Ван Ха Жигийн “Солиот эх” өгүүллэгийг Д.Болдбаатарын орчуулснаар хүргэж байна.
” … Хорин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал инээсээр тосгоны энэ тэрүүгээр тэнүүчлэн явсаар байлаа.
Тухайн үед манай аав гучин таван настай хэдий ч чулуу бэлтгэлийн ажилд зүтгэж явахдаа суурь машинд зүүн гараа таслуулчихаад эрэмдэг амьтан гэртээ суудаг болчихоод байж л дээ. Ядахад яр гэгчээр гэр орон нь ядуу зүдүүгийн эрхээр эхнэр авч чадалгүй гон бие гозон толгой чигээрээ явахаас өөр аргагүй байсан гэдэг. Мөнөөх солиотой хүүхэн хаа очиж царай зүс танагтай нэгэн байсан тул эмээд маань: «Түүнийг түр зуур гэр орондоо орогнуулж байгаад голомт залгах ач төрүүлсэн хойно хөөгөөд явуулчихъя!» хэмээх атгаг хорон бодол төрсөн аж. Аав маань эхэндээ төдийлөн дуртай биш байсан боловч яваандаа эмээгийн санаатай эвлэрээд зөвшөөрсөн гэдэг. Тэгснээр аав маань сохор улаан зоосны гарлагагүй эхнэртэй болжээ.
Ээж намайг төрүүлсний дараа эмээ элгэндээ энхрийлэн тэврээд шүдгүй улаан буйлаа ярзайлган инээх зуур: «Энэ солиотой хүүхэн надад ийм энхрий ач төрүүлэн өгдөг байна шүү!» хэмээн баясан өгүүлсэн атал намайг ээжид маань тэврүүлэх нь байтугай ойртуулахаа ч байсан гэдэг юм.
Хөөрхий ээж минь намайг тэврэх санаатай гараа сунган зүтгэхэд эмээ улаан нялзрай амьтныг солиотой хүүхэнд өгөөд хөсөр унагачихвал яах билээ хэмээн зовниод хавьтуулдаггүй байсан нь нэг бодлын зөв юм л даа. Эмээ ээж рүү ширүүн харцаар ширвээд: «Чи хүүхэд тэвэрнэ гэж саналтгүй! Би юу боллоо гэж чамд өгөх билээ? Хэрвээ чи хүүг маань хулгайгаар тэврэх гээд оролдоод үзвэл сайхан мэдээрэй! Би чамайг болгоод өгөхөө мэдье гайгүй! Чамайг зодоод алчихаж чадахгүй ч гэсэн гэрээсээ хөөгөөд явуулчихаж болох байлгүй!» хэмээн зандран өгүүлнэ. Ээж маань хаа очиж тиймэрхүү утгатай зүйлсийг сайн ойлгодог болохоор айсан янзтай хулмаганан холхон очоод чимээгүй суучихдаг байжээ. Түүнээс гадна эмээ маань солиотой хүүхний сүүг хөхөөд «Мэдрэлийн согог» халдчихаж мэднэ хэмээн сэжиглэж намайг угжинд оруулчихсан тул хөөрхий эхийн маань хоёр дэлэн чинэрээд сүүгээ савируулан явах болсон гэдэг.
Тэр үед манай гэр ядуу зүдүү хэвээр байсны дээр ээж бид хоёр гэж хоолны савнууд нэмэгдснээр хоёр идэхгүй хоосон хонохгүйхэн шиг өлөн зэлмүүн өдөр хоногийг өнгөрөөх болжээ. Ээж зүгээр ч нэг хоол хороогоод суухгүй байн байн хэрэг төвөг тарих тул эмээ түүнийг хөөж явуулахаар шийдсэн байна.
Нэгэн өдөр эмээ маань тогоо дүүрэн будаа агшаачихаад ээжийн аяганд нэмж өгөнгөө: «Охин минь! Манайх гэдэг айл дэндүү ядуу болохоор ээжийгээ зөвөөр ойлгоорой доо! Чи наад аягатай будаагаа сайн идэж аваад илүү баян тарган айлын хаяаг бараадаж үз! Харин манай үүгээр дахин бүү үзэгдээрэй!» гэх үгийг сонсоод ээж ам дүүрэн будаагаа залгих тэнхэлгүй ангайж хоцорсон нь эмээгийн үгний цаад санааг ойлгоод айж цочирдсоны илрэл байжээ. Тэр эмээгийн өвөрт нойрсож байгаа над руу харснаа: «Үгүй ээ! Болохгүй!» хэмээн түл талхан хэлжээ. Эмээгийн царай тэр даруй барайгаад дуугаа байдгаараа өндөрсгөж: «Муу хар солиотой амьтан чи байтлаа өөдөөс олон таван үг хэлэх санаатай юу? Чи тэглээ гээд сайнаа үзэх байлгүй. Чам шиг хэрмэл тэнэмэл амьтанг гэртээ хоёр жил толгой хоргодуулсныг их юм гэж бодоорой! Өөр яалгах санаа байгаа юм бэ? Наад будаагаа гударчихаад эндээс даруйхан тонилж үз! Дуулж байна уу!» хэмээн өгүүлээд гартаа тааралдсан галын шилээгүүрийг шүүрэн авч хөсөр дэлдэхэд хөөрхий ээж маань давхийтэл цочоод эмээгийн зүг хулмаганан харснаа толгойгоо доош тонгойлгоход том том нулимс будаатай аяга руу дуслаж байлаа. Тэр гэнэт нэг санаа төрөв бололтой аягатай будааныхаа дийлэнх хагасыг өөр нэгэн аяганд юүлчихээд эмээ рүү өрөвдөлтэй харцаар ширтжээ.
Түүний энэхүү үйл хөдлөл нь «Үүнээс хойш өөрөө хагас аяга будаа идэж байя! Харин та намайг битгий хөөгөөч дээ!» гэсэн санаа болохыг төвөггүй ойлгоод эмээ бүр алмайрч хоцорсон гэдэг. Эмээ маань хэдийгээр ээжид хатуу хариг ханддаг байсан нь үнэн боловч явж явж хад чулуунаас бүтсэн хүн биш болохоор уярлын нулимсаа буруу харан шударчихаад буцаж ширүүн харцаар түүнийг ширвэнгээ: «Наад будаагаа хурдан идчихээд хурдан эндээс холдож үз! Манай гэрт байгаад байвал чамд өлсөж үхэх ганц л арга зам байгаа» гэхэд ээж маань аягатай хоолоо ч идэж баралгүй бүдчин хашааны хаалгаар гараад холдож өгөлгүй зогсоод байжээ. Эмээ сэтгэлээ хатамжлан: «Чи хурдан нүднээс далд орж үз! Хорвоо дэлхийд буянтай айл хунар хаа мундах билээ?» гэсэнд ээж маань харин ч түүн рүү дөхөн ирээд хоёр гараа элгэндээ тэвэрч үзүүлсэн нь төрүүлсэн үр намайгаа ганц удаа тэврүүлээч гэсэн гуйлт байжээ.
Эмээ хэсэг зуур эргэлзэн тээнэгэлзсэний эцэст манцуйтай бяцхан үр намайг ээжид минь өгчээ. Ээж маань анх удаа намайг тэвэрч үзээд тэсгэлгүй баярлаж байгаа бололтой шүдээ ярзайлган баяртайгаар инээсэн аж. Эмээ минь ээжийн өвчин хөдлөөд өлгийтэй бяцхан намайг хог сэг мэт хөсөр хаячих вий хэмээн болгоомжлохдоо хоёр гараараа миний манцуйн дороос тосон зогсож байлаа. Ээж намайг хоёр гурван минут тэврээгүй шахам байхад эмээ тэсгэл алдсан байдалтай булаан аваад хашаа руугаа буцан орж хаалгаа тасхийтэл түгжжээ.
Би гэдэг хүн мэдээ орсон даруйдаа бусад хүүхдүүд бүгд л ээжтэй байхад надад яагаад байдаггүй юм бол доо хэмээн гайхан бодох болсон юм. Эмээ аав хоёроос энэ тухай асуухад тэд нар «Ээж чинь үхчихсээн!» гэдэг ганц л үгээр ам таглаад өнгөрдөг байлаа. Гэвч үе тэнгийн жаалууд «Танай ээж үхээгүй ээ! Харин түүнийг солиотой байсан болохоор эмээ чинь хөөгөөд явуулчихсан юм» гэж хэлэхийг дуулаад эмээ дээрээ буцан очоод ээжийгээ эргүүлэн өгөхийг нэхэхийн сацуу «Чоно шиг дотортой эмээ» гэж уурлан хашгирч аягатай хоолоо идэлгүй газар асгах явдал хааяа боловч тохиолддог байлаа. Тэр үед балчир хүүгийн тархинд галзуу солиотой хүн ямархуу төрх байдалтай байдгийг мэдэхгүй болохоор дотроо бэтгэртлээ үгүйлэн санадаг байж дээ. Харин түүнийг ямархуу царай зүстэй хийгээд өнөө хэр амьд мэнд байгаа болов уу гэдэг талаас нь бол үнэндээ бодож байгаагүй юм. Гэтэл намайг зургаан нас хүрдэг тэр жил гэрээс гараад таван жил алга болсон ээж маань гэнэт эргэн ирдэг байна шүү.
Тэр нэгэн өдөр миний хэдэн жаахан найзууд гүйлдэж ирээд: «Сяо Шү! Чи мэдээгүй юм уу? Танай солиотой ээж эргэн иржээ» хэмээн маш чухал мэдээ дуулгаж байгаа мэт хашгиралдав. Би ч бөөн баяр хөөр болсон амьтан тэднийг дагалдан гадагш тавхай гялалзуулан хурдлахад аав эмээ хоёр ч араас минь хөөцөлдөн гүйсэн юм. Тэр бол миний хувьд мэдээ орсон цагаас хойш анх удаа ээжтэйгээ уулзаж байгаа хэрэг бөлгөө. Ээж маань анх дүрслэн өгүүлж байсантай яг адил уранхай ноорхой хувцастайгаа явах бөгөөд үсэн дээр нь хатсан өвс ширэлдэн наалдсаныг үзвээс урьд шөнө хаа нэгтэй өвсөн бухал бараадаж унтсан болох нь илт байлаа. Би үеийн найзуудтайгаа цуг түүн рүү дөхөн очиход түүний нүдний харц ямар нэгэн зүйлийг эрж хайгаад байгаа нь илт байх ажээ. Тэгж тэгсээр тэр намайг цоо ширтэн гөлрөх зуур: «Сяо Шү минь . . . . . .бөм. . . бөг. . .Бөмбөг. . . » хэмээн зуунгитан өгүүлээд гартаа барьсан хийн бөмбөлгийг аргадсан янзтай над руу сарвайлаа.
Миний өдрийн бодол шөнийн зүүд болох нь холгүй байсан ээж маань ийм төрх байдалтай эргэн ирэх юм гэж бодоогүй болохоор би ухасхийн эргээд гэр рүүгээ гүйчихэв. Миний араас хэн нэгэн хүүхэд: «Сяо Шү! Чи одоо солиотой хүн ямархуу төрх байдалтай байдгийг мэдээ биз дээ? Яг л танай ээж шиг хүнийг хэлдэг юм шүү дээ!» хэмээн хашгирах нь сонсогдов.
Би мөчөөгөө өгөх янзгүй тэр жаал руу эргэн хараад: «Наадах чинь лав чиний ээж байж таарна. Танай ээж л ийм төрх байдалтай байхаас зайлахгүй» гэчихээд цаашаа гүйсэн юм. Үнэндээ би тийм солиотой ээжтэй баймааргүй санагдаж байсан боловч эмээ аав хоёр түүнийг хөтлөсөөр гэртээ орж ирцгээлээ. Тэр жил эмээ ээжийг хөөгөөд явуулчихсандаа сэтгэл эс төвдөхийн зэрэгцээ өдөр ирэх тусам өтлөж доройтохын горыг амсаад байсан болохоор түүнийг өрөвдөөд гэртээ авчирсан нь тэр байжээ. Харин би гэдэг хүн сэтгэл дотроо маш их дурамжхан байсныг нуугаад яахав. Яагаад гэвэл тийм ээжтэйгийн төлөө бусдын нүүрийг харах аргагүй болсон мэт этгээд буруу санаа сэтгэлийг минь эзэмдээд байсан хэрэг бөлгөө.
Би түүнийг ганц удаа «Ээж ээ!» хэмээн дуудах нь байтугай царай өгч энэ тэрийг ч ярих дургүй болсон юм. Гагцхүү түүн рүү зандрангуй, дээрэнгүй өнгө аясаар хандах бөгөөд түүний хариуд хөөрхий ээж минь айсан янзтай ширвээтэн харахыг нь л олонтоо харж болохоор байсан даа.
Гэрт нэг дэл сул хүнийг зүгээр тэжээгээд байх аргагүй тул эмээ ээжийг хар бор ажил хийлгэж сургах гээд тариан талбай дээр дагуулан очдог болсон бөгөөд санаан зоргоор заасан бүгдийг сурчихна гэж ч юу байхав. Тэр болгонд хөөрхий ээж минь эмээгийн зодуурын амтыг биеэрээ амсдаг байлаа.
Хэдэн өдрийн дараа эмээ ээжийг овоо гайгүй сурчихлаа гэж бодоод ганцааранг нь гахайн тэжээлийн өвс бэлтгэ гээд үлдээчихжээ. Тэгээд хагас цагийн дараа яваад очтол хоёр том араг дүүрэн «Гахайн тэжээлийн өвс» түүж бэлдсэн байхыг нарийвчлан үзтэл бусад айлын дориун соёолж байсан тутарганы чихийг суга суга татаад хаячихсан байх юм гэж хэн санах вэ дээ? Эмээ уурандаа шатаж гүйцээд: «Муу хар солиотой эм чи! Тутарга зэрлэг өвс хоёрыг ялгаж танихгүй байна уу?» хэмээн хараах зуур яаж аргалах арга эвээ олж ядан байтал тутаргын эзэн тэдэн дээр хүрч ирээд эмээг санаатай ийм хэрэг үйлдүүллээ хэмээн буруутгажээ. Багтартлаа уурласан эмээ газраас нэгэн том хатсан мөчир шүүрэн аваад ээжийг толгой түрүүгүй занчих зуур: «Муу хар солиотой эмийг үхтэл нь гөвшөөд өгье л дөө! Чи хурдан нүднээс далд орохгүй юм уу?» хэмээн орилж хашгичиж гарав. Ээж хэдийгээр солио өвчин туссан боловч өвдөх мэдрэмж нь хэвээрээ тул хатуу мөчрийн занчаанаас бултан нуугдах арга саам эрэлхийлэхийн зэрэгцээ «Битгий зодооч!» хэмээн гуйн гувшиж байлаа.
Эцэс сүүлд нь тутаргын эзэн тэр айхтар зодуурыг харсаар сэтгэл төвдсөнгүй янзтай: «За за! Больж үз! Би дахин асуудлыг босгож ярихаа байя! Хожим та бүхэн наадхиа сайн харж хандаж байвал болох нь тэр» гэжээ. Ээж тэр үеэр газар эвхрэн ойчоод эхэр татан уйлж байсан юм гэдэг. Би түүн рүү болж гэсэн янзтай зэвүүрхэн хараад: «Тутрага зэрлэг өвс хоёрыг ялгадаггүй жинхэнэ гахай гэж түүнийг хэлэх байх даа!» хэмээн хэлтэл хэн нэгэн хүн шилэн хүзүү рүү минь алгадаад авлаа. Эргэн хартал эмээ над руу аягүй муухай харцаар ширтэх зуур: «Муу хар золиг чи! Төрсөн эхтэйгээ яаж харьцаж байгаа нь энэ билээ? Сэгсгэр ч гэсэн ээж сайхан гэсэн үг байдаг юм шүү!» хэмээн зэмлэв. Би түүний хариуд: «Надад ийм солиотой ээж хэрэггүй!» хэмээн уурсан хашгирч билээ.
«Уухайс чи чинь бүр хүнээ байж гүйцэх нь ээ! Тэгвэл чамайг ч гэсэн сайн гөвшөөд өгье л дөө!» гээд эмээ дахин гараа далайтал ээж маань уян даравч мэт ухасхийн босож ирээд эмээ бид хоёрын дундуур орон халхлаад зогсчихов. Тэгээд тэр толгой руугаа заагаад «Намайг зод!» хэмээн хашгирч байлаа.
Ээж маань эмээд «Намайг биш өөрийг нь зод!» хэмээн хэлж байгаа болохыг би төвөггүй ойлгосон юм. Эмээгийн далайсан гар агаарт царцах мэт хөдөлгөөнгүй болоод аман дотроо: «Энэ солиотой эм сэтгэлдээ үр хүүхдээ ингэтэл хайрладаг байх юм гэж хэн санах билээ?» хэмээн бувтнав. Намайг сургуульд ордог жил аав маань хөрш тосгоны нэгэн айлын загас үржүүлгийн цөөрмийг харах манаачийн ажилд ороод гэртээ үзэгдэхээ болив. Мөртлөө сард дөнгөж тавин юаний ацаг хөлстэй ажил юм гэсэн. Харин ээж маань эмээтэй цуг тариан талбай дээр гахай тэжээх зэрлэг өвс зулгаасаар дахин яршиг төвөг удахааргүй овоо дөртэй болсон байлаа.
Бага сургуулийн гуравдугаар ангид сурч байсан дүн өвлийн нэгэн өдөр өлөн гэдэс хонхолзоод гадаа шиврээ бороо зүсрэн орсоор байв. Эмээ ээжээр надад нэг шүхэр хүргүүлэхээр явуулжээ. Ээж маань зам зуур хичнээн удаа ч бүдрэн ойчсон юм бэ? Бүү мэд! Шанаган хорхой шиг шавар шавхайтай хутгалдсан амьтан ангийн цонхоор шагайгаад амаа байдгаар нь ангайлгаж марсайтал инээх зуур: «Сяо Шү! Шүхэр. . . » хэмээн миний нэрээр дуудаж байлаа. Миний хувьд «Ээж гэж нэг юм өдийд хүрч ирээд хүний шившигийг хутгаад хаячихлаа» гэсэн шүү юм бодоод байж ядан бухимдахын зэрэгцээ ангийн хүүхдүүдийг хошуучлаад түүнийг шоолон инээж байгаа Фань Зяси нэрт жаалыг хамгаас их үзэн ядаж байсан юм. Тэр сүүлдээ бүр ээжийг дууриан элэглэж арзганаад байхаар нь тэсэж чадахаа байгаад урдаа байсан үзэг харандааны савыг шүүрэн авч түүн рүү чулуудтал доош тонгойн бултаад өнгөрөөчихөв. Тэгээд над руу ухасхийн гүйж ирээд багалзуурдан авснаар бид хоёр дээр дороо орон ноцолдож гарлаа. Би угаас давжаа намхан биетэй болохоор түүнийг яаж дийлэх билээ. Удаж төдөлгүй тэр миний дээр гараад суучихсан байв. Энэ үеэр «Аа!» хэмээн хашгирах дуун сонсогдоод хэн нэгэн хүн гаднаас мөрөн голын журамт бүсгүй мэт дүүлэн орж ирээд Фань Зясиг угз татан аваад гадагш чирэн гаргав. Галзуу солиотой хүн ер бусын их хүчтэй байдаг хэмээн ярьдаг нь үнэн бололтойдог шүү. Ээж маань намайг байнга дээрэлхдэг Фань Зясиг хоёр гардан дээр өргөхөд тарган булцгар тэр жаал агаарт гараа сарвалзуулан «Аав аа! Ээж ээ!» хэмээн байдаг чадлаараа бархирч байлаа. Ээж маань түүнийг хайхрах сөхөөгүй өргөн явсаар сургуулийн хашааны үүдэн дээр байдаг цөөрөм рүү чулуудчихаад ажиггүй цааш эргэн яваад өгсөн юм.
Тэр үнэндээ маш том хэрэг тарьсан боловч өөрөө түүнийг анзаарч байгаа шинж ч алга. Энэ үед тэр харин над руу хулмаганасан харцаар ширтэх нь аргадаж байгаа санаа нь юм л даа. Эхийн хайр гэдэг ийм л гайхалтай байдаг ажээ. Хэдийгээр бие сэтгэл нь хүнд өвчинд дайрагдсан хэдий ч эхийн хайр л гагцхүү юунд ч эс дийлдэн гэгээн тунгалаг мөн чанараа алдаагүй байдаг нь энэ буюу. Ялангуяа хүүхэд нь бусдад дээрэлхүүлж байгаа тохиолдолд эхийн хайрын тэрхүү өвөрмөц шинж чанар илүү хурц тод илэрдэг байж таарна. Тухайн үед би өөрийн мэдэлгүй «Ээж ээ!» хэмээн хашгирсан нь мэдээ орсон цагаасаа хойш анх удаа тийнхүү дуудаж байгаа хэрэг бөлгөө. Ээжийн маань хамаг бие дагжин чичрэх шиг болсноо над руу хэсэг зуур харц тогтоон хараад царай нь улайж хүүхэд мэт цайлганаар инээж байлаа. Тэр өдөр ээж бид хоёр анх удаа л нэгэн шүхрийн дор хамтдаа гэр рүүгээ буцан харьсан юм. Би сургууль дээр болсон явдлыг эмээд нэгд нэгэнгүй тоочин өгүүлэхэд тэр учиргүй айж сандрахдаа аав руу хүн явуулж дуудуулав. Аав дөнгөж гэртээ орж ирээд удаагүй байтал баахан бялуу шийдэм, хутга мэс барьсан залуус манай гэрт дайран орж ирээд үгийн солиогүй аяга таваг, эд хогшлыг маань эвдэн сүйтгэж эхэллээ. Фань Зясигийн аавын найз нар болох тэр хүмүүс манай гэрийг есөн баллын хүчтэй газар хөдлөлтөөс өөрцгүй бусниулж гарсан нь тэр болой. Фань Зясигийн эцэг аавын минь нүүр нүд рүү хуруугаараа чичлэнгээ: «Манай хүү сүнс нь зайлтал айсны улмаас эмнэлэгт хэвтчихлээ. Танайх ямар ганц юаний төдийхөн эмнэлгийн зардал гаргаад өгчих тэнхээтэй айл биш. Тийм болохоор би танай умгар байшинг шатаагаад өгдөггүй юм бол хэний хүү болох бол доо?» хэмээн хашгична.
Нэг юань гэдэг сардаа тавьхан юаний цалинтай аавд маань маш их мөнгө байсан юм. Фань овогтынхны яахаас буцахгүй төрх байдлыг хараад аавын нүд хэрсэн бухынхаас өөрцгүй аймшигтай улайгаад ирэв. Тэр ээж рүү хилэнтэй харцаар ширтэх зуур суран тэлээгээ шувт татан тайлаад толгой түрүүгүй шавхуурдаж гарлаа. Хөөрхий ээж минь өвдөж шаналахын эрхээр ус цутгуулсан оготно мэт орох байх газраа олж ядан ийш тийш бултахыг хичээнэ. Гэсэн хэдий ч тэр занганд унасан ан араатан лугаа адил байдгаараа чарлан тэлчлэх дүр зураг хийгээд суран тэлээний тас няс хийсэн жихүүн дууг би энэ насан туршдаа лав мартаж чадахааргүй сэтгэлд минь хоногшин үлджээ.
Тэгж байтал ашгүй хорооны цагдаа хүрэлцэн ирээд аавын зэрлэг хүчирхийллийг намжаан хориглосон юм. Цагдаагийн газраас маргалдагч хоёр талын аль аль нь чамгүй хохирол амссан болохоор хэн хэндээ өр авлагагүй эвлэрэх хэрэгтэй. Хэрвээ энэ болзлыг аль нэг тал нь хүлээн авахгүй байх бөгөөс баривчлах хүртэл шийтгэл онооно хэмээн албадан зохицуулсан юм гэдэг. Нөгөө айхтар догшин хүмүүс яваад өгсөний дараа аав эвдэрч хагарсан эд хогшил хийгээд цус нөжиндөө хутгалдсан хөөрхий ээжийг минь гөлрөн харж байснаа гэнэт орь дуу тавин уйлж ээжийг тэврэн аваад: «Солиот эхнэр минь! Би чамайг санаатай гэмтээх гэсэн хэрэг биш шүү! Хэрвээ ингэж аргалахгүй бол бидэнд ямар тэдний тавьсан болзлын дагуу хохирлыг төлж барагдуулах боломж байх биш дээ? Ядуу зүдүү хүний зовлон гэж яасан айхтар их байдаг юм бэ?» хэмээн үглэх зуур над руу ширтээд: «Сяо Шү минь! Чи л эрдэм номоо сайн сураад их сургуульд элсэн суралцдаг юм шүү! Эс бөгөөс манайх гэдэг айл насан туршдаа бусдын гарын шүүс болсон хэвээрээ үлдэх болно» гэхэд би нулимс дуслуулан толгой дохисон юмдаг.
Хоёр жилийн дараа хичээл сурлагын онц сайн дүнтэйгээр ахлах дунд сургуульд элсэн ороход хорвоогийн хатуу хүтүү жам ёсонд нухлагдаж гүйцсэн эмээ маань хүнд өвчин тусаад нөгөө ертөнцөд одов. Ингэснээр манай гэр бүлийн амьдрал улам хэцүүдэн дордоод эхэллээ. Хошууны засгийн ордноос манайхыг онцгой ядуу айлын бүртгэлд хамруулснаар сар болгон дөчин юаний тэтгэмж авах боломжтой болсны сацуу миний сурдаг ахлах сургууль ч боломжийн хирээр сургалтын төлбөрийг хөнгөлсөн тул би үргэлжлүүлэн суралцах боломжтой болов.
Сургуулийн дотуур байранд сууж үзэх хичээл шахуу болохоор би гэр орондоо харих боломж тун цөөхөн олдоно. Аав маань нөгөөх тавин юаний ацаг хөлстэй манаачийн ажилтайгаа зууралдах тул надад хоол унд зөөх хүнд хүчир алба яах аргагүй ээжийн минь толгой дээр буулаа. Хөрш айлын сайхан сэтгэлт авгай шанцай тэргүүт хөнгөн хоол зууш бэлдээд ээжээр өгч явуулдаг байсан юм. Азаар хорь гаруй километр хол уулын нарийхан жимээр ээж маань алдаа эндэлгүй яваад сурчихсан тул аадар бороо, аюулт салхи шуургыг ч ажрахгүй давсаар хүрээд ирдэг байлаа. Үрээ гэсэн эхийн сэтгэлийг галзуу солио өвчний ад зэтгэр яаж ч чаддаггүйн бэлэн жишээг ээж минь ёстой нэг харуулж байсан даа. Анагаах ухааны үүднээс энэ үзэгдлийг эхийн хайртай холбон тайлбарлахаас өөр ямар ч арга байхгүй байж таарна.
2003 оны дөрвөн сарын хорин долооны бүтэн сайн өдөр ээж маань надад хоол авчрахдаа хаанаас олсныг бүү мэд арван хэдэн ширхэг зэрлэг тоор жимс гартаа барьчихсаныгаа надад өгөв. Би түүний нэгийг аваад хазаж үзэх зуур инээд алдаад: «Их амттай жимс байна шүү! Та хаанаас авчраа вэ?» гэхэд ээж маань хариуд нь: «Би замдаа түүсэн юм» хэмээн арай ядан ойлгууллаа. Би түүнийг урамшуулах санаатай: «Ээж минь! Та улам л ухаалаг болоод байх чинь!» гэж хэлэхэд ээж өөдөөс цайлгахнаар марсайтал инээж байлаа.
Би ээжийгээ буцаад явахад нь «Замдаа мэдээтэй яваарай!» гэж захихад өөдөөс толгой дохисоор цааш эргэн одсон юм. Ээжийг явсаны дараа би элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдээд өрөөнөөсөө гаралгүй суучихав. Удаах өдрийн өглөө ангидаа хичээлээ хийж байтал хөрш айлын авгай сургууль руу яаран хүрч ирээд багшаар намайг дуудуулан гаргаж ирээд уулзлаа. Ээж маань надад хоол хүргэж ирээд гэртээ буцаж хариагүй тухай тэр авгай надад дуулгав. Миний сэтгэл маш их бачимдаж замдаа төөрчихөөгүй байгаа даа гээд бодтол гурван жил алдаа осолгүй явсан замаас яахин гажих билээ дээ. «Танай ээж чамд ямар нэгэн зүйл хэлээгүй биз?» гэж айлын авгай надаас асуув. Би хариуд нь «Онц юм хэлээгүй ээ. Харин надад арван хэдэн зэрлэг тоор жимс авчирч өгсөн» гээд хэлтэл нөгөө авгай уулга алдан гуяа алгадаад: «Баларсан хэрэг болжээ. Наад арван хэдэн тоор жимснээс чинь л асуудал үүссэн байж таарах нь!» гээд багшаас чөлөө аван надтай цуг уулын жимээр буцан явцгаав. Зам зуур хэдэн ширхэг зэрлэг тоорын модон дээр тэмээн тоотой тоор жимс бөнжийн харагдана. Хэвцэг бэрх асга хадан дээр ургасан болохоор явуулын хүн түүгээд идчихэлгүй торойн хоцорсон нь тэр юм байж л дээ. Тэр дунд нэгэн тоор модны мөчир хугаран санжаад түүний дор хэдэн зуун алдын гүн ангал харанхуйлан байхыг бид хоёр сэтгэл түгшин олж үзлээ. Хөршийн авгай миний царай руу ултай ширтсэнээ: «Хоёулаа ангалын ёроолд очиж үзье!» гэлээ. Би сэтгэл дэгэлзсээр тэр авгайтай цуг ангал хадны ёроолыг зүглэн явав.
Бөөн асга хадны ёроолд хөөрхий ээж минь цус нөжтэйгөө холилдон хэвтэх бөгөөд гартаа ганц тоор тас атгаж эргэн тойронд нь өөр хэдэн тоор жимс хөглөрч харагдана. Миний элэг зүрх эмтрэн унах мэт уй гашуу сэтгэлийг эзэмдэх агшинд ээжийгээ тас зууран тэврээд: «Ээж минь! Таныгаа би л баллаж орхилоо. Энэ тоор жимсийг амттай байна гэж юунд тандаа хэлэв ээ?. . . Ээж минь! Та энэ орчлон хорвоогийн жаргалаас ганц өдөр ч атугай амсаж эдлэж чадаагүй шүү дээ!» хэмээн уйлан хайлан өгүүлээд ээжийнхээ мөс шиг хүйтэн хацарт нүүрээ наан цурхиртал уйлахад уул хөндийн мод чулуу бүгдээрээ миний гашуун гунигт уясан хайлаад нулимс мэлмэрүүлж байгаа мэт зөөлөн бороо шиврэн орж эхэлвэй. . .
2003 оны наймдугаар сарын долооны өдөр буюу ээжийгээ оршуулснаас хойш яг зуун хоногийн дараа Хубэй мужийн их сургуулиас намайг элсүүлэн авсан тухай алтан үсэгтэй урилгын бичиг ээжийн байнга явдаг байсан уулын нарийн жимийг даган мөнөөх хэдэн тоорын модны хажуугаар өнгөрөөд тутаргын талбайг зүсэн явсаар манай гэрийн үүдэнд хүрч очсон юм. Би оройтсон боловч гартаа атгах хувьтай тэрхүү урилгын бичгийг ээжийнхээ булшны толгой дээр хатгаад: «Ээж минь! Хүүгийн чинь хүсэл гүйцэлдлээ. Та минь одоо есөн булгийн дор сэтгэл амар нойрсож болно» хэмээн шивэгнэн өгүүлж билээ…”
Өгүүллэг уншсан та “Экс Түц”-ийн киног өөр нүдээр үзэх болно. Үүний дараа Хятад хүний зохиолыг яагаад Монгол хөрсөнд буулгаж болдоггүйг ойлгож магадгүй. Зян Руны “Чонон сүлд” роман тухайн үедээ маш олон уншигчийг татаж чадсан. Кино уран бүтээл нь ч үзэгчийг татаж чадсан байдаг. Гэвч Монгол хүн тус романыг уншаад нэг их таашаагүй. Энэ нь хоёр улсыг ёс заншил, дотоод мөн чанар, хүн хүнээ хайрлах сэтгэхүйтэй холбоотой юм болов уу. “Солиот эх” яг л ийм дүгнэлт өгч болохуйц бүтээл болсон гэдгийг олон ч уншигч тайлбарлаж байна. Одоо та өгүүллэгийг нь мэдэх учраас киног шүүмжлэгч нэгэн болно.