-Архивын ерөнхий газрынхан Хан-Уул дүүрэгт байрлах шинэ цогцолбортоо тун удахгүй нүүж орох гэж байна. Энэ талаар тус газрын дэд дарга Г.Билгүүнтэй ярилцлаа.
-Архивын шинэ цогцолборыг барих талаар хэдэн жилийн өмнөөс ярьсан. Тус цогцолборыг хэзээ ашиглалтад оруулах гэж байна вэ?
-Одоогоос найман жилийн өмнө буюу 2007 оны аравдугаар сарын 10ны өдөр Архивын ерөнхий газрыг орчин үеийн шаардлага хангасан цогцолбортой болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Барилга барих төсвийг жил бүр Улсын төсөвт суулгаж санхүүжүүлэхийг тухайн үеийн Хууль зүйн дотоод хэргийн сайд болон Сангийн сайдад үүрэг болгосон. Гэтэл хөрөнгө мөнгөгүй учир барилгын ажил зогссон. Үүнээс хойш эхний санхүүжилтийг шийдэж, барилгын ажлыг 2010 оны есдүгээр сарын 6нд эхлүүлсэн. Ингээд хоёр жилийн хугацаанд цогцолборыг эрчимтэй барьсан. Гэтэл 2013 онд эдийн засаг хямарсантай холбоотой барилгын ажил дахин хэсэг хугацаанд зогссон. Харин энэ оны есдүгээр сарын 16наас санхүүжилтээ шийдэж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Одоогоор цогцолборын дотоод засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэж байна. Бидний хийсэн гэрээний дагуу манай гүйцэтгэгч компани энэ оны арванхоёрдугаар сарын 11нд барилгыг Улсын комисст хүлээлгэж өгнө гэдгээ хэлсэн. Тиймээс /энэ сарын 23-нд/ Хууль зүйн сайд “Энэ оны арванхоёрдугаар сарын 12ноос нүүлгэлтийн ажлыг эхлүүл” гэсэн тушаал гаргасан.
-Хэд хоногийн хугацаанд нүүхээр төлөвлөж байна вэ?
-Архивыг нүүлгэнэ гэдэг маш том ажил. Арванхоёрдугаар сарын 1нээс ирэх оны хоёрдугаар сарын 29нийг дуустал архивын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан. Энэ гурван сарын хугацаанд бүх ажлыг дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Ингэхдээ бид архивын баримтуудаа нүүлгэх хугацааг яг сар гэж тооцсон. Бусад хугацаанд нь баримт бичгээ тоолж, байршуулах ажлыг хийнэ гэсэн үг. Бусад орны туршлагаас харахад архивт хадгалж буй баримтын хэмжээ, ашигладаг тоног төхөөрөмж болон нүүж байгаа улирал зэргээс хамаарч хоёр жил ч нүүх тохиолдол байна. Монгол улс түүхэндээ 1911 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн нэг удаа архивын баримтуудыг нүүлгэж байсан. Өөрөөр хэлбэл, Үндэсний архивын II байр 1959 онд ашиглалтад ороход нүүлгэсэн. Тэр үед дийлэнх баримт бичгийг Ганданд байрлуулж байсан.
-Архивын үйл ажиллагааг гурван сарын хугацаанд түр зогсооход иргэд болон албан байгууллагуудад хүндрэл үүсэх нь ойлгомжтой. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Шаардлагатай баримт бичгийг хэрэг болсон үед хаана хандах вэ?
-Шүүх, цагдаагийн байгууллагын зүгээс гаргуулах гэсэн лавлагааг шуурхай гаргаж өгөхийг бид хичээнэ. Гэхдээ энэ бас хэцүү л дээ. Учир нь хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын түүх соёлтой холбоотой олон баримт бичгийг хадгалж байгаа учир нүүх хугацаанд нэг ч хуудас цаас алга болгох эрхгүй. Тиймээс баримтуудыг ачихаас өмнө нэг бүрчлэн тоолж, лацдаж, боож баглаад хайрцагт савлана. Үүний дараа тус бүрт нь дугаарлана. Тэгээд шинэ цогцолборт очсоны дараа баримтуудыг дахин тоолж, дугаараар нь тулгана. Маш өндөр хариуцлагатай ажил. Түүнээс хэн нэгэн нь дуртай үедээ задалж, баримт авч болохгүй. Архивын үйлчилгээг бүрэн зогсоохоос өөр ямар ч арга байхгүй. Шүүх, Цагдаа, Прокурор, Нийгмийн даатгал зэрэг 40 гаруй байгууллага манайхаас лавлагаа авч байнга хамтарч ажилладаг. Эдгээр байгууллагад болон тэдгээрийн салбар нэгж харьяа газарт архивын үйлчилгээг түр зогсоох болсон талаараа албан бичиг хүргүүлсэн. Харин иргэдэд өнөөдөр энэ талаар мэдээлэл өгнө.
-Сан хөмрөгт одоогоор хэчнээн баримт бичиг хадгалж байна вэ?
-Хамгийн эртнийх нь 1674 оны баримт бичиг байдаг. Цаасан суурьтай түүхийн баримт архивт өнөөдрийн байдлаар 900 мянга орчим, зураг төслийн баримтын архивт 90 мянга орчим хадгаламжийн нэгж байна. Үүнээс гадна гэрэл зураг 160 мянга, кино хальс 20 гаруй мянга, дуу авианы хальс 1500 байна. Ингээд нийтдээ 1000 гаруй баримт бичиг бий. Эдгээрийг “ЗИЛ130” машинаар зөөе гэж бодоход 900 машин шаардлагатай. Ийм тооны машин бүгд нэг доор нүүлгэх боломжгүй. Тиймээс тав, таваар нь явуулахаар тооцож байна. Сүүлийн 350 гаруй жилийн баримт бичгийг хадгалж байна. Тиймээс баримтыг зөөж байрлуулах ажлыг хэдхэн хоногийн дотор хийх боломжгүй.
– Чухал баримтуудыг нүүлгэн шилжүүлнэ гэдэг маш том хариуцлага. Тиймээс баримт бичгээс нэг ч хуудсыг алга болгох эрхгүй гэлээ. Болзошгүй аюулаас хэрхэн урьдчилан сэргийлж, харуул хамгаалалтыг яаж шийдсэн бэ?
– Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад хүн хүч их хэрэгтэй. Архивын байгууллагад ажилладаг бүх хүн уртасгасан цагаар өглөөнөөс 23.00 цаг хүртэл ажиллана. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн ерөнхий газар хүн хүч болоод техник тоног төхөөрөмжөөр туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэхээр болсон. Гал гарах, машин мөргөлдөх, цас бороо орох, шуурах зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс Төрийн тусгай хамгаалалт, Онцгой байдлын алба, Тагнуулын байгууллага нүүх хугацаанд хамтарч ажиллана. Бид шинэ цогцолборт орчихвол ойрын 100 жилдээ дахин нүүхгүй.
– Шинэ цогцолбор орчин үеийн стандарт, дэлхийн жишигт нийцэж чадаж байгаа юу. Хэдэн төгрөгийн өртгөөр бариулж байна вэ?
– 16700 ам.метр таван давхар цогцолбор 13 тэрбум төгрөгөөр босч байна. Улсын төсвөөр санхүүжсэн. Дэлхийд эхний тавд жагсдаг Солонгосын “Нара”гийн архивын жижиг хувилбарыг бариулахаар зураг төслөө гаргуулсан. Одоогоор архивын ерөнхий газрын үйл ажиллагаа явуулж буй гурван байрны нийт талбайн хэмжээ 6000 ам.метр. Хамгийн сонирхолтой нь, хадгаламжийн сан 2500 ам.метр, оффисийн хэсэг 3500 ам.метр хэмжээтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн сан оффисийн талбайгаасаа жижиг байна гэсэн үг. Бид үүнийг шинэ цогцолборт эсрэгээр нь хийлгэсэн. Талбайн хэмжээ 7080 хувийг хадгаламжийн сан, нийтэд үйлчлэх зай талбай эзэлж байна.
– Архивын ерөнхий газрын II байрыг дуудлага худалдаагаар ямар байгууллага хэдэн төгрөгөөр авсан бэ?
– УИХын 30 дугаар тогтоолоор нэлээд хэдэн барилгыг дуудлага худалдаагаар борлуулахаар болсон. Үүнд үндэслэн манай байгууллагын II байрыг нээлттэй дуудлагаар худалдан борлуулж, олсон орлогоор Архивын ерөнхий газрын шинэ цогцолборыг дуусга гэсэн тогтоол гаргасан. Энэ шийдвэрийн дагуу нээлттэй дуудлагаар “Говь” ХК хамгийн дээд үнэ буюу 5.3 тэрбум төгрөгөөр, худалдаж авсан. Ерөнхийдөө тухайн үед цогцолборыг гүйцээж барихад долоо орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Гэтэл хуучин барилгыг зарж борлуулсан мөнгө хүрэлцэхгүй учир бид мөнгөндөө тааруулж цогцолборт бага зэрэг өөрчлөлт оруулсан. Гэхдээ үндсэн загварт өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн гадна талын хэсгийг гантиг чулуугаар хийх байсныг болиод чулуун шохойгоор хийлгэсэн.
С.Юмсүрэн