Эцэг, эхэд муу хүүхэд гэж байдаггүйн адил эх оронд нь муу иргэн байдаггүй

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Монгол Улсыг  гадаад    орнуудад төлөөлөн  суугаа дипломат бай­гуул­лагын төлөөлөгчид тухайн улсад ажиллаж, амьдарч буй монгол­чууд­­тай холбоо харилцаа муу, анхаа­рал  тавьдаггүй гэх зэр­гээр байн­гын хэл аманд өртөж байдаг. Консулын газрын зүгээс үүнд ямар тайлбар өгөх бол?

-Өнөөгийн  Засгийн  газрын   зүгээс гадаадад буй монголчуу­дын­хаа эрх ашгийг  хамгаалахад нэ­лээд цогц арга хэмжээг зохион байгуулж бай­гаа. Он гарснаас хойшхи мэдээл­лээр 14 оронд ма­най улсын 164 иргэн ял эдлэж байна. Тэднийхээ эрх ашгийг хам­гаалахын  тулд өнгөрсөн жи­лээс эхлэн  тодорхой  арга  хэм­жээнүүдийг авч, хэрэгжүүлж бай­на. Тэдэнтэйгээ очиж уулзах, хариу­цаж буй элчин сайдын яам­дад анхааруулах, ар гэ­рийн­хэн­тэй нь уулзуулах, өм­гөө­лөгч, орчуу­лагчаар хангах зэрэг аж­­­луудыг хийж байгаа. Үүнээс хойш иргэд гом­­дол, санал гаргасан асуу­дал одоо­гоор алга.

-Дээрх ял эдлэж буй иргэдийн ихэнх нь Хятад улсад байгаа байх аа?  

-Тийм ээ. Хятад улсад 55 иргэн ял эдлэж байгаа. Хоёр улсын хоо­ронд ялтан солилцох хэлэлцээр хий­­хээр манай улс үзэглэчихсэн, Хятадын талыг хүлээж байна. Гэх­дээ өнгөрсөн жил хоёр иргэнээ авч ирсэн. Тун удахгүй 12 хүнээ шилжүүлж авахаар ярьж байгаа. Түүнчлэн  манай  иргэдийн  ихэнх  нь Хятадын өмнөд мужид ял эдэлдэг. Тиймээс тэднийг өөрийн орны цаг агаартай ойролцоо өвөр­монголын нутагт, Хөх хотод шил­жүүлж ирүү­лэхээр 10 гаруй хүний асуудлыг шийд­сэн. Өнгөрсөн онд Монгол Хя­тадын консулын зөв­лөлдөх уул­­залт Гуанжоу хотод болсон. Энэ жил манай улсад бол­сон. Энэ уул­зал­туудын үеэр иргэ­дийн маань эрх ашигтай холбоотой асуудалд нэлээд ахиц гарсан.

-Задаргаа хийвэл?

-Хятадад 55, Солонгост 31, дараа нь ОХУ-д бий. Казахстан, Унгар улсуудад тус бүр 2, Сингапурт 6, Чехэд 9, Австрид 1, Тайландад 13 байснаас бид сулласаар байгаад 7 үлдсэн. Швед, Швейцар, Герман улс болон АНУ-д 1-2 хүн хоригдож байна.

-Дээрх иргэдийн ихэнх нь хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Тэр дундаа Хятадын талд энэ төр­­­лийн гэмт хэрэгт холбогдвол цаа­заар авах эсвэл хугацаагүй хо­рих ялаар шийтгэдэг. Үндсэндээ хү­ний газрын шоронд үлдсэн бүх амьдралаа өнгөрүүлэх нь тэдний хувьд маш их эмзэглэл, шаналал болж байгаа даа?

-Ял эдлэж буй 164 хүний 38 нь хар тамхины хэрэгт холбогдсон. Тэдний 33 нь Хятадын нутагт бай­на. Эцэг, эхэд муу хүүхэд гэж бай­­­даггүйтэй адил эх оронд ч муу иргэн гэж байхгүй. Тиймээс тэд­ний­хээ араас  арга  хэмжээ авч, цаа­зын ялтай долоон хүнийхээ ялыг хойш­луулах, хугацаагүй болгох, хуга­­цаа­гүйг нь тодорхой хугацаатай бол­­гох гэх зэргээр шат дараалсан аж­луу­дыг хийж байна. Эдгээр нь дан ганц Гадаад харилцааны яамнаас шалт­­гаалах ажил биш учраас Хууль зүйн яам холбогдох байгууллагатай хамтарч байгаа.

-Хэдий хийсэн хэргийнхээ ялыг эдлэж байгаа ч нутгийн шоронд байгаа хүмүүст орчин нөхцөл нь хэр байдаг бол?

-Орчин нөхцөл нь янз бүр. Тухайн улсаас л шалтгаална. Ту­хайл­бал би Тайландад хоригдсон мон­голчуудыгаа эргэж очих үеэр шо­ронг нь харсан. Ердөө л 20м.кв өрөөнд 84 хүн унтдаг юм билээ. Өдөрт ямар нэгэн ажил хийл­гэд­дэггүй, гадаа халуун наранд суул­гаж, зогсоодог гэсэн.

Энэ мэтчилэн их хэцүү орчинд байдаг. Бид Хятадын шоронгуудад бай­гаа хүмүүстэйгээ уулзаад, хүй­тэн чийгтэй өрөөнд нь одъяал өгүүлэх гэхэд боломжгүй гэж бай­гаа юм. Хууль зөрчсөн гэмтэн гэ­дэг утгаар нь харьцдаг.

Хэрвээ сайн хүмүүжиж, дэ­гийг ягштал дагавал бага зэрэг бо­ломж олгодог. Уулзалт, утсаар ярих ца­­гийг уртасгах байдлаар зохи­цуулдаг юм билээ.

Гэрээс нь илгээсэн захидал сар гаруйн хугацаанд очдог байсныг Тай­ландын элчин сайдын яам болон консулын газраас ярилцаж байгаад цахим хэлбэрт шилжүүлэн тухайн улсуудтай тохиролцсоны үндсэн дээр өдөрт нь очдог болгосон.

Монголчуудыг хар тамхины хэрэгт олноороо нь оролцуулдаг эгч, дүү Б.Хулан, Б.Халиун нарын тухай мэдээлэл байнга ирдэг. Б.Халиун нь Малайзад оюутнуудтай хамт баригдчихсан. Шүүх хурал нь сая хойшилсон.  Тэр хоёрыг яагаад барьчихаж болдоггүй юм бэ?

-Бид  холбогдох   байгуул­лагуу­дад байнга мэдээллээ өгдөг. Дээр нэр дурдагдаад байгаа хүмүүс олон жил Монголын өчнөөн сайхан иргэнийг буруу зам руу татан оруулсан. Ма­най яамны хувьд гадаадад байгаа иргэдээ буруут­гахаасаа илүү эрх аш­гийг нь хам­гаалах чиглэлээр ажил­ладаг. Бид сэрэмжлүүлэх чиг­лэлээр ч нэлээд ажилладаг.

Малайз дахь иргэдийн хувьд ба­ригдаад долоон сар болох гэж бай­на. Сая шүүх хурал нь хой­шилсон. Дээр нэр дурдагдсан хү­мүүс гэртээ 78 кг хар тамхи хад­галж байсан юм билээ. Харин Малайзад байсан оюут­ны байранд 3.8 кг-ыг аваачсан байдаг. Тухайн өдөр оюутан охины найз залуу гэрт нь очиж таараад хамт баригдсан.

-Ер нь малайзууд манай улсын иргэдэд тун таагүй хандах юм аа? 

-Миний зүгээс ч Малайзын та­лыг нэлээд хайхрамжгүй хандаж байна гэж үзэж байгаа. Тухайлбал Ш.Алтантуяагийн амийг хохи­роо­сон хэрэг байна. 2009 онд тэдний хоёр иргэн цаазаар авахуулах ял ав­сан. Гэтэл саяхан энэ ялыг давж заал­дах шатны шүүх хурал хэр­хэн шийдэгдэхийг харж байхад хол­богдсон иргэдээ  сулласан. Бид үүнд маш их эмзэглэж байна. Манай улсын иргэнийг олны нүд­ний өмнө дэлбэлчихсэн байхад сул­лана гэдэг аймшигтай. Тиймээс бид цаашид энэ болон өөр бусад асууд­лыг дипломат байдлаар хэрхэн яаж шийдэх талаар бэлтгэж байна.

-Манай улсын иргэд БНСУ-д олноороо байгаа. Гэхдээ ихэнх нь хууль бусаар. Тэд маань элчин сайд болон дипломат байгуул­ла­гын­хандаа их ам муутай байдаг юм билээ. Яагаад вэ?

-Солонгост 26 мянга орчим ир­гэн амьдарч байгаагийн 7000 орчим нь хууль бусаар байгаа гэдэг мэдээлэл бий. Тэнд байгаа ир­гэдтэй холбоотой асуудлыг бид байнгын анхааралдаа байлгадаг. Яг Гадаад харилцааны яам болон Консулын газарт гомдол ирүүлсэн хүн одоогийн байдлаар алга. Бид өнгөрсөн жилээс өнөөг хүртэл 40 гаруй хүнийг авч ирсэн. Зарим ор­нуудад амьдарч буй иргэд өөрсдөө албан ёсоор элчин сайдын яам бо­лон диломат байгууллагатайгаа холбог­дохоос татгалзах тохиолдол ч бий.

Саяхан хүний наймааны золиос болсон байж мэдэхээр 22-26 насны дөрвөн эмэгтэй элчин сайдын яаманд хандсан. Тэднийг элчиндээ байр­­луулж, хамгаалалтдаа авсан. Хоёр нь тэндээ үлдэнэ гэсэн бол хоёр нь нутаг буцна гэдгээ илэрхийлсэн.

-Бас сурч, ажиллах зорилгоор явсан уу. Яагаад хоёр нь үлдэж байгаа юм бол?

-Уран нугаралтын үзүүлбэр хийх гэрээний дагуу явсан байдаг юм. Энэ удаа өмнө нь Энэтхэг рүү охидыг энэ чиглэлээр авч явж байсан А гэж иргэн мөн хол­богд­сон. Солонгост очингуутаа ну­га­рах бус ширээний үйлчлэгчээр ажил­луулж, олсон мөн­гөнөөс нь 600 мян­ган вон авдаг байсан байгаа юм. Энэ асуудлыг бид Эрүүгийн цагдаагийн газар өгч, шалгуулж байгаа.

Хүний эрх талаасаа тэнд байгаа хүмүүсийг албадан авч ирэх бо­ломж­гүй учраас өөрсдийнх нь хү­сэлтийг харгалздаг. Ирэх хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг Гадаадад бай­гаа иргэдэд туслах сангаас зард­лыг нь гаргаад эх орондоо авч ирнэ.

-Та түрүүн иргэд элчин сай­дын яам болон диломат бай­гуул­­­ла­гатайгаа холбогдохоос тат­­­­галздаг гэлээ. Тухайлбал ев­ропын орнуудад монголчууд олноо­роо хулгай хийж амьдардаг, цагаачлахын тулд эл­чин­­тэй хол­богд­доггүй гэ­дэг асуу­дал бас яригд­даг. Ийм тохиол­долд танай яамнаас ямар арга хэмжээ авдаг юм бэ? 

-Монгол Улсын нэр хүндийг хул­гайн хэрэг маш ихээр гутааж байна. Хилийн чинадад хулгайн бү­лэглэл цөөнгүй бий. Европын орнуудад байсан бол одоо Туркээр дамжин Син­гапур, Малайз руу явсан сурагтай байгаа.

Энэ асуудлыг дан ганц манай яам бус Хууль зүйн яамны зүгээс анхаарал хандуулах шаардлагатай. Тухайлбал, хулгайн хэрэг хийсэн хүмүүсийг гадаад паспорт авах, хил давах эрхийг нь тодорхой хуга­цаагаар түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээг авах тухай бид ярилцаж байгаа.

Гэхдээ энэ нь хүний эрхийн хувьд зохицуулах боломж тааруу. Зарим хүн ингэж хулгай хийх нь боломжтой юм шиг л санагдаж бай­гааа байх. Гэтэл үнэн хэрэгтээ яг тухайн улсын хилийг давах үед баригдана гэдгийг маш сайн санах хэрэгтэй.

Тайландад манай улсын иргэд хулгайн хэргээр баригдсан. Бид очиж уулзсан. Гэтэл дөрвөн залуу дэлгүүрээс нүдний шил, цаг мэ­тийг хулгайлаад л байсан байгаа юм. Тэгсэн яг хил гарах үед нь ба­ривчилсан. Манай хүмүүс болоод бай­гаа юм шиг бодож байгаа ч цаад улсынхан бол тухайн дэлгүүрээс га­раад дараа нь ямар газар очиж байна гэх зэргээр бүгдийг нь каме­раар баримтжуулчихсан байдаг. Үйл­дэл дээр нь барихаасаа илүү бо­­дит баримтаар тулгадаг гэсэн үг. Тэгэхээр ингэж аар шаархан зүйлээр эх орныхоо нэрийг бүү муухайгаар дуудуулаач, өөрс­дийн­хөө амьдралын сайн сайхан мө­чийг шоронд, торны цаана бүү өнгөрүүлээч гэж захих байна.

-Ингэхэд Филиппиний га­даад хэргийн сайдын айлчлал цуц­лагдсан. Үүнийг тус улсын иргэн Чарльз Эргэн болон манай улсын иргэн Т.Аятунгаатай хол­бон тайлбарлаж байсан. Чухам юунаас болсон юм бэ?

-Ерөнхий сайдын зү­гээс Монгол хүний эрх ашиг­тай холбоотой асууд­­­лыг шийд­вэр­лээгүй байгаа үед өндөр хэмжээний айлчлал, уул­залт хийх нь тохиромжгүй гэдгийг л ойлгуулж уламжилсан.

ugluunii_sonin

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …