Гараг эрхэсийн Монгол нэр

3175Тигр Еврафт мөрний үржил шимт газар соёолсон эртний Мeсoпатамийн соёлд анхлан долоо хоногийн өдрийг тодорхой гараг эрхсээр оноон нэрлэж эхэлсэн нь Өрнө, Дорно зүгт адил тархсан тул Ази, Еврoпын нэлээд хэлэнд өдөр болон гарагийн нэрс хоорондоо дүйдэг байна. Монголчууд ч бас “гараг” хэмээхэд тэнгэрийн эрхэс болон долоо хоногийн өдрийн аль алинийг ойлгодог билээ. ГАРАГ хэмээн бичээд байгаагийн маань учир нь бид кирилл бичгийг анх авахдаа ГАРИГ гэж буруу хэвшсэнээс болж жогорхойг нэрлэх буриад үгтэй андуурагдах болсноос зайлсхийж буй хэрэг юм.

Ингээд Ням гарагаас эхлэн өдрүүдийн нэрийг тодорхойлбоос:

Sun-day буюу Нарны өдөр нь Төвдөөс Монголд орохдоо НИМ-А (ням), Самгардиас (самгарди- санскрит адил) уйгараар дамжин орж ирэхдээ ADIYA (адьяа) хэлбэрийг олсон бөгөөд аль аль нь “нар” гэсэн үг болно.

Mon-day буюу Moon – day хэмээх Сарны өдөр нь төвдөөр Даваа, самгардиар Сумьяа гэж буй нь мөн л Сар гэсэн үг. Дашрамд дурдахад дэлхийн дагуулыг нэрлэдэг үг нь түүний орчлоор баримжаа болгон хэмждэг 30 орчим хоногийн хугацааг нэрлэх үгтэй дүйцдэг хэл монголоос гадна англи ( moon-month ), түрэг ( ay-aй ) гээд олон бий.

Хар яриандаа бидний 2 дахь өдөр гэдэг гарагийн төвд нэр Мягмар нь уугуул хэлэндээ МИГ-МАР гэсэн хэлбэртэй. Yүний Миг нь нүд, Мар нь улаан гэсэн үг. Монголчууд орчуулаад бас Улаан нүдэн гараг гэж нэрлэнэ. Энд та нэг зүйлийг анзаарсан бол төвд хэл нь яг Испани хэл шиг Нүд + Улаан гэж тодотгол нь ардаа хэлэгдэж байгаа биз. Уг гарагийн самгарди нэр нь Ангараг, барууны хэлнүүдэд Марс хэмээнэ. Эртний Ромын домогт Марс нь дайн тулааны тэнгэр гэгдэж байв.

3 дахь өдөр төвдөөр Лхагва, самгардиар Буд гараг. Латин нэр нь Mercure. Грекүүд Хэрмэс гэнэ. Хэрмэс Зэвс тэнгэрийн элч болохоос гадна худалдаа ба хулгайн тэнгэр гэгддэг. Худалдаа хулгай 2 нэг тэнгэртэй байна гэдэг тохиолдол уу, эсвэл тийм их төстэй зүилс үү?

Дараагийн өдөр нь төвдөөр ПYР-БY, самгарди нэр нь Бархасбадь. Агуу том гараг болохоор нь ромчууд хамгийн хүчтэй тэнгэртээ нэрийг нь өгч Jupiter хэмээжээ. Грек домгийн Зэвстэй дүйнэ. Yгийн гарлын хувьд ч Ju нь Ze(us), piter нь патра, фадра (эцэг) гэсэн үгстэй нэг язгууртай. Эцэг тэнгэр гэсэн шүү нэр болж байна.

5 дахь өдрийг төвдөөр ПА-САН гэдэг нь монголд сунжирч Баасан болжээ. Самгарди нэр нь Сугар, самгардиас өөр хэлээр дамжин орж ирсэн хувилбар нь Шүгэр. (Ингэж нэг үг өөр өөр хэлээр дамжин орж ирэхдээ өөр өөр хэлбэрийг олдгийн жишээ Эрдэнэ-Раднаа, Очир-Базар, чихэр-саахар гээд олон бий) Сугар гарагийг монголчууд эртнээс Yүрийн цолмон, Yдшийн гялаан гэх мэтээр нэрийдэж байжээ. Yүнээс үзэхэд “Монголчуудын модон барын ном” хэмээх сайхан ном бичсэн Шүгэр гуай, Токиод суугаа миний ах Сугараа, Робинзон-Крузогийн туслах Баасан (5 дахь өдөр баригддаг этгээд), тэргүүн хатагтай Цолмон нар бүгд амьдаа болж таарч байна. Сугар гарагийг латинаар Үenus, оросоор бол Венера гэнэ. Венүс нь гоо үзэсгэлэн болон секс, үр удмын охин тэнгэр болохын хувьд Грек домгийн Афродитатай дүйнэ.

Социализмын үед хагас амардаг байсан өдрөө хагас сайн, бүтэн амардгаа бүтэн сайн гэж бид нэрийдсэн билээ. ( Жаахан ухаад бодвол хагас нь сайн юм чинь хагас нь муу гэсэн ойлголт төрнө. Ажил хийнэ гэдэг муу зуйл болж таарах нь ээ дээ, тэхээр. ) Хагас сайн өдрийн төвд нэр Бимба буюу Санчир гараг юм. Барууны хэлнүүдэд Сатурн гэнэ. Saturn day гэдэг нь жаахан хураагдаад Saturday болжээ. Сатурн Ромын домогт газар тариаланг ивээн тэтгэдэг тэнгэр. Грекээр Кронос гэнэ. Кронос төрсөн эцэг Ураныхаа эрхтнийг огтолж хөнөөдөг бузар домог бий. Энэ домог хийгээд эхтэйгээ нөхцдөг Эдип хааны үлгэр зэрэг нь Барууны соёлт ертөнцөд өөрсдийнх нь нэрлэдгээр “ classic” нь болдог гээд бодохоор таагүй л санагддаг, миний хувьд.

Дээр бичсэн бүхнээс үзэхэд бидний өдгөө хэрэглэж буй өдрийн нэрс нь төвд болон самгарди гаралтай үгс болох нь тодорхой байна. Гэтэл Монголчууд өөрсдийн гэсэн өдөр хоног нэрийдэх үггүй байв гэж үү? Yгүй ээ, бид л харийн соёлд шүтэж хаясан болохоос өдөр хоног, эрхэс гарагийн тухай эртний сайхан монгол үгс байсныг судар ном батална. Бельгийн нэрт монголч, хар лам А.Мостэртийн олж тайлбар бичсэн нэгэн монгол судрыг АНУ-ын судлаач Ф.Кливэз Харвардын Монгол номын цувралд Manual of Mongolian Astrology and Diүination нэрээр хэвлүүлжээ. Уг сударт долоо хоногийн өдрийг ням гарагаас эхлэн жагсаасан нь:

1. Наран одон: Soleil

2. Саран одон: Lune

3. Гал одон: Mars

4. Усун одон: Mercure

5. Moдун одон: Jupiter

6. Aлтан одон: Үenus

7. Шороо одон: Saturn

Нэмж өгүүлэхэд Монголчууд эрт дээр үеэс 12 сарыг улирлын тэргүүн, дунд, адаг сар хэмээн нэрийдэхээс гадна амьтны нэрээр Буган сар, Хөхөө сар гэхчлэн хэлдэг байсан мэдээ бий. Бид Хөхөө өвлийн хүйтэнд гэж ярих дуртай. Гэтэл Хөхөө зун л донгоддог шувуу билээ. Уг хэллэгийн учир нь мөнөөх хөхөө сар ид өвлийн хүйтэнд болдог байсантай холбоотой юм.

Yг бүр түүхтэй, үгийн түүхээс ард түмний утга соёл, ухаан мэдлэг сацрах ажгуу.

М. Саруул-Эрдэнэ

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …