Нэгэн үе уналтанд ороод байсан уул уурхайн салбар энэ онд эерэг хүлээлттэй байна. Төрөөс эхний ээлжинд Тавантолгойн ордод стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулаад буй. Түүнчлэн Оюутолгойн асуудлыг ч удахгүй шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдэж буй билээ. Монгол дахь хамгийн том хоёр орд болох Оюутолгой, Тавантолгой гацаанаас гарч байгаа нь уул уурхайн хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээлэл болж байна. Нөгөөтэйгүүр Уул уурхайн яамнаас шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 лиценз дээр сонгон шалгаруулалт хийж, үйл ажиллагааг нь сэргээж эхэлсэн. Энэ мэтээр 2015 оны эхлэл уул уурхайнхны хувьд таатай мэдээллүүдээр эхэлж байна.
Үүнтэй холбоотойгоор зах зээл дээр ч бас тодорхой өөрчлөлтүүд гараад эхэлчихсэн. Тодруулбал, он гарсаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч 1930 төгрөгийг даваад байна. Ханш ийнхүү өссөн шалтгаан нь уул уурхайн салбарт тоног төхөөрөмжийн импортын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг эдийн засагчид онцолж байгаа юм. Тоног төхөөрөмжийг мэдээж доллараар худалдаж авна. Тиймээс долларын эрэлт нэмэгдэж, үүнийг дагаад төгрөгийн ханш суларчээ. Гэхдээ энэ бол харьцангуй түр зуурын үзэгдэл гэж болно. Учир нь уул уурхайн салбар нэгэнт эрчээ аваад, идэвхжээд эхэлбэл, долларын ханш эргээд буурах учиртай. 2011 онд эдийн засаг уул уурхайн салбартай холбоотойгоор эрс тэлж байх үед монгол төгрөг долларын эсрэг дэлхийн хамгийн хүчтэй чангарсан валютаар нэрлэгдэж байв.
Тэр үед долларын урсгал жилд 4.6 тэрбумд хүрч байлаа. Харин одоо дөнгөж 800 сая ам.долларт хүрээд байна. Магадгүй 2015 онд ингэтлээ хумигдсан долларын урсгал эргээд сайжирвал ханш ч бас буурах болов уу. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбар нэг хэсэгтээ л Монгол Улсын хөгжлийн түлхүүр болно гэдгийг энэ салбарынхан хэлдэг. 2011 онд уул уурхайн салбар идэвхжиж байх үед улсын эдийн засаг 17 хувиар өссөн. Харин уул уурхайн салбар унамагц 10 хувиас дотогш ороод ирлээ. Цаашдаа уул уурхайн салбар сэргэмэгц эдийн засгийн өсөлт эргээд хоёр оронтой тоо руу орох биз ээ.
Оюутолгой, Тавантолгой, 106 лицензтэй холбоотой асуудлаас гадна өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн төрийн зарим бодлогын үр дүн энэ жилээс гарч эхэлж буй бололтой. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дурьдаж болно. Бодлогын тодорхой орчин бий болсонтой холбоотойгоор энэ салбарт хөрөнгө оруулалт сэргэх хүлээлт байсан. Гэсэн ч өнгөрсөн жилийн тухайд төдийлөн ахиц гараагүй юм. Магадгүй одоо л тогтвортой бодлогуудын үр дүн харагдаж эхлэх нь. Бодлого цаашдаа ч тогтвортой, ойлгомжтой хэвээр байвал салбар улам л эрчимжинэ. Тэр хэрээр улсын эдийн засаг ч өөдлөх учиртай.
Л.Дэлгэр http://www.eagle.mn/