Мэдээж хүн бүр гэгээнтэн, эсвэл бодьсадва биш. Энэ бол үнэхээр үнэн. Хүн бүр ямар нэг төвшинд будилсан, буруу ойлголттой байдаг. Ийм учраас бид сөрөг сэтгэлийн хөдлөлүүдийнхээ нөлөөнд орж үйлдлүүдийг хийдэг. Жишээлбэл, хэрэв би ертөнцийн төв, хамгийн чухал хүн гэж бодож байвал үүнийг санаа зовох байдал дагалддаг, тийм биз дээ? Энэ үед “Би хамгийн чухал хүн байх ёстой гэвч хүмүүс надад үргэлж тэгж хандахгүй байна” гэж санаа зовж эхэлдэг. Ингэж санаа зовох байдал үүсдэг.
Санаа зовсон үед, биднийг санаа зовох зүйлгүй болгох ямар стратегиудыг бид хэрэглэж болох вэ? Нэг стратеги нь дараах байдлаар байж болно: “Хэрэв надад ердөө хангалттай зүйл байвал, яаж ийгээд тэр намайг санаа зовох зүйлгүй болгоно. Хэрэв надад хангалттай мөнгө эсвэл хангалттай анхаарал эсвэл хангалттай хайр байвал би аз жаргалтай болно.” Гэвч бидний туулж үзсэнчлэн ийм төрлийн аз жаргалын мөн чанар нь – тэр жаргал бидэнд хангалттай хэзээ ч байдаггүй, тэр жаргалд бид хэзээ ч сэтгэл ханадаггүй, тэр жаргалыг улам илүү их авахыг бид үргэлж хүсдэг, ийм л байдаг.
Энэ тухай сайтар бод. Ойлгомжтой байх болно. Бид үнэхээр бидний хайртай хүн бидэнд “Би чамд хайртай” гэж нэг л удаа хэлэхийг хүсдэг үү? Хэрэв тэд түүнийг нэг л удаа хэлвэл тэр нь хангалттай болж, тэд дахин хэлэх шаардлагагүй байдаг уу? Бид үүнд хэзээ ч найддаггүй. Бид үргэлж түүнийг дахин дахин сонсохыг хүсдэг, тийм биз дээ? “Цаашид дахин хэлэх шаардлагагүй. Би үүнийг мэднэ” гэж хэлэх төвшинд бид хэзээ ч хүрдэггүй. Юманд шунах тухай ярих үед бид зөвхөн материаллаг зүйл, мөнгөнд шунах тухай ойлгодоггүй. Бид бас хайранд, мөн бидний ихэнх нь анхааралд онцгой их шунадаг. Бид үүнийг бага хүүхдүүдээс хардаг. Энэ бүхэн нь нийтлэг тохиолддог үйл явцуудын нэг. Хэрэв бидэнд хангалттай зүйл байвал тэр нь биднийг санаа зовох зүйлгүй болгоно. Гэвч хүссэн үр дүн гардаггүй.
Дараагийн нэг нийтлэг тохиолддог үйл явц нь уур, эгдүүцэл. Хэрэв асуудал үүсгэнэ гэж бодсон зүйлээ зайлуулж чадвал бид санаа зовох зүйлгүй болно. Гэвч бид хэзээ ч түгшүүргүй байж чаддаггүй. Бид үргэлж эмээсэн байдаг. Хэн нэгэн ямар нэг бидний хүсээгүй зүйл хийх вий гэж болгоомжилж байдаг. Тэгээд бид хөөж, уурладаг. Заримдаа энэ нь өөрт маш хэцүү байдаг. Жишээлбэл, нөгөө хүн маань бидэнд хангалттай анхаарал тавихгүй байна, хангалттай цаг зарцуулахгүй байна гэж бодохоороо тэдэн рүү хашигчдаг. Бидний харилцааны тухай би бодож байна л даа. Бид уурлаж “Чи надад илүү их анхаарал тавих ёстой! Чи надтай илүү их цагийг өнгөрүүлэх ёстой!” гэж хашгирах гэх мэт. Үүний үр дүн нь юу вэ? Ихэвчлэн тэд улам цааш холддог. Эсвэл бидэнд тал засаж хэсэг хугацаанд хамт байдаг ч тэд үүнд таатай байхгүй байгааг бид мэддэг. Хэн нэгэнд уурласнаар бидэнд тэд илүү дуртай байх болно гэж бид яаж бодож чадаж байна вэ? Үнэхээр байж боломгүй биз дээ? Биднийг санаа зовох зүйлгүй болгоно гэж найдаж хийдэг эдгээр механизмуудын ихэнх нь үнэндээ асуудлуудыг улам муутгаж байдаг.
Бидний хийдэг өөр нэг арга ажиллагаа нь хана босгох явдал байдаг. Энэ нь хэрэв ямар нэг байдлаар асуудлыг авч хэрэгсэхгүй байвал байхгүй болно эсвэл өөрөө холдоно гэсэн бидний туршлагагүй, шийдвэр гаргах чадваргүй байдал дээр суурилдаг. “Энэ талаар сонсохыг хүсэхгүй байна” гэсэн ийм төрлийн хандлага гаргаж хана босгодог. Энэ шийдвэргүй байдал нь мэдээж бас хүссэн үр дүнд хүргэдэггүй. Ердөө үл ойшоож, хайхрахгүй өнгөрөөснөөр асуудлаас холддоггүй.
Эдгээр бүх тогтворгүй сэтгэлийн хөдлөлүүдийн нөлөөгөөр бид бүхий л түрэмгийлсэн үйлдлүүдийг хийдэг. Бид хашгирдаг. Бүр хэн нэгнийг цохидог. Хэрэв “Би ядарсан хүн, надад юу ч байхгүй” гэж санагдвал, надад тус болно гэж бодож хулгай хийж магадгүй. Жишээлбэл би Энэтхэгт нэлээн олон жил амьдарсан үеийнхээ тухай бодож байна л даа. Энэтхэг бол шавьжны эх орон – бидний мэдэх бүх төрлийн, үнэхээр олон шавьж байдаг. Тэгээд бүгдийг нь алах боломжгүй, дийлэх ямар ч арга байхгүй. Хамгийн ганц шийдэл нь тэдэнтэй хамт амьдарч сурах. Хэрэв өрөөнд чинь янз бүрийн шавьж байхад дургүй бол шумуулны тортой унтаж болно – өөрийн эргэн тойрондоо тортой, хамгаалалттай хэсэгт. Энэ бол өрөөндөө байгаа алаад дуусахгүй шумуулнуудыг агнахаар шөнөжин унтахгүй байхаас дээр юм. Хаалганы доогуур үргэлж л зай гарсан байдаг эсвэл цонх сайн хаагддаггүйгээс болж шумуул байсаар байна. Гэвч бидний байж ядсан түрэмгийлсэн “Би заавал тэднээс салах ёстой!” гэсэн сэтгэл барьж болохгүйгээр хөдөлдөг.
Түрэмгийлсэн, хор уршигтай олон өөр зан байдал байдаг. Худал хэлэх, хатуу ширүүн үг хэлэх, эхнэр нөхрөө араар тавих, хүчин хийх – ийм үйлдлүүд байдаг. Түрэмгийлэх байдлаар хандах нь бусдад төдийгүй ялангуяа бидэнд зовлон авчирдаг. Энэ үүднээс Бурхны шашин нь амьтны амь таслахгүй байх тухай маш хүчтэй ярьдаг, тийм биз? Тэгвэл жишээлбэл, шумуул гэх мэт өөрийн дургүй амьтнаа алах зуршилтай байх юм бол энэ нь бидний хамгийн эхний автомат хариу үйлдэл болно, тэгнэ биз дээ? Энэ нь зөвхөн амьтны амь таслахын тухайд биш юм. Бидний дургүй ямар нэг зүйл болоход тайван байдлаар шийдэж сурахаасаа илүү хэлээрээ, биеэрээ, дотоод сэтгэлдээ байж болно, шууд л ширүүн дориун ханддаг.
Зарим тохиолдолд мэдээж амьтан алахаас өөр аргагүй болж магадгүй. Жишээ нь газар тариаланд хортой, халдварт өвчин тараадаг гэх мэт шавьжнууд байж болно. Бурхны шашин бол хэт мугуйд шүтлэг биш. Энэ тал дээр бодит байдлаас хөндий, мухардмал байдлаар хандахгүй байх хэрэгтэй. Гэвч “Би эдгээр хумхаа өвчин тээгч шумуулнуудыг үзэн ядаж байна!” гэх мэт байдлаар уур хорсолтойгоор хандахгүй байхыг хичээгээрэй. Тэгээд аливаа гарах сөрөг үр дүнгийн талаар бас мэдлэг, туршлагагүй байж болохгүй. Жишээлбэл, шавьж устгах зорилгоор хорыг бүх жимс, ногооны талбайд хэрэглээд тэгээд бид түүнийгээ идвэл энэ нь бас өвчин үүсгэж болно. Тэгэхээр сөрөг нөлөө бас байдаг. Ингээд энэ бүхэн нь бидний үндсэн сэдэв – бидний арга болох сахилга бат, төвлөрөх чадвар болон асрал, энэрэл нигүүлслээр тэлсэн билэг ухаан руу чиглэж байна.
Александер Берзин
Хамбург хот, ОХУ улс