Доктор профессор Ч.Даваадаш гэж өмөг түшиг болох нэг хуурай ах маань бий. Социализмын үеийн Намын Төв Хорооны болон үзэл суртлын үзэгт нэг нөхөд андахгүй. Ардчиллын жилүүдийн Дипломат албаны ахмадууд бас андахгүй.
Тэрээр бэсрэгхэн боловч даацтайхан нэгэн бүтээлээ 2015 онд “Монголын нийгмийн шилжилтиин зарим онцлог, ээдрээ” сэдвээр хэвлүүлсэн.
Тэр номоос эшлэхээр шийдээд baabar.mn дэх өөрийн сайтаа энэ удаа нээж байна. Монголчууд ядууралд дарлуулсан, ядуурал нь нийгмийн мэнгэ болж голлосон, бас тэгээд 30 жил шувтан ядуу байж ирсэн, ядуурлын өмнө төр-засаг нь гараа өргөж цагаан тугаа хийсгэхийн даваан ирснийг би сөргүүлэн эл номоос эшлэх гэж байна.
Хүлцэн уншаарай. Эрдэмтэн Ч.Даваадаш ийн өгүүлжээ: – Улс төр, эдийн засаг, социал шилжилттэй нийгмийн оюуны шилжилт нягт уялдаатай явагддаг. Монголын нийгмийн оюуны шилжилтийн тухайд гэвэл энд үнэхээр эрс эргэлт, нэг ёсондоо тэсрэлт болж байгаа юм. Хамгийн гол нь ямар нэг “зм”-д хүлэгдэхгүй, хүн бүр чөлөөтэй сэтгэх болсон явдал билээ. Олон ургальч үзлийн буянаар хүн бүр чөлөөтэй сэтгэж, өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх боломж бүрдэнэ гэдэг нь Монгол орны оюуны ертөнц хязгааргүй баялаг болж, ундрага нь арвижиж байгаа хэрэг. Оюун ухаан баялаг болно гэдэг чинь хүний бүтээлч хүч аривжина гэсэн үг. Тэр чинээгээр улс орон хурдтай хөгжих нөхцөл бүрдэх болно.
Миний тайлбар: Ардчиллын буруугаас ядуурчихаад яваа, эх захаа алдчихсан, энэ улсад эзэн алга гэдгийг дээр ухаалгаар илэрхийлжээ – “Тэсрэлт”. Ердөө ганц үгээр. Эрх чөлөөг нь атгуулчихлаа, тархи толгой нь чөлөөт сэтгэлгээний өмнө нээлттэй байна, хязгааргүй баялаг болгож наад тархиа ашиглаач, адгууснаас ялгараач гэчихсэн л байна.
Цааш нь: – Нээлттэй нийгэмд шилжсэнээр монгол хүн хол ойр явж, юм үзэж, нүд тайлах болсны ачаар хаа ч тэр биеэ даагаад хүний зэрэгтэй, бусдын дайтай амьдарч болох юм байна шүү дээ гэсэн өөрөө өөртөө итгэх итгэл олж авсан явдал юм. Энэ бол Монгол хүний оюун санаа, сэтгэлгээнд гарсан асар том хувьсгал. Монгол хүний оюуны ертөнцөд гарч буй өөр бусад өөрчлөлт ч олон байна. Юун түрүү нийгэм, төр, хамт олныг шүтэж, түүнд өөрсдийгөө даатгадаг, гар харсан идэвхигүй сэтгэлгээнээс өөрөө өөрийнхөө төлөө, өөрийн хувь заяа, аж амьдралынхаа төлөө өөрөө санаа тавьж зүтгэх бие даасан бүтээлч сэтгэлгээнд үндсэндээ шилжих болов. Энэ бол нийгэм динамик хөдөлгөөнд орох, урагшаа давшингуй хөгжих гол нөхцөл юм. Ер нь Монгол хүн феодалын нийгэмд бурхны хүлцэнгүй үзлийн дор сэтгэлгээний мохоо байдалд орсон байснаа социализмын үед марксизм-ленинизмийн үзэлд хүчээр тулгагдан, өөрөөр сэтгэх эрхгүй болсон бол ардчилсан нийгэмд орсноор сэтгэлгээний хүлээснээсээ тайлагдаж, оюун санааны хувьд чөлөөтэй амьсгалах болсон. Оюун санаа, сэтгэлгээний энэ эрх чөлөө нь Монголын оюуны шилжилтийн том шинж юм. Монголын нийгмийн оюуны шилжилтийн өөр нэг онцлог бол иргэнших, хотжих сэтгэлгээ, соёл эрчимтэй төлөвших болсон явдал юм. Энд мэдээж шинэ Үндсэн хуулийн иргэний ардчилсан нийгэм байгуулах үндсэн зорилт эх суурь нь болж өгснөөс гадна олон тооны иргэний хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагууд үүсч, тэр нь нийгэмд чухал үүрэг гүйцэтгэх болж, олон түмний иргэний ухамсар, сэтгэлгээг хүчтэй болгож өгсөн. Нөгөө талаар хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл нь хэдийгээр нийгэмд сөрөг үр дагавар чамгүй авчирсан ч гэсэн олон зуу мянган ард иргэдийг хотын иргэншил, соёлтой болгоход ач холбогдолтой болсон билээ.
Миний тайлбар: Ардчиллын буянаар олдсон энэхэн үүлэн чөлөөний наранд хүний ба төрийн гар харсан идэвхигүй сэтгэлгээнээсээ салаач ээ, өөрөө өөрийнхөө төлөө, өөрийн хувь заяа, аж амьдралынхаа төлөө өөрөө санаа тавьж зүтгээч ээ, бие даасан бүтээлч сэтгэлгээ рүүгээ шилжээч ээ гэсэн уриалга явж байна. Ардчиллын буянаар эр эмгүй, хүүхэд хөгшидгүй гадаад паспорт өвөртлөчихөөд ертөнцөөр зугаалаад явааг чинь “Асар том хувьсгал” гэж нэрлэжээ. Асар их боломж, босгох далд мөнгө, ертөнцөөс суралцах асар далай өмнө чинь цэлийж байна. Ядуурч үхлээ гээд байгаа монголчууддаа хандуулаад бүр хэлчихье.
Цааш нь: – Монголын нийгмийн оюуны шилжилтийн бахархууштай том онцлог нь ард түмний үндэсний ухамсар сэргэж, монголоороо, түүхэн гавъяа, уламжлалаараа омогшин бахархах ухамсар сэтгэлгээ бадрах болсон явдал юм. Энэ ухамсар сэтгэлгээ нь манай урлаг уран бүтээл, үндэсний бичиг соёлд бодитойгоор илэрч, түүгээр улам бүр амилах болов. Ер нь нийгмийн оюуны амьдралыг бүрдүүлэгч институцуудын тогтолцоо, үйл ажиллагаа үндсээрээ шинэчлэгдэх болов. Боловсролын салбарт мөн тогтолцооны өөрчлөлт болж байна. Хамгийн гол нь боловсролыг нийгмийн тэргүүлэх салбарын хэмжээнд тавьж, багш төвтэй сургалтыг суралцагч төвтэй болгох дэлхий нийтийн хандлагад нийцүүлэх, сургалтын агуулгыг прагматик, хэрэглээний шинжтэй болгох, боловсролыг дэлхийн стандартад хүргэх, энэ салбарт хувийн хэвшлийг үүсгэж хөгжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Монгол орон зах зээлийн нийгэмд шилжин, хүмүүс чөлөөт өрсөлдөөний зарчмаар ажиллаж амьдрах болсон цаг үед санамсаргүйн хүчин зүйлийн нөлөө их болсонтой холбогдоод далдын хүчинд итгэх, өөрсдийгөө даатгах, буян заяа, олз омог гуйх, аврал эрэх, нэг үгээр, шашин шүтлэг сэргэж, ихээхэн дэлгэрэх болсон нь өнөөгийн Монголын нийгмийн оюун санааны ертөнцөд гарч буй нэг томхон үзэгдэл боллоо.
Миний тайлбар: Манай нийгэм дэх мухар сүсэг, шашин-зан үйлийн шинжтэй элдэв гоц гаж үзэгдэл, ертөнцийг захирагч элдэв ухааны тухай 30 жил төөрөлдлөө. Одоо болих юм биш үү? Түрүүлсэн морины хөлс, түрүү бөхийн хөлс рүү 30 жил дайрцгаалаа. Өөдөлсөн нь хаа байна? Хөлсийг далдын хүч хэмээн сүсэглэхээ болих юм биш үү?
Цааш нь: – Хүн бүр ийнхүү чөлөөтэй шүтэн бишрэх болсон нь манай нийгмийн оюун санааны шилжилтийн өвөрмөц онцлог яах аргагүй мөн билээ. Оюуны шилжилтийн бас нэг онцлог нь Монгол хүний шинэ соргог юманд гярхай ханддаг, түргэн хүлээн авдаг язгуур чанартай холбоотой байна. Энэ нь олон зуун жил хот айлаараа, ганц нэгээрээ нүүдэллэж ирсэн тэр амьдралын хэв заншил, сэтгэхүйгээс урган гарч буй билээ. Мэдээлэл, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн эрин зуунд энэ чанар онцгой чухал. Монголын ард түмэн Зөвлөлт Оростой нөхөрлөснөөр барууны соёлд нэвтрэх үүд хаалга, цонхтой болж, түүнийхээ ачаар өрнөдийн соёлтой харилцаж нэлээд европжуу маягтай болсон бөгөөд эдүгээ дэлхийн соёлтой чөлөөтэй харилцаад ирэхээр түүний шилдэг өвөөс, түүний зах зээлийнх нь нийгэмд түргэн суралцаж байна. Энд ялангуяа хувь хүний эрх чөлөөний мэдрэмж, бие даах чадварыг цохон тэмдэглүүштэй. Монгол хүн олон үе дамжин хэнээс ч хараат бус, гагцхүү байгалийнхаа аяыг даган чөлөөтэй нүүж сууж, амьдарч ирсэн болохоор суурин амьдралтай хүмүүсийнхийг бодвол хувь хүний эрх чөлөөний мэдрэмж, бие даан амьдрах чадвар хавьгүй их хөгжсөн байдаг.
Миний тайлбар: Ийм их эрх чөлөөний мэдрэмжтэй ард түмэн нүднээ үл үзэгдэл гинжнээсээ салчихаад ядуу, залхуу, арчаагүй яваад байгаа нь л орчин цагийн гол оньсого мөн.
Цааш нь: – Нөгөө талаас энэ байдал бас сөрөг талтай бөгөөд тэр нь Монгол хүмүүсийн эвлэлдэн нягтрахад ямар нэг хэмжээгээр саад тотгор болдог явдал юм. Жишээ нь айл хөрштэйгөө ам зөрлөө гэхэд тэр дороо шууд л түүнээс холдоод нүүгээд явчихдаг бөгөөд эргэж уулзахгүйгээр хэдэн ч жил болов тус тусдаа амьдарцгаачихдаг. Иймээс амиа бодох, хувиа хичээх сэтгэхүй ер нь л ясанд нь байдаг. Тиймээс хамт олонч сэтгэлгээнээс биеэ даасан, хувиа бодсон сэтгэлгээнд шилжих нь тун хялбар. Гэхдээ үүнийг хэтрүүлж, туйлшруулж болохгүй. Тэгвэл үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөх аюултай. Тэр тусмаа олон зуун жил харийн дарлалд орших үед нь нөгөө эзэрхэгч улс гүрний эрх баригчид нь монголчуудыг өвөр хооронд нь эвдрэлцүүлэх, эв нэгдэлгүй байлгах бодлогыг уран нарийн аргаар явуулж байсан нь монголчуудын хялбархан эвдрэлцэхэд хүргэдэг нэг хүчин зүйл болж байв. Энд панмонголизмын үзэл гэгчээр далим болгон яргалал хийсэн түүхэн эмгэнэл бүр илт тодорхой үүрэг гүйцэтгэсэн билээ. Тийм учраас зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон намын тогтолцооны үед монгол үндэстний оюун сэтгэхүйн энэ онцлогийг маш нарийн харгалзах учиртай. Эс тэгвээс ардчилал бус арцалдаан, өшөө авалт, өсч бус унагаж өрсөлдөхөд хүрнэ.
