Н.Батцэрэг: Чингис бондын мөнгөний зарцуулалтын талаар дүгнэлт хийх хараахан болоогүй

 УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Цаг үе хэцүү байна гэсээр байгаа атлаа ээлжит бус чуулганы товыг есдүгээр сарын дунд хүртэл хойшлуулсан. Таны хувьд энэ нь хэр зөв зүйтэй алхам бэ?

-Ээлжит бус чуулганы тов захирамж гарч албан ёсоор зарлагдаагүй. Хугацааны хувьд хэдийд байвал зүгээр вэ гэдэг талаар ярилцаж байсан. Мөн ирэх сарын 16-наас гэсэн тов яригдаж байгаа ч УИХ-ын даргын захирамж гараагүй байна. Энэ чуулганаар ямар хуулиуд хэлэлцэх вэ гэдгийг Засгийн газар шийднэ. Эдийн засгийн болон цаг үеийн асуудлуудын талаар УИХ-аас яаралтай шийд гаргах ёстой гэж үзвэл тэр чиглэлийн  хуулийн төслүүд өргөн барина. Хуулиуд өргөн барьсаны дараа УИХ-ын дарга шийдвэр гаргах байх.

 -Таны хувьд ямар асуудлуудыг шийдвэрлэх нь чухал гэж үзэж байгаа вэ?

-Бид УИХ-аас баталсан хууль, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг. Энэ хүрээнд гарч буй хүндрэлийг УИХ-аар дахин бодлогоо тодорхойлуулах, хууль, эрх зүйн орчиноо сайж­руулах чиглэлээр ямар асуудалтай байна гэдгийг сайн мэдэж ярихгүй бол УИХ-ын нэг гишүүн нь тэгээсэй, ингээсэй гээд яриад явах нь зохион байгуулалтын хувьд ч гэсэн сайн зүйл биш. Харин үүнийхээ оронд хэлэлцэх асуудлыг сайн судалж чамбай хууль гаргах ёстой.

-Эдийн засгийн хямралыг Чингис бондтой холбох хүмүүс ч бий. Зарцуулалт нь буруу байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Удахгүй намрын чуулганаар Чингис бондын зарцуулалттай холбоотой мэдээллийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон холбогдох сайдуудаас авна. Тэр үед тайлбарыг нь сонсож байж л дүгнэлт гаргана.

-Уг нь маш хурдан эргэн төлөгдөх нөхцөлтэй салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол илүү үр дүнтэй гэх хүмүүс байна? 

-Өнгөрсөн хавраас эхлээд тодорхой төсөл хөтөлбөр болон барьж байгуулах обьектуудыг зарлаад Чингис бондын мөнгийг хуваарилж эхэлсэн. Одоогийн байдлаар үүнийг үр дүнтэй эсэхийг хэлэхэд эрт байна. Хэрэгжээд хагас жил ч болоогүй байна шүү дээ. Явцын талаарх мэдээллийг авч болох ч үр дүнгийн талаар эцсийн дүгнэлт хийх цаг хараахан болоогүй байна. Харин оны эцэс болон ирэх жилийн эхээр хийгдэж буй ажлууд төгсгөл шатандаа ороод, зарим нэг нь дуусчихсан байх биз. Тэр үед нь үр дүнг ярилцаж болох байх.

-Валютын үнийн өсөлтийг барьж дийлэхгүй байна. Тогтвортой байлгах арга зам огт байхгүй гэж үү? 

-Гадаадын хөрөнгө оруулалт багассан, нүүрсний экспорт нэлээдгүй хувиар буурсан зэрэг шалтгаан нөлөөлсөн. Засгийн газрын тодорхой шийдлүүд болон ажил хариуцаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаа, биднээс үл хамаарах гадаад зах зээлээс ч шалтгаалсан хүчин зүйлс байгаа байх.

1992 онд анх Монголбанкыг байгуулахдаа Төвбанкны бод­логод суулгаж өгсөн нэг гол зүйл бол валютын бодлогыг хариуцах талаар тусгасан. Тиймээс Монголбанк өнөөдөр энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа байх.

 –Өмнөх Засгийн газрын үед валютын ханш өсөхөд түүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг байсан. Харин шинэчлэлийн Засгийн газрын үед валют үнэ улам бүр өсч байгаа ч бусад барааны үнэ харьцангуй тогтвортой байгаа нь эдийн засгийг хүчээр бариад байна уу гэх хардлага төрүүлж байна?

-Хэрвээ хүчээр барьж байгаа бол тэр зүйл өөрийн хязгаартаа хүрэхээр дийлдэхээ болино. Тиймээс тааж хэлэхэд хэцүү юм. Валютын үнэ өсч байхад өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байгаа нь сайн хэрэг. Мөн адил нефтийн бүтээгдэхүүн өсөхгүй байгаа нь ч гэсэн үүний нэг сайн тал.

Засгийн газрын зүгээс үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлж байгаа. Үүнийг бензин шатахуун болон мах зэрэг цөөхөн бараа бүтээгдэхүүн дээр ашиглаж байна. Компаниудад ч тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж ажилласан. Энэ нь тодорхой үр дүнгээ өгч байна гэж харж байна.

-Хэрвээ үнэхээр хүчээр барьж байгаа бол цаашид энэ хэдий хугацаанд  үргэлжлэх боломжтой вэ?

-Эдийн засаг эмзэг байгаа өнөө үед хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүс элдэв мэдэгдэл хийх нь дэмий байх. Түүнийхээ оронд УИХ-ын чуулган болон байнгын хороодын хурал дээрээ албан ёсны шийдвэрээ гаргаад мэдэгдэл хийх хэрэгтэй. Ингэснээр төр засгийн зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлаа илүү үр дүнтэй болгох, хүн амын орлого, ажлын байр нэмэгдүүлэх болон гадны хөрөнгө оруулалтыг татах мөн эдийн засгаа сайжруулах чиглэлийг л барьж ажиллах ёстой.

Түүнчлэн валютын ханштай холбоотой, эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хэрхэн хадгалах талаар хувийн бодол байна. Гэхдээ одоохондоо туслах, зөвлөхүүдтэйгээ хамтарч ярилцаад боловсруулах шатандаа явж байна. УИХ-д тодорхой хуулийн төслүүдийг өргөн барьсны дараа тэдний дэвшүүлж буй хувилбар, санал, шүүмжийг сонсоно. Үүний дараа эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тодорхой саналыг бүлгийн гишүүдтэйгээ зөвлөлдөж тодорхой хувилбар дэвшүүлэхэд бэлэн байгаа.

Миний хувьд үүнийг хувь эдийн засагчид, судлаачид, төрийн бус байгууллагууд мэ­дээж хэрэг өөрсдийн дуу хоо­лойгоо илэрхийлэх эрх­­тэй гэж боддог.

Харин хариуцлагатай ажил хариуцаж буй хүмүүс ажлын холбогдолтой мэдээллийг иргэдэд өгөхөөс биш би тэгж боддог, ингэвэл дээр гэх мэтийн үр ашиг муутай хувилбаруудыг яриад суух нь тийм зохистой биш.

-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээр сонин сайхан юу байна?

-Чуулган завсарлачихсан байгаа болохоор гишүүд амрах нь амарч ажилдаа орох нь орсон. Манай бүлгийн зүгээс тодорхой хуулийн төслүүд дээр ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгүүд хуралдаад гишүүд санал, бодлогоо гаргаад явж байна. Ерөнхийдөө бүлгийн ажил хэвийн үргэлжилж байна гэж ойлгож болно.

images (1)

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …