Нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн өнөөгийн байдал, төлөвлөлтийн талаарх танилцуулга, сонсох ажиллагаа болж, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр нарын албаны хүмүүс оролцлоо.
Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. 2021 оны байдлаар нийтийн тээврээр 147 сая зорчигч үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг.
Судалгаагаар Улаанбаатар хотын гол дөрвөн гудамж зам болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөөгөөр зорчигч урсгалын ачаалал их байдаг.
Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөгөөр 20 чиглэлийн 280 автобус, нийт зорчигчдын 30.6 хувь, Чингисийн өргөн чөлөөнд есөн чиглэлийн 120 автобус, зорчигчдын 8.6 хувь, Их тойрууд 14 чиглэл 150 автобус, зорчигчдын 6.2 хувь, Нарны замаар долоон чиглэлийн 70 автобус, зорчигчдын 2.6 хувь нь тус тус зорчиж байна.
Нийтийн тээврийн 105 чиглэлээс богино эргэлтийн 27 чиглэл бий. Эдгээрийн 10 чиглэлийг 2020-2022 онд нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгын хүрээнд шинээр явуулж эхэлсэн. Алслагдсан суурьшлын цэгүүдээс 10чиглэлийн 72 автобусыг богино эргэлтэд оруулан, төлөвлөлтийг хэрэгжүүлсэн гэдгийг танилцууллаа.
Танилцуулгын үеэр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг:
-Богино эргэлтийн үр дүнд нааштай үзүүлэлтүүд гарсан. Автобусаар зорчих хугацаа богиносож, зорчилт болоод хүртээмж нэмэгджээ. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд бага оврын автобуснууд оруулж ирж байгаа. Нийт парк шинэчлэлтийн 15-20 хувь нь бага оврын автобус байх юм.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа:
-Нийтийн тээврийн чиглэл бүрийн урт янз бүр. Хамгийн урт нь 72 км, хот орчмын чиглэлүүд бий. Хот дотроо бол 18-30 км урттай чиглэлүүд бий. Эдгээрээс энэ удаад богино эргэлтийн чиглэлийг онцлон танилцуулъя. Богино эргэлт гэдэг нь Таван шар, Офицеруудын ордноос дотогшоо, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлд оруулахгүйгээр 120 болон Баянбүрд хэсэгт эцсийн зогсоолыг шийдэх байдлаар зохицуулалт хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн хэрэгслүүд болон зорчигчид түгжрэлд орохгүйгээр хүрсэн газартаа очих боломжтой болж буй юм. Богино эргэлтийг зохион байгуулахдаа хоёроос илүү дамжин суухгүйгээр зорьсон газартаа хүрэх байдлаар шийдвэрлэж байгаа. Цаг хугацааны хувьд 20-30 минутын хэмнэлт гарч буй юм. Есдүгээр сард манай байгууллагад хаяглан ирүүлсэн санал, гомдлын 20 орчим хувь нь богино эргэлтийн чиглэлийг нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлт байгаа. Тиймээс бид өнгөрсөн онуудад нэвтрүүлсэн чиглэлийн талаар мэдээлэл өгөхийн сацуу нэмж гурван чиглэлийг явуулахаар иргэдэд танилцуулж байна гэлээ.
Танилцуулгад оролцсон иргэдийн хувьд богино эргэлтийн чиглэлийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ойртуулах, өвлийн улирал ирж буйтай холбоотойгоор автобусны тоог нэмэгдүүлж, хүлээлтийг багасгах зэрэг саналыг хэлж байлаа.