Д.Ганбат: Гэмт этгээдийг цагаатгасан нь шүүгчдийн нэр хүндийг унагасан явдал боллоо

hereg_01

Манай сонин өнгөрөгч дугаартаа 19 настай П гэгч залуу бусдын гарт зэрлэгээр амиа алдаж ,гэмт этгээд хэрхэн хэргийн цаана мултарч гэм зэмгүй болсон тухайг мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийн талаар талийгаачийн ээж Т.Дамдинсүрэн, өмгөөлөгч Д.Ганбат нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хэргийг үйлдсэн Архангай аймгийн Тариат сумын харьяат 33 настай Д.Буяннэмэх гэгч залууд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 27-нд анхан шатны шүүх хэлэлцээд цагаатгасан. Цагаатгах болсон шалтгаан нь гэмт этгээдийг цочирдон давчдсан үедээ бусдын амь насыг хохироосон гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын эрүүгийн хуулийн 93.1 буюу санаа сэтгэл нь цочирдон давчидсан үедээ бусдын амь насыг хохироосон гэх зүйл анги. Тиймээс тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсний дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Буяннэмэхийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн гэм буруугүйд тооцож, ялтныг цагаатгах шийдвэрийг гаргажээ.
Шүүхийн энэхүү шийдвэрийг талийгаачийн ээж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, олон нийтэд үнэн, бодит мэдээлэл өгөхөөр болсон нь энэ аж. Тэдний хэлж буйгаар уг хэргийг БГД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж, хэргийг дүүргийн прокурор, шүүх рүү шилжүүлсэн гэнэ. Гэтэл дүүргийн анхан шатны шүүх улайн цайм нэг талыг барьсан шийдвэр гаргаж, хүний амь хөнөөсөн этгээдийг цагаатгачихлаа. Аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх зүйл ангиар цагаатгасан гэсэн.
Уг нь прокуророос Эрүүгийн хуулийн 91.3 гэсэн зүйл ангиар цочирдсон үедээ хүний амь хөнөөсөн гэсэн зүйл ангиар хэргийг нь хөнгөрүүлсэн байдаг. Хүүгийн маань хэргийг шийдсэн шүүгч А.Алтанхуяг хэтэрхий нэг талыг бариад зогсохгүй бусад шүүгчийг хуралд оролцуулахгүйгаар бүрэлдэхүүнгүй ганцаараа шүүх хурлыг явуулж, яаралтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэж байсан юм.


Түүнчлэн хэрэг гардаг орой хэрэгтэн машиныхаа гэрлийг асаагаагүй явж байгаад замын цагдаад саатуулагджээ. Ингэхдээ тэрбээр цээжин тус газраа нэг хутгалуулсан байдалтай байсан байна. Энэ бүхнээс үүдэж хэргийн зүйл анги өөрчлөгдөж БГД-ийн шүүх “аргагүй хамгаалалт” гэж үзэх болжээ.

Энэ талаар талийгаачийн ээж Т.Дамдинсүрэнгээс дараах асуултад хариулт авсан юм.

-Таныг шүүх хуралд оролцож байхад тань шүүгч ямар ч үг хэлүүлээгүй гэсэн үү?

-Тийм. Миний үг хэлэх эрхийг хаасан. Дуугүй бай гэж загнаад байсан. Түүнчлэн шүүгч Алтанхуяг шүүгдэж буй гэмт этгээдээс “Чиний бие яаж байна” гэж асууж байсан гээд боддоо. Бид тэр хүн хүүг маань 26 удаа хутгалж амийг нь хохироочихоод байхад түүнийг яагаад цагаатгах болов гэдгийг гайхаж байна.
Тиймээс л бид шүүгчийг хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байгаа юм. Манай өмгөөлөгч хэргийн талаар юм асууж, нотлох гэхээр “Одоо болно. Дуугүй бай” гэсэн. Би “Шархад”-ны эмч нараас “Цочирдон давчдсан гэж юуг хэлдэг юм бэ” гэж асуухаар “Өмнө нь гаргасан эмч нарын дүгнэлтийг битгий яриад бай” гэж загнасан.

-Шар хадны эмч нарын дүгнэлтээр бол гэмт этгээд Д.Буяннэмэхийг хэрэг хүлээх чадвартай гэж гарсан гэсэн?

-Тийм. Хэрэг хүлээх чадвартай, сэтгэц эрүүл гэж гарсан. Хэргийн тухайд гурван эмч өөр, өөр дүгнэлт гаргасан. Эхний эмч нь “Энэ хүн хэргийг үйлдэхдээ өөрийгөө хянах удирдах чадвартай байна” гэсэн дүгнэлт гарсан. Дараа нь Ганхүү гэж эмч дүгнэлт гаргахдаа “Энэ хүн уг хэргийг үйлдэхдээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байна” гэж дүгнэлт гаргасан. Чинбат, Жаргал гэж прокурорууд хэргийг хянаж шалгахдаа Эрүүгийн хуулийн 91.1-т зааснаар онц хэрцгий аргаар хүний амины хэрэг үйлдсэн гэж зүйлчлээд, хүнийг нь цагдан хорьж хэргийг шалгасан.
Дараа нь Жаргал нь ээлжийн амралтаа авсан байхад Чинбат нь хянасан. Хэргийг анх шалгасан мөрдөн байцаагч Уламбаяр гэж хүн ч илт нөгөө талыг барьж шийдвэр гаргасан байгаа. Хамгийн гол нь шалгах ёстой зүйлүүдээ шалгаж тогтоогоогүй. Д.Буяннэмэх нэг хутгалуулсан гэж мэдүүлсэн байна лээ. Тэр хүн өөрийгөө хутгалсан юм уу, эсвэл тэр хүнийг миний хүү хутгалсан уу гэдгийг тогтоож өгөөч гэж хүсэлт гаргасан ч тогтоож өгөөгүй .

-Мөрдөн байцаагч Уламбаяр таниас мөнгө нэхсэн гэх асуудал яригдаад байгаа?

-Уг нь анх хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байхдаа Эрүүгийн хуулийн 91.1 гээд хүний амь хөнөөсөн гэж зүйлчилж шалгаж яллагдагчаар татсан. Тэр үедээ мөрдөн байцаагч надад “Эхнэр гадагшаа явах гээд мөнгө төгрөг хэрэгтэй байна” гэж шууд бус утгаар мөнгө нэхсэн. Би ч боломжгүй гэдгээ хэлсэн.
Гэтэл төд удалгүй 15-25 жилийн ялтай зүйл ангийг нь таван жилийн ялтай зүйл ангиар өөрчилсөн байсан. Хэрэгтэн хууль, шүүхийн байгууллага, хэрэгтэн хоёрын хооронд ашиг со¬нирхлын зөрчилтэй гэж хардах олон үндэслэл байгаа.

-А.Алтанхуяг шүүгч ямар шалтгааны улмаас хурлыг бүрэлдэхүүнгүй хийх болсон юм бол. Та энэ талаар асууж тодруулсан уу?

-ЭХ-ийн 91.3 гэдэг нь хүндэвтэр гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй ганцаараа шийддэг гээд А.Алтанхуяг шүүгч ганцаараа шүүх хурлыг даргалж явуулсан. Зургаадугаар сарын дундуур хэрэг прокурорт очсон. Өнгөрсөн сарын эхээр надад хэлээгүй мөртлөө шүүх хурал зарласан байсан.

-Та шүүгч А.Алтанхуягийг АТГ-т галгуулахаар гомдол гаргаж байгаа гэсэн. Энэ юу болсон бэ?

-Тийм АТГ-т шалгуулахаар гомдол гаргах гээд юмаа бэлдэж байгаа.

-Талийгаач өмнө нь Д.Буяннэмэхийг таньдаг байсан юм уу?

-Танихгүй ээ. Миний хүү тухайн өдөр ломбарднаас утас аваад хүнд зарах гээд утсаар ярьж байхыг нь Д.Буяннэмэх хажуугаас нь сонсоод “Би зарах гээд байгаа утсыг чинь авъя” гэж авъя гээд, тэгж л танилцсан хоёр.

-Хүү тань амиа алдахаасаа өмнө тантай холбогдсон уу?

-Талийгаач нас барахаасаа 20 минутын өмнө Д.Буянтогтохын утаснаас найз руугаа залгаж ярихдаа хоолой нь зангирсан өнгөөр “найздаа туслаач, ээжид хэл хүргээч найзыгаа авраарай” гэж ярихад найз нь “Дүүг харах хүүхэд байдаггүй ээ. Найз нь эргээд холбогдоё” гэж хэлсэн байна лээ. Тэгээд нөгөө утас руу залгатал Д.Буяннэмэх утсаа унтраагаад миний хүүгийн цогцсыг хаячихаад явсан байгаа байхгүй юу.

Д.Буяннэмэхийн хутгалуулсан гээд байгаа мэс нь яг хэнийх байсан юм бол?

-Тэрийг харин тогтоож өгөөгүй. Тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг хуулийн байгууллага хүлээж аваагүй.

Хэн хутгалсныг тогтоож чадаагүй байж сэжигтнийг талийгаачийг хутгалсан хэмээн шийдвэр гаргасан

Өмгөөлөгч Д.Ганбат “Би энэ хэрэгт мөрдөн байцаалтын дунд үеэс ажилласан. Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Бүх зүйлийг баримтад тулгуурлан ярина. Энэ хэргийн мөрдөн байцаалт дутуу явагдсан. Учир нь хэргийн газраас олдсон хутгыг хэнийх вэ гэдгийг тогтоож өгөөгүй. Түүнчлэн талийгаачид хутгалуулсан гэх сэжигтэн Д.Буянтогтохын хутганы шархыг шүүх хурал дээр хэн, ямар өнцгөөс хэрхэн үүсгэснийг тогтоож өгөх хүсэлтийг хүлээж аваагүй. Гэтэл хэн хутгалсныг тогтоож чадаагүй байж сэжигтнийг талийгаачийг хутгалсан хэмээн нэг талыг барьсан шийдвэр гаргалаа. Шүүх хурлаас өмнө мөрдөн байцаалтын явцад хэргийн бүх баримтыг хөдлөшгүй нотлох ёстой байдаг. Гэтэл их олон зүйл эргэлзээтэй байна. Мөн хэрэг гарсан өдөр сэжигтэн Д.Буянтогтох эхнэр хүүхдээ эмнэлэгт үзүүлээд явж байсан. Гэтэл хүүг алагдах хүртэл хугацаанд түүний эхнэр 10 гаруй удаа залгаж дуудсан байдаг. Энэ нь хүүгээс үнэ бүхий хоёр гар утсыг хямд үнээр авах гэсэн шунахайн сэдэлтэй байсан байх магадлалтай. Яагаад гэвэл эхнэрээ дуудаж байхад хүүг орхиод явах хоёр, гурван цагийн хугацаа байсан байгаа юм.
Түүнчлэн сэжигтэн этгээдийн цээжин тус газарт хутгалуулсан гэх шарх үүссэний дараа хүүг 26 удаа хутгалах боломжгүй гэсэн цагаан дээр хараар бичсэн дүгнэлт байна. Тэгэхээр сэжигтэн Д.Буянтогтох хүүг хутгалсны дараа өөрийгөө гэмтээсэн байх магадлалтай юм. Мөн хүү амиа алдахаасаа өмнө гар хуруугаа тасартал амиа хамгаалсан баримт бий. Та бүхэнд зургийг нь үзүүлсэн байгаа. Зургаас харахад хүүгийн ядам хурууг нэвт хутгалсан байна. Мөн хүүгийн баруун гарт 10 гаруй удаагийн хутганы шарх, зүүн гарт есөн удаагийн шарх бусад нь хэвлий цээж орчимд үүссэн байгаа. Миний мэдэж байгаагаар талийгаач хүүгийн цогцост 30 гаруй хутганы шарх үүссэн байсан. Энэ мэт эргэлзээтэй маш олон зүйл бий. Тиймээс бид хуульд заасан эрхийнхээ дагуу давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана. Хэрэгтнийг гэм буруугүйд тооцсон энэ шийдвэр бол нийт шүүгчдийн нэр хүндийг унагасан, ард түмний итгэлийг алдсан шийдвэр боллоо. Энэ мэдээллийг олон шударга өмгөөлөгч хуульчид харах байх гэдэгт итгэж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэгдэх хүртэл би энэ хэрэг дээр ажиллана” гэсэн юм.
Ямартай ч хүн амины ноцтой хэргийн талаар талийгаачийн ээж болон өмгөөлөгч нь дээрх зүйлийг олон нийтэд мэдээллээ. Яг үнэндээ манай хууль хяналтын байгууллага аливаа нэгэн хэргийг шийдэхдээ хэтэрхий нэг талыг барьж шийдэж байсан олон тохиолдол бий гэдгийг хүн бүхэн мэднэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …