Б.Нямгомбо: Дэлхийн жишигт хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх бодлого баримталж байна

 logoӨнөөдөр манай улсад 800 орчим иргэн хорихоос өөр төрлийн ял эдэлж байна 

ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газрын дарга, дэд хурандаа Б.Нямгомботой хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа  болон түүний үр дагаврын талаар ярилцлаа. 

-Өнгөрсөн хавар ШШ­Г­ЕГ бүтэц, зохион бай­­гуу­­лалт­даа нэлээд өөрч­лөлт хийсэн. Эл хүрээнд ШШГЕГ-ын харьяа Хори­хоос өөр төрлийн ял эд­лүү­лэх хэлтсийг газар болгон өргөжүүлж үйл ажил­ла­гаа­гаа явуулж байгаа. Өнөөд­­рийн байд­лаар хэч­нээн ир­гэн хо­рихоос өөр төр­лийн ял эдэлж байна вэ?

-Шинэчлэлийн Зас­гийн газар, Хууль зүйн яамны  эрх зүйн сал­барын ши­нэчлэлийн хү­рээнд хууль сахиулах чиг үүр­­­гийг хэрэгжүүлэх бай­­­гуул­лагуудын үйл ажил­­­­лагааг дэлхийн жи­­­шигт хүр­­гэх, дагаж мөр­­дөх  эрх зүйн ор­чин нөх­­­цөлийг сайжруулах, хэрэгжүүлэх алба нэг­жийн бүтэц, зохион бай­­гуулалтыг өөрчлөн ши­­нэч­­лэх ажлын хүрээнд Хууль зүйн сайдын 2013 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ерөнхий газ­­рын бүтцэд өөрчлөлт орж шинээр “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар”-ыг байгуулсан. Ин­гээд ШШГЕГ-ын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс маань газар болон өргөжсөн.

Яг өнөөдрийн байдлаар торгох ялтай 60 гаруй, эд хөрөнгө хураах ялтай 130, албадан ажил хийлгэх ялтай 50, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялтай 570 ир­гэн байна. Нийт 800 орчим ир­гэн хорихоос өөр ял эдэлж байна.

-Ингэхэд тухайн этгээдэд хийсэн хэргийнх нь төлөө хорих ял оноохоос илүү хори­хоос өөр төрлийн ялыг түл­хүү оногдуулахыг зорих бол­сон нь ямар учиртай юм бэ? 

-Манай улсын Эрүүгийн хуульд нийт 225 үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байдаг бөгөөд үүнийг үндсэн, хүнд­рүүлэх, онцлон хүнд­рүүлэх байдлаар задалбал 449 үйлдлийг гэмт хэрэгт тоо­цож ял оногдуулах бөгөөд үүний 330 зүйлд хорих ялыг үндсэн ялын чанартай оногдуулахаар заасан.

Ингэснээр шүүхээс хорих ялыг түлхүү хэрэглэж байна  гэж үзэж болно. Тухайлбал УДШ-ийн 2010-2012 статис­тик судалгаагаар нийт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 75-77 хувьд нь хорих ял оногдуулсан нь үүнийг гэр­чилнэ.

Гэтэл хорих ялын үр нөлөө өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дахин давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийг­мээс тусгаарлан тэдний сон­­гох, сонгогдох, хурал цуг­лаан зохион байгуулах, га­дагш зорчих эрхийг хяз­гаарлахаас өөрөөр ямар ч үр нөлөөгүй гэдэг нь судал­гаагаар тогтоогдож байгаа. Өнөөдөр хорих ял нь эдийн засгийн хувьд зардал ихтэй. Төр тухайн этгээдийг гэмт хэрэг үйлдсэнийг ил­рүү­лэхээс эхлээд хорих га­зарт хүргэж эргээд суллах хүртэл бүх зардлыг өөртөө хүлээж, маш их ачаалал авч байна.

Тухайн ялтныг хоол­лох, хувцас­­лах, дулаан орон байранд байлгах гэх мэт урсгал зардалд өдөрт 10.000 гаруй төгрөг зарцуулдаг. Үүнийг ял эдэлж буй ялтны тоогоор үржүүлж үзвэл жилд хэдэн тэрбум төгрөг гарна. Нөгөөтэйгүүр олон жил хо­рих ял эдэлсэн этгээдүүд сул­лагдахаараа нийгэмд дасан зохицож чаддаггүй, мэргэ­жил боловсролгүй, найз нөх­дийн хүрээлэлгүй болчих­сон байдаг.

Тийм учраас хорих ялын нийгэмд үзүүлэх үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүйг дэлхий нийт хүлээн зөвшөөрч аль болох хорихоос өөр төрлийн ялыг сонгож, гэмт хэрэгт нь тохирсон ялыг шударгаар оногдуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэр бүл, нийгэмд нь байлгаж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухамсарлуулахад чиг­лэсэн ялын бодлогыг ба­римт­лах хандлагатай бай­гаа үүнийг бид өнөөдөр ойлгох цаг болсон.

Хорих ял эдэлж байгаа хүн бүхэн муу хүн биш. Бид тэднийг хорих газар биш хамт олон, найз нөхөд, гэр бүлд нь байлгаж ял эдлүүлж нийгэмшүүлэх нь чухал байгаа учраас сүүлийн үед хорихоос өөр төрлийн ялын талаар судлаачид их ярьж байна л даа.

-Мэдээж хүний амь насыг санаатай, санамсаргүйгээр хөнөөсөн хүнд хорихоос өөр ял оногдуулахгүй нь лав­тай. Харин Засгийн газ­раар хэлэлцэгдэж буй Гэмт хэргийн тухай шинэ хуульд ямар хэрэг хийсэн хүнд хорихоос өөр ял эдлүү­лэхээр заасан бэ?

-Хууль зүйн яамны сай­т дээр тавигдсан Гэмт хэргийн хуулийн төслөөс харахад гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг хар­галзан гэмт хэргийн хор аюулаа арилгасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх мэт олон нөхцөлийг харгалзаад хорихоос өөр төрлийн ялыг оногдуулахаар заасан бай­сан.

-Хууль ч яах вэ, батлагд­дна биз. Гагцхүү хорихоос өөр ялыг хэрхэн хэрэг­жүүлэх нь сонин байна л даа?

-Хяналт яаж тавих талаа­раа ярьж л байна. Тухайл­бал “JPS” систем ашиглаад хяналтыг тавих асуудал яригдаж байгаа. Ингэхдээ биечилсэн болон техникийн хя­нал­тыг хослуулж тавих тал дээр судалгааны ажлыг хийж байгаа. Хамгийн гол нь ял гарцаагүй биелдэг байх нь чухал.

-Тэгвэл дэлхий нийтийн жишгээр хэрхэн хяналт тавьж хэрэгжүүлдэг юм бол?

-Техник технологийн хөгж­лийн дэвшлийг ашиг­­лаад “JPS” ашиглан хянал­тыг тавьж байна.  Шүүхээс тухайн хүнийг зорчих, хориглосон үйлдэл хийх, гэрийн хорионд байлгах гэх мэт хяналтыг ихэвчлэн цахилгаан бугуйвч, суу­рин болон хөдөлгөөнт теле­камерийг ашиглан хийж байна.

Энэ хяналтыг “JPS” ашиглан хэрэгжүүлж бай­гаа бөгөөд хязгаарласан хо­риг­лолтыг зөрчвөл төвд хянал­тын дохиолол өгч түү­ний дагуу хяналтын ажилт­­нууд шалгах байдлаар хэрэгжүүлж байна.  Манай газар энэ  чиглэлээр гадаадын улс, орнуудын туршлагыг ч судалж байгаа.

-Гэхдээ тухайн этгээд хорихоос өөр төрлийн ял эдэлж байх хугацаандаа да­­хин гэмт хэрэгт ороо­цол­дохыг үгүйсгэхгүй шүү дээ?

-Тийм ээ, үгүйсгэх ар­гагүй юм. Хяналтын тог­тол­­цоог төр, төрийн бус бай­гуул­лага, ард иргэд бүгд тавьдаг болбол энэ асуудал байхгүй болох магадлалтай.

-Яг ийм тохиолдолд тухайн этгээдэд оногдуулах ялын хэмжээ нэмэгдэх үү?

-Мэдээж нэмэгдэнэ. Одоо мөрдөж байгаа эрүүгийн хууль болон шинээр гарах гэж буй хуульд ч бий. Хорихоос өөр төрлийн ял эдлэхээр шийтгүүлсэн эт­гээд хянан харгалзах хуга­цаанд дахин гэмт хэрэг үйлд­сэн тохиолдолд үлдсэн хугацааг нь хорих ял болгон шилжүүлнэ.

-Хэдийгээр энэ мэт сайн тал олон байгаа ч нөгөөтэйгүүр хори­хоос өөр төрлийн ял эдлүүлснээрээ гэмт хэрэгт ороо­цолдох за­луусын тоо эрс нэмэгдэх юм биш үү. Үгүй гэх ба­тал­гаа алга бай­на шүү дээ?

-Нийгмийн хөгжлийн чиг хандлагаа дагах ёстой. Болох­гүй гээд байвал бүгд л болохгүй шүү дээ. Хуулиар зохицуулаагүй маш олон харил­цаа үүсээд байхад бид болно гээд байгаад байж болохгүй. Нийгмийн хөгж­лөөс эрх зүйн шинэтгэл нь түрүүлж хийгдэх ёстой гэж би үздэг.

-Аливаа нэг бай­гууллагад ажилд ороход өмнө нь ял эдэлж байсан эсэхийн лавлагаа шаарддаг. Гэтэл өмнө нь хорихоос өөр төрлийн ял эдэлсэн иргэн ажилд орохдоо өөрийгөө ял эдэлсэн гэх үү, эдлээгүй гэх үү?

-Энэ асуудлыг хууль зүйн яам шийдвэрлэсэн. Хо­рих ял эдэлж байгаад сул­лагдсан этгээд ажилд орох нийгэмшихэд нэг том саад бол энэ лавлагаа. Үүнийг хууль зүйн яам хувь хүн авдаг байсныг болиулсан. Тэгэ­хээр энэ асуудал хойшид хүндрэл болохгүй байх гэж бодож байна.

Б.Төрбат

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …