П.Оюун-Эрдэнэ: Хонгорзул дүрийнхээ ногоон дээлийг одоо ч хадгалсаар байгаа

“Өглөөний зочин” ярилцлагын буландаа 16 жилийн өмнө “Жинжиймаа” уран сайхны кинонд Хонгорзул охины бага насны дүрийг бүтээж байсан П.Оюун-Эрдэнийг урьж, ярилцлаа. Тэрээр Соёл Урлагийн Их сургууль жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа юм байна.

-Сайн уу Хонгорзулаа, ямар том болоо вэ. Өхөөрдөөд киноных нь нэрээр дуудчихлаа. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Пүрэв-Очирын Оюун-Эрдэнэ гэдэг. Соёл Урлагийн Их сургуулийн жүжигчний төгсөх ангийн оюутан.

“Яг мөн байна. Адилхан байна” гээд хоорондоо яриад байсан

Найруулагч О.Машбатын “Жинжиймаа” кинонд Хонгорзул охины бага насны дүрийг бүтээж байсан. Хэдэн настай даа уг кинонд дүр бүтээсэн бэ. Хэрхэн зураг авахуулж байв. Тэр үеэсээ эргэн дурсахгүй юу?

-Таван настай байхдаа “Жинжиймаа” УСК-нд Хонгорзул охины бага насны дүрийг бүтээсэн. Одоогооc 16 жилийн өмнө юм байна. Баянзүрх дүүргийн 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байсан юм. Нэг удаа аав, ээж хоёр ирдэггүй. Нэлээн оройтчихсон. Хоёр багштайгаа ганцаараа үлдчихсэн тоглоод сууж байсан юм. Тэгсэн гаднаас хоёр хүн орж ирсэн нь найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нар байсан. Тэгээд надаас юм асуугаад “Яг мөн байна. Адилхан байна” гээд хоорондоо яриад байсан юм. Н.Батцэцэг эгч “эгч рүүгээ хайрласан, харцаар энэ ах руугаа муухай хардаа” гэсэн. Бодвол Н.Батцэцэг эгч рүү хайрлаж, О.Машбат ах руу муухай харсан юм шиг байна лээ.

Н.Батцэцэг эгч тэр өдөржин надтай адил охиныг хайсан юм билээ. Тэгээд цэцэрлэг тарчихсан хойно манай хажуугаар явж байгаад орж иртэл би ганцаараа тоглож байсан юм. Хайсан хүүхдээ олж магадгүй гэж л хоорондоо ярилцсан гэсэн. Тэгээд л намайг сонгож, маргааш нь Сэлэнгийн Шаамарт өвлийн зураг авалтанд орж байсан юм.

-Хонгорзул охин ээжийнхээ араас дагаад уйлдаг хэсэг одоо ч зүрх урах шиг болдог. Ер нь Жинжиймаа үзэгчдийн сэтгэлийн хөдөлгөж чадсан сайн уран бүтээл шүү. Харин тавхан настай охин тэр уйлдаг хэсгийн зургуудыг хэрхэн авахуулж байв?

-Энэ хэсгийг хүмүүс надаас их асуудаг. Чамайг уйл гээд загнасаар байгаад уйлуулсан уу гэж. Тэр үед Н.Батцэцэг эгчтэй олон хоног хамт байсан учраас дасчихсан байсан. Тэгээд Н.Батцэцэг эгч гэнэт “Би хот руу явлаа. Чи эндээ үлд” гэж хэлсэн. Тэгээд л би “битгий яв л даа” гээд араас дагаж уйлсан. Тэр үед л зураг авч байсан юм билээ. Ганц удаагийн уйлалтаар минь зураг авсан гэж ээжид хэлсэн байсан.

…ихэр татаж уйлаад та нар намайг яасан их зовоосон юм бэ гэж хэлсэн

-Мундаг жүжигчин чамайг яаж уйлуулахаа мэдсэн байна. Гэвч тавхан настай охин тэр олон өдөр кино зураг авахуулна гэдэг хүнд шүү дээ. Кино багийнхан чамтай хэрхэн ажилласан бол?

– Зураг авалтын эхний өдрүүдэд би их сэргэлэн байсан гэсэн. Зарим жүжигчдийн үгийг цээжилчихсэн “Ингэж хэл л дээ, тэгэж хэл л дээ” гээд л. Ихэвчлэн шөнө зураг авдаг байсан. Нойр дутуу яваад ядарсан юм уу “Ээж ээ би кинонд тогломооргүй байна. Жүжигчин болохгүй. Хоёулаа гэртээ харья” гэж хэлээд кино багийнхныг сандаргаж байсан удаатай. Хонгорзул охин унтаж байхад лаа унаад гэр нь шатдаг хэсэг байдаг даа. Тэр хэсгийн зургийг намайг ядарчихсан нам унтаж байхад авчихсан юм билээ. Унтаж байхдаа хүртэл кинонд тоглосон юм гэж кино багийн ах эгч нар хошигнож байсан гэж дараа нь ярьдаг юм. /инээв/

-Дараа нь том болсон хойноо “Жинжиймаа” киног үзэхэд чамд ямар санагдаж байв?

Киноны нээлтийн өдөр ихэр татаж уйлаад та нар намайг яасан их зовоосон юм бэ гэж хэлсэн гэсэн. Киногоо үзэх болгондоо л уйлчихаад байдаг юм. Хонгорзулын дүрийг бүтээхэд өмсөж байсан ногоон дээл, лоовуузан малгай, киноны нээлтийн өдөр өмссөн даашинз, Хүүхдийн ордны “Эрдэм алтан медаль” бүгд гэрийн авдарт хадгалаастай байгаа. Хүүхэдтэй болохоор өмсүүлнэ гэж боддог. Хааяа гаргаж ирээд үнэрлэхэд нэг л дотно сайхан байдаг юм.

-Ингэхэд П.Оюун-Эрдэнэ яагаад жүжигчин мэргэжлийг сонгож, суралцах болов. Жинжиймаагийн Хонгорзулын дүр энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн үү?

Ер нь багийн л урлагийн наадамд оролцдог, дуулж, бүжиглэх дуртай хүүхэд байсан. Түүн дээр кинонд тоглосон маань бас нөлөөлсөн л дөө. Дунд сургуульд байхад багш нар надад их хайртай, Хонгорзулаа гээд дууддаг байсан. Мөн “Жүжигчин болно” гэдэг байсан.

-Авьяас удамшдаг гэж ярьдаг. Танайд урлагийн мэргэжилтэй хүн бий юу. Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ?

-Манай гэр бүлийнхэн урлагт их хайртай. Гэхдээ урлагийн аль ч салбарт ажилладаггүй. Ээж маань Багшийн дээдийн хөгжмийн багшийн ангийн ангийг төгссөн. Гэхдээ мэргэжлээрээ ажилладаггүй.

-Жүжигчний мэргэжил эрсдэл их дагуулдаг. Эдийн засаг болоод хувь хүний талаас нэлээд нөөц боломжийг шаарддаг гэж боддог. Чамайг жүжигчин болно гэхэд гэрийнхэн нь хэр дэмжсэн бэ?

-Манай гэрийнхэн намайг их дэмждэг. Жүжгийн бэлтгэлээ хийгээд оройтох үе байна. Тэр үед хоол унд бэлтгээд аваад ирэх нь бий. Гэрийнхээ ажилд оролцож амжихгүй л яваад байна. Намайг дэмждэг та нартай хайртай шүү гээд энэ завшааныг ашиглаад хэлмээр байна.

-Жинжиймаа кинод аавын хайртай охины дүрийг бүтээсэн. Тэгвэл П.Оюун-Эрдэнэ амьдрал дээр аавын охин уу, ээжийн охин уу?

-Ээжийн охин. Бага байхад хүмүүс намайг аавтайгаа адилхан гэдэг байсан. Гэхдээ манай хоёр хоёулаа л алаг нүдтэй. Тэгэхээр хоёуланг нь дуурайж дээ гэж боддог.

-Одоо Хонгорзул охиныг түр орхиж, СУИС-ийн оюутан П.Оюун-Эрдэнийн шинэхэн уран бүтээлийн талаар яриагаа үргэлжлүүлмээр байна. А.Төгсбаярын “Хүн мод” гэх уран сайхны кино саяхан нээлтээ хийлээ. Энэхүү уран бүтээлд гол дүр бүтээсэн гэсэн. Киноныхоо талаар яриач?

-СУИС-ийн жүжигчний ангийнхан оюутан байх хугацаандаа кино уран бүтээлд багахан дүр бүтээх тохиолдол элбэг байдаг. Надад А.Төгсбаяр ахын хоёр ч кинонд дүр бүтээх боломж тохиосон юм. Өмнө нь “Эцсийн хүсэл” кинонд тоглосон. Ингээд өнгөрсөн зун Төгсөө ахын “Хүн мод” кинонд гол дүрийн Энэрэл гэх эмэгтэйн дүрийг бүтээлээ. “Эцсийн хүсэл” кинонд Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар гуайтай, “Хүн мод” кинонд Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай хамтран тоглох аз завшаан тохиосонд баярлаж явдаг.

Хайртай шүү гэдэг үгийг сонсоход л зүрх булиглаад хорвоо ертөнцийн хамгийн жаргалтай хүн болчихдог

-Жинжиймаагийн алаг нүдэн Хонгорзул одоо бие даасан эмэгтэй хүний, бүсгүй хүний шинж төрхийг илэрхийлсэн дүр бүтээдэг болсон байна. Хүн модын Энэрэлийн дүрийг бүтээхэд хүндрэл бэрхшээл тулгав уу?

-“Хүн мод” киноны гол дүрийн Энэрэл жирэмсэн болдог хэсэг гардаг. Жирэмсэн болсон хэсэг хүндрэлтэй байсан. Яагаад вэ гэвэл би жирэмсэн болж үзээгүй болохоор, жирэмсэн эмэгтэй хүний өвдөлтийг мэдрээгүй болохоор тэр хэсэг жаахан хүндрэлтэй санагдсан. Гэхдээ гайгүй. Кино багийн ах, эгч маань надад их зааж, зөвлөдөг.  Бас найруулагч А.Төгсбаяр ахын зохиол, үгнүүд уншихад их хүчтэй, хүний зүрхэнд хүрч чаддаг. Тиймээс надад дүрээ гаргахад тийм ч айхтар хүндрэл учраагүй.

Найз нөхөд, гэр бүлийнхэн маань “Хүн мод” киног үзчихээд “Баяр хүргэе. Сайн тоглосон байна” гэж урам өгсөн. Гэхдээ би өөрийнхөө бүтээсэн дүрийг үзээд жаахан чамласан. Цаашдаа улам хичээнэ гэж бодогдсон. Киноныхоо нээлтийг үзчихээд гарч ирэхэд Ардын Жүжигчин Д.Мэндбаяр гуай “Сайн дүр бүтээсэн байна. Ёстой  мундаг тоглосон  байна” гээд үнсэхэд өөрийн эрхгүй баярлаад нулимс унагачихсан. Тийм мундаг жүжигчин хүнээс  урмын үг сонсоод үнсүүлнэ гэдэг маш том шагнал шүү дээ. /инээв/

-Д.Мэндбаяр гуай гэснээс Ардын Жүжигчин П.Цэрэндагватай хоёр дахь уран бүтээл дээрээ хамтран ажилласан юм байна. Мөн дахин аав охин хоёрын дүрийг бүтээжээ. П.Цэрэндагва гуайн зүгээс тусламж, зөвлөгөө хэр ирж байв?

-Миний зураг авалтууд ихэвчлэн наадмын үеэр авагдсан. Харин тэр үед П.Цэрэндагва гуай завгүй байсан юм билээ. Тэгээд бид хоёр зураг авалтын үеэр огт тааралдаагүй. Дараа нь наймдугаар сард л хамт зурганд орсон доо. Дотно сайхан байдаг юм. Энэ мундаг хүмүүсийн хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээс үлгэр авч баймаар.

-Кино уран бүтээлд ажиллах бүрт хамтран тоглосон ахмад жүжигчдээсээ сурах мэдэх зүйлс их байдаг байх. Харин оюутны ширээнд суух үед чамд хэн мэргэжлийн хичээл орж, багшилж байгаа вэ?

Нэгдүгээр, хоёрдугаар курсэд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н. Ганхуяг багш маань хичээл ордог байсан. Харин одоо Ардын жүжигчин С.Сарантуяа багшаасаа суралцаж байна. Багш нараасаа их зүйл сурч байгаа. Удахгүй сурсан мэдсэн зүйлсээ дүгнүүлж, урлаг хэмээх том айлд хөл тавих гэж байна. Хичээж, зүтгэж байгаа.

С.Сарантуяа багш шигээ л мундаг жүжигчин болохыг хүсдэг. Манай ангийг дааж авснаасаа хойш бидэнд их зүйлийг зааж сургаж байна. “Хүн мод” кинонд тоглоход багшийн минь заасан зүйлс их хэрэг болсон шүү.

-П.Оюун-Эрдэнийн мөрөөдөл?

Жүжигчин мэргэжлийг сонгосон учраас энэ мэргэжлээрээ ажиллахыг хүсч байна. Мэдээж эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн кино урлагт хүчээ сорихыг хүсч, мөрөөддөг. Холливүүдэд нэрээ дуурсгасан мундаг жүжигчин болохыг хүсдэг.

Ийм хөөрхөн охин найз залуутай байлгүй. Хайрын тухай юу гэж боддог вэ?

– Найз залуу байгаа. Манай сургуулийн оюутан. Хайрын тухайд, манай кинонд “Амьдралд хайр байдагт их баярлалаа” гэдэг гоё үг байдаг. Тэгэхээр амьдралд хайр байхгүй бол цэлийсэн саарал өнгө л харагдана. Хайраар бид чинь зүрх сэтгэлээ усалж, дулаацдаг гэж ойлгодог. Найз залуутай болоод хайрыг илүү ихээр мэдэрч байна. Хайртай хүнээсээ хайр мэдрэх гэдэг асар их баяр баясгалан шүү дээ. Хайртай шүү гэдэг үгийг сонсоход л зүрх булиглаад хорвоо ертөнцийн хамгийн жаргалтай хүн болчихдог. Хүнийг хүндэлж, хайрлаж байвал эргээд өөрт нь аз жаргал авч ирдэг гэдэгт итгэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд өндрөөс өндөр амжилт хүсье. 

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …