Үг хэлснийх нь төлөө ялтан болгох зааварчилгаа

uchirtai_2Үндсэн хуульд зааснаар хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Гэвч жил ирэх тусам үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулийн заалт усанд норсон бэхтэй цаас шиг бүдгэрэх болов. Угтаа бол Ардчилсан шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ойг УИХ, Засгийн газрынхаа хэмжээнд сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлээд яг долоо хонож байна. Тэр үед хүн бүр Үндсэн хуулийн ачаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсноо тодотгож байлаа. Харамсалтай нь, Үндсэн хуулийн гол заалтын нэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх өнөөдөр бэлгэдэл төдий болж байх шиг. Ялангуяа ардчиллыг “тунхаглагч” АН-ыг засаг барьж байгаа энэ үед хамгийн ихээр харагдах болов. Үүнийг нь ч гадаадын байгууллагаас парламент, эрх баригчдад түрүүчээсээ сануулж эхэлжээ. Жишээ нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хувийнх амралтын газрыг шүүмжилсний хариуд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан, цахим ертөнцөөр сайд хүнийг доромжилсон гэх жиргээчид шүүхээс гурван сар баривчлах ял ногдуулахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас / ЕАБХАБ/ Монгол Улсад хоёр ч сануулгыг ирүүлсэн байдаг юм байна. Манай улсын хувьд тус байгууллагын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элсэн орсон байдаг. Ингэхдээ зүгээр ч нэг ороогүй юм билээ. Тодорхой хэлбэл, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг дээдлэнэ гэсэн үүргийг давхар хүлээдэг аж.

Нэг ёсондоо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн улс өөрийн орны иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах үүрэгтэй юм байна.

Гэвч элсээд хоёрхон жил болж буй Монгол Улсад хэлсэн үг, хэвлэн нийтэлснийхээ төлөө иргэн хүн эрхээ хязгаарлуулж, шүүхээс ял оноож эхэлсэн нь тус байгууллагынхныг анхаарлаа хандуулж, сануулга өгөх шалтгаан нь болсон байна. Бүр тус байгууллагын Хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Дунья Миятович, Монгол Улс дахь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилтэд санаа зовинож буйгаа мэдэгджээ. Тэрээр “Олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээллийг авах эрхийг төрийн зохицуулалт бүхий байгууллагаар дамжуулан хааж байгаад санаа зовинож байна. Ер нь гүтгэлэг, доромжлол, шүүмжлэлийн шийтгэл болгон баривчлан хорьж байгаа нь хүлээн авах боломжгүй арга хэмжээ. ЕАБХАБ олон жилийн турш гүтгэлэг, доромжлолыг эрүүгийн хэрэг болгон үзэхгүй байлгахаар тэмцэж байна. Энэ нь чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх урьдчилсан нөхцөл болох юм” гэжээ. Гэвч Засгийн газрын зүгээс энэхүү сануулгад ямар нэгэн албан бичиг илгээж, хариу өгөөгүй юм байна. Ийнхүү үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн Монгол Улс үүргээ биелүүлэх бус улам сөрсөөр байгаа нь ЕАБХАБ-ын эгдүүцлийг хүргэж эхэлсэн байна. Тухайлбал, МҮОНРТ-д үүссэн нөхцөл байдалд ЕАБХАБ-аас анхаарлаа хандуулж эхэлсэн талаар гадаадын зарим сайтад мэдээлж эхэлжээ. Энэ удаад тус байгууллагынхан МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлсний дараа эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Монгол Улс ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүргээсээ дахин ухарч байгааг тодотгосон байна.

Он гарсны дараахан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж ерөнхий захирал М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Бүх нийтийн амралтын өдөр болсон энэ үйл явц Үндэсний зөвлөлийн хурал гэхээсээ илүүтэй урьдаас бэлтгэсэн “жүжиг”-ийг олон нийтэд цацсан нь хэсэгтээ л шүүмжлэл дагуулсан. Тэгэх нь ч аргагүй. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд ямар зорилготой орсноо ч мэдэхгүй гишүүдийн хэлж байгаа үг, хийж буй үйлдэл нь “хошин шог”-ын үзүүлбэр шиг байсан юм. Нөгөөтэйгүүр, олон жилийн турш ямар хүмүүс ажилладаг нь тодорхой бус байсан зөвлөлийн гишүүдийг ил гаргасан нь энэ их айл улстөрчдийн шахааны хүмүүсээр дүүрч, тэднээс хараат болсныг олон нийт харсан юм. Энэхүү үйл явдлын дараахан УИХ-ын дарга З.Энхболд М.Наранбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагатай холбогдуулж цагдаагийн байгууллагад гомдол” гаргасан билээ. Энэ дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс М.Наранбаатарт эрүүгийн хэрэг үүсгэж сэжигтнээр татаад байсан юм. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр цагдаагийн байгууллагаас М.Наранбаатарт үүсгэсэн хэргийг шалгахдаа сэжигтнээр бус яллагдагчаар татахаар болсон байна. М.Наранбаатар ажлаа өгснийхөө дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ОНРТ-д улстөрчид гараа дүрэх болсныг тэр тусмаа УИХ-ын даргыг өөрийн хүмүүсээ шахаж эхэлснийг нь дурдсан байдаг. Харин УИХ-ын дарга үүнийг нь үл хүлээн зөвшөөрч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.

Ингэхдээ МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаяр, одоогийн удирдлага Б.Энхтуяа нартай ямар нэгэн холбоогүй, Үндэсний зөвлөлд зааварчилгаа өгдөггүй, телевизэд шууд болон шууд бусаар нөлөөлдөггүй гэх гурван үндэслэлээр гомдол гаргасан байдаг. Энэ дагуу М.Наранбаатарыг цагдаагийн байгууллагаас сэжигтнээр татан шалгах явцдаа яллагдагч болгох шийдвэрийг гаргажээ. Үүнийг иргэн З.Энхболдын бус УИХ-ын даргын гомдлоор түүнийг яллагдагчаар татах болсон гэдгийг зарим эх сурвалж өгч байна. Бүр цагдан хорих арга хэмжээ авах үүргийг дээрээс өгсөн гэх. Үүнээс үг хэлэх эрхээ эдэлснийхээ төлөө хорьж, цагдуулах нь энгийн үзэгдэл болсныг төвөггүйхэн ойлгож болохоор байна. Товчхондоо үг хэлснийх нь төлөө ялтан болгох зааварчилгааг дээрээс нь өгдөг жишиг тогтож байх шиг. Гэхдээ бид үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлснийх нь төлөө хорьж, цагдах, шүүн таслах үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг Европийн холбооны улсуудын өмнө хүлээж, бүрэн эрхт гишүүнээр нь элссэн цаг саяхан гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа хоёр хөршөөс гадна бусад улс, оронтой хийх хамтын ажиллагаа өргөжиж томоохон хэлэлцээрийг үзэглэх болсон энэ цагт тэдний өмнө хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байгаа нь сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх баталгаа байхгүй билээ. Тэр тусмаа парламентын засаглалтай Монгол Улсын дээд байгууллагыг нь толгойлж байгаа эрхэм нь олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ эсрэг явааг дэлхий нийт юу гэж ойлгох бол.

С.Сүлд /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …