Сүүлийн үед багагүй бужигнаантай, тэр хэрээр олны анхаарлыг татсаар байгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гэнэт яагаад Ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллахаар болчихов оо?
-УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөл өнгөрсөн оны босгон дээр жижиг, дунд бизнес эрхлэгчид болон ажил олгогчидтой хоёр удаа уулзалт хийсэн. Энэ үеэр сүүлийн үед бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дарамт хэрээс хэтэрлээ.
Хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа явуулахад ямар ч боломжгүй боллоо. Татвар, тусгай зөвшөөрөл, лиценз, хурган дарга нарын гэх мэт шат шатны дарамт хэтэрчихээд байхад МАН болон УИХ дахь бүлгээс анхаарал хандуулж ажиллаач гэсэн хүсэлтээ олон бизнесменүүд илэрхийлж байсан. Бид энэ саналыг нь хүлээж аваад Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран таван заалт бүхий санамж бичигт гарын үсэг зурлаа.
-Заалтуудыг нь тодорхой хэлбэл?
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний зөвшилцөх уулзалтын үеэр “Өнөөдөр Монгол Улсад хамгийн ихээр дарлагдаж, дарамтад орсон салбар бол бизнес эрхлэгч, ажил олгогчид” гэдгийг онцлон хэлсэн.
Тиймээс өнөөгийн нийгэм эдийн засаг, бизнесийн орчны нөхцөл байдлыг сайжруулах, хүндрэл бэрхшээлийг үгүй хийх арга замд хүрэхэд бизнес эрхлэгчдэд тулгарч буй төрийн хүнд суртлыг багасгах үүднээс лиценз, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх, баялаг бүтээгчдэд төрийн байгууллагуудаас үзүүлж буй элдэв шахалт дарамтыг багасгах, импортыг орлох үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, өөрийн зардлаар мэргэжлийн сургалт явуулсан, шинээр ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн энэ зориулалтаар гаргасан хөрөнгийг татвараас чөлөөлөх хууль эрх зүйн орчинг бий болгох, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг индексжүүлэн нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бий болгох, хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний хорооны бие даан хараат бусаар ажиллах боломж нөхцлийг сайжруулах, эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох гэсэн таван чиглэлээр хамтарч ажиллахаар тусгасан.
Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж, төр хувийн хэвшлээ дэмжээч, чадахгүй бол гараа дүрээд байгаа ч өөрсдөө ажлаа хийх бололцоог олгооч гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.
-Гэхдээ зайлшгүй оролцох шаардлагатай асуудлууд бий шүү дээ?
-Үнэн хэрэгтээ улсын эдийн засаг, хөгжлийн ачааг нуруундаа үүрч яваа хүмүүс дарамтан дунд ажиллах ёсгүй. Гэтэл дунд шатны түшмэд гэгддэг хурган дарга нарын хүнд суртал хэрээс хэтэрчихээд байна. Сүүлийн хоёр жилд 17 яам, 19 сайдтай болж нэмэгдсэнээр хурган дарга нарын тоо ч нэмэгдсэн. Үүнийг нь дагаад хүнд суртал улам бүр газар авсан. Уг нь төр өөрөө нийгэм, ард түмэнд үйлчлэгч. Гэтэл төрийн алба нь зөвхөн төрөл садан, танил тал, мөнгөтэй хүмүүст үйлчилдэг байгууллага болж хувирсан. Өөрөөр хэлбэл үйлчилгээний ажлаа хийж чадахгүй байна гэж дүгнэж байгаа.
Түүнчлэн аливаа үйл ажиллагаа эрхлэхийн тулд авах тусгай зөвшөөрөл 1100 байдаг. Түүнийг авна гэдэг нь маш хүнд даваа болж хувирсан. Жишээлбэл ганц ТҮЦ байгуулахын тулд 7-8 зөвшөөрлийг 2-3 сар хөөцөлдөж байж авдаг. Мал, тэжээвэр амьтны зөвшөөрөл авахын тулд гурван хүний гарын үсэг хэрэгтэй болдог. Түүнээсээ болоод сар хүлээх жишээтэй. Эдгээрийг төр харж, ойлгох хэрэгтэй.
-Бүх төрлийн зөвшөөрөл, бүртгэл, дүгнэлт болон тэдгээртэй адилтгах бусад эрх зүйн актыг хүчингүй болгох буюу хэвээр үлдээх эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Засгийн газраас байгуулсан. Энэ ажлын хэсэгт МАН ямар байдлаар оролцож байгаа вэ?
-Бид саналаа албан тоотоор хүргүүлсэн. Одоогоор тодорхой хариу өгөөгүй. Тиймээс энэхүү шаардлагыг хүргүүлж байгаа юм.
Энэ асуудлыг зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Намын XXVII Их хурлаас өмнө ярьж, дөрвөн ч удаа бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэний төлөөлөгчидтэй уулзалт хийсэн. 21 аймаг, есөн дүүргээр явж уулзалт хийхэд бизнес эрхлэгчид зовлонгоо хэлж байсан. Тиймээс бид оны өмнө нэгтгэж УИХ дахь намын бүлгийн гишүүдээ оролцуулсан уулзалтыг зохион байгуулсан юм.
-Хэдийгээр та бүхэн нэлээд урт хугацаанд болсон олон удаагийн уулзалтаас дүгнэлт гаргаж, энэ шийдвэрт хүрсэн гэж байгаа ч нэгэнт ажлын хэсэг байгуулагдаад хэлэлцээд эхэлчихсэн асуудалд МАН арай оройтон хөдөлж байгаа юм биш үү?
-Энэ бол цаг хугацааны хувьд хоцрогдсон, улстөрийн тоглолт хийх асуудал биш. Энэ талаар шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад ямар ч арга хэмжээ авалгүй хоёр жил ярьж байна. Тиймээс үнэхээр ийм асуудлаа шийдэх гэж байгаа бол хурдлаач ээ, та нарын гаргах шийдвэрийг хүлээсээр байтал Монголын хувийн хэвшил туйлдаа хүрч, тамирдаж гүйцлээ. Одоо мөнгөтэй аж ахуйн нэгж бараг байхгүй болсон. Цалингаа тавьж чадахгүй, цомхотгол хийж байна.
-Гэхдээ эдгээр нь хоёрхон жилийн хугацаанд гэнэт бий болоогүй. МАН засгийн эрхэнд байхад ч хүнд суртлаас болж зөвшөөрөл авна гэдэг үлгэр домог мэт байсан шүү дээ. Танай намаас улбаалсан ажил юм биш үү?
-МАН 2010 онд хамгийн сүүлд засгийн эрх барьж байхдаа 100 лицензийг хүчингүй болгож байсан. Тиймээс МАН энэ лиценз, зөвшөөрлийн тоог цөөлөх, төрийн дарамтыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих зэрэгт илүү анхаарал тавьж ажиллаж байсан. Хувийн хэвшлийг дэмжиж, үндэсний хэмжээний баялаг бүтээгчдийг хөл дээрээ босоход дэмжлэг үзүүлж ирсэн. Харамсалтай нь бизнес эрхлэгчидтэй намын харьяаллаар харьцдаг байдал хэрээс хэтэрчихлээ. Энэ тухай зөвхөн манай намынхан ярьж байгаа юм биш шүү. Хаана ч очсон, хэн ч хэлнэ.
Шинэчлэлийн Засгийн газрын үед байдал үнэхээр дордлоо. Яамдын болон хурган дарга нарын тоо өссөнтэй холбоотой. Өмнө нь нэг сарын хугацаанд бүтдэг байсан бол одоо гурван сар хөөцөлддөг болсон байна.
Тиймээс үүнийг болиулахын тулд МАН-ын Удирдах зөвлөл болон намын бүлгийн гишүүд тусгай хууль санаачилж хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна. Хамгийн гол нь бид үндэсний баялаг бүтээгчдээ дэмжиж байж эдийн засгаа хөл дээр нь босгоно шүү дээ.