНУ-д хэдэн жилийн өмнө “Катрина” хар шуурга болсон. Энэ хар шуурганы гамшгийг одоо хүртэл АНУ даван туулж чадаагүй байна. Одоог хүртэл зарим суурин газар гамшгийн дараах үеийнхээрээ хэвээрээ л байгаа.

Тэгэхээр дэлхийн бүхий л улс орон гамшиг осолтой хамтран тэмцэхгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тийм учраас олон улсын байгууллагууд янз бүрийн зөвлөмж гаргадаг, сургалт зохион байгуулдаг. Цэргийн байгууллагаас гадна ард иргэдийн болоод сайн дурын үүсэл санаачилга дээр зохион байгуулагдсан олон аврах бүлгүүд бүхий л салбарт байх хэрэгтэй байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт гээд л. Манай улс бол газар тариалан, хөдөө аж ахуйн орон. Олон сая толгой малтай. Малын элдэв халдварт өвчин шинээр болон бусад байдлаар гарах магадлал өндөртэй. Тийм болохоор малчид халдварт өвчний шинж тэмдгийг танин мэдэж, газар авахуулахгүйгээр тэмцэх, хорио цээрийн дэглэм тогтоох, анхан шатны арга хэмжээ авах боловсролыг эзэмших хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.Пунцагболд

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …