УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн бямба гаригт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны хамт мод үржүүлгийн олон улсын байгууллага болох “Трий глобал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дэлхийн зургаан оронд салбараа нээсэн энэ байгууллага Монголд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Уул уурхайн хөгжил дагаж нөхөн сэргээлтийн асуудал яригдах болсон энэ үед дээрх компани хамгийн орчин үеийн технологи ашиглан тухайн орны унаган мод бутны үндсийг сайжруулан хүчирхэг үндэсний тогтолцоо бүхий бортоготой тарьц ургуулдаг аж.
“Трий глобал” ХХК-ийн хүлэмжид өнөөдрийн байдлаар Монгол орны байгалийн бүх бүслүүрт ургадаг нийт 16 зүйлийн мод бут, үүний дотор говь, цөлийн бүсэд ургадаг заг, монгол бүйлс, хотир зэрэг ургамлыг үрслүүлжээ. Тус компанийн монголын талын хөрөнгө оруулагч Х.Болдбаатарын хэлснээр тарьцыг хоёр үе шаттай үрслүүлж бэлтгэдэг байна. Эхний удаад дулаан хүлэмжид хоёр сарын хугацаанд үндэслүүлдэг бол хоёр дахь шат нь байгальтай дасан зохицоход бэлтгэсэн тусгай хүлэмжид ургуулдаг аж. Ингэснээр энэ байгууллагын үрслүүлсэн тарьц байгальд 95-100 хувь амьдрах чадвартай болдог байна. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагаас тарьц авч нөхөн сэргээлтэд ашиглахад ургалтад 100 хувь итгэлтэй байж болох юм байна.
Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанаас болж эвдэрсэн хөрс, цаг агаарын өөрчлөлтөөс хамаарч ундарга муудсан гол, горхийн эхэнд ямар ч хөрсөнд дасан зохицож ургах чадвартай ийм тарьц бэлтгэж байгаад УИХ-ын дарга сайшаалтай хандаж байлаа. Түүнчлэн энэ чиглэлийн компаниудын үйл ажиллагааг дэмжиж нөхөн сэргээлтэд төсөвлөгддөг мөнгийг тооцоо судалгааны үндсэн дээр нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг салбар хариуцсан сайдад нь зөвлөсөн юм.
“Трий глобал” компани өнгөрсөн жил Байгал орчны яамтай хамтарч Туул голын эхэнд тухайн хөрсөнд ургадаг бургас модыг тарьсан юм байна. Үүний үр дүнд сүүлийн гурван жилийн хаварт тасарч байсан Туул гол энэ жил тасраагүй, бургас тарьсны үр дүн харагдаж байгаад компанийн удирдлагууд баяртай байгаагаа мөн хэлж байлаа. Энэ компанийн 1 тарьцын өртөг ойролцоогоор 10-15 мянган төгрөгт гардаг байна. Тиймээс нөхөн сэргээлтийн тендерт оролцоход өндөр үнэтэй гэдгээр хасагддаг бэрхшээл байгааг УИХ-ын даргад дуулгалаа. Бага үнээр нөхөн сэргээлт хийх компаниудын ердийн мод, бут, ургамал ургах чадвар муу, нөхөн сэргээлт үр дүнгүй болдог нь төсвийн болоод нөхөн сэргээлт хийлгэж буй компаниудын мөнгө үр дүнгүй хийсэхэд хүрдэг байна.
“Трий глобал” компанийн тарьц ямар ч хөрсөнд амьдрах чадвартай байдгийн гол учир нь тарьцийн үндэс хамгаалагдсан, тээвэрлэх, суулгах явцад гэмтдэггүй, хөрсөндөө хурдан дасан зохицдог төдийгүй цаашдын өсөлт ч ердийн тарьцтай харьцуулахад эрс хурдан байдаг онцлогтой гэж компанийн менежер Г.Зоригт ярилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.