Миний тайлбар: Өвөр хоорондоо үзэлцэх, үл зөвшөөрөх, үл дагах, үл итгэх араншин хэдэн мянган жил Өвөр Азийн энэ нүүдэлчдэд байж иржээ. Эзэн Чингис талын нүүдэлчин энэ олон овог аймгуудын нэгэн тугийн дор нэгтгэх гэж 40 жилийг туулж, цус урсгасан үхэлтэй тулсан бол Евразийн эх газрыг байлдан дагуулахад арав хүрэхгүй жил зарцуулсан байдаг юм. Бас л оньсого!
Цааш нь: – Эрх чөлөө, ардчилал, чөлөөт өрсөлдөөн, олон намын тогтолцоо, олон ургальч үзлийг Монголын өвөрмөц хөрсөнд зөв гольдрилоор нь хөгжүүлэх учиртай. Энэ бол Монголын нийгмийн оюуны шилжилтийн процесст зайлшгүй харгалзан үзэх ёстой зүйл юм. Нийгмийн оюуны шилжилт нь шинэ үнэт зүйлсийн буюу эрхэмлэх зүлсийн тогтолцоог бүрдүүлэхтэй шууд холбоотой. Монголын өнөөгийн нийгмийн үнэт зүйлс бол ардчилал, зах зээл, хувийн өмч, эрх чөлөө, хүний эрх, шударга ёс яах аргагүй мөн. Энэ бүх үнэт зүйлс Монголын нийгэмд хэлбэр төдий бус, жинхэнэ утгаараа, агуулга төгөлдөр бодитжиж биежих ёстой. Тэгсэн цагт л сонгож авсан нийгэм маань жинхэнэ үр өгөөжөө хүн бүрт өгч, улс орон эрчимтэй хөгжих болно. Монголын нийгмийн шилжилт, түүний зарим онцлогийг ерөнхийд нь тоймлон авч үзэхэд ийм байна.
Нийгмийн хуучин тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжих шилжилт явцуу утгаараа, өөрөөр хэлбэл эргэлт буцалтгүй болсноороо дууссан хэдий ч өргөн утгаараа бүрэн төгс дуусгавар болох болоогүй байна. Зах зээлийн сонгодог тогтолцоонд бүрэн шилжиж, шинэ нийгмийн мөн чанарт яв цав тохирсон нийгэм, эдийн засаг, улс төр, оюун санаа, сэтгэлгээний бат бааз суурийг төгс утгаар нь бий болгох хэрэгтэй.
Миний тайлбар: Хоёрын хооронд гурвын дунд, өөх ч биш булчирхай ч биш битгий байгаад бай! Тэр капитализмдаа үтэр түргэн ор гэсэн уриалга л байна. Социализм коммунизм хэзээ ч эргэж ирэхгүй, СССР хэзээ ч сэргэхгүй, зөвлөлтийн тусламж хэзээ ч амилахгүй, Цэдэнбал хэзээ ч босч ирж дахин төрөхгүй гэдгийг наад тархиндаа хийгээч гэсэн уриалга бус уу?
Цааш нь: – Үүний тулд хуучин тогтолцооны улс төрийн болон социал бааз суурь үндсээрээ өөрчлөгдөж солигдсон, улсын өмчийг бүрэн хувьчилж дууссан, хувийн өмчийн харилцаа хувиаргүй ноёрхсон байх учиртай. Чухамхүү тэр цагг л шинэ нийгэм бүрэн утгаараа ялж, өөрийн хөгжлийн эрч хүчээ далайцтай харуулах болно. Монголд социалист тогтолцооны эдийн засгийн үндэс болох улсын өмч 1959 онд бүрэн ялсан үеэс 1970-аад оны сүүлч хүртэл 20-иод жилд манай орон хөгжилдөө том алхам хийсэн. Түүн шиг л шинэ тогтолцоо өөрийн бааз суурь дээрээ бүрэн зогсохоор хөгжил дэвшил хурдсах нь тодорхой. Шинэ тогтолцооны ийм баттай үндэс, яв цав тохирсон бааз суурийг бүрдүүлэхийн тулд өмнөх тогтолцооны үлдэгдлийг зайлшгүй устгах л хэрэгтэй болно. Манайд хуучин феодализмын үлдэгдлийг устгасан. Одоо бол “соцализмын үлдэгдлийг”-ыг устгах ёстой болж байна.
Миний тайлбар: Би дээр хэлчихсэн. Хөрөнгөтөний нийгэм болох тэр капитализм гээчээ байгуулах гэж байгаа юм бол эргэж хургалгүй тууштай дайраач ээ гэсэн санаа энд явж байна. Монголын нийгэм тэр чигтээ хувь хүмүүсийн нийгэм болсон, хүн амын ихэнхи чинь тэр чигтээ хувийн-өрхийн-жижиг аж ахуй эрхэлж байна. Ийм байхад төр данхайж, нийгмийн бүх үйл хэргийг удирдаж захирах гэж хөглөж шогтож байгаагийн гайгаар ядууралд нэг сая хүн чинь дөрлүүлээд байгаа юм шүү дээ!
Цааш нь: – Үүнийг хийхэд тодорхой хэмжээний хэлмэгдүүлэлт буюу хэдийдсэн хохирол гарах л болно. Учир нь өмнөх тогтолцооны нийгэм, эдийн засгийн үндсийг устгахад зайлшгүй тодорхой бүлгийн эрх ашгийг хөндөж, хохироож таар аа. Тэгэхдээ тэр нь хуучин шиг алж устгадаг бүдүүлэг хэлбэрээрээ бус, халах өөрчлөх, хязгаарлах, хориг саад тавих, төрийн хүчээр хийж гүйцэтгэх гээд л тухайн нэг хэсгийн эрх ашгийг ноцтой хөндөх л болно. Хохирч буй хэсгийн хувьд энэ нь хэлмэгдүүлэлт болж харагдана л даа. Үүнийг тогтолцооны хэлмэгдүүлэлт гэж би нэрлээд байгаа юм. Жишээ нь Зүүн Европын постсоциалист орнуудад эрх барьж байсан коммунист намыг хааж, хөрөнгийг нь хурааж, коммунистуудыг хувийн өмчид дургүй учир хэзээ ч өмчтэй болгож болохгүй гэдэг зарчмаар хандсан. Тэдэнд албан тушаал байтугай хашаачин, хаалгач, цэвэрлэгч, сайндаа л таксины жолоочоос өөр ажилд хавьтуулаагүй, ажилгүй болгосон. Өөрөөр хэлбэл шинэ тогтолцоонд тэднийг амьдрах ямар ч орон зайгүй болгосон. Тэр ч байтугай зарим оронд хуучны дээгүүр тушаалын боловсон хүчнийг энэ тэр ямар нэг хэрэгт холбогдуулан ялласан. Үүнээс үзэхэд тогтолцооны хэлмэгдүүлэлт буюу тогтолцооны хохирол бол хүний хүсэл санаанаас үл шалтгаалдаг, бодит зайлшгүй, зүй тогтолт үзэгдэл бололтой. Энэ нь зайлшгүй байж л таарах аж. Тэр нь харин орчин үед өшөө авалт болон хувирч болохгүй, соёлтой, хууль номын дагуу л явагдах учиртай. Өөр зам байхгүй. Эрс тэс хоёр өөр тогтолцоо солигдож байгаа үед энэ нь гарцаагүй гардаг аж. Харин тухайн шилжилт хийж буй орон хөгжлийн ямар загварыг чиг баримжаа болгож буйгаас шалтгаалан өөр өөр шинж, хэлбэр, хэмжээтэй байдаг бололтой. Хөгжлийн загвар нь барууны чиглэлийн үү, эсвэл зүүний чиглэлийн үү гэдэг энд ихээхэн шийдвэрлэх үүрэгтэй аж. Зүүний чиглэлийн үзэл баримтлалыг ирээдүйгээ болгосон нөхцөлд арай зөөлөн аядуу байдаг. Харин барууны чиглэлийн, тухайлбал одоохондоо хүн төрөлхтөн өөр олигтойг бодож олж хараахан чадаагүй байгаа либерал ардчилсан үзлийг гол чиг баримжаа болгосон нөхцөлд тогтолцооны шилжилт хатуухан тусах аж. Ер нь л энэ үзэл бол чанга талдаа, өөрөөр хэлбэл нийгмийн шалгарлыг л хүн бүхний өмнө тулгадаг байна.
Миний тайлбар: Нийгмийн шалгарал өнөөгийн шилжилтийн Монголд яг тулчихсан байна. Хүн бүрт хамаатай. Хэрсүү байцгаая. Хүн бүр төрөхөөсөө хэрсүүжэе, хэрэгтэй хэрэггүй зүйлээр оролдохоо боль, уран сайхандахаа боль гэсэн үгс бус уу? Коммунист үзэл суртлаа үтэр түргэн гээ гэчихсэн байгаа юм биш үү?
Цааш нь: – Олон хүн амтай, ардчиллын уламжлалт соёлтой оронд бол түүний энэ сөрөг тал нэг их хүчтэй, цочир мэдрэгдэхгүй. Харин хүн ам цөөнтэй манай орны нөхцөлд энэ үзэл чанга хатуу тусах төлөвтэй. Үүнийг хүлцэхэд хэцүү л дээ. Тиймээс бид Монголын нийгмийн хөгжлийн өөрийн өвөрмөц загварыг л сонгох учиртай. Монголын нийгмийн хөгжлийн загвар Дорно, Өрнийн хоёр том соёл-иргэншлийн уулзвар зааг дээр л харагдаад байгаа юм. Соёл-иргэншлийн хамаарлаас шинэтгэлийн загвар шалтгаална. Тиймээс өөрийн орны соёл-иргэншлийн онцлог, орон зайг зөв тодорхойлох хэрэгтэй. Энэ үүднээс аваад үзвэл Монголын соёл-иргэншил олон зууны түүхтэй, хэзээ ч давтагдахын аргагүй тийм өвөрмөц, ховор нандин соёл-иргэншил юм. 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол Улсын их соён гийгүүлэгч эрдэмтэн зохиолч Л.Түдэв хоёр өрсөлдөх үед миний бие нутгийн ахдаа “Монголын ирээдүй, түүний хөгжлийн чиг хандлагыг дэлхийн хоёр том иргэншил-Дорно, Өрнийн иргэншлийн уулзвар огтлолцоон дээр л олж харах хэрэгтэй” хэмээн хэлж зориглосныг маань аугаа их ухаантан энэ хүн өөрийн мөрийн хөтөлбөртөө тусгаж байсан түүхтэй билээ.
Даан ч тэр санааг тэр үед болон өнөө болтол гүн ухаарсан улс төрч, эрдэмтэн мэргэд байхгүй байгаа нь харамсалтай. Уг нь чухам энд л Монгол Улсын хөгжлийн ирээдүйн загвар, түүний орон зай, үзэл баримтлалын чиг баримжаа өчүүхэн миний мулгуу мөчид ухаанд харагдаад байдаг юм. Энэ үүднээс бид Өвөр Азийн бүс нутгийн иргэншлийг хөгжлийнхөө хэтийн загварын хувьд нухацтай авч үзэх хэрэгтэй. Дэлхийн энэ том иргэншлийн хүрээнд л Монголын нийгмийн хэтийн хөгжлийн загвар товойн тодрох болно!.
Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү