Өнөөдөр Монголын эрүүл мэнд, боловсрол шинжлэх ухаан, соёл урлаг, төрийн зарим мэргэжлийн салбарын ажилтнуудын ҮЭ-ийн холбоод цалин нэмэгдүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
2013 онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал цуглаан зохион байгуулж, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрөөд байгаа юм байна. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос ҮЭ, ЗГ, Ажил олгогч эздийн байгууллагын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан ч цалин тэтгэвэр нэмэгдүүлэх асуудлаар ЗГ-ын баримталж буй зарчмын байр суурийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас ажлын хэсэг цаашид ажиллах шаардлагагүй, улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн Эдийн засаг, төсвийн асуудал санхүү сайнгүй байгаа хэдий ч Засгийн газрын мөрийн хөтөлбөр гол цөм болсон “Ажилтай орлоготой Монгол хүн” рүү чиглэсэн бодлогыг түлхүү барих хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. ҮЭ хороодын зүгээс Засгийн газар цалин, тэтгэвэр тэтгэмжийг нийтэд нь хольж цалин хөлсийг инфляцаа ч нөхөж хүрэхгүй хэмжээнд төсөвлөж байгааг тэд зөвшөөрөхгүй байгаа юм байна. Учир нь “2013 оны инфляцийн түвшингийн жилийн гүйцэтгэлээр нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг индексжүүлэх арга хэмжээ авах” гэсэн нь 2013-2014 оны улсын гурван талт хэлэлцээрт цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг индексжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгагдсан учраас эрх зүйн орчин бүрдээгүй байхад индексжүүлэх тухай ярих нь маргаан дагуулна.Түүнчлэн 2012 оны инфляцийн түвшинг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай юм. Мөн “Аль нэг салбар эсвэл төрийн ангилал, зэрэглэлийн албан хаагчдыг бусдаас онцгойлох бус харин адил тэгш хандах” гэсэн нь төрийн өндөр албан тушаалтнуудын цалин нэмэгдэж, эмч, сувилагч, асрагч, багш зэрэг төрийн үйлчилгээний ажиллагсдын цалин бага нэмэгдэх магадлал илүү өндөр байна.Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2012 онд жилийн эцэст инфляцийн түвшин 14 хувь, 2013 оны 9 дүгээр сарын байдлаар 8.2 хувь буюу нийт инфляцийн түвшин 23.3 хувьтай байна. Мөн эдийн засгийн өсөлт 2012 онд 12.3 хувь, 2013 оны эхний хагас жилд 11.3 хувийн өсөлттэй байгааг анхаарч үзэх ёстой. МУ-ын эдийн засгийн өсөлт нь иргэн бүрт хүрч амьдралд нь дэмжлэг үзүүлж чадахгүй, амьдралын наад захын хэрэгцээ болсон өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн, хувцас, орон байр, үйлчилгээний үнэ тариф өдрөөс өдөрт нэмэгдсээр байхад 2014 оны төсвийн төсөлд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнд 200 тэрбум төгрөг тусгасан нь хэтэрхий бага байгааг ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчид, ахмад настнууд, эмч, багш, соёл урлагийн салбарын ажилтнууд илэрхийллээ.Цаашид улсын гурван талт хэлэлцээрийг эхлүүлэх, түүнчлэн хэлэлцээр үр дүнд хүрээгүй тохиолдолд хамтын тэмцлийн бүх хэлбэрээр тэмцэхээ албан ёсоор мэдэгдэж байна.
О.Рана