АН-ын удирдлагууд гишүүдийнхээ “амыг барих”-аар шийдвэрлэжээ

 

-Үндэсний зөвлөлдөх хорооны эрх мэдлийг тийнхүү Гүйцэтгэх  зөвлөл өмнөөс нь  шүүрэн авч хэрэгжүүлээд зогсохгүй анхан  шатны намын байгуулллагын хурлаар  хэлэлцэж болох, болохгүй  асуудлыг ч заагласан тогтоол гаргажээ-

Ардчилсан нам арваад жил хүлээсэн Их хурлаа ирэх сарын 6-нд  хуралдуулахаар өнгөрсөн наймдугаар сард товлосон ч  төлөөлөгчдийг сонгох асуудлыг орон нутгийн  анхан шатны намууд  өнгөрөгч амралтын өдрүүдээр хэлэлцлээ.
Их хуралд бэлтгэх, зохион байгуулах ажлын хэсэг Их хурлын  төлөөлөгчдийг сонгох  журмыг уг нь дүрмийн дагуу Үндэсний  зөвлөлдөх хороогоор батлуулах учиртай ч энэ  удаад тийм зүйл  болсонгүй, зөвхөн Гүйцэтгэх зөвлөлд танилцуулан дэмжүүлжээ.  Дүрмээ  хэрэгсдэггүй, хэрэгжүүлдэггүй энэ байдал Ардчилсан намд  шинэчлэл ярихаас өмнө бий  болоод байсан, шинэчлэл ярьснаас  хойш ч үргэлжилсээр байгаагийн нэг жишээ нь энэ  болж байна.  Үндэсний зөвлөлдөх хорооны эрх мэдлийг тийнхүү Гүйцэтгэх зөвлөл  өмнөөс  нь шүүрэн авч хэрэгжүүлээд зогсохгүй анхан шатны намын  байгуулллагын хурлаар  хэлэлцэж болох, болохгүй асуудлыг ч  заагласан тогтоол гаргажээ.
Тодруулбал, Их хурлын төлөөлөгчдийг сонгох асуудлыг орон  нутгийн намууд энэ сарын  26-27-ны өдрүүдэд хэлэлцэх, энэ үеэрээ  Ардчилсан намын үзэл баримтлал, намын  дүрмийн шинэчилсэн  төслийг хамтад нь хэлэлцэхийг Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолд    заасан байх ба эдгээрээс өөр асуудал хэлэлцэж болохгүйг тогтоолоор  үүрэг болгожээ.  Орон нутгийн намын гишүүдийн байр суурь, бие  даан шийдвэр гаргах эрхийг ийнхүү  Гүйцэтгэх зөвлөлийн  шийдвэрээр хязгаарлаж, юуг хэлэлцэх, хэлэлцэхгүйг нь тогтоолоор  буюу захиргааны аргаар хянах хэмжээнд хүрчээ. Сүүлийн хоёр  сонгууль дараалан  ялагдал хүлээгээд байгаа Ардчилсан нам анхан  шатны байгууллага, орон нутгийн түвшиндээ яагаад өөр асуудлыг ярьж хэлэлцэж болохгүй гэж?! Тэр тусмаа ялагдлынхаа уг үндэс, учир шалтгааныг Их хурлынхаа өмнө орон нутгийн анхан шатны нэгж дээрээ ярилцаж баймааж тэрхүү дүгнэлтдээ тулгуурлан Дүрмийн шинэчлэлийг хийх ёстой биш үү? Энэ сэдвийг зориуд хаахгүй бол намыг дараалан ялагдалд хүргэсэн дарга, удирдлагуудын хариуцлагын асуудал хөндөгдөх учраас Гүйцэтгэх зөвлөл тийм шийдвэр гаргасан хэрэг биз ээ. УИХ-ын сонгуулиар ердөө бүлэг байгуулах хэмжээний суудалтай хоцорсон Ардчилсан нам өнгөрөгч орон нутгийн сонгуулиар улсын хэмжээнд 330 сумаас 104 суманд санал авсан. Хэдийгээр УИХ-ын сонгуулийн ялагдалтай харьцуулахад танагтай тоо боловч орон нутгийн сонгуулийн дүнг орон нутгийн сонгуулийнхтай л харьцуулан үзэх ёстой. Хоёр өөр шатны сонгуулийн дүнг хооронд нь харьцуулах нь утга муутай. Тэгвэл улсын хэмжээнд 200 гаруй суманд ялалт байгуулж байсан 2012 оны орон нутгийн сонгуулийн дүнтэй харьцуулаад харах юм бол Ардчилсан нам энэ удаад яах аргагүй ялагдал хүлээсэн. Тийнхүү хоёр шатны сонгуульд дараалан ялагдчихаад байх атлаа намын дарга З.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар үүнийхээ хариуцлагыг хүлээх нь бүү хэл өнөөдөр Гүйцэтгэх зөвлөл нэрээр өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлсээр явж байх аж. Намын ялагдал, ялзралын тухай хэлэлцэж, албан тушаалын хариуцлагын асуудлыг хөндөх вий гэсэн айдас нь “өөр асуудал хэлэлцэхгүй байхыг үүрэг болгов” гэдэг шийдвэрийнх нь ард нуугдаж байгааг гишүүд нь эрх биш анзаарч байгаа биз ээ.

Их хурлын гишүүдийг худалдан авах бэлтгэл

Орон нутгийн намууд нь энэ амралтын өдрөөр хурлаа хийж, Их хурлын төлөөлөгчдөө дөнгөж сонгож байх үед тэдгээр төлөөлөгчдийг “худалдан авах бэлтгэл” ажил Улаанбаатарт хэдийнэ төлөвлөгдсөн байлаа. Намын анхан шатны байгууллагаас Их хуралд оролцох төлөөлөгчийн нэрсийг энэ сарын 30-ны өдөрт багтаан Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт ирүүлэх ёстой юм.
Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдийн нэрс нь нам дээрээ ирээгүй байгаа ч тэдгээр зориулсан меню бэлэн болжээ. Доорх баримтаас харвал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ буюу “Шонхор”-ынхон “УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй хийх уулзалт” нэрийн дор Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Архангай аймгийн намын гишүүдийг Баянгол дүүргийн ажилтай танилцуулангаа оройд нь Хандгайт дахь цогцолбортоо аваачин амраахаар хөтөлбөр гаргажээ. Орон нутгийн намынхнаа угтан дайлж, уулгаж идүүлэх гэж байгаа нь угтаа Их хурлын төлөөлөгчдийг “худалдах авах” гэсэн лобби гэж ойлгогдож байгааг тэдгээр анхан шатны намын гишүүд нь сэм ярилцаж байна.

Ардчилсан намын Их хуралд энэ удаад 330 сум, нийслэлий 150 гаруй хорооноос 1210 төлөөлөгч сонгогдох юм байна. Ардчилсан намын одоогийн удирдлагууд анхан шатны намуудаа аймаг, дүүргээр нь багцлан “худалдан авах”-аар чармайж байгааг дээрх баримт харуулж буй ч намынхаа дотоод ардчилал, үнэт зүйл, үзэл баримтлал, ирээдүйд нь санаа зовж байгаа эгэл жирийн гишүүд бүгдээрээ бодол санаа, байр сууриа худалдана гэж үгүй биз ээ. Бүх зүйл нэг хүний санаснаар болж бүтдэг “дарангуйлал” тийм ч удаан үргэлжилдэггүйг чухам Ардчилсан намынхан л дэндүү сайн мэдэх билээ. Тэр бүү хэл түүний эсрэг тэмцэж чадах хүч тэдэнд байдаг.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …