Монгол бол улс төрийн нам болон Иргэний нийгмийн хөгжил сул, төлөвшөөгүй орны нэг. Үндсэндээ шинээр ардчилалд шилжсэн орон л доо. Гэхдээ манай улс ардчиллыг сонгоод 30-аад жил болж байна. 100 гаруй жил энэ замаар хөгжсөн орнуудын дэргэд бол балчир байх. Гэхдээ 30 жил гэдэг багагүй хугацаа.
Харамсалтай нь энэ хугацаанд манайд ардчилал хөгжсөнгүй. Ардчилал бол хүүхэд өсгөж байгаа юм шиг байнга л арчилж, тордож байхгүй бол устаж үгүй болдог эд гэж судлаачид хэлээд байгаа. Харин арчилгаа тордолгоо нь иргэдийн оролцоо. Манайд одоохондоо төлөөллийн ардчилал л илүүтэй хөгжсөн.
Иргэд төлөөлөл болсон нэг хүнээ сонгоод төрд илгээдэг. Тэр нь УИХ, Засгийн газар, нийслэл, аймаг, сум, дүүрэг, хороо, багт ажиллаж байгаа. Харамсалтай нь ард түмнийг төлөөлж байгаагаа умартаад, нам, эвслийнхээ төлөө л ажилладаг болчихсон. Мөн төрд гараад дараа нь биднийг төлөөл гэж явуулсан ард иргэдээ хяхаж хавчдаг, дарамталдаг болчихлоо. Ядаж байхад өнөөх ардчиллаа тордох ёстой иргэдийн оролцоо нь ч байхгүй болчихсон. Гэхдээ зарим төвшинд иргэдийн оролцоог эрх баригчид /иргэдийг төрд төлөөлөгчид/ шууд утгаар нь хааж, боож байгаа. Тухайлбал, Монголд иргэд тайван жагсаал ч хийх эрхгүй байна. Уг нь жагсаал, цуглаан хийх эрх чөлөө гэдэг ардчиллын амин сүнс. Ийм чөлөөгүйгээр ардчилал гэж байх ёсгүй.
Ингээд бодохоор манайд ардчилал алга болчихож. Жагсаал, цуглаан хийх эрхгүй биш эрхтэй шүү дээ. Зөвшөөрлөө аваад хийж болно гэж хэлэх байх, зарим нь. Гэхдээ энд зөрчилдөөнтэй маш олон зүйл байна. Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” заагаад өгчихсөн. Үндсэн хуулиндаа жагсах эрхтэй гэж заачихаад үүнийхээ эсрэг нэг Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой гээд байдаг. Яах вэ, тодорхой зорилготой, маш олон хүнийг хамруулсан, улстөрийн шинжтэй цуглаан хийх бол зөвшөөрөл авах ёстой байх.
Харин хоёр гуравхан хүн тухайн цаг үедээ тааруулаад, жагсаж, цуглаж байгаа бол заавал зөвшөөрөл аваад байх шаардлага байгаа юм уу. Дэлхийн дахинд “Аяндаа үүссэн цуглаан” гэсэн нэр томьёо бий. Ийм цуглааныг тайван хийж байгаа бол хориглох, тараах, шийтгэх ёсгүй байдаг юм билээ. Манайд бол жагсаал, цуглаан л бол адилхан, заавал Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой болчихоод байна. Хаана байгаа юм, тэр Үндсэн хуулиар олгосон эрх чинь. Сая гуравдугаар сарын 8-ны өдөр гурван эмэгтэй цуглаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл цагдаа нар ирээд л бариад явчихаж байх жишээний.
Гуравдугаар сарын 8 гэдэг чинь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр эмэгтэйчүүд архи ууж, цэцэг тэврэхийн оронд цуглаад, үзэл бодлоо илэрхийллээ. Юу нь болохгүй байна аа. Гэтэл талбай дээр өөр үйл ажиллагаа давхацсан, зөвшөөрөл аваагүй, хагас нүцгэн байж нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гэх мэт шалтгаанаар барьж, ачиж явсан. Сүүлдээ шүүхээр шүүж, торгож ч байх шиг. Энэ одоо Ардчилал мөн үү. Энд өөр нэг жишээ дурдъя. Өршөөлийн хуульд авлигын хэргээр шийтгэгдсэн хүнийг өршөөхөөр тусгасан даа. Тэр үед Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Гэтэл УИХ хоригийг хүлээж аваагүй.
Яг энэ үеэр хэдэн залуучууд талбайд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ цуглаан яг тухайн үедээ л ач холбогдолтой болохоос өмнөх өдөр нь ч юм уу, маргааш нь хийвэл ямар ч хэрэггүй. Энэ чинь л өнөөх аяндаа үүссэн цуглаан чинь. Гэтэл цагдаагийнхан бас л зөвшөөрөл аваагүй хэмээн тарааж, зарим хүнийг нь баривчилж, байцаасан.
Уг нь хуулинд бүртгэлгүй жагсаал хийж байвал Засаг даргаас мэдэгдэл өгнө. Тэгээд хоёр цагийн дотор тарахгүй бол албадан тараахаар заагаад өгчихсөн байгаа. Ядаж энэ хууль, журмыг ч цагдаагийн байгууллага мөрдөхгүй байна. Хэрвээ мөрдсөн бол сая гурван эмэгтэй эсэргүүцлээ илэрхийлэхдээ талбай дээр нэг цаг зогсох байлаа. Ардчилсан Монголын иргэд өнөөдөр ийм л эрхтэй байна. Тухайн хүн жагсаж болох эсэхийг иргэдийг төлөөлж дүүргийн Засаг дарга хийж байгаа нэг хүний үзэмжээр л шийдээд байна гэсэн үг. Би жагсмаар байна гэж Засаг даргад мэдэгдэнэ, өнөөх нь хариу өгөх гэж гурав хононо. Зөвшөөрөхгүй бол цаашлаад шүүх дээр очиж зургаа хононо. Ингэснээр байтал өнөөх жагсах асуудал ямар ч ач холбогдолгүй болж хувирдаг.
Дээрээс нь Засаг дарга ямар ч шалтаг хэлээд цуглаан хийлгэхээс татгалзах эрхтэй. Замын хөдөлгөөнд саад болно гэх мэт аар саархан шалтаг хэлээд шүү. Энэ бол төлөөллийн ардчиллын маш том сул тал. Ердөө л жагсаал, цуглаан хийх эрхгүй учраас Монголд ардчилал гэж байхгүй болсон гээд хэлчихэд буруудах юм алга. Тиймээс ардчилалд update хийх хэрэгтэй л байна даа.