Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинарт Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын хэлсэн үг
Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Юуны өмнө 2016 оны Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн үр дүн гарч, түүний үр дүнгээр орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагыг удирдаж ажиллах болсон та нөхдөд баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Зургадугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгууль болж, улс орны хэмжээнд төр засгийн байгууллагууд эмхэрч, цэгцэрч үйл ажиллагаанд орж ажиллаж байна. Эдийн засаг, нийгмийн төдийгүй төр, засгийн байгууллагуудын ачаа үүрэх, хариуцлага хүлээх чадварын хувьд нэлээн амаргүй цаг үед та бид ажиллаж байна.
Улсын Их Хурлын долоо дахь удаагийн Анхдугаар чуулган гурван долоо хоногийн турш хуралдаж, өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж өндөрлөсөн. Хэдийгээр Үндэсний их баяр наадам, АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт гээд чухал арга хэмжээнүүд болсон ч Улсын Их Хурал Анхдугаар чуулганаа харьцангуй богино хугацаанд зохион байгуулан Монгол Улсын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь байгуулж, үйл ажиллагаа явуулах боломж бололцоог нь бүрдүүлж өгсөн.
Үүний зэрэгцээ Анхдугаар чуулганы хүрээнд Улсын Их Хурал дотоод зохион байгуулалтаа хийж, Улсын Их Хурлын дэд дарга, Байнгын хороодын дарга зэрэг Улсын Их Хурлын удирдах бүрэлдэхүүнийг сонгож, томилсон. Мөн байнгын хороо, дэд хороодын бүрэлдэхүүнийг хуваарилж, Улсын Их Хурал бүрэн хэмжээгээрээ ажиллах боломж бүрдсэн.
Улсын Их Хурлын дэргэдэх зарим байгууллагын удирдлагыг Анхдугаар чуулганаар сонгож, томилж, ажилд нь оруулсан.
Энэ долоо хоногийн эцсээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болж байгаа. Эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулж, Засгийн газраас Улсын Их Хуралд тодорхой асуудлуудыг өргөн барьсан.
Түүнчлэн зарим нэг асуудлыг өргөн мэдүүлэхийн өмнө Засгийн газрын өргөтгөсөн хурал хийж, та бүхэн ирэх дөрвөн жилд улс орны хэмжээнд хийж, хэрэгжүүлэх үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрийг хамтран хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барих тухай Монгол Улсын Ерөнхий сайдтай ярьж тохирсон.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар 2016-2020 оны Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах бодолтой байгаа. Өнөө маргаашгүй өргөн баригдах чигтэй байгаа.
Мөн цаг хугацаа нь тулсан чухал асуудал бол сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн техник хэрэгсэл ашиглах тухай Улсын Их Хурал шийдвэр гаргах ёстой. Мөн энэ сонгуулийн төсөв зардлын асуудал Улсын Их Хурлаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай болж байгаа. Орон нутгийн сонгуулийн нийт зардлыг Улсын төсөвт бүрэн дүүрэн тусгаагүй байсан. Үүнийг тусгаж байж, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сонгууль явуулах нөхцөл бүрдэх учиртай. Орон нутгийн сонгуультай холбоотой дээрх хоёр асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хуралд ирүүлээд, түүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо судалж 5.8 тэрбум төгрөгийг нэмж гаргах шаардлага бий болсон байгаа.
Өмнөх Улсын Их Хурал хуулийн хугацаатай хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудал хэлэлцэж чадаагүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан байсан. Тухайлбал, 2015 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцээгүй. Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай Улсын Их Хурлын тодорхой шийдвэр гарах ёстой. Энэ асуудал 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шийдэгдэх ёстой байсан боловч шийдэгдээгүй өнөөдрийг хүрээд байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах ёстой. 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газар боловсруулаад дуусах шатандаа явж байгаа. Эдгээр асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор орон нутагт төсвийн тодотгол дагаж хэлэлцэгдэж таарах байх.
Мөн Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн барьсан. Энэ асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Үндсэн хуулийн цэцийн дөрвөн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Ю.Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлэх талаар Улсын Их Хурал шийдвэр гаргах тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн боловч эцэслээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 17-нд түүний 100 насны ой тохионо. Үүнээс өмнө Улсын Их Хурал энэ шийдвэрийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, гаргана.
Түүнчлэн Батлан хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албан хаагчийн тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай зэрэг хэд хэдэн хуулиуд өмнөх чуулганаар хэлэлцэгдсэн. Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбогдсон эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэж, эцсийн найруулга сонсох шаардлагатай байгаа. Цэрэг татлагаас эхлээд батлан хамгаалах салбарын бодлоготой холбогдож эдгээр хуулиудыг зайлшгүй эцэслэн батлах ёстой.
2016 оны намрын ээлжит чуулган 10 дугаар сарын эхээр хуралдана. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой асуудлыг Улсын Их Хурал баталж, шийдвэр гаргадаг. Эдгээр 17, 18 асуудлыг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр бэлтгэл ажлаа хангаж, Засгийн газар зарим хуулийн төслөө өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Орон нутгийн удирдлагуудтай уулзаж байгаагийн хувьд зарим зүйлийг хэлье.
Улсын Их Хурлын үйл ажиллагаа орон нутгийн байгууллагуудтай салшгүй холбоотой. Эндээс гарсан шийдвэрийг орон нутгийн удирдлагууд гардан гүйцэтгэдэг учраас ирэх дөрвөн жилд Улсын Их Хурал ямар байр суурийг баримталж, хэрхэн ажиллах вэ гэдэг дээр зарим зүйлийг хэлэхийг хүсэж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хууль зөрчсөн шийдвэрүүд төвд төдийгүй орон нутагт нэлээд гарсан. Орон нутгийн удирдлагууд өөрт олгогдоогүй эрх мэдэл, хэм хэмжээгээ хэтрүүлж журам тогтоосон шийдвэрүүдийг гаргаж байсанд бид шүүмжлэлтэй хандаж байсан. Шинээр сонгогдож, томилогдсон орон нутгийн удирдлагууд энэ асуудлыг онцгой анхаарч, хуульд нийцүүлж, засах залруулах, хэрэв түүнээс шалтгаалж хохирол гарсан бол түүнийг арилгах тал дээр бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй.
Мөн орон нутгийн удирдлагууд өөрсдийн эрх мэдлээс хэтрүүлэн, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дарамталдаг, хөрөнгө санхүүгийн асуудлаар шахалт үзүүлдэг байдал газар авсан. Ялангуяа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг хуулийн хүрээнд нийгмийн хүлээх үүргээ биелүүлж байхад нь орон нутгийн удирдлагууд өөрсдөө шахаж, үйл ажиллагаанд нь хүндрэл учруулдаг явдал нэлээд байгаа. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн удирдлагуудын үл ойлголцлоос болж гадаадын хөрөнгө оруулагч нар дайжих байдал бий болж байгаа. Иймд та бүхэн энэ асуудал дээр анхаарлаа хандуулж, хуулийн хүрээнд зөв зохистой шаардлага тавьж ажиллах хэрэгтэй. Энэ нь нэг талаар улс орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлоготой холбогдож байгаа гогцоо асуудал учраас зориуд онцолмоор байна. Засгийн газрын тэргүүн, сайд нар чиглэл чиглэлээрээ та бүхэнд энэ талаар санаа, зөвлөгөө өгөх байх гэж бодож байна.
Хууль зөрчигдсөн асуудлыг засаж залруулахын зэрэгцээ хохирлыг арилгах, ямар зүйл алдагдаж, үгүй болсон байна, хэн гэдэг орон нутгийн иргэний эрх зөрчигдсөн байна вэ гэдэг дээр та бүхэн анхаарлаа хандуулж ажиллаарай. Тодорхой асуудлуудаар санхүүгийн хяналт шалгалтын ажлыг зайлшгүй хийх шаардлагатай болж байгаа. Ингэж байж орон нутагт гарсан тэр хохирлыг барагдуулах ажлыг та бүхэн сайн зохион байгуулж, хийх хэрэгтэй байна.
Дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан нөхдүүд өнөөдөр бидний гаргаж тавьж байгаа, алдаа оноог нь ярьж байгаа зүйлийг улс төржүүлж байна гэдэг байдлаар ямар нэгэн хариуцлагаас мултрах, иргэд олон түмэнд буруу зөрүү ойлголт өгөх оролдлогыг хийж байгаа. Үүн дээр бид болоод өнгөрсөн үйл явдал, хууль зөрчигдсөн асуудлууд дээр хатуу хариуцлагатай ажиллахгүй бол магадгүй та бүхний хийсэн ажлуудыг зөвтгөх буруутгах зүйл гарахыг үгүйсгэхгүй. Иймд гарсан алдааг засах, залруулах, шалгах шалгуулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллаарай.
Улсын Их Хурал орон нутгийн ажил, амьдралтай холбогдолтой ямар хууль, эрх зүйн зохицуулалт, тогтоол, хөтөлбөрт өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатайг орон нутгаа удирдаж байгаагийн хувьд та нөхөд бидэнд өөрсдийн саналаа Засгийн газраар дамжуулан өгөх хэрэгтэй байна. Орон нутгийн амьдралтай холбоотой асуудлаар Улсын Их Хурлаас гаргасан зөв зүйтэй шийдвэрүүд олон бий. Гэхдээ түүнийг хэтрүүлсэн, орон нутгийн эрх мэдэл рүү хэт орсон, эрх мэдлийг булаан авч төвлөрүүлсэн, төвийн удирдлагад хамруулсан шийдвэрүүд гарсан. Одоогоос 10 орчим жилийн өмнө Улаанбаатар хотоос аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Засаг даргын дэргэдэх агентлагуудаас дөрвөн агентлагийн удирдлага л төвөөс томилогддог байсан. Би Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Засгийн газрын ажлын хэсэг гаргаж, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж босоо удирдлагыг байхгүй болгох талаар томоохон шийдвэрийг гаргаж, Улсын Их Хурал олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Татвар, цагдаа, мэргэжлийн хяналт, Онцгой байдал гэсэн гурав, дөрвөн газрын удирдлагыг л төвөөс томилж, бусдыг нь орон нутгаас томилдог байсан. Төвөөс томилогдсон агентлагийн дарга гэдэг бол Засаг даргад төвийн шийдвэр ийм байгаа гэсэн байдлаар арга саам хэрэглэсэн, орон нутгийн ажилд идэвхитэй оролцдоггүй нь ойлгомжтой. Өнөөдөр бүх хууль эрх зүйн орчныг өөрчилж чадахгүй учраас одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчинд нь Төрийн албаны тухай хуулийн дагуу томилох чөлөөлөх ажлууд хийгдэх байх. Цаашдаа бид орон нутгийн удирдлагыг бэхжүүлэх, орон нутгийн удирдлагыг хүндэлдэг, хүлээн зөвшөөрдөг, хамтарч нягтарч ажилладаг, тэнд байгаа хүндрэл бэрхшээлийг адилхан нуруундаа үүрдэг, хариуцлагатай баг, бүрэлдэхүүнийг орон нутагт ажиллуулах ёстой. Үүний тулд Улсын Их Хурлаас ямар хууль баталж, гаргах хэрэгцээтэй байгаа саналаа нэгтгэж өгөх хэрэгтэй гэдгийг хэлэх байна. Би орон нутагт ажиллаж байсан хүний хувьд орон нутгийн зовлон, жаргалыг аль алиныг нь гадарлах юм. Тийм учраас та бүгдийг дээрх асуудлуудыг анхаарч ажиллахыг хүсэе.
Эдийн засгийн хүндрэлийн талаар та бүгд мэдээлэл авсан байх гэж бодож байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, Сангийн сайд нар тус тусдаа болон хамтарсан мэдээллүүдийг хийсэн байгаа. Энэ эдийн засгийн хүндрэл зөвхөн Улсын Их Хурал, Засгийн газар, Монголбанкны хүндрэл гэж ойлгохгүй байгаа. Энэ бол улс орны хэмжээнд үүссэн хүндрэл, бэрхшээл учраас орон нутагт ч мөн адил тусч байгаа. Орон нутгийнхаа хэмжээнд эдийн засгийн хүндрэлээс гарах санал санаачлага гаргаж, ажиллаарай. Дээрээс батлаж өгсөн төсвийн хэдэн мөнгийг аваад бусад орон нутгийн эх үүсвэрээ бүрэн дүүрэн дайчилдаггүй, зардал чирэгдлээ багасгахыг боддоггүй байдлаас салж, улсын хэмжээнд аривлан хэмнэх бодлого баримталж ажиллана. Үүнийг гол гардан хэрэгжүүлэх гол хүмүүс бол та нөхөд юм. Бид өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчин байхдаа үндэсний хэмжээний аривлан хэмнэлтийн хөтөлбөр гаргаач ээ гэж их ярьдаг байсан.
Өвөлжилтийн бэлтгэлээ сайн базаах, тариа будаагаа ургасныг нь бүрэн дүүрэн хураагаад авчих тал дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй.
Боловсрол, эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч ажиллаарай. Орон нутагт энэ салбарыг удирдаж байгаа удирдлагуудын хүрээнд хариуцлагагүй байдал гарч байгаа. Энэ хоёр салбарт эдийн засгийн хүртээмж хүнд байгаагийн зэрэгцээ хүний хариуцлагагүйгээс болж ажил доголдож байгаа зүйл байгаа гэдгийг хэлмээр байна. Өдөр тутмын үйл ажиллагааны чиглэлийг өгч, үйл ажиллагаанд нь ойрхон байдгийн хувьд та бүгдийн анхаарлын төвд энэ хоёр салбар байж таарна.
Хоёр, гурван хоногийн дараагаас сургууль, цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл эхэлнэ, Улаанбаатар хотод эхэлсэн. Энэ талаар хотын удирдлагуудтай ярилцсан. Наад зах нь бүртгэлийн явцад гардаг хүнд суртлыг нь багасгаж, байгаа нөөц боломжийнхоо хүрээнд бүртгэж аваад олон түмнийг бухимдуулахгүй энэ хоёр салбарын үйл ажиллагааг авч явах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Эцэст нь хэлэхэд Улсын Их Хурал хууль тогтоох байгууллага. Гэхээд Улсын Их Хурал хуулиар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх, үүрэгтэй байгууллага. Өнгөрсөн он жилүүдэд үйл ажиллагаа явуулсан Улсын Их Хурлууд хууль тогтоох үйл ажиллагаандаа түлхүү анхаарч ажилласан. Шинээр ажиллах Улсын Их Хурал бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг анхаарлын төвдөө байлгана. Тиймээс та бүгдийн санаачлан, зохион байгуулж хийж байгаа ажлууд хуульд хэрхэн нийцэж байна гэдэг дээр Улсын Их Хурал, Байнгын хороод анхаарал тавьж ажиллана шүү. Ингэж ажилласны дүнд хууль зөрчигдөх, иргэдийн амьдралд сөрөг нөлөөлөл үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, дараа дараагийн батлагдах хуулиуд илүү амьдралд нийцсэн, хэрэгжилтийг нь хангахад ойр дөт байх ёстой. Иймд та бүгдийг хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа анхаарал тавьж ажиллаарай. Улсын Их Хурал хуулийн хэрэгжилтэд их ойрхон ажиллана гэдгийг хэлэх байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа.