Арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан хоёр дахь удаагийн “Солонго өдөрлөг”-ийн арга хэмжээний чухал агуулга болох Монгол Улсын Үндэсний номын санд хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагааны үеэр Солонго мэдээллийн төвийн эрхлэгч Л.Наранхүүгээр ахлуулсан хамт олныг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Солонго мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү: – Өвөр Монголын Солонго мэдээллийн төвөөс зохион байгуулж байгаа анхны олон нийтийн халамж үйлчилгээний үйл ажиллагаа өнөөдөр Монголын Үндэсний номын санд утга төгөлдөр зохион байгуулагдаж байна. Ном бичиг нь хүн төрөлхтний оюуны амин дэм, хүн ном уншсанаар ертөнцийг илүү таньдаг. Манай төв хоёр орны соёлын солилцооны гүүр болдог утгаараа соёлын ажлыг дэмжиж, нийгэм нийтэд эерэг хүчнийг санаачилж, хоёр орны соёлын ирээдүйн хөгжлийн шинэ боломжийг нээх болно гэжээ.
Уулзалтын үеэр Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо Үндэсний номын сангийн тойм байдлыг танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ: – Монгол үндэсний өв соёлоо гэсэн нэгэн зорилтын доор бид нэгдэж байна. Бидний харилцаа цаашид улам өргөжин тэлж бат оршино гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг Монголын Үндэсний номын сангийн гадаад сурталчилгаанд жинтэй хувь нэмэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.
Монгол Улсын Үндэсний номын сан нь 1921 онд байгуулагдсан бөгөөд 500 мянга орчим номтой үйлчилгээгээ явуулж эхэлжээ. Тус номын сан нь цуглуулсан хэвлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цар хүрээгээрээ хамгийн том номын сан төдийгүй монгол үндэстний болон Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын өв, ховор нандин гар бичмэл, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг цуглуулан хадгалснаараа гадаадын эрдэмтэд, монгол судлаачдынсонирхлыг татсан мэдээлэл судалгааны гол төв болж байна. Эдүгээ тус номын сан нь монгол, төвд, манж, англи, орос, япон, солонгос, герман болон дэлхийн бусад олон хэл дээрх 3 сая гаруй эртний болон орчин үеийн ном судар, хадгаламжийн нэгжээр үйлчилж байна.
Энэ удаа Монгол Улсын Үндэсний номын сан байгуулагдсан 95 жилийн ойн хүрээнд Солонго мэдээллийн төвөөс уг номын сангийн номыг арвижуулах, түүхэн сурвалж бичгийг улам сайн хадгалан үлдээхэд нэмэр болгох зорилгоор хандив өргөсөн билээ. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хоёр улсын соёлын солилцоо, иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь оруулсаар ирсэн Солонго сэтгүүлийг номын санд байрлуулах эрхийг албан ёсоор зарлаж солонго сэтгүүлийн 1993 оноос хойших бүх дугаарыг хадгалан үлдээхээр болжээ.
Саранчимэг
Эх сурвалж: solongonews.mn