Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн заасан. Шууд ардчиллын эрх зүйн баталгаа болсон Үндсэн хуулийн энэхүү үзэл санааг бодит амьдралд хэрэгжүүлэх зорилгоор, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3 дугаар зүйлийн 3.3.2.1-т “Иргэдэд адил тэгш, хүртээмжтэй үйлчилдэг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх бодлого баримтална. Цахим засгийг хөгжүүлэх замаар төрийн алба, үйлчилгээг иргэндээ хандсан, үр нөлөөтэй, шуурхай, хэмнэлттэй болгох” -оор тусгасан билээ.
Энэ үүднээс Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоолоор “Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам” баталсан юм.
Гэсэн хэдий ч хууль тогтоомжийн эдгээр заалт амьдралд тэр бүр ажил хэрэг болж чадахгүй байна. Тухайлбал, өнөөгийн Монгол Улсын нутгийн удирдлагын тогтолцоо нь Засгийн газраас шууд хамаардаг, төвдөө хэт төвлөрсөн шинжтэй байгаа бөгөөд орон нутагдахь засаг,төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнээс давж, Хурлын зүгээс хуульд заасан дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагдаад байгаа юм.
Иймд энэ асуудлыг цэгцлэж, иргэний нийгмийн үндсэн нэгж болсон иргэдийн хяналтын тогтолцоог хөхүүлэн дэмжих үндсэн зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс,
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан төрийн алба “ил тод байх”,
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийнтухай хуулийн 6 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх” болон Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан “төсвийн ил тод байдлыг хангасан байх” зарчмыг баталгаажуулж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх үндсэн зорилгоор төрийн болон орон нутгийн өмчит, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг нийтэд нээлттэй байлгах замаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих иргэний хяналтын тогтолцоог идэвхжүүлж, тэднээс тавих хөндлөнгийн хяналтыг үр дүнтэй болгох үндсэн зорилгоор энэхүү зарлигийг гаргасан байна.
www.president.mn