Улаанбаатарт өнгөрсөн долдугаар сард АСЕМ-ын олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтын хүрээнд болсон Ази, Европын бизнесийн чуулганд оролцох завшаан надад тохиосон билээ. Тэрхүү аялал Монгол, Буриадын харилцааны олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэсэн юм.
ЧУУЛГАНДСАН МОНГОЛ
Бид долдугаар сарын 12-нд Орос, Монголын хилээр нэвтэрсэн. Монголын талаас сунжирсан урт автомашины дараалал нүдэнд юуны түрүүнд тусч байлаа. Буриад, Байгаль нуурыг үзэх гэсэн хөрш Монголын иргэд ид халуунд нялх хүүхдүүдтэйгээ хоёр гурван хоногоор хил дээр түгжрэн зогсох ажээ! Тэр өдөр Улаанбаатар хүртэлх зам тэр чигтээ үргэлжлэх автомашины цуваа шиг л санагдсан. Замын хоёр талаар хээр талд хаа сайгүй гэр, майхан, зөөврийн зоогийн газар босгожээ. Амрагчид тухлан цэвэр агаарт цайлан хээрийн хоол идэх нь харагдана.
Улаанбаатарын оршин суугчид олон улсын чуулганыг зохион байгуулахад саад болохгүйн тулд ийн хотоос гарчээ. Монголын Засгийн газар нийслэлийнхээ иргэдэд хандан наадам болон АСЕМ-ын чуулганы үеэр хотоо түр орхихыг хүссэн аж. Нийслэлийнхэн ч энэ хүсэлтийг ойлгон хүлээн авчээ. Иймээс ч Улаанбаатарт ороход дасал болоогүй хоосон гудамж, хаалттай дэлгүүр, кафенүүд угтсан юм.
Ази, Европын бизнес чуулганд Япон, Хятад, Солонгос, Энэтхэг гээд олон орны төлөөлөгчид оролцсон. Харин Оросоос ердөө дөрвөн төлөөлөгч ирсэнд гайхаж билээ. Найрсгаар угтаж авсанд сэтгэгдэл өндөр байх тэр дөрөв Санкт-Петербургээс иржээ.
Чуулганы цар хүрээ үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн. Төслийн зохион байгуулагч монгол мэргэжилтнүүд зочидтой англиар чөлөөтэй харилцах ажээ. Энэ нь Монгол Улс дэлхийд өөрийн гэсэн байр сууриа эзлэхээр тэмүүлж буйн тод жишээ.
Энд түүнчлэн тус улсын иргэдийн сэтгэлгээ төрийн хэмжээнд буйг тэмдэглэх хэрэгтэй. Улс орон нь ч нэлээд эрчимтэй хөгжиж байна. Монголд уламжлал сэргэхийн хэрээр бие даасан иргэний нийгэм ч бэхжих болжээ. Өөдрөг бодол, сэргэлэн зан, асар их эрч хүч зэрэг нь орчин цагийн талын монгол хүний үндсэн шинж ажээ.
Монголын энэ төлөв байдалтай харьцуулахад манай буриадуудын ажил хэрэг чухал биш, бүр зэлүүд зах хязгаарынх шиг санагдаж эхлэх юм. Уг нь Буриадын торгоны замын төв дахь ашигтай байрлал манай бүгд найрамдах улсад Оросыг Ази, Номхон далайн бүс нутаг руу гарган дорны ертөнцтэй холбох өргөн боломж нээж өгөх учиртайсан.
БУРИАД АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ГАРАХАД БЭЛЭН БУС
Харамсалтай нь, Буриад тэрхүү боломжоо ашиглахад бэлэн бус ажээ. Манай бүгд найрамдах улс Монголтой визгүй зорчих горимд шилжихэд ч бэлэн байж чадсангүй. Манай оронд валют авчирч буй Монголын иргэд олноор ирэх явдлыг гааль зохицуулан шуурхай ажиллаж чадахгүй байна. Хил дээр бүх зүйл 1990-ээд оны төвшинд хэвээр үлджээ. Монголын жуулчид хэдэн хоногоор дугаарлаж, албаныхны бүдүүлэг авиртай тулгарах аж. Урт дарааллыг чухам Оросын тал үүсгэж байгаа сэтгэгдлэл төрж байна лээ.
Хилээр нэвтрээд Монголын жуулчдын явах зам ерөнхийдөө ижил. Итгэлт хамбад мөргөөд Байгаль нуурын эрэгт амран худалдааны төвүүдээр орж бараа худалдан авдаг. Гэтэл тэд нарт зориулан ямар нэг олон улсын нийгэм соёлын төслүүд зохион байгуулалгүй өнөөг хүрчээ. Буриадад аялал жуулчлалын бодлого ч, Монгол, Буриадын харилцааны тухай тодорхой үзэл баримтлал ч алга. Монголоос ирж буй жуулчдыг зохион байгуулж чадаагүйн харгайгаар Буриадын жирийн иргэд нэлээд аягүйрхэх төлөвтэй. Жишээ нь, хил дээрх Хиагт хот Монголын жуулчдад юу санал болгож чадах вэ? Тэнд тухтай амрах буурчийн газар байхгүй, ямар нэг аялал жуулчлалын арга хэмжээ зохиодоггүй, тэр ч бүү хэл аштайхан ердийн зоогийн газар ч үгүй!
Гэтэл өнгөрсөн зуунд чухам буриад удирдагчид болох Элбэгдорж Ринчино, Цэвээн Жамсран зэрэг хүмүүс Монголын төр улсыг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Өнөөг хүртэл Монголын иргэд буриадуудад хүндэтгэлтэй ханддаг юм. Гэвч одоо бидний харилцаа нэг л болж өгдөггүй. Үүний шалтгаанууд тодорхой. Тэдгээр нь монголчуудын аялал жуулчлалыг зохион байгуулж чадаагүй явдал, тэдний дээрэмд өртөх өндөр эрсдэл, хууль эрх зүйн хамгаалалт үгүй зэрэг билээ. Иймд Буриадын бүгд найрамдах улс зочиддоо зохих нөхцөл бүрдүүлэх тал дээр юу ч хийхгүй байгаа гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрнө.
Уг нь хил нээлттэй ийм нөхцөлд Буриад нь Монголтой өндөр төвшинд хамтран ажиллах бүрэн боломжтой. Тэгээд ч Буриадыг шинэ геополитикийн нөхцөлд Оросын Монгол болон Ази, Номхон далайн бүс нутаг, Зүүн өмнөд Азитай өргөн хамтын ажиллагааг өрнүүлэх гүүр хэмээн харах цаг хэдийнэ болсон. Гэвч одоогоор Буриад Монголын жуулчдын шалгалтыг ч давж чадахгүй байна даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин