“Зууны мэдээ” сонин Увс аймаг дахь газрын тосны үйл ажиллагаа нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг зөрчиж, байгаль орчныг доройтуулж байгааг анх удаа хөндөн нийтлэл, сурвалжлага бэлтгэсээр байгаа билээ.
Тэгвэл энэ жишээ манай улсад шинэ биш юм. Монголын газрын тосны салбарын түүхийг сүүлийн 20 орчим жил бичилцэж буй Дорнод аймгийн Тамсагийн ордод “Петрочайна дачин тамсаг” компани газрын тос хайж, олборлож эхлэх үеэс энэ асуудал дэгдсэн.
Байгаль орчин, бэлчээр нутгийн бүрэн бүтэн байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалахаар Дорнодын иргэд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран 2010 оноос шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Шүүх хурал хоёр жил гаруй үргэлжилсний эцэст “Петрочайна дачин тамсаг” компани байгаль орчинд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг тогтоож, нөхөн төлүүлсэн билээ.
Стратегийн өмгөөллийн явцад манай улсын газрын тосны салбарын хөгжил, түүнд оролцогч этгээдүүдийн үйл ажиллагаа, хууль эрхзүйн орчин, ялангуяа газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил болгох асуудал доголдолтой, зөв бодлого, шийдвэр шаардлагатай байсныг оролцогчид ярьдаг юм билээ.
Увс аймгийн 14 сумын газар нутгийг хамарсан газрын тосны “Увс-1” талбай, Увсын үзэсгэлэнт байгаль, дэлхийн нүүдлийн шувуудын гол нутаг болсон Увс нуур, бэлчээр нутаг, уугуул иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж болох, гарч болзошгүй эрсдлийг Тамсагийн ордын жишээгээр төлөөлүүлэн стратегийн өмгөөллийг зохион байгуулсан “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаатай ярилцлаа.
Увс нуур газрын тосны лицензэд бүслэгджээ
-Манай улсын газрын тосны салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээ ажил хэрэг болж буй ганц жишээ нь Тамсагийн орд. Хэдийгээр энэ ордоос тодорхой хэмжээний ашиг орлого олж буй ч “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаа байгаль орчин, нутгийн иргэдэд хохирол учруулсныг та бүхний хичээл зүтгэлээр тогтоож чадсан. Стратегийн өмгөөллийг хэзээ, хэрхэн эхлүүлж байв?
-Бид анх Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөнтэй хамтраад “Петрочайна дачин тамсаг” компани Дорнод аймгийн Тамсагийн сав газарт явуулж байгаа газрын тосны олборлолт, хайгуул, тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь хууль бус байна, үүний улмаас Тамсагийн сав газрын эко системд хохирол учруулж, нутгийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үндэслэлээр 2010 оны нэгдүгээр сараас эхлэн стратегийн өмгөөллийн үйл ажиллагааг явуулсан юм.
Энэ ажилд хэвлэл мэдээлэл, өмгөөлөгч, орон нутгийн засаг захиргаа, ИТХ, эвсэл хөдөлгөөний идэвхтэн зүтгэлтэн, орон нутгийн иргэдийн маш олон хүний бүрэлдэхүүнтэй баг зорилго сэтгэл нийлж ажилласан. Энэ олон хүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд бид гурван шатны шүүхээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангуулсан шийдвэр гаргуулж чадсан.
Гол нь бид эко системд учруулсан хохирлыг мэргэжлийн компаниар тогтоолгосон. Тамсагийн сав газрын эко системд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан үнэлгээний дагуу шүүхийн шийдвэр гарч, хохирлыг “Петрочайна дачин тамсаг” компаниар төлүүлж орон нутгийн төсөвт оруулсан үр дүнтэй өмгөөллийн үйл ажиллагаа болсон.
Үүнд гол сургамж болоод үр дүн нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд төр нь байгаад шүүх нь ажиллавал хууль журмынхаа дагуу нөхөн төлбөр гаргуулж, байгаль орчинд учирсан хохирлыг төлүүлж чаддагийг гадна, дотны уул уурхайн компаниудад сануулсан санамж, дохио болсон.
Иргэдэд ч өөрийнхөө орон нутаг, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлж болдог гэсэн итгэл найдварыг бий болгосон. Монголын шүүх өөрийнхөө бие даасан шүүн таслах үйл ажиллагаагаар шударга үнэнийг тогтоож чаддагийг харуулсан, аль аль талдаа нийгэмд нөлөө үзүүлэхүйц өмгөөллийн үйл ажиллагаа болж дууссан.
-Байгаль орчинд учруулсан хохирол нийтдээ 1.3 тэрбум төгрөг болсон хэрэг үү. Байгаль орчны хохирлыг тооцоолоход багагүй хүндрэл гарсан гэсэн үү?
-Тухайн үед Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар дайрдаг тосны зам дагуу маш их тоосжилт бий болж, зам дагуу амьдардаг нутгийн иргэдийн ноолуур үнэд хүрэхээ больсон. Нарийн ширхэгтэй тоос ноолуурт шингэсэн учраас ченжүүд зах зээлийн үнээр худалдаж авахаа больчихсон байсан.
Бид анх стратегийн өмгөөллийг тэр гомдлоор эхэлж, “Нутгийн иргэдийн эдийн засагт хохирол учруулж байна” гэж анхны нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Биднийг хэдий хэмжээний хохирол учирсаныг тогтоож ир гэсэн. Гэтэл бид хэчнээн ямаанд хэдий хэмжээний тоос унаж хэр хэмжээний ноолуур алдагдалтайг тогтоож чадаагүй.
Тогтоох ч боломжгүй байсан. Тиймээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж экологи, эдийн засгийн хохирлыг тогтоохоор ажилласан. Төрийн байгууллагын хувьд үүнийг тогтоох амаргүй. Байгаль орчны яамнаас үнэлгээний эрх авсан мэргэжлийн компани экологи, эдийн засгийн хохирлыг тогтоодог.
Тэр компанид бид мөнгө төлөх ёстой болсон. Харин тэр үед харин орон нутгийн захиргаа бидэнд тусалж компанийн экологийн хохирол тогтоох зардлыг гаргасан. Харамсалтай нь манай улс тоосжилт, хөрсний бохирдлыг бүхэлд нь тогтоож чаддаггүй. Зөвхөн өрөмний шингэн хаягдлын тав, зургаахан далан, тэр хавьд бий болсон хөрсний бохирдлын хэмжээг тогтоосон.
Зөвхөн тэр орчимд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоог гаргасан. Өөрөөр хэлбэл, маш бага талбай. Байгаль орчны бүх бохирдлыг тогтоосон бол өөр. Үүнд манай улсын лабораторийн хүчин чадал, үнэлгээний компаниудын чадавх хүрэлцдэггүй.
Үүнээс юу харагдсан бэ гэвэл манай улсад уул уурхайн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд маш их хохирол учирч байгаа. Энэ их хохирлыг тогтоох чадвар, нөөц боломж Монголд байхгүй.
Төв лаборатори нь химийн хүнд элементүүдийг ч нарийвчлан тогтоох орчин үеийн тоног төхөөрөмжгүй. Хохирол тогтоодог байгууллага үнэлгээний компанийн чадавх маш сул. Тэнд мэргэжлийн хөрс, агаарын бохирдол судлаач алга. Орчин үеийн тоног төхөөрөмж нь ч байхгүй байх жишээтэй.
-Та бүхний явуулсан стратегийн өмгөөллийн үйл ажиллагаанаас онцолж ярих сэдвийн нэг бол Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил болгох тухай юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээ газрын тосны үйл ажиллагаанд ямар ач холбогдолтой юм бэ?
-Олборлосон тосоо Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газар болон гэрээлэгч компани хуваадаг зохицуулалттай. “Петрочайна дачин тамсаг” компанийн явуулж байгаа бүх үйл ажиллагаа гэрээгээр зохицуулагдсан учраас ямар гэрээ байгуулсныг Бүтээгдэхүүн хуваах гэрээнээс харах шаардлага тулгарсан юм.
Гэрээнд байгаль орчинд хэр хэмжээнд нөлөөлөх, нөлөөллөө ямар зардлаар нөхөн төлөх ёстой, хэрэв нөлөөллөө бууруулахгүй бол ямар хариуцлага хүлээх зэргийг хэрхэн заасныг мэдэх нь бидний хувьд чухал байсан. Тиймээс Бүтээгдэхүүн хуваах гэрээг олж үзэх, анализ дүгнэлт хийх шаардлагатай болж бид Газрын тосны газраас гэрээг хүссэн.
Гэтэл тэр үед Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгууллагын нууцын жагсаалтад оруулсан байсан. Тэд гуравдагч талд өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Байгууллагын нууцын тухай хууль, Төрийн нууцын тухай хуулиар ч тэр байгаль орчны мэдээллийг нууцлахыг хориглосон байдаг.
Тиймээс хууль зөрчсөн байгууллагын нууцын жагсаалтыг хүчингүй болгох саналыг бид тухайн үеийн Уул уурхайн сайд Д.Зоригтод хүргүүлж байлаа. Харилцан ярилцаад зөвшилцсөний эцэст зөвхөн загвар гэрээг ил болгосон. Өөрөөр хэлбэл, байгууллагын цахим хуудаст зөвхөн загвар гэрээг олон нийтэд танилцах боломжийг олгосон юм.
Загвар гэрээн дээрээс бид гэрээний нөхцөл, шаардлагууд, хоёр талын хүлээсэн үүрэг хариуцлагыг тодорхой олж харж чадахгүй байсан. Тиймээс тэр үеэс бид газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил тод болгох ёстой гэсэн шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон удаа тавьсан. Өөрсдөд нь ч энэ тухай албан бичиг хүргүүлж шаардаж байсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ гэрээ ил тод болоогүй байна.
-Байгууллагын нууцын тухай хууль, Төрийн нууцын тухай хуулиар ч тэр байгаль орчны мэдээллийг нууцлахыг хориглосон байдаг гэсэн шүү дээ. Гэрээлэгч талуудад Бүтээгдэхүүн хуваах гэрээг нууцлах ямар үндэслэл байна вэ?
-Бид энэ гэрээг ил тод болгох асуудлыг одоог хүртэл ярьсан, шаардсан хэвээр байгаа. Монгол Улс Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэж орсон. Үүнийг идэвхтэй сайн хэрэгжүүлдэг орон гэж Нарийн бичгийн газрынх нь хоёр ч шагналыг хүртсэн, бусад оронд үлгэр дууриалал болж явдаг улс.
Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын стандартын дагуу бол уул уурхайн гэрээ ил тод болох ёстой гэсэн шаардлага тавигдсан байдаг. Мөн Нээлттэй засаглалын түншлэл гэх том санаачлагад манай улс нэгдсэн.
Түншлэлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил болгох асуудал тусгагдсан. Саяхан Засгийн газар 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлсэн тайланг тавихад бид энэ асуудлыг хөндөж асуулга тавьсан. Бодитой тодорхой хариу хэлээгүй.
Талуудын тайлбарладгаар бол гэрээг ил тод болгочихвол Засгийн газарт хохиролтой. Газрын тосоо үнэлэх үнэ илүү доошоо унана. Гэрээ ил болж үнэ нь мэдэгдсэнээр компаниуд бага үнээр гэрээлэх эрмэлзэлтэй болно. Энэ нөхцлийг компаниудад тавиад өгчих учраас Засгийн газарт хохиролтой гэдэг.
Үүнийг илэрхийлсэн олон улсын хандлага таамаглал байдаг юм. Өөрөөр хэлбэл, ёроол руу уралдах гэж. Гэрээг ил болгосноор компаниуд аль болох бага үнээр тосыг гэрээлэхийг хүсч ёроол руу уралдсаар эцэстээ газрын тосоо гэрээлж байгаа Засгийн газарт ашиггүй болдог гэсэн таамаглал.
Гэтэл яг ингэж ёроол руу уралдаж, Засгийн газар хамгийн доод үнээр тосоо худалдах эсэхийг судласан судлаачдын дүгнэлт байдаг. Тэр дүгнэлтээр ёроол руу уралдаж үнэ унадаг байдал гардаггүй. Өөрөөр хэлбэл, ёроол руу уралдах гэдэг нь амьдрал дээр байдаггүйг судлаачид тогтоосон юм билээ. Тэгэхээр ганц ийм шалтгаар гэрээг нууцалж байгаа нь хангалттай, бодитой үндэслэл биш юм.
-Бүтээгдэхүүн хуваах гэрээг ил болгосноор бид ямар үр дүн хүлээх вэ?
-Газрын тос байгалийн баялаг. Ард түмний мэдлийнх, төрийн хамгаалалтад байдаг Үндсэн хуулийн зохицуулалттай. Энэ бол нийтийн баялаг. Нийтийн баялгийг эзэн нь болсон ард түмэн мэдэж байх ёстой.
Хэрхэн, яаж, хэнд гэрээлж, хэдий хэмжээний нөөц ашиглаад, хэр хэмжээний орлого, ашгийг бий болгож, түүнийгээ хэрхэн захиран зарцуулж байгааг ард түмэн хянах ёстой. Ингэж хяналтаа тавихын тулд хамгийн түрүүнд гэрээ ил тод, тодорхой байх хэрэгтэй болдог.
Нөгөө талаар гэрээ хаалттай, нууц байх тусам авлигын эрсдэл нэмэгддэг. Сүүлд тийм жишээ гарсан шүү дээ. “Петрочайна дачин тамсаг” компанитай гэрээлсэн гэрээгээр Монголын талд оногдох тосноос дутсан аудитын дүгнэлт гарсан.
Уг хэрэгт тухайн үеийн Газрын тосны газрын албан тушаалтнууд шалгагдаж байгаад амь насаа алдсан. Түүнээс хойш энэ асуудал бүдэг, бүрхэг хэвээр үлдлээ. Монголын талд оногдох ёстой тосыг хэн дутаасан, хэчнээн хэмжээгээр дутаасан, хэний халаас руу орсон юм бэ гэдгийг мэдэхгүй өнгөрсөн.
Энэ бол хаалттай, нууц байсны гай. Ийм болоод эхлэхээр ард иргэд эргэлзээд эхэлдэг. Товчхоноор бол ил, тод байдал бол ард иргэд төрийн хоорондоо итгэх итгэлцлийг бий болгодог. Компанийн хувьд ч тэдний нэр төр, бизнесийн тогтвортой байх, илүү их үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлж өгдөг.
-Харамсалтай нь таны хэлснээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ одоог хүртэл хаалттай хэвээр байна. Үүний хор уршгаар Дорнод аймагт байгаль орчин, уугуул иргэдийн эрх зөрчигдсөн асуудал бүрэн шийдэгдээгүй, хариуцлагагүй уул уурхай ужгирсаар байх зуур Засгийн газар дараагийн гэрээнүүдийг хийж эхэлсэн. Тэдгээрт бас л Тамсагийн ордын жишээ давтагдаж эхэллээ. Үүний нэг жишээг манай сонин хөндөн бичиж байгаа. Увс аймагт газрын тосны хайгуул эхлээд нэг жил болж амжаагүй байхад байгаль орчин, бэлчээр нутаг хөндөгдөх болсон. Биднийг сурвалжлагаар явах үед нутгийн иргэд газрын тос, Бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ямар ч мэдлэггүй байсан. Энэ нь Бүтээгдэхүүн хуваах гэрээг нууцалсантай холбоотой гэж ойлгож болох уу?
-Гэрээ нууц, хаалттай байснаар гарах уршгууд нэмэгдээд, давтагдаад явж байгаагийн жишээ. Тухайн үед бидний гэрээг ил болгох шаардлагыг хүлээж авсан бол Увсад тийм асуудал гарахгүй байсан. Нууц байсны үр дагавар ингээд л үргэлжилж байгаа хэрэг. Зүүн аймагт байсан бол одоо баруун аймагт гараад эхэлчихсэн байна шүү дээ.
Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол үндсэн гэрээ. Түүнийг дагасан маш олон дагавар гэрээ орон нутгийн төвшинд байгуулагддаг. Үндсэн гэрээ нь нууц болохоор дагалдах гэрээ мөн л нууцлагдаад явчихдаг. Гэрээ нууц байснаар гэрээ хийж байгаа хүмүүс, албан тушаалтнуудад ашигтай болдог.
Өөрөөр хэлбэл, авлигын эрсдэл бий болдог. Танай сонин дээр ч нийтлэгдсэн байсан шүү дээ. Орон нутагтай хийсэн гэрээ нь зөвхөн газрын тосны компанийг сурталчилсаны төлөө тэр компаниас мөнгө авахаар хийгдсэн байсан. Компанийг сурталчлах үүргийг орон нутгийн төр хүлээж аваад гэрээ байгуулсан байх жишээтэй. Тэр бол хууль бус гэрээ.
Орон нутагтай байгуулах гэрээний журам саяхан батлагдсан. Харамсалтай нь иргэд оролцох, гэрээний нэг тал болж хяналт тавих бололцоогүй. Зөвхөн компани захиргаа хоёр хийгдэх журам гарчихлаа. Журам гарахаас өмнө бид орон нутгийн иргэд гэрээнд нэг тал болж тэгш эрхтэй оролцох эрхийг хангаж өгөхийг хүссэн санал хүргүүлсэн ч журамд тусгагдаагүй.
Хоёр тал гэрээлээд явлаа гэж бодоход гэрээний хэрэгжилтэд хяналт тавих бололцоог нутгийн иргэдэд олгох ёстой. Хяналт тавих бололцоо нь гэрээ ил тод байх ёстой болчихож байгаа юм.
Газрын тосны шинэ хуульд гэрээнд тавигдах шаардлага орсон. Түүнд хүн амын аюулгүй байдлыг хангах, байгалийн нөөц баялаг, газар түүний хэвлий, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй байх гэсэн шаардлага тавигдсан.
Энэ шаардлагыг гэрээнд хэр тусгасныг бид мэдэж байж хяналт хийх боломжтой. Энэ шаардлага тусгагдсан тохиололд байгаль орчинтой холбоотой асуудлыг нууцалж болохгүй гэдэг Төрийн нууцын хуулиараа гэрээ ил тод байх ёстой юм.
-Тэгвэл үүнийг засч сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Гол зүйл нь байгалийн баялгийн засаглалыг сайжруулах явдал. Монгол орон маш их баялагтай. Энэ баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гээд том ордуудыг нээсэн. Ард иргэдэд бага, сага ашиг хүртээж асар их хүлээлт бий болгочихсон.
Гэтэл асар их баялагтай улсын иргэд ядуу хэвээрээ байна, бид. Энэ бүхний гол шалтгаан байгалийн баялгийн засаглал муу байгаатай холбоотой. Байгалийн баялгийн засаглалыг сайжруулах гол зүйл нь ил тод байдал юм.
Б.Энхзаяа
Эх сурвалж: