Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа АН-ын ҮЗХ-ны гишүүн асан Н.Тэгшбаярыг урьж ярилцлаа.
Манай дарга нарын чих нь бөглөрөөд, мэлмий нь хаагдчихсан юм
-2016 оны УИХ-ын сонгуульд АН цэвэр ялагдсан. Сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн танай намын удирдлагууд ялагдлаа хүлээн зөвшөөрч “Бид хариуцлага хүлээнэ. Даргын суудлаа өгнө” гэсэн.
Гэвч өнөөдрийг хүртэл лсэн амандаа хүрэхгүй, тэр ч бүү хэл, ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чадахгүй байна. Энэ нь жирийн иргэд мөн танай намын гишүүдэд “Дарга нар ялагдлын шокноосоо одоо болтол гарч чадахгүй байна” гэж шүүмжлэхэд хүргэж байна. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Шокноос гарч ядаад байх юу байсан юм. Үхчихсэн биш. Өвдчихсөн биш. Бүгдээрээ эрүүл саруул байна. Энэ хамгийн чухал биз дээ. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь дарга нар УИХ-ын сонгуульд намаа удирдаж ороод ялагдал хүлээлгэсэн бол ирж чадсан шигээ явж чадддаг байх хэрэгтэй. Ингэж үхтэл зууралдаад байх шаардлагагүй. Учир нь өнөөдөр Улсын Дээд шүүх дээр З.Энхболд АН-ын дарга гэсэн статустайгаа байж л байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэр хүн баруун гараараа намын даргын суудлаа өгнө гэж хошгируулсан атлаа зүүн гараараа тамгаа тас атгачихаад сууж байгаатай яг адил. Нэг их шударга хүн. Тэгсэн атлаа хоёр нүүртэй. Ер нь нэг хүн хоёр нүүртэй байж болохгүй. Үнэндээ саяны сонгуулиар манай нам ийм дүн авсан нь ганц З.Энхболдын ялагдал биш. Ардчилсан үзэл санааг олон жил, чин үнэнчээр зүрхэндээ тээж ирсэн хэдэн мянган гишүүн дэмжигчийн эрх ашгийг хөндсөн үйл явдал. Нөгөө талаар энэ нь улс орны хэмжээний ялагдал болсон. Одоо Монгол Улс урагшлах уу, ухрах уу гэсэн том асуултын тэмдгийн өмнө ирчихээд байна.
-Яагаад улс орны ялагдал гэж?
-Манай нам ялагдаж нөгөө нам гарч ирснээр иргэдэд ээлтэй олон “сайн хөтөлбөр” зогслоо. Магадгүй эрх баригчдад сайн гэсэн нэр нь таалагдахгүй байсан бол алс ирээдүй, хойч үеэ бодоод манай хэрэгжүүлж байсан хөтөлбөрүүдийн нэрийг нь өөрчлөөд явуулж болох л байсан. “Гайхамшигтай” эсвэл “МАНай хөтөлбөр”гээд үргэлжлүүлчих л дээ. Ингэсэн бол иргэдэд ээлтэй олон хөтөлбөр тогтвортой, урт хугацаанд үргэлжлэн хэрэгжиж үр дүнгээ өгөх байлаа. Гэвч тогтвортой байх энэ бодлогыг манай төр засаг огт барьж чадахгүй юм даа.
-Ингэхэд танай намын ялагдал яг юунаас үүдэлтэй гэж та харж байна вэ. Танайхан янз янзаар л тайлбарлаж байна?
-Ялсан сонгуулийн системээ хууль зөрчин Үндсэн хуулийн Цэцтэй хуйвалдан байж өөрчилж болохгүй. Бидний хэн нь ч байсан, аль ч улс төрийн хүчин бай ямар нэг зүйл хийлээ гэхэд түүнийхээ өмнө судалгаа шинжилгээ хийх, улмаар үүнийгээ үндэслэж хөдөлмөөр байгаа юм. Нэг биш арван судалгааны байгууллагын дүнг нэгтгэж аливаа ажлыг эхэлмээр байна. Гэтэл манай намынхан яасан. Сонгуулийн хуулийг УИХ-ын сонгууль болохоос сүүлийн зургаан сарын өмнө өөрчилсөн. Болохгүй гээд байхад л дураараа өөрчилдөг, хуйвалддаг. Ганцхан “Зи” гэх хаант засаглалтай. Түүнийхээ үг заавраар явах ёстой юм шиг бүгд аашилсан. Үүнээс бүх зүйл болсон. Намын дарга хамгийн сүүлийн мөчид бүхний хаан аятай гэнэт шийдвэр гаргаж, энэ асуудлыг хөндөж гаргаж ирээд батлуулчихсан. Тэр хүн энэ асуудлыг үгүй ядаж нийт гишүүдээр хэлэлцүүлж чаддаггүй юм бол ҮЗХ-ны гишүүдээрээ тунгаалгаж болно биз дээ. УИХ-д нэр дэвшигчдээ тодруулахдаа ч гэсэн. Мөн л ҮЗХ-ны гишүүдээр хэлэлцүүлж, шүүсийг нь шахуулж болно оо доо. Ер нь ардчилсан нийгмийн гол зорилго нь юу юм. Хүмүүсийн санаа бодлыг сонсож, дундаас нь зөв шийдвэр гаргах. Гэтэл эрхэм дарга маань ҮЗХ-ны 228 хүндээ боол мэт хандсан. Одоо ч тэгж хандаж байна. Тэр ч бүү хэл, одоо ҮЗХ-ны 228 гишүүнээс халиад АН-ын нийт гишүүд, дэмжигчдийг хэлгүй, дүлий хүмүүс байгаа юм шиг хандаж байна. Тэгэж болохгүй. Аливаа зүйлд хил хязгаар байх ёстой.
-Сонгуулийн хуульд яаран өөрчлөлт оруулсан нь буруу байсан гэж та хэллээ. Саяхан цахим орчинд танай намныхны энэ асуудлаар хуралдаж байгаа бичлэг цацагдсан. Уг нь сонгуулийн өмнө хуулийг өөрчлөх нь буруу гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Д.Арвин нар дарга нартаа мөн намынхаа гишүүдэд их л тодорхой хэлж байсан юм билээ?
-Цахим ертөнцөд олон бичлэг байсан. Аль бичлэгийн тухай яриад байгааг би мэдэхгүй байна. Тэгээд ч надад ямар нэг бичлэгийн тухай ярих сонин биш. Яг үнэндээ Ц.Сандуй гэх нөхрийн бичлэг гээд цацагдаж байсан. Манай намын талаар ч бас зөндөө бичлэг бий. Тэр бүхнийг тухайлж ярих утгагүй юм.
-Таны ярианы өнгөнөөс энэ сэдвээр ярих дургүй байна гэж ойлголоо. Тэгвэл танай намын ҮЗХ-ны хурал өнөөдрийг хүртэл яагаад хуралдаж чадахгүй байгаа юм бол. Шалтаг, шалтгаан нь юу вэ?
-Юуны өмнө манайхан зарчмын байр суурь дээр нэгдэх ёстой. ҮЗХ хуралдаж чадахгүй байгаа олон шалтгаан бий. Миний хувьд нэгдүгээрт нь, ҮЗХ-ны хурлыг дүрмийн бус шалтгаанаар хойшлуулаад байна гэж харсан. Намын дүрмэнд хурлыг нээчихээд дуртай цагтаа хойшлуулж болно гэсэн заалт огт байдаггүй. Ер нь ч тэгээд манайхан дүрмээ баримталдаггүй. Харин ч эрх ашгийг нь хөндөөд эхэлбэл дээр нь гишгэлж орхидог. Уг нь аливаа хууль, дүрмийг зөрчихгүй гэж олонхиороо баталдаг биз дээ. Гэтэл өөрт таалагдахгүй, эрх ашиг нь хөндөгдөөд ирвэл зөрчиж, дээр нь гишгэлдэг. Ийм ёс зүйгүй байж болохгүй. Одоо АН-ын шинэчлэлийн талаар олон хүн ярьж, хэлж байна. Эцэстээ нэг зүйл дээр тогтож байх шиг байна. Энэ нь дүрмээ өөрчлөх ёстой. Сайн дүрэмтэй болох ёстой гэж. Энэ нь ч нэн даруй хийх шаардлагатай алхам мөн үү гэвэл тийм. Гэхдээ нэмээд тэр дүрмээ баримталдаг ёс зүйн кодыг, хэм хэмжээг суулгаж өгөх ёстой. Хоёрдугаарт, ҮЗХ хуралдах гэхээр хэн нэгэн, хэсэг бүлэг хүнд таалагдахгүй байна “цаг агаартай байна” гээд дуртай цагтаа хойшлуулаад байж бас болохгүй. Тиймээс ҮЗХ-ны хурлыг хэн нэгэн хүнд таалагдсан үед нь бус харин тогтсон цаг хугацаанд нь зарлаж хуралдуулдаг байх хэрэгтэй. Намын дүрмэндээ жил болгон тийм цагт хуралдах ёстой гэж заасан бол тэр хугацаандаа бүгд цуглах ёстой. Их хурлаа ч гэсэн товлосон цагтаа хийж чаддаг ерөөсөө л хэн нэгнээс үл хамаардаг тэр системийг бий болгомоор байна.
-Танай намыг орон нутгийн сонгуульд удирдаж орох Д.Эрдэнэбат гишүүн саяхан мэдээлэл хийсэн. Энэ үеэр намын ҮЗХ-г татан буулгана гэсэн. Гэтэл танай намын зарим гишүүн үүнийг мөн л боломжгүй гэж хэллээ. Тайлбар нь Н.Алтанхуяг намын дарга байхдаа ҮЗХ-нд цус сэлбэдэг гол заалтыг авч хаясан гэх байдлаар тайлбарласан?
-Шууд хэлэхэд ҮЗХ цус сэлбэдэг байх ёстой. Одоо хурлаа хуралдуулж чадахгүй дахин дахин хойшлуулж байгаа нь чадамжгүй болчихоод байгаагийн шинж. ҮЗХ-ны гишүүд улс орноо, үгүй ядаж намаа бодож чаддаггүй юм бол өөрсдийнхөө, үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод намын хурлаа хуралдуулж, шинэчлэлээ эхлүүлмээр байна. Одоо АН-д эрх мэдэл алга. Өөр хоорондоо төрийн эрх мэдэл булаацалдаад, албан тушаалын төлөө дайн зарлах ч юм алга. Иймээс нам дотроо ямар асуудал байгааг бүгдээрээ цуглаад ярих ёстой. Энд тэнд очоод ах дүү, төрөл садан, фракц бүлэглэлээрээ бөөгнөрөх биш албан ёсны хурлаа зарлаж албан ёсоор ярьмаар байна. Ер нь АН-ын унадаг шалтгаан албан бус яриа. Энд тэнд албан бусаар баахан юм ярьдаг. Тэр нь алдагдчихдаг. Тэгээд л бөөн асуудал.
-Фракц бүлэглэлүүдийн хооронд ярьсан зүйл нь задрахаар нэлээд шуугиан тарьдаг л даа, нийгэмд?
-Дэлхий аль ч улс оронд, нам эвсэлд нь манайх шиг фракц бүлэглэл байдаг. Гэхдээ тэр нь манайхан шиг хувийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө бус харин мэргэжил боловсролоороо, мэдлэг чадвараараа тухайн салбараа яаж хөгжүүлэх вэ гэж ярилцдаг. Фракциуд нь ийм зүйл дээр толгойгоо ажиллуулдаг. Дотроо ярьдаг. Түүнийхээ төлөө ажил хийдэг. Гэтэл манайхны зарим нь аль ч салбар дээр зарчмын байр суурьгүй. Тэгсэн атлаа өөрийнх нь эрх ашиг хөндөгдөөд эхэлбэл аль хэдийнэ нөгөө талд орчихсон “хор” найруулаад явж байдаг. Иим байж болохгүй. Манайх үнэндээ ийм юмнаас болж ялагдсан. Бүгдээрээ том дарга болж, хүзүү нь бүдүүрсэн. Чих нь бөглөрч хажууд байгаа хүнийхээ үгийг сонсохоо больсон. Мэлмий нь хаагдсан. Дарга нар нийгмээ бүхэлд нь байг гэхэд яг дэргэд нь байгаа АН-ын үнэнч, шударга гишүүдийнхээ үгийг сонсож чадахаа больсон. АН-д элэгтэй, сэтгэлтэй, чин зүтгэлтэй мөн тэдний төлөө саналаа өгч байсан олон хүний үгийг өнгөрсөн хугацаанд сонсоогүй. Үнэндээ дарга нар маань тойрон хүрээлэгчдийнхээ үгээс гадна журмын нөхөд, ухаантай хүмүүсийнхээ үгийг сонсож шийдвэр гаргадаг байсан бол өөрсдөө жагсаалтын эхэнд эрэмблэгдээд ядаж эрхэм гишүүн болох боломж байлаа. Ер нь ч АН тасархай ялагдахад дарга нарын гавьяа үнэмлэхүй их. Харамсалтай нь, тэд одоо болтол хариуцлагаас бултаастай байна.
-Таны ярианаас АН нэг л болохгүй байгаа нь анзаарагдлаа. Мөн үүнд дарга нар нь буруутай нь ч мэдрэгдэж байна. Тэгвэл цаашид яах ёстой юм. АН-ынхан бие биедээ гомдоод энэ чигээрээ явсаар байх уу, эсвэл хэн нэг нь санаачилж зоригтой алхам хийх ёстой юу. Нэн тэргүүнд авах шаардлагатай арга хэмжээг та юу гэж харж байна вэ?
-Нэгдүгээрт, ҮЗХ болон Их хурлаа нэн даруй хуралдуулах ёстой. Хоёрдугаарт, АН-ын даргад нэр дэвших, өөрсдийгөө АН-ын дарга болно гэж бодож байгаа хүмүүс намын дүрмийн шинэчлэлийг хийхдээ түүндээ гол зарчмуудаа сайн шигтгэж өгөх, түүнийгээ баримталж ажиллах шаардлагатай. Бид ирэх сарын 6-н гэхэд энэ асуудал дээр нэгдээд орон нутгийн сонгуульд ялах ёстой. Сонгуульд ялсныхаа дараа амласан амлалтаа хэрэгжүүлж, хийж чаддаг байхын төлөө ажиллах учиртай. Тэрнээс биш нөгөө нам шиг сайхан амалж гарч ирчихээд “Энэ бол сонгуулийн өмнөх амлалт байсан. Одоо бол ажлаа хийнэ” гэдэг байдлаар хандаж болохгүй. Ер нь хоёр нүүртэй нам, хоёр нүүртэй хүн байж болохгүй. Сонгуульд ялахын тулд худал амлалт өгөөд гарч ирснийхээ дараа “Бид чадахгүй” гээд суух юм бол тэр хоосон амлалтаар яах юм. Өдгөө худал амлалтаар дүүрчихээд байна.
Тамга 50 хувьтай гэсэн үг байдаг байхаа
-Та Засгийн газрын үйл ажиллагаанд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна аа даа?
-Би аль алийг нь шүүмжилж байна. Намаа ч, эрх баригчдыг ч…
-Таниас асуумаар санагдлаа. Өнгөрсөн дөрвөн жил танай нам засгийн эрх барьсан. Хэдийгээр МАН, МАХН-тай тодорхой хугацаанд хамтарч хамтарсан Засгийн газар байгуулсан ч гол шийдвэрүүд бүгд танай намынхнаас гарсан. Мэдээж энэ хугацаанд сайн ч зүйл хийсэн байх. Саар зүйл ч бас бий. Таны бодлоор танай намын хийсэн хамгийн сайн ажил гэвэл юуг хэлэх вэ. Энэ ажил яах аргагүй нүдээ олсон байсан гэдэг утгаараа?
-Бий. Тухайлбал, МАН-ынхан өмнө нь засгийн эрх барьж байхдаа бэлэн мөнгө аваад шууд тараасан. Тэр мөнгийг нь бүгд нэг удаа “идээд” дууссан. Харин АН тэр мөнгийг бэлнээр тараахаас илүүтэй үйлдвэрүүдийг бий болгоё. Ингэхдээ банкны шаардлага хангасан аж ахуй нэгжүүдэд зээл олгох байдлаар ажиллах нь зөв гэж үзсэн. Энэ бол улс орны ирээдүйд хэрэгтэй зөв ажил байсан. Мөн “сайн хашаа” хөтөлбөр, гэр хорооллын барилгажуулах гээд нэрлээд байвал олон төсөл хөтөлбөр бий. Гэтэл татан буулгалаа. Төрийн залгамж чанар гэж огт алга. Зүй нь яахав дээ, бид улс оны хөгжилд алс хэт нь хэрэгтэй энэ хөтөлбөрүүдийг татан буулгах биш харин ч улам сайжруулах ёстой байсан юм. Магадгүй манай намын бодлогоос зөрсөн, зарчмын зөрүүтэй байна гэвэл түүнийг нь засч янзлаад сайшруулаад авч явж болно. Үнэндээ манайхны заримыг ажлаа явуулахдаа бэлгэшээсэн маягаар ханддаг гээд шүүмжилдэг байсан. Гэтэл одоо, энэ засгийнхан мухар сүсгээр асуудалд хандаад байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, Хамтын тэтгэврийн тухай хууль дээр ямар аюултай тайлбар хэлэв. Бид мухар сүсгээр ажилд хандаад юу болох юм. Бас болоогүй ээ, нэг сайд нь бороо оруулахын тулд баахан ламаар ном уншуулж байна гэнэ. Гэтэл Ус цаг уур, орчны шинжилгээний газар гээд хэдэн зуун хүнтэй эрдэм шинжилгээний байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Их сургууль төгсөөд, эрдэмтэн докторын зэрэг хамгаалсан хүмүүс энэ салбарыг цаашид яаж хөгжүүлж, хэрхэн авч явах вэ гээд улсаас цалин авч байна. Гэтэл тэднийг сонсохын оронд лам аваачиж ном уншуулж л байдаг. Үүгээрээ би хүнийг шашин шүтэх ёсгүй эсэх тухай яриагүй. Хүний шашин шүтэх эс шүтэх эрх чөлөө нь нээлттэй. Гэхдээ Үндсэн хуульд шашин төрийг хослон барихгүй гэсэн айхавтар заалт бий. Харамсалтай нь, XXI зуунд ажиллаж амьдарч байгаа Монгол төрийн сайд хүн ламаар ном уншуулж ажлаа явуулна гэдэг нэг л ойлгомжгүй. Яахав тэр хүн. Өөрөө хувиараа лам дээр очоод, хувиасаа хандив юугаа өргөөд ажил төрлөө даатгаж болно. Энэ бол миний ч, чиний ч хэнд ч байх эрх. Гэхдээ төрийн сайд хүн ийм мухар сүсгээр төрийн ажлыг хийж болохгүй. Хэрэв олны яриад байгаа нь үнэн бол тэр сайд өөрийнхөө нэр шиг баймаар байна. Аливаа асуудалд шинжлэх ухаанчаар, сэргэлэн байдлаар хандах хэрэгтэй.
-Уг нь энэ Засгийн газар мэргэжлийн гэсэн гоё автортай шүү дээ?
-Мэдэхгүй. Тэр хүмүүс мэргэжлийн гэдгээ яг юу гэж ойлгоод байгаа юм бол доо. Тэр тайлбараа албан ёсоор хийчихмээр л байгаа юм.
-Болохгүйг ярьвал мэдээж их зүйл бий байх. Танай намд ч сөрөг хүчинд чинь ч. Гэхдээ одоо танай намын эргэн тойронд болж байгаа үйл явдал руу эргээд орьё. Та нам болохгүй байна гээд ярьж байна. Гэвч ярихаас хэтрэхгүй юм. Ингэхэд та нөхөд энд тэнд ярьж байхаар санал бодлоо нэгтгээд, эвсэж хамтраад тэмцэж болдоггүй юм уу. Жишээ нь, танай нам дотор тань шиг үзэл бодолтой олон хүн бий. АН-д шинэчлэлийг хүссэн залуус ч олон байдаг?
-Нэгдээд яриад байна. Гэхдээ бидний ярьсан зүйл хурал дээр албажих ёстой. Гэвч намаа сайхан болгоё гэж ярих ч тэр нь албажаад, ҮЗХ-ны хурлаа нээлттэй хийе, идээ бээрийг нь шахая гэхээр хурлаа хийж өгөхгүй юм.
-Тэгэхээр З.Энхболдын нөлөө одоо болтол байсаар байна л гэж хэлэх гээд байна аа даа?
-Одоо тэр хүний нөлөөтэй үгүй нь асуудлын гол биш. Одоо болтол намын дарга байсаар байгаад учир бий.
-Гэхдээ намын дарга хэвээрээ байна гэдэг чинь нөлөө нь ямар нэг байдлаар байна л гэсэн үг биз дээ?
-Тамга 50 хувьтай гэсэн үг байдаг байх аа. Төвөгтэй байгаа биз, одоо байдлыг харахад.
-Та нар шах л даа?
-Гол нь энд би нэг хүний тухай асуудал яриад байгаа юм биш. Ийм буруу жишиг байж болохгүй гэх гээд байна. Би З.Энхболдтой юугаа булаацалддаг юм. Тийм биз дээ. Хоёулаа л адилхан гудамжинд байна.
-Та ажлаа арай өгөөгүй байгаа биз дээ?
-Би хэн нэгний тухай биш АН-ын ирээдүй, Монгол орны ирээдүйн тухай ярьсан нь зөв гэж бодож байна.
-Та өөрийн цахим хуудастаа намынхаа залууст хандан уриалга гаргасан. Олон хүн таны саналыг дэмжсэн байсан?
-АН-ын 70-аад оны залуус дээшээ хараад дохио зангаа хүлээгээд далласан газар ил гараад, далайсан газар далд ороод гүлдийгээд суугаад байвал удахгүй улс төрийн тэтгэвэрт сууна шүү гэж үү.
-Тийм.
-Бичсэн л дээ. АН-ын ах нар засаг барих эрхээ аль хэдийн алдсан. Одоо тэд АН дээр эрх мэдлээ авах гэж алалцсаар намын шинэчлэлийг улам хойш нь чангааж байна гэж. Үүний эсрэг тэмцэх ёстой. Залуус хүчтэй, идэвхтэй байх ёстой. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг УИХ-д гаргаж ирэх ёстой байтал өөрийн суганд хавчуулагдсан нөхдийг оруулж ирсэн нь манай намын алдаа. Нэр дэвшигч нь таалагдахгүй бол ард түмэн мэдээж сонгохгүй. Лам олохгүй бол буцахдаа гэгчээр МАН-ыг сонгосон. Иймээс бид арай өөр байх ёстой. Асуудлыг яриад хагарч бутрах биш учраа олоод эвлэлдэн нэгдэх ёстой. Ийм зарчим руу явж, шинийг хиймээр байна. Санаачилмаар байна. Улс эх орныхоо ирээдүй сайн сайхны төлөө зүтгэе. Энэ утгаараа өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Үнэндээ манай нам улс орныг цаашид авч явах үндэсний хэмжээний нам. Сум, дүүрэг, хороо болгонд “хөл”-тэй улс төрийн том хүчин. Одоо ард түмэн энэ нам зөв замдаа ороосой гэж хүсч байна. МАН-ын байгаа байдлыг хар. Энэ үед бид намаа шинэчилж, 2020 он гэхэд улс орноо хөгжүүлэх, илүү сайхныг бүтээж бий болгохын төлөө ажилламаар байна. Тамирчид олимп дууссаны маргааш дараагийн олимпийн цикл рүү орж бэлтгэлдээ гардаг шиг бид ч бас ингэж ажиллах хэрэгтэй.
-Танай намынхан чадах юм уу?
-Бид чадна аа. Одоо хүмүүс ингэж ярьж байгаа. “Угаасаа энэ нөхөд эрх барьж байхдаа хоорондоо зодолдож эхэлсэн. Уг нь эрх барьж байгаа хүмүүс хамтдаа болохгүй, бүтэхгүй байгаа асуудалтай “зодолдох” ёстой байтал өөр хоорондоо муудалцаад, өөрийг нь дарга болгоогүй хүмүүсийн толгойг цавчаад яваад байхаар яаж ялах юм. Ялагдана шүү дээ” гэж. Миний хувьд өмнө нь АН ялагдах болгонд харамсдаг байлаа. Харин энэ удаагийн ялагдлыг баяртай хүлээж авсан. Яагаад гэвэл энэ нөхөд нийлж байгаад асуудал шийдэхийн оронд эсрэгээрээ ажилласан. Нийлж бие биенээ өшигчиж дөрвөн жил болсон. Харин хойшид АН-ыг ялагдвал би харамсана. Энэ удаагийн ялагдалд над шиг байр суурьтай олон хүн бий. АН-ыг ялсан үед цөөхөн хүний амьдрал сайжирдаг, баяждаг. Насаараа, үнэнчээр зүтгэсэн нь хэн ч биш болдог байж болохгүй. АН-ынхан Засаг барьж байхдаа ядаж л мөрөөрөө бизнес хийж байгаа хэдэн хүндээ саад болохгүй, дэмждэг, хүнд суртал гаргадаггүй тийм нам байх ёстой. Цаашид ч ийм нам байх учиртай. Хамгийн гол нь гурван цагийн хэлхээсийг зөв гагнах нь ардчиллын амин сүнс. Ахмадуудын туршлага, дунд үеийнхний байр суурь, залуусын эрч хүч, ирээдүйн төлөөх итгэл гээд олон зүйлийг нэгтгэж, сүлэлдүүлж байж АН-ын шинэчлэн бэхжүүлэх, нээлттэй болгон ажиллах нь чухал гэж боддог.
-Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил чадаагүй шүү дээ?
-Иймээс бид ирэх жилүүдэд чадаагүй зүйлээ чадахын тулд, алдсан зүйлээ алдахгүйн тулд, оносон зүйлээ илүү сайн урагшлуулахын тулд ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд бидний нүдэн дээр Улаанбаатар хот яаж өөрчлөгдсөнийг бүгд санаж байгаа. Э.Бат-Үүлийн хийсэн сайн ч, саар ч зүйл бий. Байгуулсан засгаа татаж унагаад буцааж тавихдаа “Сахил хүртсэн биш шал дордов” гэдэг шиг зүйл болгож болохгүй. Бид өнгөрсөн дөрвөн жил яг л ингэсэн.
-Таныг ингэж хэллээ гээд намынхан чинь уурлахгүй юу?
-Яахав дээ. “Үнэнийг нь хэлсэн хүнд хүн дургүй. Үхэр унасан хүнд нохой дургүй” гэгчээр ингэж хэллээ гээд намайг адлах хүн бий. Тэглээ гээд яахав. “Сануулж хэлэх хүн үгүй бол сайн төр ч ялзарна” гэж Баабар сонгуульд нэр дэвшихдээ хэлж байсан. Тэгээд ч надад айж ичээд байх зүйл алга. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол хүнийг биш асуудлыг ярих. Асуудлаа шийдэх ёстой. Гэтэл манайхан хоорондоо “шуудайнд хийсэн эвэр” шиг байх юм. УИХ-ын дарга болохоороо Ерөнхий сайдын ажлыг өмнүүр нь орж хийдэг. Гэхдээ З.Энхболдын хувьд авах юм бий. Тухайлбал, өнгөрсөн УИХ дээр хэд хэдэн гайгүй хууль баталсан. Хамтын тэтгэврийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль. Дээрх хуулиуд яах аргагүй цаг үеэ мэдэрсэн. Нүдээ олсон. Гэтэл дээрх хуулийн төслийг одоогийн эрх баригчид буцаах жишээтэй. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэл гэх зүйл олны нүдэн дээр ил байгаа. Төрсөн эцэг нь хүүхдээ цаазуурдлаа гэнэ. Нөхөр нь эхнэрээ цохиод нүд амыг нь хөхрүүлсэн байна гэнэ. Ийм гаж үзэгдэл нийгэмд олон. Гэтэл энэ бүхнийг засч залруулах ёстой хуулийг эрх баригчид батлахгүй хойшлууллаа. Одоо би нэг л зүйлийг харж байна. МАН цөөнх байхдаа ард түмэнд таалагдах гэж бүхнийг амласан. Ингэж болохгүйг манай намынхан ойлгох хэрэгтэй. Түүний оронд судалгаатай хийж чадах зүйлээ амлах хэрэгтэй.
3 сая хүнтэй Монголыг ганцхан төсөл авч явна шүү дээ
-Судалгаа гэснээс та энэ асуудал дээр нэлээд ач холбогдол өгдөг нь анзаарагддаг. Ингэхэд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг юу гэж харж байна вэ?
-Би өмнө нь хэлж байсан. Аль ч улс төрийн хүчин засгийн эрхэнд гараад өмнөхөө магтаж байгаагүй гэж. Данс нь улайсан Засгийн газар хүлээж авсан гэдгээ манайхан ч, сөрөг хүчин ч хэлдэг. Тийм ашигтай, аятайхан ажил хийсэн улс орон авлаа гэж хэн нь ч хэлж байгаагүй. Энэ бол уламжлал маягийн зүйл гэдгийг иргэд надаар хэлүүлэлтгүй мэднэ. Гэхдээ нэг зүйлийг хэлэх байна. Эдийн засаг хүндэрсэн гэж МАН мэдэгдэл хийснээр АН-ын нүд рүү хуруугаа хийлээ гэж тооцож байх шиг байна. Үнэндээ өөрийнхөө бас Монголын нүд рүү хуруугаа хийчихлээ. Мөн Ерөнхий сайд дундаж давхаргыхныг бус харин шударга бусуудыг нь сэгсэрвэл хавьгүй их мөнгө гарна гэж тооцож чадахгүй байгаад харамсаж байна. Товчхондоо миний яриад байгааг хийж чадах нам лав МАН биш. Уг нь бид тогтвортой бодлого, нарийн судалгаа шинжилгээний хүрээнд ганц том төсөл хөтөлбөр хэрэгжүүлчихэд л улсаа сэвхийлгээд л ирнэ.
-Тухайлбал ямар?
-Би дээр ч хэлсэн. Манай улсад ямар ч зүйл дээр урт хугацааны тогтвортой байдал алдагдсан гэж. Уг нь тогтвортой байдал нь юуг харуулдаг вэ гэвэл аливаа зүйл судалгаа шинжилгээн дээр тулгуурлаж, нухацтай шийдвэр гаргахыг хэлдэг. Дараа нь дахин хэлэлцээ хийх замаар зарчмын зөрүүтэй асуудал гарахааргүйгээр аливаа асуудлын шийдлийг олох. Өөрөөр хэлбэл, урт настай шийдвэр гаргах юм. Бид урт настай нэг ийм шийдвэр гаргалаа гэхэд үүнийг дагаад олон жижиг төсөл бий болдог. Дэлхийн бусад орнууд ийм замаар хөгжиж байна. Тухайлбал, Солонгосын эдийн засгийн нэг хөшүүрэг болох “Самсунг” гэхэд манай улсаас том эдийн засагтай. АНУ гэхэд “applе” гэсэн брэндтэй. Үүн шиг үндэсний хэмжээний томоохон брэндийг бий болгохын тулд урт настай, тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Бод л доо, утас үйлдвэрлэж эхэллээ гэхэд үүнийг дагаад тухайн бүтээгдэхүүний дагалдах хэрэгслийг үйлдвэрлэх, улмаар худалдаа хийх гээд глобал түвшинд асуудлыг ярих хэрэгтэй. Улмаар энэ улсыг дэлхийд гаргахын тулд ажиллах ёстой. Мөн улс төрийн намууд төлөвших учиртай. Гэтэл жижиг асуудлаар өөр хоорондоо үзэлцэж нэгнийгээ намнаад байдаг. Ийм зүйл хэрэггүй.
-МАН, АН-ынх гэлтгүй манай дарга нар албан тушаалтай хөөцөлдөөд энэ тухай бодохгүй л байгаа байх?
-Тэрийг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр нэг дарга аливаа асуудлыг шийдлээ гэхэд тухайн өдрийн сэтгэл зүйн байдлаас болж шийдвэрлэх жишээтэй. Уг нь сэтгэл зүйн байдлаар биш урт хугацааны судалгаа шинжилгээнд тулгуурлан урт хугацаанд хэрэгжих боломжтой тэр шийдлийг олох хэрэгтэй. Улс төрийн намууд ингэж төлөвшиж чадвал улс орон хөгжинө. Жишээ нь, намын дарга байлаа гэхэд дэргэдээ бие даасан, салбар салбартаа мэргэшсэн зөвлөхүүдтэй байх хэрэгтэй. Ийм шинэчлэлийг бид шат шатандаа хиймээр байна. Өнөөдөр нэг хороон дээр очлоо гэхэд дарга нь өөрийнхөө хамаатан саднаа суулгаад үүрийн даргаа сонгодог. Уг нь намын гишүүд үзэл санаа, үнэт зүйлээрээ нэр дэвшигчдээ сонгох, дэмжих ёстой. Гэтэл энэ зарчим алдагдсан. Мөнгө өгвөл өөрийнхөө намаас нэр дэвшигчийн төлөө ажиллана. Өгөхгүй бол нөгөө талд ажиллана гэх байдлаар ханддаг. Иймээс манай намын гишүүн болох чин хүсэлтэй. Ардчиллын үнэт зүйлийг сэтгэлдээ тээдэг залуусыг намдаа оруулах асуудлыг нээлттэй болгох ёстой. Тэгэхгүй бол дарга нар нь өөрт таалагдсан хүнээ намын гишүүн болгодог. Ийм жишиг намын үүрүүд дээр хүртэл бий. Өнөөдөр өндөр боловсролтой, нийгэмд байр сууриа эзэлсэн бизнесмэнүүд манай намд орох гэхээр хаалгыг нь хаачихдаг. Хэрэв асуудал ийм байдлаар удаан үргэлжилбэл, тогтмол ус өмхийрдэг шиг юм болно. Тиймээс хаалгаа нээх хэрэгтэй. Хэрэв нуур юм бол эх авдаг, гардаг тэр урсгалыг нь нээх ёстой. Ингэж байж шинэ урсгалыг, шинэ хүмүүсийг оруулж ирнэ. Мэдээж хуучин хүмүүсийг муу гэж байгаа юм биш. Тэр хүмүүсийн сайн зүйлийг авья. Тэд нар ч сайн зөвлөгөө өг. Тэдний алдаанаас суралцая. Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээс байх ёстой. Манай намд ахмадуудын арвин туршлага, идэр залуусын эрч хүч нийлж байж сайхан ирээдүйг бий болгоно. Цаашлаад Монголын ирээдүйг гэрэл гэгээтэй болгоно. Бид дандаа бусдыг дагаж, зээл авч, гуйлга гуйх биш харилцан ашигтай хамтарч ажиллаж чаддаг Монгол Улсыг дэлхийд бий болгомоор байна. Өөрийн гэсэн брэндийг бий болгоё. Үүний тулд шинэ, боловсролтой, сэтгэж чаддаг залуус хэрэгтэй. Шуудхан хэлэхэд, бид 3 тэрбум биш, 300 сая, 30 сая ч биш. Гурван саяулаа. Ийм улс асуудлаа зөв шийдэж чадвал ганцхан төсөл аваад явчихна. Ганц том төсөл Монгол Улсыг хөгжүүлнэ. Гэтэл бид ганц урт хугацаанд хэрэгжих ийм төсөл хийж чадахгүй 20 жил боллоо.
-Гэхдээ манай төр бизнесмэнүүдээ дэмжиж чаддаггүй. Танай нам төрийн эрх барьж байхдаа олон бизнесмэнийг хорьж шалгасан. Одоо МАН-ынхан татвар нэмнэ гээд бизнес эрхлэгчдийг бухимдуулж байна?
-Үндэсний томоохон компанийг бий болгож бас дэмжиж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс дарга нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр улс орон татвар дээр тогтдог. Иймээс томоохон татвар төлөгчдийг бий болгох ёстой. Тэднийг дагасан бизнесүүдийг бий болгож хөгжлүүлэх хэрэгтэй. Хувийн компаниудад итгэл үзүүлж баталгаа гаргаж өгдөг бол. Жилийн 18-20 хувийн хүүтэй зээлээр бизнес босдоггүй гэдгийг дэлхий даяар мэднэ. Гэтэл төр компаниуддаа мөнгөө босгох орчныг бүрдүүлж өгч чадахгүй 20 жил боллоо. Гаднаас хөрөнгө босгоод оруулж ирж байгаа тэр хүмүүсийг, бизнесмэнүүдийг урамшуулах систем өнөөдөр алга. Иймээс манай нам шинийг бодож, сэтгэж чаддаг залуустаа хаалгаа нээдэг, намын шийдвэр гаргах түвшинд орох эрхийг нээлттэй байлгамаар байна. Өнөөдөр даргынхаа үгээр амьдардаг нийгэм биш. Иймээс томоохон үзэгдлүүдийг нэгтгэж байж хөгждөг ийм систем рүү явмаар байна.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин Л. Оюунгэрэл