НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяртай ярилцлаа.
-Орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. ХҮН энэ удаагийн сонгуульд хожимдож сурталчилгаагаа эхэлсэн ч НИТХ-д гурав, дүүрэгт 12 суудал авлаа. Хэрхэн дүгнэж байна?
-Долоо хоногийн хугацаанд сурталчилгаа явуулж чадаагүй нь танигдаж амжаагүй жижиг намын хувьд бидэнд хохиролтой болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ сонгуулийн дүнг эргээд харахад УИХ-ын сонгуульд ХҮН нийслэлчүүдийн 9.8 хувийн дэмжлэг авсан байсан. Тэгвэл энэ удаа 17.1 хувийн дэмжлэг авч, өсчээ. Намын суурь нэлээд бий болчихлоо гэж харж байгаа. Бид энэ үр дүнгээ бататгаж нийслэл, дүүрэгт сонгогдсон гишүүд маань сөрөг хүчний дуу хоолой болж иргэдийн төлөө хариуцлагатай ажиллах шаардлагатай боллоо. Бид гурван зарчим ярьж байгаа. Нэгдүгээрт, эвсэхгүй. Эрх мэдэл олж авахын тулд ямар нэгэн улс төрийн намтай эвсэхгүй. Хоёрдугаарт, эвдрэхгүй. Нам дотооддоо эв нэгдэлтэй, атгасан гар шиг ажиллана. Түүнчлэн сонгогдож гарч ирээд хүн байхаа больдог бол бид хүнээрээ л байна гэдэг утгыг давхар агуулсан. Гуравдугаарт, эвдлэхгүй. Зөв зүйтэй бүхэн рүү дайрч попорч олонд таалагдах зорилгоор болж бүтэж байгаа зүйлсийн эсрэг эвдлэн сүйтэхгүй. Зөв зүйлсийг дэмжээд л явна. Тиймээс бид сөрөг хүчний дуу хоолой болж, нийслэлд нийтлэг тулгамдаж буй зүйслийг шийдвэрлэхэд аль ч намтай хамтран ажиллахад бэлэн. Манай намын гурван гишүүн НИТХ-д, СХД-ээс бусад таван дүүрэгт ХҮН-ын 12 гишүүн сонгогдсон байна. Сая гэхэд Баянгол дүүрэгт МАХН-ын хоёр гишүүн АН-тай эвсэж гарч ирчихээд МАН-д элсчихлээ. МАХН ямар улс төрийн хүчин болчихсон байна гэдгийг харуулж байгаа юм. Харин манай намын хувьд эвсэхгүй гэдэг зарчмаа барьсан нь тод томруун харагдсан байх. Иргэдийн өгсөн саналыг хүндэтгэж ажиллалаа.
-ХҮН энэ удаагийн сонгуульд “Аюулгүй хотын төлөө” уриатай оролцсон. НИТХ-д эхлээд ямар шийдлүүдийг та гурав гаргаж ирж ярих вэ?
-Бид зөвийг дуугарч явна. Олон нийтийн шийдэхийг хүссэн асуудлаас нь эхлээд дуугарна. Ямартаа ч гурван суудлаа хамгийн үр дүнтэй ажиллах байршилд нь аваачихыг зорино. Бид бүлэг байгуулж ажиллахыг зорьж байна. Гэхдээ 2018 онд баталсан хурлын дэгээр таван гишүүн бүлэг байгуулна гэж заасан. ИТХ өөрөө баталж гаргадаг дэг. Жинтэй дуугарахын тулд бүлэг байгуулж, бүлгийнхээ хэмжээнд идэвхтэй оролцох ёстой.
Цөөнхийн дуу хоолой бол үнэ цэнэтэй. Ардчилал бол цөөнхөө хүндэтгэж сонсдог соёл. Энэ соёлыг л бид хүснэ. Түгжрэлийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг эрх баригч нам ч АН, ХҮН ч хүсч байгаа. Энэ тал дээр зөв шийдвэр гаргаж ирээд хэлэлцвэл дэмжинэ. Асуудлуудаа голдоо тавьчихвал бүх хүн болох, бүтэх талаас нь явна. Түгжрэлийг шийдэхийн тулд мэдээллийн технологийн ололттой талыг нэн даруй ашиглах шаардлагатай. МАН түгжрэлтэй механик аргаар тэмцэх гэдгийг эсэргүүцдэг. Дугаар хязгаарлаж хөдөлгөөнд оруулснаар түгжрэлээсээ энэ таван жилийн турш ангирч чадсан уу, бүр дордсон. Тийм биз дээ. Энэ бүхэн ямар ч үр дүнгүй гэдгийг харлаа. Өөр арга зам буюу эдийн засгийн хөшүүргээр нь такси үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, явган хүний замыг аюулгүй болгох зэрэг асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд бид хамтарч ажиллая гэж байгаа юм.
-Таны сонгогдсон тойрог байшин хороолол. Тэнд юу тулгамдаж байна?
-Байшин хороололд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу. Хүүхдийн тоглоомын талбай, төв зам руугаа гарах гарц, явган хүний зам, нийтийн талбайн хомсдол дээд зэрэгтээ орчихсон. Энэ бүхэнд төр санаачилга гаргаж олон нийтэд зориулах ёстой. Эрх барьж байгаа намд санал тавина. Хууль бусаар олгосон газрыг эргүүлж авах, хууль ёсоор олгогдсон бол ААН-тэй нь тохиролцох, нөхөн төлбөрийг нь төлөөд олон нийтэд зориулах ажлууд руу хүчтэй орно.
-Нийслэлийн анхдугаар чуулган маргааш болно. Хотын дарга ямар хүн сонгогдвол зохино гэж харж байгаа вэ?
-Иргэдээ сонсдог чин сэтгэлээсээ ажилладаг, асуудалд уян хатан ханддаг хүн байх хэрэгтэй. Хүнд суртлын захиргаадалтын хэлбэрийн ажлын арга барил одоо явахаа больчихсон. Тиймээс энэ байдлаасаа салцгаагаасай л гэж бодож байна.
-Та боловсролын салбарын төлөөллөөс улс төрд орсон. Нийслэлд байхдаа боловсролын талаар илүү дуугарах болов уу?
-Тэгэлгүй яахав. Энэ миний сэдэв.
-НИТХ-д сонгогдоод гараад ирлээ. Өнөөдрийн улс төрийг хэрхэн харж байна?
-Японы жишээг харахад либерал ардчилсан нам нь 1955 оноос хойш хоёр удаа засгийн эрхээ алдсанаас бусад үед засаглаад явж байна. Хамгийн гол нь сөрөг хүчний хяналт байх ёстойгоос гадна сөрөг хүчин бүтээлч байх ёстой. Ингэж байж ардчилал бэхждэг. Мөн сонгуулиа шударга явуулдаг байх нь зүйтэй.
-ХҮН ямар баримтлалтай нам бэ?
-Манайх зүүн төвийн үзэлтэй нам. Ардчиллыг дэмжинэ. Хүнээ дээдэлнэ. Нийгмийн халамжийг авах ёстой газар нь заавал хүргэнэ гэсэн бодлоготой. Гэхдээ халамжийг хавтгайруулж болохгүй.
-ХҮН улс төрийн гуравдагч хүчин болчихсон гэж харж байна уу. Танай намын дарга солигдох талаар яриа явж харагдана лээ?
-ХҮН улс төрийн гуравдагч хүчин болчихсон гэж харж байгаа. Гуравдагч хүчний хэмжээнд богино хугацаанд орж ирж байна. Энэ бүхэн намын удирдлагатай холбоотой. Намын удирдлага болох Б.Найдалаа даргын хийсэн зүйл их бий. Намын дарга маань аливаа зүйлд маш уян хатан хандаж, эв нэгдлийг эрхэмлэж ажилладаг. Манай намын дарга солигдох асуудал огт байхгүй. Намын даргад хариуцлага тооцдог хэдхэн зүйл л байдаг. Хариуцлага хүлээх ёстой гэвэл МАХН, ШИНЭ нам л хүлээх ёстой болов уу.
Эх сурвалж:Өдрийн сонин
Б.Номин-Эрдэнэ