Эмнэлэг эрүүлжүүлэх болсон эмгэнэл

Манай эрх мэдэлтнүүдийн амнаас сүүлийн үед хэрэгжүүлэхэд тун чиг бэрх тушаалууд гарах боллоо. Монголд эдийн засгийн хямрал нүүрлэлээ гээд томчууд ард түмэнд голоо тасартал бүсээ чангалах тушаал өгсөн.

Тушаалыг биелүүлэх гэж сэтгэлээр унасан иргэд түр ч атугай ухаанаа тасартал сархад зооглох арга замыг сонгож байна. Угаас омголон, дэврүүн зантай монголчууд ухаан балартсан үедээ хэнд, ямар зан гаргадагийг бид бүгд мэднэ. Хамаг уур бухимдлаа хавь ойрынхондоо цацна. Хатуу, хөшүүн үгээр булна. Энэ арслан бар шиг араншинг гагцхүү төрийн хувцастай нэгэн л дийлнэ. Зарим нэг согтуучууд нь дүрэмт хувцастай л бол “цагдаа ах аа” гээд хулчигнадаг, тийм л онцгой дүр манай улсын бас нэгэн онцлог байжээ.

2013 оны долдугаар сард Хуульзүйн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал гарч, гудамж талбай, баар, ресторанд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эрүүлжүүлэх үүргийг харьяа дүүргийн эмнэлгүүд хүлээх болсон. Учир нь нийгмийн хэв журам зөрчөөгүй л бол тэр хүний ч эрхийг зөрчиж, эрүүлжүүлэхэд хүргэх ёсгүй юм байх. Байж болох зүйл ч гэлээ архи, тамхины нэвширсэн эхүүн, үмхий үнэртэй, биеэ удирдах чадваргүй тэдгээр иргэдийн эрх өвчтэй, зовлонтой хэн нэгний орыг эзлэх нь шударга байдалд хэр нийцтэй вэ гэдгийг бодож үзсэн байлтай тэр сайд нар.

Манай улсын нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болсон эмнэлгийн хүрэлцээний асуудал хэмээн жил бүр ярьсаар ирсэн. Гэтэл энэ гачигдлыг мэдсээр атал эмнэлгийг эрүүлжүүлэх болгосны цаад учир нь даан ч ойлгомжгүй юм. Ялангуяа хүүхдийн гэх тодотголтой нэг ч эмнэлэггүй манайх шиг улсад тасарсан зугаацагсдын тав тухыг хангах байр дутлаа гэж үү.

Согтуугаар эмнэлэгт хүргүүлэгсдийн хоногийн тоо өөр өөр аж. Баяр ёслолын үед согтуучуудын тоо эрс өсдөг бол жирийн үед өдөрт дунджаар 10-аад хүн ирдэг байна. Онцлог нь тэд хордлогод ороогүй, зүгээр л ухаанаа алдтал архи, согтууруулах ундаа хэрэглэж зугаацсан хүмүүс. Тэд өмдөндөө бие засах, өнхөрч унаснаас нүүр, гараа халцлах, цаашлаад агсам тавих зэргээр ааш аяг нь дийлдэшгүй, төвөгтэй байдаг гэнэ. Тэр бүүхэл, өөрт нь санаа тавьсан эмч нарт агсамнаж, биед нь гар хүрч, гэмтэл учруулсан хүртэл тохиолдол мэр сэр дуулдсаар байгаа.

Уг нь салбарын сайд нь согтуу иргэдэд зориулсан тусгай өрөө бий болгох тушаал гаргажээ. Ийм өрөөг яг хаана гаргуулах гээд байгааг хэн ч ойлгохгүй байгаа юм. Өвчтэй хүмүүс нь эмнэлэгтээ багталцахгүй, аргаа барахдаа хонгилын шалан дээр хэвтэж, эмчийн царай харж өнөө маргаашаа аргацаалж байхад, ухаангүй “шоучдад” хүндэтгэлтэй хандахыг сайд нар хүсчээ. Ямар их эмгэнэл гэгч энэ вэ.

Тэгвэл энэ бүхнийг энгийн ухаанаар бодоод үзэхэд, хэн, хаана, ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг бэлхнээ харж болохоор байгаа юм. Цагдан сэргийлэгч, цагдаагийн байгууллага, эрүүлжүүлэх байр гэсэн үгнээс тэдний үүрэг хариуцлага нь илт харагдана. Тэдний ажлыг анагаагч үүрэгтэй, цагаан халаадтан яагаад гүйцэтгэх болов? Энэ хооронд эрүүлжүүлэх байр юунд ашиглагдаж, тэнд хэн, юу хийж байгаа бол гэдэг сонин. Цагдаагийн алба хаагчийн хэлснээр цагдаа бол зөвхөн хэв журмыг сахиулах, хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах л үүрэг хүлээдэг болсон. Бид согтуу иргэдтэй харьцаж, тэднийг эрүүлжүүлж, торгодог тийм систем үгүй болсон гэжээ.

Өвчин гэдэг хэлж бус хийсч ирдэг. Харин мансуурал бол сайн дурын зугаа гэдгийг ялгаж салгаж, хэмжээгээ мэдэхгүй сархад хүртэгсдийг хурдан сэргээгч шидтэй хүйтэн, зэврүүн хуучин өрөөнд нь буцааж залсан нь дээр гэдэгт маргах энгийн ард магад үгүй буй за.

bataar.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …