“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөл”-ийн 15 дугаар хуралдаан Төрийн ордны Нутгийн Удирдлагын танхимд боллоо.
Хуралдаанаар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага / ОҮИТБС/-ын 2015 оны нэгтгэл тайлан, 2016 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 он хүртэлх замын зургийг батлах асуудлыг хэлэлцлээ.
Дэлхийн 51 улс орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаагийн нэг нь манай улс юм. Энэ нь байгалийн баялгаас улс оронд бий болж байгаа орлогыг олон нийтэд ил болгох замаар, нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, засаглалыг бэхжүүлэх зорилготой. Манай улс 2006 оноос хойш энэ тайланг гаргаж байгаа бөгөөд энэ удаа “ахиц гарсан буюу мэдэгдэхүйц ахицтай” гэж дүгнэгдсэн. Тиймээс 2016 болон 2017 оны тайлангаа улам сайжруулж, 2020 он гэхэд ОҮИТБС-ын стандартын хүрээнд компаниудын ашиг хүртэгч эздийг ил тод болгох төлөвлөгөө, замын зургаа бүрэн хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна.
2015 оны нэгтгэл тайланг “Улаанбаатар аудит корпораци” ХХК аудитын консорциум, Английн “Харт Нойрс” компаниуд тулган баталгаажуулалт хийжээ. Төлбөр орлогыг нэгтгэн баталгаажуулалт хийхээс гадна олборлох салбарт олгогдож буй тусгай зөвшөөрөл, гэрээний ил тод байдал, үйлдвэрлэл борлуулалт, томоохон хайгуулын ажил, компаниудын ашиг хүртэгч эзэд, ажиллах хүчний судалгаа, орон нутгийн захиргаатай байгуулсан гэрээ, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн ил тод байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, байгаль орчны нөхөн сэргээлт, төсвийн хуваарилалт зэрэгт хөндлөнгийн дүгнэлт өгсөн байна. Улмаар Монгол Улс цаашид байгалийн баялгаас орж буй орлогыг бүрэн нягтлах, орлого менежментийн засаглалыг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар үнэтэй зөвлөмжүүдийг өгчээ.
ОҮИТБС-ын 2015 оны тайлан нэгтгэлд нийт 202 компани, аж ахуй нэгж хамрагдсанаас 8 компани мэдээллээ гаргаж өгөөгүй байна. Засгийн газраас эдгээр компанийг хүлээн авсан орлогоо тайлагнасан 1,927 компани, төлсөн төлбөрөө тайлагнасан 689 компаниас эрсдэлд суурилсан аргачлалаар тайлан нэгтгэлд хамруулахаар сонгожээ. Сонгогдсон 202 компани нь 2015 онд Засгийн газарт төвлөрүүлсэн нийт орлогын 97 хувийг бүрдүүлсэн бол мөнгөн дүнгээр Монгол Улс 2015 онд олборлох салбараас нийт 1 их наяд 393 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Үндэсний зөвлөлийн гишүүд цаашид тусгай зөвшөөрлийн ил тод байдлыг сайжруулах, төрийн өмчит аж, ахуйн нэгжүүдийн ил тод байдал, санхүүгийн менжементийг хөгжүүлэх, компаниуд ашиг хүртэгч эцсийн өмчлөгчөө ил тод болгох зэрэгт анхаарч ажиллах зэргийг зөвлөмж болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.