Нүүдэлчдийн соёл бол оюуны соёл иргэншил мөн

     Хүн төрөлхтөний universal соёл иргэншил суурин иргэдийн болоод нүүдэлчдийн соёл иргэншил гэж хоёр бие даасан замналаар салсны дараа байгаль эхдээ хандах оюуны гэлтэй хоёр том хандлага гарч ирсэн юм.

     Суурин иргэд өөрөө өөрсдийгөө “байгалийн хаан” гэж өргөмжилж, түүнийг хүн юу хүснэ тэр бүгдийг ханган нийлүүлж байх ёстой, өгөхгүй бол түүнээс булааж авч байх ёстой гэсэн үзлийг дэвшүүлэн амьдралыг тэтгэгч байгаль эх өөдөө довтолж, өөрсдийнхөө оршин тогтнодог орчныг бужигнуулан сүйтгэх замаар орсон. Тэд хэтэрхий цатгалан байх, хэт тансаг орон байранд суух, хэтэрхий хээнцэр хувцастай байх гурван зорилго өмнөө босгон тавьж, газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж, хөрсний эвдрэлд оруулж, хөрс, ургамлын бүтцийг муутгасан, олон, олон их ой модыг огтолж, дэлхий дээрх хүчилтөрөгчийн ялгаруулалтыг багасгаж, агаарын бүтцийг хомсдуулсан, үйлдвэр, аж үйлдвэрийн хорт хаягдлаараа гол мөрөн, нуур цөөрөм, далай тэнгисийг асар ихээр бохирдуулж, дэлхийн усан мандалыг бузартуулсан. Өөрөөр хэлбэл хүн, хүн төрөлхтөнд эрчим хүч өгч байдаг гурван чухал махбодь болох шороо, хий, ус гурвыг бохирдуулан устгаж байгаа билээ. Энэ бүхэн эцсийн эцэст юунд хүргэх вэ гэхээр мэдээж хэрэг бидний ертөнц дахины хямрал сүйрэлд хүргэнэ ээ. Учир нь биднээс өмнө энэ ертөнц дээр оршин тогтнож байсан дөрвөн их соёл иргэншил ийм замаар замнаж байгаад сүйрч мөхсөн билээ (эдгээр үйл явдлууд шинжлэх ухаанд нилээд эрт тодорхой болж, олон баримтаар нотлогдсон боловч нийтэд зарлуулахгүй байгаа).

     Харин энэ ертөнцийн тав дахь соёл иргэншил болсон бидний соёл иргэншил урьд байсан соёл иргэншлүүдийн нэгэн адил мөхөж сүйрэх үү, үгүй юу, өөрийгөө аврах хүч чадал, мэргэн ухааныг өөрөөсөө олж авч чадах уу, үгүй юу гэдэг асуудал эцсийнхээ шатанд орж, хаашаа шийдэгдэхээ хүлээж байна. Гэтэл харамсмаар нь суурин соёл иргэншлийнхэн хүн төрөлхтөний оршин тогтнож буй орчныг өөрсдийнхөө гараар ухвар мөчдийнхөө хар гайгаар устгаж байгаагаа ухаарахгүй байна. Тэд буруу томъёолсон хөгжил дэвшил, тансаг амьдрал гэдэг уриагаар түрүү барин байгаль эхийн багалзуурыг хүмүүсийн нэг гараар багалзуурдуулан шахаж, оршин тогтнох орчныг нь хомсдуулан хумьж, нөгөө гараар нь хүн төрөлхтөнийг өөрийг нь багалзуурдуулж, амьдрах чадварыг нь багасгаж байгаагаа ойлгохыг хүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл тэд байгаль эх өөдөө уулгалан довтолж, бүх зүйлийг нь улайран бохирдуулсаар л байгаа.

     Тэдэнд “дэлхий” гэдэг амьд ертөнц дээр амьдарч байгаагаа ухаарах чадвар мөхөсдөж, эх дэлхий маань өөрөө өөрийгөө зохицуулагч амьд гариг гэдгийг ойлгож авахад өдгөө ч ухаан дутаж байна. Дэлхий эхэд хүний хэрэгцээг хангах нөөц бий. Харин хүний шуналыг хангах нөөц байхгүй. Амьд гаригийн энэ бололцоог өнөөдөр бид сайтар ойлгож ухаарч авахгүй бол сүйрлийн замаар гарцаагүй орж, амьд гариг тэнхлэгээ шилгээдэг гэдгийг бид өөрсдийн бие дээрээ амсахад хүрнэ. Өнөөгийн хуурайшилт, цөлжилт, агаар мандалын цооролт энэ бүхэн ертөнц тэнхлэгээ шилгээхийн сануулга гэж хэлэхэд болно.

     Суурин иргэд дэлхий эх өөдөө хайр найргүй, нүүр нүдгүй довтолсон түүхийн захаас одоо сөхөх гэж оролдъё. Өрнөдийн суурин соёл иргэншлийн хамгийн том соёл иргэншил болсон эртний Ромын соёл иргэншил оршин тогтнож байсан мянга гаран жилийнхээ дотор өөрсдийнхөө барилга байгууламжийнхаа хэрэгцээг хангахын тулд Хойд Африкийн бүхэл бүтэн бүсийн ой модыг тайран устгаж, асар өргөн их цөл нутгийг бий болгосон. Ингэж дэлхийн үхмэл нутгуудын нэг гэгдэх болсон Сахаарын их цөл бий болсон билээ. Английн арлыг битүү шахам бүрхэж байсан их ойгоос XVI зуун гэхэд маш өчүүхэн хэсэг нь үлдсэн. Суурин соёл иргэншлийнхэн техникийн соёл иргэншил хэмээгдэх түвшиндээ хүрээгүй байхдаа ч байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо эвдлэн сүйтгэх ийм их хүчин чадалтай байсан юм.

     Энэ бол төмрөөр хийсэн хүчирхэг том техниктэй болсон үетэй нь харьцуулбал өчүүхэн сүйтгэл билээ. Аварга том техникүүдийн хүчинд дулдуйдаж үгүй хийсэн уул, ус, эвдэрч сүйрсэн хөрс шороо, хэмжээ хязгааргүй гүнзгий хонгил нүхнүүд бүхий муж, бүсүүд үүнийг гэрчилдэг. Химийн бодис, бордоонд хордож, юу ч ургахаа больж, хаягдсан хөрс шороо, газар нутаг Америк, Канад, Европ, Хятад гээд хаа сайгүй дэлхийгээр нэг бий болжээ. Ингэж байгаль эхийн хэвлийг онгичиж, ой модыг огтолж егүүтгэсэн жишээ суурин соёлт бүх улсуудад хэдэн мянгаараа бий.

     Өдгөө агаарын бохирдол, хөрсний бохирдол, усны бохирдол дэлхийн хэмжээний байгаль орчны хямрал эхлэхийн босгон дээр дэнжигнүүлэх болсныг юу гэх билээ. Өнөөдөр дэлхий дээр энд тэнд хүчиллэг бороо орж, хөрсний эвдрэл, бохирдол, цөлжих үйл явц эрчимжсэнээр агаар мандал тоосжиж, бохир утаа униар, тоос шороо агаарын дээд давхаргад төвөггүй хүрдэг болж, гол мөрөн химийн бодисоор хуйлран эргэлддэг болсон. Дэлхийн цаг агаар дулаарч буйн улмаас хайлж буй туйлын мөснөөс 3 сая жилийн өмнөх нян бактери амилан гарч ирж буй нь хүн төрөлхтөний амьдрал, ахуйд хэрхэн нөлөөлөх нь мэдэгдэхгүй байгаагийн улмаас битүү айдас хүйдсийг төрүүлж байна.

     Буруу томъёологдсон “хөгжил дэвшил” өнөөдөр зоосны хоёр тал шиг үхэл мөхлийн нөгөө тал болчихсон байна. Өөрөөр хэлбэл хөгжил дэвшил хүмүүст нэг талаар тансаг амьдралыг бий болгож өгч байгаа ч нөгөө талаар оршин амьдрах орчныг нь устгаж байгаагаараа мөхөл сүйрлийг ойртуулж өгч байна. Техникийн соёл иргэншлийн анхны машин техникүүдийг гарч эхлэж байхад өрнөдийн шашныхан тэдгээрийг чөтгөрийн оролцоотойгоор хийсэн, чөтгөрийн хүч шингэсэн зүйлс гэж сурталчилж байсан нь ямар нэгэн талаар үнэний хувьтай буюу байгаль дэлхийг хямралд оруулах тал дээр үнэнтэй байсан мэт өнөөдөр харагдахуйц болжээ.

     Нүүдэлчид байгаль эхийн хүүхдүүд, нүүдэлчдийн соёл иргэншил байгаль эхийн энгэр дээр оршин тогтнож байгаа гэдгээ хэзээ ч мартаагүй. Тиймээс нүүдэлчид-бид байгаль эхдээ хэзээ ч хатуу ширүүн хандаж байгаагүй. Нүүдэлчдийн соёл иргэншил байгаль эхтэйгээ дээд зэргээр зохицож амьдрах ухаанаар нэвтэрхий байсан бөгөөд тэд эхдээ ханддаг үрийн хандлага, талархах сэтгэлээр түүнд хандсаар ирсэн билээ. Тиймээс ч нүүдэлчдийн оюун ухаан, үзэл, үйлдэл, ажил хөдөлмөр, аж ахуй, амьдралын хэвшил, ёс заншил бүхэн гүн гүнзгий бодол ухаарлыг шингээсэн онцгой шинж чанартай байдаг. Тиймээс ч соёл иргэншил нь хоёр хэмжээст шүтсэн муйхар хар хүчинд бус гурван хэмжээст оюун ухааны хүчинд шүтсэн мөн чанарын агуулгатай байдаг. Өөрөөр хэлбэл ертөнцийн “жам” хууль, байгаль орчин, хорвоогийн юмс үзэгдлийн мөн чанарыг олж ухаарах Монголчуудын ухаарал “ертөнцийн гурав” хэмээх сэтгэлгээ, гүн ухаанаас иштэй билээ.

     Угтаа бол манай дэлхий гурван хэмжээст ертөнц болохоос бус өрнөдийнхний сэтгэдэг шиг хоёр хэмжээст ертөнц биш юм. Өрнөдийнхний баримталдаг хоёр хэмжээст сэтгэлгээ байгаль эхтэй харилцах харилцаандаа зарчим болгосон хандлагаас хамгийн тод харагддаг гэж хэлж болно. Тэд дэлхий ертөнцийг ханган нийлүүлэгч “боол”, харин өөрсдийгөө “хаан”, эсвэл байгаль эхийг маань хүнд дайсагнасан орчин гэж тодорхойлоод түүнээс юу дуртайгаа булааж авч байх ёстой гэсэн сэтгэлгээг бий болгосон. Энэ нь үнэндээ “ялна, ялагдана” гэсэн хоёрхон хэмжээст явцуу сэтгэлгээ юм. Түүнд “зохицон амьдрана” гэдэг гурав дахь сэтгэлгээний хэм хэмжээ байхгүй.

     Монгол түмэн мянга мянган жилийг туулан оршин тогтнож ирэхдээ дэлхий ертөнцөө өөрөө өөрийгөө зохицуулдаг амьд ертөнц гэдгийг оюун ухааны дүгнэлтийн хүчээрээ аль эрт ойлгож, түүний юм бүхэнд амьтай мэтээр уян зөөлөн хандаж, байгаль эхдээ хэрээс хэтэрсэн хэрэгцээ тулгаж, дайрч давшлалгүй ариун сэтгэхүй, сайхан санаа, уужуу бодолтой амьдрах ухаарлыг олж авч чадсан юм. Энэ ухааны гол үзэл санаа нь дотор нь оршин тогтнож буй байгаль орчноо устгах ажлыг хийгээд байвал өөрийн гараар өөрийгөө устгасан хэрэг болно гэсэн ухаалаг, хамгийн зөв ухаарал байсан билээ. Энэ бол оюунт амьтны хүрч болох ухаарлын дээд ухаарал, оюун санааны гайхамшигт ололт байснаас тэдний соёлыг оюуны соёл иргэншил гэхээс өөрөөр томъёолох аргагүй. Тиймээс энэ соёлоос алтан баталгаатай цаасан мөнгө, тив холбосон чөлөөт худалдааны сэтгэлгээ, дипломат элч төлөөлөгчдийн амь нас, эд агуурс, захидал бичгийг халдашгүй дархан болгосон гэрэгэ, цөөнөөр олныг ялан дийлэх цэргийн урлаг, нүсэр том төрийг удирдах аргачлал, оньсон техникийн дэвшил зэрэг оюуны ололтууд ундран гарч ирсэн билээ.

           Нүүдлийн мал аж ахуй бол хамгийн

эрчимт аж ахуй мөн

 

     Хүн, мал хоёрын хоорондын харилцаа бол хүн төрөлхтөний язгуур, тулгуур соёл юм. Өөрөөр хэлбэл хүн зэрлэг амьтныг гаршуулж, мал аж ахуйг үүсгэснээр хүмүүн төрөлхтөний амьдралд гайхамшигтай дэвшил гарсан билээ. Ялангуяа нүүдэлчдийн өвөг дээдэс адгуус амьтаныг байгалиас заяасан аяг занг нь эвдэхүйгээр гаршуулж ашиглах аргачлал боловсруулан гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл малаа тусгай орон байр бариулаад амьдардаггүй, тэгсэн мөртлөө эзэн хүнээсээ цугтаад явчихдаггүй тэр аяг зангийн зааг дээр барьж байх арга ухааныг тэд сийлж чадсан юм. Энэ бол яах аргагүй оюуны нүсэр хөдөлмөрийн хүчээр боссон оюун ухааны ялалт байсан билээ. Үүний хүчээр нүүдлийн мал аж ахуйгаас гарч буй бүтээгдэхүүн хямд төсөр, олон төрөл зүйлтэй болсон юм. Тиймээс нүүдлийн мал аж ахуйд оюуны хөдөлмөрт давамгайлсан шинж чанартай байдаг. Тухайлбал нүүдэлчид малынхаа ааш араншингаар тэнгэрийн зан, дэлхийн байдлыг шинжин ойлгох оюун чадварыг бий болгосон. Тэд нутаг орныхоо ургамал, амьтны аймаг, ус хужир, эрдэс бодисыг ажиглан судалж, жилийн дөрвөн улиралд ямар малыг ямар газарт адгуулж маллахад зохистойг ялган тогтоож түүндээ тохируулан бэлчээрийг ашиглах хуваарь зохион боловсруулж, «нүүдэллэхүй» хэмээх аж ахуйн аргачлалыг, үйлдвэрлэлийн бие даасан технологийг гарган ирсэн.

     Ер нь Монголчууд нүүдэл суудал гэдгээ «ус урсах тусмаа тунгалагжиж, тогтох тусмаа бохирддог» хэмээх ойлголттой нягт холбон ухаарч ус хужир, өвс ургамал тэгширсэн бэлчээр нутгийн сайныг сонгох, байнгын хөдөлгөөнийг эрхэмлэж ирсэн. Үүний үрээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн мянга мянган жилийн туршид Монголын газар шороо хөрсний эвдрэлд ороогүй билээ. Өнгөрсөн зууны 60-аад онд зөвлөлтийн эрдэмтэд Монгол орон дахь хөрсний эвдрэлийг судлахаар ирээд эвдрэлд орсон газар олохгүй болохоороо мал усалдаг худагны эргэн тойрон төдийг харж, үзэж байгаад буцсан гэдэг.

     Малчид нар, сарны хиртэлт, гуравлалт, хүрээлэлт, сэвхдэлт, салхины хүч, зүг чиг, үүлсийн өнгө, байршил, зузаан нимгэн, дүрс хэлбэр, нүүлтийнх нь удаан түргэн, өндөр нам болон хаялж буй хялмаа бударганых нь байдлаар ойрын өдрүүдийнхээ халуун, хүйтэн, өвөл хаврынхаа цас, зуд, зун намрынхаа хур бороо, тэр ч байтугай үйл явдлын хувь заяаг ч шинжин мэдэж амьдрал, ахуйгаа хөтөлдөг байсан. Цаашлаад цас бороо, хур тунадасны уналт, хужир шүүний ургалт, ус ургамлын тэгширэлт, нутаг нугын нөмөр нөөлгөөр бэлчээрээ сонгон нүүдэллэж, мөн тарвага зурамны ичэлт, нүүдлийн шувуудын буцалт, ирэлт, нисэлт болон оготно, хулганы хөеө хураалт, шогширолт, хачиг хувалзаны уналт, царцаа дэвхрэгний олширолтоор хүртэл дөрвөн улирлаа шинжин тэнгэрээ уншдаг байсан билээ. Тэдний цаг агаарыг мэдрэх мэдрэмж ер бусын онцгой байдаг. Угтаа тэдний амьдралын хэв маяг нь бусдад тайлж уншихийн аргагүй мэт байгаль дэлхийг ойлгож мэддэг өндөр түвшиний өвөрмөц мэдлэгт тулгуурласан байдаг. Нүүдэлчдийн тэрхүү их оюуны далайгаас суурин иргэд харанхуй бүдүүлгийн хар гайгаар өдий болтол хүртэж чадаагүй нь нэн харамсалтай.

     Малчны хөдөлмөр бол зөвхөн мал бэлчээх, хариулах, хотлуулах төдий бүдүүн тоймын ажил бус таван хошуу мал тус бүрийг бэлчээр, улирал, цаг агаарын янз бүрийн нөхцөлд тохируулан маллах нь тус бүрдээ ялгаатай, маш нарийн мэргэжлийн гэмээр ажил байдаг. Хэн нэгэн малчин ардтай тухтайхан шиг сууж ярилцаад үзэхэд асар олон талын мэдлэгтэй нь мэдрэгддэг. Тэд бол дээд зэргийн малын эмч, дээд зэргийн селекторч, дээд зэргийн цаг уурч, дээд зэргийн геологич, дээд зэргийн зоотехникч, дээд зэргийн агнуурын мэргэжилтэн билээ. Тэдний ярианаас олон ургамлын эмчлэх чанар, хэдэн арван эрдэс чулуулгийн анагаах чадлыг тайлбарлан хэлж өгч чадахыг нь эрхбиш ойлгоно оо. Тэд тэнгэрийн байдлаар өдрийн цаг уурыг төдийгүй долоо хоног, сар, улирлын цаг уурын байдлыг, жилийн уур амьсгалын өнгийг урьдчилан хэлж өгч чадна. Зарим настайчуултай нь хамт явж ахууд газар газрын өнгөөр тэнд жилийн дөрвөн улиралд ямархуу уур амьсгалтай байдгийг нь тоочин хэлж, мөн түүгээр өмнөхөн нь ямар амьтан, ямар хүмүүс явж өнгөрсөнийг ч хэлж өгч хамт яваа өөр соёл иргэншлийн хүнээ алмайруулж ч магадгүй ээ. Энэ бол нүүдэлч хүний ажигч гярхай зан, харааны хурц ой, байгалийн талаарх гүнзгий мэдлэгийг харуулж буй зүйл юм. Өөрөөр хэлбэл дээр хэлсэн дээр нь нэмэхэд тэд өнөө цагийн ойлголтоор байгалийн шинжээч, цаг уурч, одон оронч, ургамал судлаач, амьтан судлаач, малын эмч, мал зүйч, хүнсний (мах, цагаан идээний) үйлдвэрлэлийн технологич, арьс шир, ноос ноолууран эдлэлийн химич, технологчийн мэргэжлийг хамтатган эзэмшигч гэмээр байдаг. Ийм универсаль мөртлөө гүн гүнзгий мэдлэгийг суурин соёлын аж ахуйн аль нь ч өгч чадахгүй гэж баттай хэлж болно.

     Монголчууд зэрлэг ан амьтны ороо орох цагийг харж малаа хээлтүүлэгт оруулдаг, тэр ч байтугай тэдний аяг занг харж аюул, байгалийн гамшиг дайрах газраас зайлж чаддаг байв. Тиймээс ч малчин ард байгаль, эд юмсын алив үзэгдэл, хөгжил хувьслын үйл явц, мөн чанарыг ухааран ойлгох төрөлхийн гэмээр өндөр чадвар, хүүхэд ахуйгаас нь төлөвшүүлж өгсөн амьдралын өргөн цараатай мэдлэг, тэсвэр тэвчээр, хатуужилтай байдаг. Өөрөөр хэлбэл малчин ардын хүнд хүчир хөдөлмөр тэднийг өөрийнхөө хүчинд итгэх итгэлийг бий болгодог.

     Нүүдэлчид сайн мал сүргээ хүндэтгэн дээдэлж, хайрлан хамгаалж, үр удмыг нь дээдлэн эрхэмлэдэг. Тиймээс малаа сэтэрлэх Монголчуудын ёс бол энэрэнгүй сэтгэл болоод амьтдыг төдийгүй, байгалийг ойлгох ухамсарын дээд биелэл гэлтэй байдаг. Малчид мал сүргийнхээ  ая эвийг гайхалтай олж чаддаг. Тэр ажиллагааны нэг нь янз бүрийн дуу авианы эрдмээр малаа дуудаж харилцдаг Монголчуудын бас нэгэн дэд соёл буюу малтайгаа тусгай хэлээр ярьж нөлөөлж чаддаг чадвар юм. Монгол малчны мал маллагааны арга ухааны нэгэн гайхамшиг бол ая дууны эгшгээр малын дотоод сэтгэлийг уяраан эзэмдэж чаддаг чадвар юм1. Малчны хотонд хаврын цагаар «малаа аргадах» бүсгүй хүний уянгалаг уяруун дуу сонсогддог нь Монгол ахуйн нэгэн өвөрмөц төрх билээ.

1Малдаа дуу дуулж өгдөг, малаа дуу хөгжмөөр аргадан тайтгаруулдаг үндэстэн дэлхий дээр нэг л байдаг нь Монголчууд гэж… гайхаж явдаг (Ш.Сүхбат. Монголчуудын сурган хүмүүжүүлэх өв уламжлал. УБ. 2009. 94 дэх тал)

     Төлөө голсон юмуу, эх нь үрэгдсэн тохиолдолд голсон төлийг нь авахуулах, өнчирсөн төлийг өөр эхэд авахуулахаар дуулах дууг ингэний хувьд бол хөөслөх, хонины хувьд тойглох, ямааны хувьд зүзүүлэх, үнээг өөвлөх, гүүг гуруйлах, гүргийлэх дуу гэдэг. Эдгээр нь өөр өөрийн хэмээсэн тусгай ая дан, үгтэй байдаг.

     Ингэнд ботго амлуулах аялгууг морин хуурын аялгуунд дуулахад ингэ маш уян сэтгэлтэй амьтан учраас асгартал уйлдаг билээ. Бас төлгөн хонины уураг нялх хурганд хортой тул хургыг нь өөр бүдүүн эм хонинд амлуулдаг байв. Тэгэх үед буюу хургыг өөр эхэд амлуулах үе, хонь хургаа голсон тохиолдолд бас л малчин бүсгүй хонины хэлээр «тойглож» дуулдаг. Энэ бүхэн нь нялх төлийг өнчрүүлэхгүйн төлөө хүчин чармайлт тавьдаг Монгол хүний уудам сайхан сэтгэлийн нэгэн илрэл юм.

     Бидний өвөг дээдсийн цогцлоон босгосон Төгс шинжихүйн ухааны нууц гүн ухаанд «мал адгуус, ургамалтай, нэн ялангуяа цэцэгтэй ярьж болдог, мөн эд юмстай ярьж, тэдгээрийг ач буянтай туяа гэрлээр дүүргэж болдог» гэж номносон нь малчин ардын амьдрал ахуйд гүнээ нэвтрэн орж хэвшсэн байдаг. Мал адгуустай, мөн ургамал, эд юмстай ярьж, тэдгээрийг ач буянтай амин орноор (аураар) дүүргэж болдогийн тод нотолгоо нь малчны хөдөлмөр гэдэг бол оюун ухааны ажил юм. Малчин эр хүний биеийн хөдөлмөрт тооцогдох адуу маллах, манах, мал оторлох зэрэг ажил нь өдөрт             18-20 цаг үргэлжилдэг бол, харин эмэгтэйчүүд өдөр бүр үүр шөнийн 5 цагтай уралдан босож хонь, үнээгээ саахаас (айрагны улиралд гүүгээ 2 цаг тутамд саах ажил бас нэмэгддэг) эхлүүлээд бусад ажлаа шөнийн 23-01 цаг хүртэл 15-18 цаг хөдөлмөрлөж амжуулдаг. Үүнийг хөдөө очиж хажууд нь хэд хонож үзсэн гадаадын бүсгүйчүүд гайхахын ихээр гайхаж, биширсэн сэтгэл, сэтгэгдлээ олон сонин сэтгүүлд бичсэн байдаг. Хөдөөгийн малчин айл өрх бүхэнд үйлдвэрлэл явж байдаг бөгөөд одоо дэлхийн аль ч улсын үйлдвэрт ийм олон цагаар ажилладаг ажилчид байхгүй гэдгийг хүн бүр мэдэх биз ээ. Тиймээс өөрсдийгөө төвийлгөх гэсэн өрнөдийнхний юуг ч ойлгоогүй ухвар мөчид чалчаа яриа, үндэслэл муутай ухуулгыг аялдан дагалдаж хэл амаараа дэмжих нь эсвэл мэдлэг муутайнх, эсвэл оюуны залхууралд орж, аливааг ялгаж салгаж чадах чадвараа алдсаны, эсвэл бусдын үгээр үг хийж дуулиан хөөцөлдөх дон туссаны шинж юм.

     Аливаа зүйлийн нарийн учир, далд ужгийг ухаарч ойлгоогүй атлаа аливааг шүүмжлэх гэж оролдох нь өөрийгөө буруутгахын эх үүсвэрийг тавьж өгдөг. Ер нь шүүмжлэх гэдэг оюунт хүний хийж чаддаг ажлын хамгийн хялбар ажил байдаг. Тийм учраас шүүмжлэл хоёр янз байдаг. Нэг нь өнгөний өөг харж шүүмжлэхийн тулд шүүмжлэх, нөгөө нь цаад нарийн учир начрыг нь гүн гүнзгий судалж ойлгож аваад алдаа эндэлийг засаж залруулж, сайн сайхан болгохын тулд шүүмжлэх шүүмжлэл юм. Эхнийх нь алдаа эндэлийг засаж залруулах ямар ч арга чарга, санаа бодол дэвшүүлээгүй атлаа хоосон цэцэрхсэн шинж чанартай байдаг. Хоёр дахь нь алдаа эндэл чухам юунаас болж буйг нарийн зааж, засаж залруулах арга зам, аргачлалыг шинжлэх ухааны үндэстэй гарган тавьж өгсөн нь онцлогтой байдаг. Мөн түүнчлэнгээр энэ хоёр шүүмжлэлийн арга барилаар оролдогсод ч өмнөө тавьж удирдлага болгосон хүсэл мөрөөдөлтэй байдаг. Нэгдүгээрхийг баримтлагч этгээдүүд нь өөрийгөө цэцэн мэргэн лут хүн болгож харагдуулах хийрхүү санаа өвөрлөсөн байдаг. Хоёрдахийг нь баримтлагчид нь юм хийе, үйлс бүтээе, эх орон, элгэн түмэндээ зүтгэе гэсэн гүн гүнзгий санаа өвөрлөсөн байдаг. Тиймээс энэ хоёрын нэг нь бүхнээс өө сэв эрж явдаг шиншээч шиг, нөгөө нь сайн сайханд хүргэх мөр замыг эрэгч шиг зан авиртай байдаг.

  Эцэст хэлэхэд

Нүүдэлчдийн мал аж ахуй нь малын амьсгалаас бусдыг ашигладаг хаягдалгүй технологитой аж ахуй юм. Энэхүү технологи нь байгаль орчинд хор хөнөөлгүй байх зарчмыг дээд зэргээр удирдлага болгодог нүүдэлчдийн аж ахуйгаа эрхлэх арга барилаас урган гарсан үйлдвэрлэлийн аргачлал мөн гэж хэлж болно. Монгол хүн Монгол гэртээ 100 гаруй төрлийн жижиг үйлдвэрлэл явуулдаг. “Төр сайтын засаг сайн” гэдгээр иргэдийнхээ хувийн амьдрал, аж ахуйн үйл ажиллагаанд засаг нь дээрээс хэт хутгалдаж оролцоод байдаггүй байснаас “өрх бүр үйлдвэрлэгч” гэдэг зарчим Монголчуудын амьдралд төгс хэрэгждэг байсан. Хоол хүнсээ өөрөө өөрийнхөө гараараа бэлдэж хангана гэдэг хамгийн бат найдвартай зүйл билээ. Хүн өөрөө хэрэглэх гэж байгаа учраас өөртөө хор болох хүнсийг үйлдвэрлэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Хүнсний аюулгүй байдлын энэхүү хамгийн баталгаатай зарчмыг бидний өвөг дээдэс эртнээс баримталж, айл бүр хүнсээ өөрсдийнхөө гараар бэлтгэх нөхцлийг бүрдүүлж өгсөн билээ.

     Өрнөдийн суурьшмал мал аж ахуйн өсгөж үржүүлдэг мал бол жинхэнэ утгаараа гэрийн тэжээвэр амьтад юм. Тэд малдаа тусгай байр орон барьж өгч оруулаад хөдөлгөөнийг нь хязгаарлаж, химийн хольцтой тэжээлээр тэжээж байдгаас гадна харьцангуй саяхнаас эхлэн тэднийгээ генийн өөрчлөлтөөр бие махбодийг нь өөрчилдөг болжээ. Химийн хүчиллэг тэжээлээр тэжээж байсан үхэр мал галзуу өвчин тусаж, хүнд халдаах аюул тарьж байсан шиг генийн өөрчлөлттэй малын мах хүний биед ороод генид нь аажим аажмаар нөлөөлөхгүй гэсэн баттай баталгаа хаанаас ч олдохгүй.

     Хөл дээрээ босож ч чаддаггүй, үргэлж хэвтэж байдаг английн талийн цагаан гахай, бөгсөн биеийг нь хэт томруулж хэлбэр галбир муутай болгосноос арай ядан хөл гишгэдэг үхрийн мах, генийн өөрчлөлттэй жимс, ногоог хүнсэндээ хэрэглэдэг болсон өрнөдийнхнөөс англичууд дээр хийсэн судалгаанаас үзэхэд тэдний 20 хувь нь хорт хавдрын эх үүсвэртэй байна гэсэн тоо гарсан. Энэ хувь 20 жилийн дараа 40 хувьд, дахиад 20 жилийн дараа гэхэд 60 хувьд хүрнэ гэсэн аймшигтай тооцоо гараад байгаа билээ. Хүнсний том том үйлдвэрүүд ашиг орлогын хойноос улайран хөөцөлдөж, олны нүднээс далдуур ямар гээчийн аюултай хүнсийг үйлдвэрлэж хэрэглэгчид нийлүүлж байгаа нь тодорхойгүй байна. Ямар ч байсан тэдний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дотор химийн бодис ороогүй нэг ч бүтээгдэхүүн байхгүй гэдэг л ойлгомжтой байна.

     Тун удахгүй гялгар хүүдийг боловсруулж, хүнсний бүх зүйлийг гаргаж авдаг хөгжлийн түвшинд хүрэх гэж байгаа бололтой. Тийм хүнсийг хэрэглэдэг болсон хүмүүс хөдөлж явахдаа гялгар хүүдий шигээ шажигнадаг болно гэж зарим нь үзэж байгааг дурдахад ч аймшигтай.

     Ямар ч атугай ийм ирээдүйгээс айсан өрнөдийнхний зарим хэсэг эргээд эх байгальдаа ойртъё, натурализмдаа эргэж оръё гэсэн уриа дэвшүүлдэг болсон ч тэдний улс орнуудад онгон байгальтай нэг ч газар нутаг байхгүй болчихсон гачлан нүүрлээд байгаа билээ. Тиймээс тэдэнд онгон байгалийг ойлгох чадвар олж авахад тодорхой хэмжээний бэрхшээл байгаа билээ. Гэсэн ч ямартай ч ийм замаар замнаж, шинэ соёлд хүрэх хүсэлтэй хүмүүс Америкийн хүн амын 10 хувь буюу 40 саяд хүрээд байгаа судалгаа бий.

     Нүүдлийн мал аж ахуйн эрчимтэй шинж чанарыг нотлон харуулдаг бас нэг тал нь байгалийн догшин үзэгдэлд орон нутаг нь өртсөн тохиолдолд аюулын голомтоос өөрсдийнхөө хөлөөр зугтааж, амь гарч чадах чадварт нь бас оршиж байдаг. Аюул өнгөрсөн хойно эзэн хүн нь малаа цуглуулаад авахад ямарваа нэгэн хөрөнгө оруулах шаардлагагүй аж ахуй босоод ирнэ. Гэтэл өрнөдийн маягийн мал аж ахуйн мал нь хөл дээрээ чадан ядан зосдог, хэвтэж байдаг нь бүү хэл химийн хүчиллэг тэжээл идсээр эргүүтсэн шинжтэй болснууд нь ч хоосон айж мөөрөлдсөөр байр байрандаа үхэж үрэгдэнэ. Тиймээс тийм аж ахуйг дахин сэргээж авахад асар их хөрөнгө мөнгө шаардагдах нь ойлгомжтой. Иймийн учир гүн гүнзгий бодож чаддаг л бол нүүдлийн мал аж ахуйг зэрлэг маягийн аж ахуй гэж хэрхэвч хэлж болмооргүй ажээ. Байгаль эх маань 200-300 килограммын жинтэй үхрийг бий болгосноос бус 600-800 килограммын жинтэй үхрийг бий болгоогүй гэх мэтчилэнг хэн хүнгүй санаж явах ёстой.

Ж.Бор

Д.Баатар

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …