Ш.Гунгаадорж: Өнгөрсөн дөрвөн жилд санхүүгийн сахилга бат утгаараа алдагдсан

527-1470968311150819-25112014-1416891409-956492033-gungaadorj011
Одоогийн нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарах гарцын талаар хүн бүр ярилцаж, аль нь зөв шийдэл болохыг хэлэлцэн төр засгаас ямар бодлого хэрэгжүүлэхийг харж сууна.
Тиймээс шинэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнэз бүрдүүлсний дараа ажилдаа орно хэмээн зүгээр суухгүй мөн л энэ хүнд байдлаас хэрхэн гарах талаар зөв алхмыг эрэлхийлж эхэлсэн билээ.
Үүний нэгэн жишээ бол 1990 оноос хойш Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үе үеийн ахмадуудтай уулзалт зохион байгуулсан. Энэхүү халуун яриан дунд хамт байж, зөв гарцын талаар санал бодлоо солилцсон Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэ Засгийн газар нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарцыг хайж, өмнөх сайд, дарга нарын санал бодлыг сонсч байгааг ард түмэн ажлаа зөв эхлүүлж байна гэж дүгнэж байна. Та ч энэ уулзалтад оролцсон шүү дээ. Өнөөгийн хүнд нөхцөл байдлаас гарах гарцын талаар хэрхэн ярилцав? 
-1990 оноос хойш Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүстэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалт хийлээ. Нэлээд олон хүн цуглаж, санал бодлоо хуваалцсан. Энэ үеэр Ерөнхий сайд болон Сангийн сайд нарт улс орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан.
Манай улсын нийгэм, эдийн засаг болон санхүүгийн байдал үнэхээр маш хүнд байдалд орсон нь бүх хүний нүдэнд ил харагдаж байна. Засгийн газрын танилцуулсан мэдээлэл, тоон үзүүлэлтээс харахад одоогийн нөхцөл байдлаас гарах гарц нэлээд хүнд харагдаж байна. Гэсэн ч бид яах ч аргагүй гээд зүгээр хараад сууж болохгүй.
Урд урдын жилүүдэд эдийн засгийн хүндрэл дэлхийн болон улсын хэмжээнд гарч байсан. Гэхдээ үүн шиг ийм хүндрэл урьд өмнө гарч байгаагүй. Цаашид бараг цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүйд хүрч, санхүүжилт зогсох байдалтай байгаа юм байна. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэглслээр дамжуулан олон нийтэд харуулж байна.
Үнэн байдлыг ард түмэнд хэлэхээс ч өөр аргагүй. Ард түмэн Монгол Ардын Намд их итгэл хүлээлгэсэн. Тиймээс Засгийн газраа байгуулж, бүтэц бүрэлдэхүүн нь бүрдэж дуусч байна. Ажил жигдрэхийг хүлээхгүйгээр судалгаа, тооцоо хийн гарах гарцыг эрэлхийлж байгаа нь маш сайн хэрэг. Энэхүү байдлыг Үндэсний аюулгүй байдалд танилцуулах юм билээ.
Уулзалтад оролцсон хүмүүсийн яриаг сонсч, тоон мэдээллээс харахад нөөц бололцоогоо дайчлан дотоодынхоо хүчээр болон зарим нэгэн байгууллагын дэмжлэг тусламж зэргийг авах нь хүнд байдлаас гарах гарц болохгүй. Тиймээс гаднын байгууллагад хандахаас өөр аргагүй гэсэн дүгнэлтэд уулзалтад оролцсон хүмүүс хүрлээ.
Тодруулбал, олон улсын валютын сан гэж бий. Түүнд хандаж, зөвлөн тэдний тусламжийг авахаас өөр гарц харагдахгүй байгааг ялангуяа Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс маш тодорхой ярьсан. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлаас ямар шийдвэр гарахыг мэдэхгүй. Эдийн засаг хүндэрч байсан үед манай улс хоёр ч удаа тус сантай хамтарч ажиллаж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм байдалд хүрч байгаагүй.
-Манай улс Олон улсын валютын сангаас тусламж, дэмжлэг авах хүртэлх хэмжээнд хүрсэн гэж үү. Тус сангаас дэмжлэг авах тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Олон улсын валютын сан бол эдийн засаг нь хүндэрч, дотооддоо үнэхээр ямар ч аргагүй болсон орнуудтай гэрээ хэлэлцээр хийж, тусламж үзүүлдэг байгууллага. Энэ янзаар бол цаашид тус байгууллагад л хандах болж таарлаа. Миний хувьд үүнтэй санал нэгдэхээс өөр аргагүй. Уг нь би Олон улсын валютын санг “авралын алтан гадас” биш гэж үздэг.
-Яагаад?
-Нийгэм болон эдийн засгийн нөхцөл байдал нь хүндэрсэн орнуудад тусламж үзүүлдэг талаасаа мэдээж сайн байгууллага. Харин манай Монгол Улс нэлээд өвөрмөц орон. Нүүдлийн соёл иргэншил уламжилж ирсэн, улс орныг авч явах байдал зэргээрээ өөрийн онцлогтой. Тиймээс Олон улсын валютын сангаас тусламж авахад ,сул тал ч гэх юм уу, болгоомжлох зүйл их бий.
Тодруулбал, тус сан гэрээ хийхдээ нэлээд хүнд болзлыг тулгадаг. Түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй байдаг. Ингээд тухайн тавьсан шаардлагыг нь хүлээж аваад гэрээ байгуулсан тохиолдолд улс орон зуун хувь бие даасан бодлого явуулж ажиллана гэдэг амаргүй..
Өөрөөр хэлбэл, нэлээн хараат болж, макро, микро эдийн засгийн төвшинд гол гол бодлогоо хэрэгжүүлэхэд тэдний хэлснийг дагахгүй бол тухайн тусламж тэр бүр ирдэггүй. Энэ талаараа сөрөг болж байгаа юм.
Товчхондоо, Засгийн газар бие дааж, чөлөөтэй ажиллах боломж муу болно. Тиймээс би Олон улсын валютын сангаас тусламж авахыг алга ташиж дэмждэггүй. Харин өнөөгийн энэ нөхцөлд дэмжихээс өөр аргагүй байдалд хүрч байна. Учир нь, дээр дурдсан уулзалтад оролцсон үе үеийн удирдлагуудын дийлэнх нь дэмжсэн.
-Олон улсын валютын сангаас тусламж авахад болгоомжлох зүйл их, хүнд болзол тавьдаг гэлээ. Тухайлбал, ямар болзол тавьдаг юм бол. Энэ талаар тодруулна уу?
-Улс орны өнөөгийн болон ирээдүй нөхцөл байдал, онцлог зэрэгтэй холбож үзэн аль болохоор бие даасан бодлого явуулах тал дээр тохиролцон гэрээ хэлэлцээр хийх нь зүйтэй. Олон улсын валютын сангийн нөхцөл байдал, шаардлага, үйл ажиллагаа зэрэг нь арван жилийн өмнөхөөс өөрчлөгдсөн талаар хүмүүс ярьж байна.
Өөрөөр хэлбэл, гэрээ хэлэлцээр хийхэд арай уян хатан байх талтай. Удахгүй Олон улсын валютын сангийн зөвлөхүүд ирэх гэж байгаа юм байна. Тиймээс эхний ээлжид нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаа танилцуулж, зөвлөлдөх хэрэгтэй. Ингэснээр тус сангаас ямар шийдэл өгөх зэргээс шалтгаална. Шийдвэр гарах болоогүй.
Үүнээс гадна олон улсын банк санхүүгийн байгууллага, Дэлхий болон Азийн хөгжлийн банк зэрэгт хандах нь зүйтэй. Эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй, урт хугацааны зээл олгодог.
Засаг барьж буй намын Мөрийн хөтөлбөрт нийгмийн талын заалт нэлээд бий. Тухайлбал, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар тусгасан. Тиймээс хүүхдийн мөнгө олгох, татвар, зээлийг тодорхой хэмжээнд хөнгөрүүлнэ ч гэдэг юм уу энэ чиглэлийн бодлогыг Олон улсын валютын сан дэмждэггүй. Ер нь зөвшөөрдөггүй.
-Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт энэ чиглэлийн заалт нэлээд орсон учир хэрэгжүүлэхэд нь бэрхшээл тулгарч магадгүй гэж та харж байна уу. Тус байгууллагаас дэмжлэг авахыг зарим эдийн засагчид дэмжихгүй байгаа харагдсан?
-Монгол Ардын Нам өөрөө зүүний чиглэлийнх учир нийгмийн чиглэлийн буюу ард түмнээ гэсэн бодлогыг баримталдаг. Тийм болохоор Олон улсын валютын сангаас тусламж авснаар Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь бэрхшээл тулгарч магадгүй гэж би хувьдаа үзэж байна.
Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн эрхийг барьсан нам зам, барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлыг нэлээд хийсэн боловч үүгээр дамжиж ард түмний амьдрал дээшилсэнгүй. Улам дордсон. Олон түмний сайн сайхан, эрүүл мэнд, боловсролын төвшинг дээшлүүлэх нь зүүний чиглэлийн намын нэн тэргүүнд анхаарах асуудал. Бүтээн байгуулалтын хажуугаар ард түмнээ орхигдуулахгүй авч явах ёстой. Харамсалтай нь өнгөрсөн дөрвөн жилд цуг хөгжүүлж чадсангүй.
Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын санал бодлыг сонсоод зогсохгүй олон эрдэмтэн мэргэд, ялангуяа эдийн засагчдын саналыг авах ёстой гэж бодож байна. Учир нь, эдийн засагчдын зарим нь Олон улсын валютын сангаас тусламж авах шаардлагагүй талаар ярьж байна. Тиймээс эдгээр хүн энэ хүнд байдлаас гарах өөр гарцыг олж харсан байж магадгүй учраас ойрын хугацаанд уулзаж, эерэг, сөрөг хамаагүй санал бодлыг нь сонсох хэрэгтэй.
Ганцхан валютын сантай хамтарч ажиллах уу гэдэг дээр биш ер нь цаашид яаж хүндрэлээс гарах гарцын талаар ярилцах нь чухал байна. Үүнийг Ерөнхий сайд бодож, ойлгож байгаа байх. Зөвхөн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн санал гол биш. Тэдний санал бодлыг сонсоно гэдэг ард түмнийхийг сонслоо гэсэн үг. Үүний дараа эцсийн шийдвэрээ гаргах нь зүйтэй. Долоо хэмжиж, нэг огтол гэдэг зарчмаар ажиллах нь зөв болов уу.
-Манай улс олон улсын валютын сан болон гадаадын банк санхүүгийн байгууллагаас заавал зээл, тусламж авахгүйгээр үүсээд буй нөхцөл байдлаас гарах боломж бий юү?
-Дотоод нөөц бололцоо ердөө байхгүй гэж бодож болохгүй. Алдагдсан болон ашиглахгүй байгаа нөөц манайд их бий. Нэгдүгээрт, ямар ч мөнгө хөрөнгө шаарддаггүй нэг том нөөц бол хариуцлага. Сахилга, хариуцлагын тогтолцоог жинхэнэ байх ёстой төвшинд нь гаргаж тавих хэрэгтэй.
Энэ тогтолцоо манай оронд сүүлийн 20 жилд аль ч төвшинд алдагдсан. Тийм учраас дээрээсээ эхлээд доошоо бүх төвшинд хариуцлагын тогтолцоог бий болгож, энэ талын хууль, журам, дэглэм зэргийг яаралтай гаргах хэрэгтэй. Хүн бүр өөрийн хариуцлагыг ухамсарлаж ажилладаг байх ёстой. Ингэж чадвал тэндээс алдагдсан их нөөц, хөрөнгө мөнгө гарна.
Тиймээс үүнийг анхаарч хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Тухайлбал, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд хэн нэгэн сайд нь жижиг алдаа гаргасан байсан ч хамаагүй өргөдлөө бичээд ажлаа хүлээлгэж өгдөг. Гэтэл манайд өргөдлөө гаргах нь байтугай даргатайгаа заргалдаад суугаад байх жишээтэй.
