Монгол улс 73 сая малтай болж гэнэ. Мал нь ихэнхдээ банкны нэр дээр байдаг гэдэг юм билээ. Гэхдээ буянт мал өсөж үржсэн сайхан мэдээ байна. Энэ мэдээж малчин хүний дуусашгүй хөлсний үр шим. Дулаанд хөдөө нутаг сайхан ч өвөл, хаврын цасан шуурганд мал маллах гэдэг хэцүү. Нэг өдөр нэг цагийн чөлөөгүй хөдөлмөрлөж байж амаа “тосддог” нөр их хөлс хөдөлмөр.
Гэтэл Монгол улс махны зөв бодлогогүйгээсээ болоод махны экспортыг хөгжүүлж чадахгүй байна. Малчдын гар дээрээс цэвэр махыг дэлхийн өндөр хөгжилтэй оронд нийлүүлэх хууль эрх зүйн орчингүйгээс малчид өвс тэжээлийн хомсдолд орж байгалийн үзэгдэлтэй тэмцэж ядахдаа банкны барьцаалбар болгож байна. Одоо 73 сая малын ихэнх нь банкны нэр дээр учраас төр хувийн өмчид бүр ч халдаж чадахгүй болов уу.
Зөв бодлого, шийдвэргүйгээс болоод мах үнэд хүрдэггүй төдийгүй малчид барьцаалагдсан байдалтай амьдарсаар байна. Тэдний дунд ченж гэх этгээдүүд ”баяжиж” гүйцэх аж. Гэхдээ ихэнх ченжүүд Хятадууд байдаг нь хүн бүхний мэдэх хэрэг. Төр яагаад ченжүүдээ цэвэрлэж чаддаггүй юм бэ?
Махны, самарны, түүхий эдийн, байгалийн баялагийн ченжүүдийг төр цэгцэлж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас энэ олон жил толгойг нь “илэв” үү. Ямартай ч өнөөдөр махны үнэ үхрийн мах-8300 төгрөг, хонь -6700 төгрөг, ямаа-5900 төгрөг, адуу-6500 төгрөг, тэмээ-6000 төгрөгөөр бөөний ханштайгаар зарагдаж байхад 73 сая толгой малын тухай мэдээ “бухимдал” төрүүлээд л өнгөрч байна.
Нэг кг мах ийн үнэ хүрч байхад, малчны мал гэрийн эзнийх биш болсон байхад, бэлчээрийн хомсдол, төрийн үл хүрэх үйлчилгээ энэ бүхний үр дүнд махыг идэх биш “үнэрлэдэг” болсон иргэд. Махны зөв бодлого, махны зөв менежментийг үгүүлж байна даа.
Б.Саран