Хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж, улмаар УИХ-аар хэлэлцэн баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль руу шилжих шилжилт энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд эдгээр шинэчлэлийн талаар дэс дараатай, тоймтой ойлголтыг олон нийтэд түгээх нь өнөөдөр юу юунаас эрхэм болоод байгаа юм.
Шүүхийн бие даасан байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд ямар шинэчлэл хийгдэх вэ
Шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, улстөр, эрх зүй, аюулгүй байдал, зохион байгуулалтын цогц асуудлыг шийдвэрлэжээ.
Тухайлбал, Шүүхийн төсвийг УИХ-д шууд өргөн барьж батлуулах, ингэхдээ шүүхийн урсгал зардал болон шүүгчдийн цалин хөлс хасагдахгүй, харин ч нэмэгдэж байх зарчим мөрдөгдөхөөр болжээ.
Энэ нь шүүхийн засаглалын гүйцэтгэх эрх мэдлээс төсөв санхүүгийн хувьд хараат байдал түүх болон үлдэж байгааг нотлох маш чухал дэвшил юм.
Шүүх нь засаг захиргааны нэгжээр биш, харин нутаг дэвсгэрийн байршил, хүн амын нягтшил, хэрэг маргааны тоо зэргийг харгалзан тойргийн зарчмаар байгуулагдан ажиллаж эхлээд байгаа.
Энэ нь шүүгчдийн ажлын ачааллыг тэнцвэржүүлж, иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээний чанар чансааг шинэ шатанд гаргахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Мөн анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь хэрэг, маргааныг эрүү, иргэн, захиргааны дагнасан шүүхээр шийдвэрлэдэг болов. УДШ-ийн шүүгчдийг эрүү, иргэн, захиргааны танхимын хооронд сэлгэн ажиллахыг хориглосон нь хэргийг зөвхөн тухайн чиглэлээр мэргэшсэн шүүгч шийдвэрлэх боломжтой болгож байгаа юм.
Эдгээр өөрчлөлтийн үр дүнд эцэс төгсгөлгүй шүүхийн маргаан цэгцлэгдэж, УДШ хэргийн үйл баримтыг хянахгүй, зөвхөн хуулийг зөв хэрэглэсэн эсэхтэй холбоотой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг болно. Үндсэндээ хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан болон давж заалдах шатаар дуусдаг эрин үе эхэлж байна гэж ойлгож болох юм.
УДШ нь хуулийн тайлбар нэрээр УИХ-тай адилхан хэм хэмжээ тогтоодог хуучин практик зогсоно.
Шүүхийн шийдвэр нээлттэй болж, хүссэн бүхэн танилцах боломжтой болсон
Өнөөдрийн байдлаар нийтдээ 74 мянга гаруй шүүхийн шийдвэр цахим хуудсанд байршаад байгаа ажээ.
Шүүхийн шийдвэрийг шүүгчид, хуульчид, судлаачид, оюутнууд, хууль тогтоогчид өөрсдөө ч хүссэн үедээ танилцан уншиж судлах, шүүмжлэх, мэтгэлцэх боломжтой болжээ. Энэ нь хуулийг жигд хэрэглэх хяналтын тогтолцоо бий болгох, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход ач холбогдолтойгоос гадна шүүгчдийг дэвшин ажиллахад өмнө гаргаж байсан шийдвэрт нь дүгнэлт хийн мэргэжлийн чадварыг нь тодорхойлох нэг шалгуур үзүүлэлт болох юм.
УДШ-ийн олонхын саналаар гаргасан шийдвэртэй хамт тусгай санал буюу цөөнх болсон шүүгчдийн санал дүгнэлт хамт хэвлэгддэг болж байгаа нь Монгол Улсын түүхэнд анх удаа хэрэгжиж байгаа цоо шинэ, зоригтой алхам гэж үзэж болно. Шүүгчдэд тавих шалгуурын босгыг өндөрсгөснөөс гадна сонгон шалгаруулалтын журмыг нарийвчилж, Шүүхийн Ерөнхий зөвлөл ил санал хураалтаар шүүгч болох хүмүүсийг тодруулдаг шинэ журам мөрдөгдөж эхэлсэн нь шүүгчдийг нууц санал хураалтаар тодруулдаг байсан хуучны гажигтай тогтолцоог үндсээр нь өөрчилсөн томоохон шинэчлэл боллоо.
Мөн Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар сонгогчдын нэрсийн жагсаалтаас тохиолдлын журмаар сонгогдсон иргэн шүүн таслах ажиллагаанд ор нэрийн төдий оролцдог байсан үе өнгөрч, иргэдийн төлөөлөл шүүгч нартай адилхан эрх эдэлж, үүрэг хүлээн оролцдог шинэ үе эхэлж байна.
Мөн Эвлэрүүлэн зуучлалын хууль мөрдөгдөж эхэлснээр аливаа маргааныг эв зүйгээр зохицуулах, хөрөнгө мөнгө хэмнэх, шүүх, шүүгчийн ажлыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиудын амин сүнс нь “Хууль л бол хууль гэх явцуу ойлголтоос салж, хууль нь албан тушаалтны эрх хэмжээг хязгаарлах, чөлөөт иргэдийн эрхээ эдлэх боломжийг нэн тэргүүнд бүрдүүлэхийг чухалчлахад оршиж байгаа” юм.
Одоо хамгийн гол нь хуульчид мэдлэг мэргэжил, ёс зүйгээ өнөөдрийн ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахад тэнцэх хэмжээний болгон сайжруулах шаардлагатай. Хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд юу юу харш вэ гэдэгт дараах таван зүйл багтана.
Нэгдүгээрт. Хүнийг дур зоргоороо баривчилж болохгүй.
Хоёрдугаарт. Нууц шүүх ажиллагаа явуулж болохгүй.
Гуравдугаарт. Шүүхээр хянан хэлэлцэхгүйгээр саатуулан хорих, эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй.
Дөрөвдүгээрт. Гутаан доромжлох буюу тарчлаан зовоож болохгүй.
Тавдугаарт. Аливаа сонгуулийн үйл явц сүрдүүлэггүй, авлигагүй, шударга байх ёстой.
Дараагийн шинэчлэлүүд өмнөхөөс илүү үр ашиг, үр өгөөжтэй болох ёстой
Ямарваа хуулийг тодорхой хүн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцүүлэн гаргах ёсгүй. Хамгийн гол нь тухайн хуулийг батлахад түүнээс ашиг хүртэгч нь тодорхой биш байх ёстой гэсэн зарчим үйлчлэх учиртай. Мөн батлагдсан хууль тогтвортой мөрдөгдөх ёстой. Ойр ойрхон өөрчлөх нь түүнийг зөрчих буюу үл мөрдөхөд хүргэдэг.
Нөгөөтэйгүүр хууль боловсруулах, хэлэлцэх, батлах, мөрдөх журам ойлгомжтой, нийтэд нээлттэй бөгөөд сонирхсон иргэн хуулийн төслийн талаар дуу хоолойгоо хууль тогтоогчдод хүргэх боломжтой байх нь чухал юм.
Бас нэг чухал зүйл нь аливаа хуулийг мэдэх, мөрдөх боломж, хугацааг ард иргэдэд сайтар таниулан сурталчлах ёстой. Батлагдмагц мөрдөгддөг хуультай улс орон бол ардчилал жинхэнэ утгаар хэрэгждэггүй орон гэж ойлгож болно. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд “Тухайн хуульд тусгайлан заагаагүй бол нийтэд зориулан хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа мөрдөгдөнө” гэсэн заалт бий.
Ерөнхийдөө Шүүхийн шинэтгэлийн багц хууль хэрэгжиж эхэлсэн нь хуулийн засаглал руу хийсэн эхний томоохон алхам юм. Энэ нь шүүх, эрх мэдлийн шинэтгэл билээ. Одоо дараагийн шинэчлэлийн ажлууд шат дараатай хэрэгжих учиртай.
Дараагийн шинэчлэлүүд өмнөхөөсөө илүү үр ашигтай, илүү хурдтай, илүү үр дүнтэй байснаар Монгол Улс Шүүхийн шинэтгэлийг цогцоор нь хэрэгжүүлсэн Ази тивийн анхны орон болж, бусдад үлгэр жишээ үзүүлэх юм.
Эх сурвалж: