Монгол улс гурван сая гаруйхан хүнтэй Дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр 17-д ордог томоохон нутагтай улс. Манай 17-д ордог газар нутагт минь Дэлхийн бөмбөрцөгийн ихэнх баялаг “дараатай” байгаа. Бид үүнийгээ зөв замаар, зөв аргаар “идэж ууж” чадвал 3 сая гаруйхан бид Хаан, Хатадын хэмжээнд амьдрах бүрэн боломжтой. Гэтэл баян улс болгох сонирхол зарим нь байхгүй бололтой.
Улс орны удирдлагыг дөрвөн жил тутамдаа сонгодог сонгууль хаяанд ирлээ. Бид удирдах хүнээ зөв сонгоогүйгээсээ болж “алддаг”, “энддэг”. Газар нутгаа, уул уурхайгаа зарах энүүхэнд болтлоо улайрсан хүмүүсийг “сонгон” гаргаж. Хууль гэгч “зүйлд” захирагдан суусан Монголчууд “түлхээд” гаргасан шигээ “татаад” унагах боломжгүй гэж зааж. Харин сонгууль дөхсөн энэ үед хүн бүр л сонгуулийн ямар нэгэн баг, штаб, ар тал болон ажиллаж байгаа зураглалтай.
УИХ, ИТХ, Засаг дарга, дүүргийн ИТХ, Хороон дарга, Хорооны ИТХ, яам тамгын газрын даргын суудлын сонгууль гээд бараг л энэ жилийг дуустал “сонгуульдна”. Энэ жил дуусахад нэг юм хэн, хаана суух учир зүйгээ олон нэг үгээр “бялуугаа хувааж идээд” дуусгана.
Энэ их сонгуулийн ард бараг л мянга орчим хүн нэр дэвших, мөрийн хөтөлбөр танилцуулах мэтээр бэлтгэл ажил, хөрөнгө мөнгө босгох гээд өч төчнөөн ажил ундраатай байгаа. Тэдний ар гэр, амраг садан, найз нөхөд, хамаатан, түнш, анги хамт олон, багш, зөвлөх, хамтран ажиллагч, сонгуулийн ажилтан гээд нэг хүний ард нэлээд хөл хөөрцөг болон томоохон баг ажиллана.
Гуравхан сая гаруйхан хүн амтай манай улсад сонгууль өгөх насанд хүрсэн, бие сэтгэлээр эрүүл сонголт хийхээр, гадаад дотоодод “зорчоогүй” тогтвортой санал өгөх 2 164 000 хүн бий гэсэн эхний байдлын урьдчилсан дүгнэлт /прогноз/ гарсан. Эдгээр иргэд бараг мянган хүнийг ямар нэгэн сандал суудалд залах сонголтоо хийнэ. Мэдээж зарим сандал бидэнд анзаарагдахгүй байх.
Үүнээс дүгнэхэд сонгуулийн сурталчилгаа хийж аль нэг “суудлын” төлөө өрсөлдөхөөр зэхэж байгаа хүний ард баг болон ажиллаж байгаа хүний дундаж тоо 27 орчим байдаг гэнэ. Энэ тоо урьд урьдын сонгуулийн штабт ажилласан хүний тооны дундаж. Харин энэ жил иргэд нүд нээж, юм үзсэн, хаширсан иргэн олон байгаа болохоор сурталчилгааг арай өөрөөр хийхээс өөр аргагүй байдалд хүрэх болсон нь тодорхой. Нэг үгээр нэг нэр дэвшигчийн ард 27 ба түүнээс ч их хүн бий. Тогтмол ажилтай, төрийн албан хаагч болон сонгуулийг үл тоомсорлогчдыг хасвал мянган хүн “сандал”-ны төлөө ажиллана гэхэд бараг 8 иргэн тутмын нэг нь сонгуулийн ямар нэгэн багт орон ажилладаг болж таарч байна. Тэгэхээр бид дөрвөн жилд нэг удаа хийдэг УИХ –ын сонгуулиар “ажилгүй монгол хүнгүй” болдог байна. Бид угийн сонгуульчин ард түмэн аж.
Үүнээс харахад Монгол өрхийг дундажаар таван ам бүлтэй гэсэн байдаг. Тэгвэл хоёр айл бүрт нэг сонгуулийн багт орон ажиллах иргэн ноогдож байна. Тэгэхээр нэгийгээ дэмжих гэж нэлээд “бужигнадаг” сонгуулийг харахад бид угаас сонгуульчин ард түмэн болжээ.
Б.Саран