Хилийн 0164 дүгээр ангид хугацаат цэргийн албыг амжилттай хаагаад тун удахгүй халагдах гэж байгаа ихрүүд болох ахлах байлдагч О.Буянзаяа, байлдагч О.Мөнхзаяа нартай ярилцлаа.
-Ихрүүдтэй танилцья?
О.Б:-Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоноос цэргийн албанд татагдсан. Ам бүл найм. Сэлэнгэ аймгийн спортын бүрэн дунд сургуулийг төгссөн. Хагас цэргийн зохион байгуулалттай сургууль л даа. Би чөлөөт, үндэсний бөхөөр харин манай ихэр самбо, жүдогоор хичээллэдэг байсан. Өөрсдийн сонирхлоор цэргийн албанд татагдсан. Энэ жил 19 нас хүрсэн.
-Та хоёрыг усны дусал шиг адилхан байх болов уу гэтэл өөр юм аа?
О.М:-Би хөдөө яваад жаахан борлочихсон. Малын суурьт сар болчихоод ирлээ.
О.Б:-Бид төрсөн ах дүү шиг л харагддаг байх. Хүмүүс харин биднийг ялгадаггүй л гэдэг юм. Манай ангийнхан хүртэл нэрээр нь л ялгадаг.
-Нэг ихэр нь дэлдэн чихтэй юм байна. Би хараад тэгж ялгалаа?
О.Б:-Манай энэ спортоор хичээллэхдээ бие халаалтаа муу хийгээд чихээ ийм болгочихгүй юу.
-Удахгүй халагдлаа шүү дээ. Цэргийн алба хаах нэг жилийн хугацаа хэрхэн өнгөрч байна?
О.Б:-Ах нараасаа үлгэр дууриалал авч, дүү нартаа эргээд үлгэрлэж байтал халагдах болчихлоо. /Инээв.сур/ Анх цэргийн зарлан ирэхэд сүртэй бас эвгүй байсан. Хамгийн түрүүнд нэг жил гэр бүл, найз охиноосоо хол яаж байна даа гэж бодогдсон. Манай гэр бүлийнхэн тэр дундаа аав цэргийн албанд заавал явуулна гэдэг байсан юм. Хүслээр нь ч болсон. Ангийнхаа хаалгаар анх орж ирэхэд төрсөн мэдрэмж үнэхээр гоё. Албан хаагчдын харилцаа, ангийн тохижилт гээд үнэхээр өөлөх зүйлгүй сайхан. Өөдлөх айл үүднээсээ гэдэг үнэн л юм билээ.
О.М:-Анх ангийнхаа хэдэн давхарт хаана яваад байгаагаа мэддэггүй төөрдөг байлаа шүү дээ. /Инээв.сур/ Ах маань Зэвсэгт хүчинд цэргийн алба хаасан юм. Цэргээс халагдаж ирээд өвдгөө нугалахгүй хөлөө ихэд өндөр өргөн алхаж үзүүлдэг байлаа. Ихэр бид хоёр дагаж алхах гээд чадахгүй ээ. Тэр үед ах өөрсдөө цэргийн албанд очоод сур гэдэг байсан.
-Ихрүүд учраас өөр өөр газар томилогдчих вий гэдэг айдас байсан уу?
О.Б: Хоёр ихэр цэргийг салгахгүй гэсэн юм л даа. Гэтэл дамжин дээр манай ихрийг аваад явчихсан. Тэр үед манай ихэр ч, би ч учраа хэлсэн. Гэхдээ миний хувьд салахдаа нэг их айгаагүй. Харин аав ээж “Та хоёрын амийг салгаагүй” гээд салгаж хол явуулдаггүй юм. Тиймээс цэргийн нэг жилийн хугацаанд ч салгахгүй гэсэн л дээ.
-Цэргийн албанд татагдан ирэхэд салах вий гэхээс өөр ямар нэгэн айдас байсан уу?
О.Б:-Хал ах нараас яг үнэндээ айж байсан. Тийм яриа байдаг шүү дээ. Гэтэл үгүй юм билээ. Ах нар ч бидэнд зөв үлгэрлэсэн. Дор хаяж л хэрхэн, хаана биеэ зөв авч явах вэ гэдэг чинь соёл шүү дээ. Тэр бүхнийг заана. Ер нь үе үедээ дүү нараа зөв сургах нь чухал юм билээ. Удахгүй бид ногоо хураалтад явах гэж байгаа. Дүү нарын идэх ногоо учраас сэтгэлээсээ ажиллаад хураагаад ирье гэж хоорондоо ярьж байгаа.
-Та хоёр өмнө нь спортоор хичээллэж байсан гэсэн шүү дээ. Ямар амжилт үзүүлсэн бэ?
О.М:-Төвийн бүсийн самбо, жүдогийн хошой хүрэл медаль, аймгийн аварга, Азийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн гээд бид багагүй амжилт үзүүлсэн.
-Нэг жилийн хугацаанд хамгийн дурсамжтай өнгөрсөн мөч гэвэл?
О.М:-Шинэ жилийн баяр юм байна. Хамтдаа орчноо чимэглэх, тохижуулах их сайхан байсан. Он гарах мөчид жагсаалын талбай дээр бүгд малгайгаа авч шидээд л гоё байсан шүү.
-Хамгийн ихээр хэнийг санаж байна?
О.Б:-Халагдаад хамгийн түрүүнд аав, ээж дээрээ очиж үнсүүлнэ.
О.М:-Би дүү нараа л их санаж байна. Угаас би дүү нараа хардаг байсан юм.
-Хамтдаа цэргийн албыг нэг ангид хаахын сайхан нь юу байна вэ?
О.Б:-Муулаад байгаа юм биш. Манай ихэр заримдаа “атаршчих” гээд байгаа юм шиг санагдаад миний санааг зовоодог. Уг нь жагсаал цоожлогч байхгүй юу. Жагсаалд командгүйгээр номхон зогсох дүрэмтэй. Дарга нарын эзгүйд хааяа назгайрах шинж гаргаад байдаг юм. Угаас Мөнхзаяа гэхээр Буянзаяа гэдэг нэр ямагт хамт хэлэгдэж байгаа гэсэн үг. Цэвэрлэгээний үед бас сайн хий гэж хэлнэ. Хувцсаа удаан өмсдөг цэргүүдийн нэг нь манай ихэр. Харин би хурдан тайчигч нарын нэг л дээ. /Инээв.сур/
-Ихэр нь үнэн ярьж байна уу?
-Мэдэхгүй ээ. /Инээв.сур/ Миний хувьд ихэртэйгээ хамт цэргийн алба хааж байгаадаа баярладаг. Хөгширсөн хойно хожим дурсах зүйлтэй байна гэдэг гоё. Би ихэр шигээ элдэв юм боддоггүй. Энгийн үед найз, ихэр гэж харьцна. Харин албаны үед цол ахиу учраас “эрхэм ахлах байлдагчид илтгэе” гээд л дүрмийн дагуу харьцана шүү дээ.
-Та хоёр цэргийн албанд татагдсан нэг жилийн хугацаанд өөрсдийгөө өөрчлөгдсөн гэж бодож байна уу?
О.М:-Ажил хийж сурсан. Манай ихэр аавтай хамжаад машин тэрэг задлаад янзалчихна. Би нэг боолт аваад тусалчихья гэхээр бээлийгээ өмсөхөө мартаад гараа тос болгочихно. Тэгээд л аав чи хэрэггүй гэдэг юм. Бодвол нэмэр болохдоо тааруу юм болов уу.
О.Б:-Энэ олон эрчүүдийн дунд ард нь үлдчих вий гэж эмээж байсан. Гэхдээ биеийн тамирын сургуульд сурч байсан учраас дутаагүй. Би уураа барьж сурсан. Тэвчээр сууж, хүний үг сонсож сурлаа. Сайн ах байя гэвэл өөрөө хичээх хэрэгтэй юм билээ. Сониноос манай ах нар бидний дунд янз бүрийн уралдаан зарладаг байлаа. Тэгээд тамхи, шоколадаар биднийг урамшуулна. Тамхи татдаггүй нэгнээ эко гэнэ. Би тамхи татдаггүй эко нарын нэг л дээ. Тиймээс нэг ч гэсэн хүнийг тамхинаас татгалзахад нь туслах юмсан гэж боддог. Гэр бүлийн амьдрал зохиогоод эхлэхээр тэр мөнгөөрөө өөртөө тамхи авах уу, хүүхэддээ памперс авах уу гэж бодох ёстой. Ер нь ар гэрийнхэн эргэлтээр ирэхдээ тамхи авчирч өгдөг нь ч буруу гэж боддог. Манай Жа, “Харилцаанаас харилцаа, хандлагаас хандлага” гэж бидэнд их хэлдэг юм. Тэр үг санаанаас гардаггүй.
-Ингэхэд нэг нь ахлах байлдагч нөгөө нь байлдагч гэхээр цолны ялгаа хааяа гарах уу?
О.Б:-Байлдагч сайхан цол шүү дээ. Дүрмээрээ байгаа байлдагч хамгийн жаргалтай. Би дүрмийн дагуу байхыг хүсдэг.
-Халагдах хугацаа улам бүр дөхөхөөр ямар мэдрэмж төрж байна?
О.Б: Халагдмааргүй ч юм шиг. Догдлоод шөнөдөө нэг хоёр удаа сэрээд л байна. Халагдангуутаа долоо хоног чимээгүй намуухан газар унтмаар байна. Ээжийнхээ цайг бас уухыг тэсэн ядан хүлээж байна.
О.М:-Халагдах дөхөхөөр ээжийгээ зүүдлэдэг юм байна. Хоёр шөнө дараалан ээжийгээ зүүдэлсэн. Яг халагдаад ээждээ үнсүүлж байтал “сэрээд сэрээд” команд. Дараа нь хэрвээ сэрээгээгүй байсан бол гэж харамсаж байгаа юм чинь. Ер нь цэрэгт янз бүрийн юм санагддаг, бодогддог, ухаардаг л юм байна. Багш дээрээ очиж үнсүүлж баярласнаа хэлнэ.
-Цэргийн албанд мордуулахад хэн юу гэж үдсэн бэ?
О.Б:-Аав маань гурван жилийн цэргийн алба хаасан учраас олон зүйл хэлээгүй. Гэхдээ, “Хал цэрэг болон дарга нарын үгнээс гарахгүй, няцахгүй байхад болно. Эр хүний замын хүзүү урт учраас амьдралын замд хаана ч эргээд таарна шүү” гэсэн.
О.М:-“Ээж битгий чихнээс хонх уяад байгаарай” гээд л эхэлж байгаа юм чинь. Гэхдээ ээж хүн хүүхдийнхээ төлөө л байдаг учраас хайр нь дотроо, хал нь гаднаа гэдэг шүү дээ. Энэ жил Хил хамгаалах байгууллагын 87 жилийн ой бил үү?
-Тийм.
О.М:-Бүх хилчдэд ялангуяа хилийн 0164 дүгээр ангийн удирдлага болон нийт бүрэлдэхүүнд, онжавууддаа, дүү нартаа баярын мэнд хүргэе.
-Өө чи ямар сэргэлэн юм бэ. За мэндчилгээг чинь уламжилья.
О.М-Баярлалаа. Бид хоёр угаас их азтай. Цэргийн тангарагийн баяраар танай сонин дээр бас гарсан. Төрүүлж, өсгөсөн аав ээждээ, хайрлаж хамгаалж явдаг ах эгчдээ баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү. Та нарынхаа ачаар нас биед хүрээд цэргийн алба хааж байгаадаа баяртай байна. Мөн энэ ангид алба хаасандаа баяртай байгаа.
О.Б:-Би хамаатны дүү нараа цэргийн алба хаагаарай ялангуяа Хилийн цэрэгт тэр дундаа хилийн 0164 дүгээр ангид алба хаагаарай гэж хэлнэ дээ. Надад нэг бодол байдаг юм. Тэрийгээ хэлж болох уу?
-Бололгүй яахав.
О.Б:-Би хугацаат цэргийн алба хаагчдад хангалтын хувцаснаас гадна ажлын хувцас олгож байгаасай гэж хүсдэг. Бидний хувьд цэрэг хувцас хамаг бахархал минь. Гэтэл тэр хувцастайгаа ажил хийгээд хуучирч муудсан байхыг нь харахаар онцгүй санагддаг. Цэргийн хувцсыг дүрмийн дагуу сайхан өмсөх гоё. Бид энэ хувцасаа насан туршдаа хадгалж үлдэнэ шүү дээ.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа.
ХХЕГ-ын ОНХА Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