“Касперскийн лабораторийн” мэргэжилтнүүд Бангладешийн Төв банкнаас 81 сая долларыг хулгайлсан кибер халдлагад БНАСАУ холбоотой байж болохыг нотлох нотолгоог олжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ.
Хакеруудын халдлага хийхдээ ашигласан Европ дахь сервер, БНАСАУ-ын интернетийн төрийн операторт харьяалагддаг IP хаягтай компьютер хоёр хоорондоо холбоотой болохыг баталсан архивын мэдээллийг “Касперскийн лаборатори” олж авчээ. Гэмт этгээдүүд маш ховор тохиолддог техникийн алдаа гаргасан учраас өөрсдийгөө илчилсэн байна.
“Умард Солонгос интернетэд байх нь туйлын ховор, тиймээс тохиолдлоор холбогдох магадлал тун бага” гэж “Касперскийн лабораторийн” шинжээч Виталий Камлюк ярьжээ. Үүний сацуу, эдгээр дүгнэлтүүд нь Пхеньяны буруутайг хөдөлшгүй нотолсон зүйл биш гэдгийг мэргэжилтэн хүлээн зөвшөөрчээ. Мөрдөлт шалгалтыг төөрөгдүүлэхийн тулд Умард Солонгос дахь компьютерт нэвтэрч, түүнийг шаардлагатай сервертэй холбох нь техникийн хувьд боломжтой гэж В.Камлюк тайлбарласан байна.
Хэрэг гарсан тухайд товчхон дурдахад, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ Бангладешийн Төвбанкнаас 81 сая долларыг хакерууд хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Гэмт хэрэгтнүүд уг мөнгийг Нью-Йорк дахь Холбооны нөөцийн банкаар дамжуулан Филиппин болон Шри-Ланк дахь данснууд руу шилжүүлжээ. Хакерууд дөрвөн удаагийн үйлдлээр дээрх мөнгийг гаргаж авсан бөгөөд тавдахь оролдлогоо хийж байх үед нь банкны ажилтны сонор сэрэмжийн ачаар хулгайг таслан зогсоожээ.
Энэ хэрэг гарсны дараа Бангладешийн Төвбанкны Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорсон юм.
Бангладешийн Төвбанкийг ухсан хэрэг болон 2014 онд “Sony Pictures” кино компани руу хийсэн кибер халдлага хоёр хоорондоо холбоотой гэсэн мэдээллийг кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хувийн компаниуд өгсөн бөгөөд үүнийг АНУ-ын Хууль зүйн яам үндэслэлтэй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: Монцамэ