Хоёрдугаарт, хэмнэлтийн маш нарийн горимд шилжихгүй бол болохгүй. Засаг төрийн дээд байгууллагаас эхлээд доод төвшинд хүртэл элдэв тансаглал, машин зэрэг илүү зардлаас нэг хэсэг хугацаанд татгалзах хэрэгтэй. Захиргааны орон тоог хүртэл цаашид бодох л хэрэгтэй байгаа юм.
Би сайд нарын уулзалтын үеэр засгийн бүтцээ эргэж харах нь зүйтэй гэдэг саналыг хэлсэн. Орон нутагт ч ялгаагүй. Засаг яах бол гэж харж суухгүйгээр хувь хувьдаа ажиллаж, өвөл, хаврын бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Бүх хүн аль ч төвшинд хичээж ажиллан хямралыг хамтдаа давах ёстой. Товчхондоо, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ажилладаг цаг ирлээ. Энэ бүгд дотоодын нөөц боломж юм. Олон улсын валютын сан ганцхан авралын од гэж харж суух ёсгүй.
-Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн ажилд та ямар үнэлэлт өгч байна вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилд санхүүгийн сахилга бат утгаараа алдагдсан. Улсын нэгдсэн төсөв ганц байх ёстой байтал хэд хэдэн төсөв байх жишээтэй. Төсвийг зарцуулах, гадаад дотоодын зээл зэргийг захиран зарцуулах үйл явц ямар ч дэг журамгүй байлаа.
Тухайлбал, алдартай “Чингис” бонд. Үүнийг хоёр сайд зүгээр очоод л авчихсан. Уг нь бол бондыг юунд зарцуулах, эргэж хэрхэн төлөх зэрэг техникийн үзүүлэлтийг нь гаргаж, авсан хойноо эзнийг нь тодорхойлж хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл ямар ч зорилгогүйгээр авч, нүдээ аниж байгаад л их хэмжээний мөнгийг тараачихсан. Энэ бол худлаа зүйл биш. Бодит үнэн. Санхүүгийн тал дээр сахилга бат дээд зэргээр алдагдсаны жишээ бол энэ. Үүнээс гадна мөн ялгаагүй дэг, журам хариуцлагын тогтолцоо алдагдсан.
-Нийгэм, эдийн засгийн хямралаас гарах зорилгоор өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа бонд босгосон. Ер нь манай улс гадаадаас бонд авах нь хэр зөв шийдэл вэ?
-Яах вэ бонд авч болно. Бонд авах аль ч оронд байдаг л зүйл. Гэхдээ хамгийн гол нь бүх зүйлийг дүрэм журмынх нь дагуу хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хаанаас авах, түүнийг юунд хэрхэн зарцуулах, эргэн төлөлтийг яаж хийх зэргийг нь тодорхой болгох ёстой. Тодруулбал, бондыг түргэн хугацаанд эргэн төлөгдөх буюу ашгаа өгөх зүйлд зарцуулах учиртай.
Жишээлбэл, арьс шир, ноос ноолуур, ашигт малтмал зэрэг уул уурхай болон хөнгөн үйлдвэрт бондыг зарцуулах хэрэгтэй. Гэтэл өмнөх Засгийн газар бондын мөнгийг зам, барилга зэрэг эргэн төлөх боломжгүй салбарт зарцуулсан.
Энэ салбараас эргэн төлөлт хийнэ гэж хэзээ ч байхгүй. Эхнийх нь тавьсан зам салхи, бороонд идэгдээд алга болж байна. Их бүтээн байгуулалт гээд гайхуулаад байгаа зүйлийн ихэнхийг бондын мөнгөөр босгосон юм. Үүний үр дүнд улс орны нийгэм, эдийн засаг хүндэрч, ийм хэцүү байдалд орсон,
-Манай улс яг аль салбараа түшиглэж хөгжих боломжтой бол. Шинэ Засгийн газар ажлаа юунаас эхлэх ёстой гэж та бодож байна вэ?
-Манай улсад дотоод нөөц байгаа гэдгийг дахин хэлье. Жишээлбэл, өнгөрсөн жилүүдэд үе үеийн Засгийн газар хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн салбараа ихээхэн учир дутагдалтай авч явсан Ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд мал аж ахуйн салбар руу хандаж, огт бодлого хэрэгжүүлээгүй. Энэ их малтай байгаагийн хэрэг юу билээ. Бид 60, 70 сая малын ашиг шимийг хүртэж, ид шидийг нь үзсэнгүй.
Малын бүтээгдэхүүн мөнгө болж дотоод гадаадын зах зээл дээр гарч байх ёстой. Урьд нь бид гаргаж байсан Манай улс 1980-аад оны сүүлчээр 28 сая малтай байлаа. Энэ үед бид малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнээр гадаад дотоодын хэрэгцээг хангаж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байлаа.
Тэгсэн хэрнээ одоо 60 сая малтай атлаа тухайн үед гаргаж байсан бүтээгдэхүүний 30 хувийг ч хангаж чадахгүй байна, Мал аж ахуйгаа валют болгож, улс орны хөгжилд нэмэрлэх тал дээр анхаарахгүй хөсөр хаясан.
Сонгууль дөхөөд ирсэн чинь “Сайн малчин” хөтөлбөрийг санаачилсан, Энэ бол зүгээр л нүд хуурсан ажил байсан, Тиймээс энэ удаагийн Засгийн газар энэ чиглэпд шуурхай ажиллах ёстой. Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт аймаг бүрт хөнгөн хүнсний үйлдвэр нэгийг байгуулна гэж тусгасан нь зөв.
Малын гаралтай түүхий эд ямар ч үнэгүй болчихсон энэ нь ямар ч хэрэггүйдээ тэгж байгаа юм биш. Эдгээрийг үнэтэй болгох талд төр засгаас бодлого хэрэгжүүлэхгүй байна. Гадаад, дотоодод малын гаралтай түүхий эдийг борлуулах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийгээгүй.
Тиймээс одоогийн Засгийн газар энэ чиглэлд анхаарч малын гаралтай бүх түүхий эдийг боловсруулж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, түүний дараа валют болгон дотоодынхоо хэрэгцээг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь нэн түрүүнд хийх ёстой ажил гэж бодож байна.
Он дуусах гэж байна гэж хойш суухгүйгээр хоёр үйлдвэр ч болсон байгуулснаар бага ч гэсэн нөөцийг бий болгоно. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг ухаанаар хандвал дотоодод боломж бий шүү, Зорилт тавиад ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Амралт, наадам гэж хойш суух цаг алга. Хэтрүүлж хэлэхэд бараг л 24 цаг сууж ажиллах хэрэгтэй байна,
-Өмнөх Засгийн газрын санаачилсан “Сайн” тодотголтой хөтөлбөрүүд сонгуулийн шоу байсан гэдэгтэй та санал нэг байна уу?
-Энэ бол яах аргагүй сонгуулийн шоу байсан, Тийм л сайн юм бол дөрвөн жилийн өмнөөс энэ “сайн” тодотголтой хөтөлбөрүүдээ эхлүүлж байхгүй яасан юм. Малчин, оюутан, иргэдээ гэсэн сэтгэлтэй байсан л бол эртнээс хэрэгжүүлэх л байсан. Гэтэл улс төрийн сонгууль болдог цаг үетэй давхцуулан янз бүрийн хөтөлбөр санаачилж, хууль зөрчиж хэрэгжүүлж байгаа нь ард түмнээс оноо авах гэсэн бүтэлгүй оролдлого байлаа.
Засгийн газар ард түмнээ хуурсан хууралт гэдэг нь бүх хүний өмнө харагдаж байна. З.Энхболд энэ талаар нэг зүйл ярьсан байна лээ. Буруу зүйл хийснээ өмгөөлж, хамгаалаад байх шаардлага байхгүй.
Эх сурвалж: “Монголын Үнэн” сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …