Монголчуудын шүтээн болсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын сумын нутагт байх Ноён уулыг ухаж сүйтгэхийг эсэргүүцэж өнөөдөр Босоо Монгол ТББ, Гал үндэстэн холбооноос Чингисийн талбайд 24 цагийн суулт зарлалаа.
Ноён уулыг Сэлэнгэ аймгийн болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын үндэсний өвийн урьдчилсан жагсаалтад эртний ховор олдворуудыг албан ёсоор нэр дэвшүүлээд байгаа юм.
Түүнчлэн Ноён уул нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” урт нэртэй хуулийн үйлчлэлд багтаж байгаа. Энэ мэтчилэн Ноён уулыг хамгаалсан олон хууль тогтоолууд байсаар атал Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгож, Сентерра гоулд компаниар олборлуулна хэмээн улс төрчид улайран зүтгэж байна.
Улсынхаа хөгжлийн гарцыг сонгох санал асуулга нэртэй тулгасан асуулт бүхий мэссэж илгээгээд үр дүнг нь “ард түмэн уул уурхайг хөдөлгөж болно” гэж сонгосон гэсэн нэрийдлээр чимээгүйхэн “баталчихлаа”.
УИХ баасан гарагийнхаа хуралдааныг цаг сунгаж, зарим гишvvд нь нойрмоглож, vvрэглэж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул дахь Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах хуулийг батлав.
Ядаж Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, С.Баярцогт нар нь таг дуугүй амаа үдүүлсэн мэт “Ноён уул дахь Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах хуулийг батлахыг дэмжсэн кноп дарлаа.
Өөрийн амьдрал, нэр төрөө золиослон үүнийг л хамгаалах гэж өргөст торны цаана өдөр хоногийг өнгөрөөж байгаа Ц.Мөнхбаярын энэ золиос юу ч биш болж хувирлаа.
Монголын эртний түүх дурсгалын олдвор , улсын ойн багаахан санг эзлэн оршиж буй Ноён уулын хувь заяа ийнхүү увайгүй улс төрчдийн халаасаар дамжин харийн мэдэлд очиж байгаад “Босоо Монгол” ТББ, “Гал үндэстэн” холбооноос ийнхүү эсэргүүцэж суулт зарлалаа.
Энэхүү цуглаанд оролцогч удган н.Хишгээ “Угийн тэнгэр залаалсан улаач биднийг нүдэнд орсон хог,зүрхэнд шившсэн зүү мэт үздэгт бид дуугараагүй,
Мухар сүсэгт соёлгүй бүдүүлэг гэдэг бид дуугараагүй,
Бөө тэнгэр ядуусын шүтлэг гэдэг бид дуугараагүй,
Шарын шашны зурхайд бөөлж болохгүйөдөр гэж зурдаг болсонд бид дуугараагүй,
Харин бид Их Хааны онголон дархалсан “Ихсийн ариун газар”гэгдэх “Ноён”уулаа харийнханд сэглүүлэхгүй.
Яс үндэс, язгуур уг гарвалаараа талцахаа умартаж, нэгэн тэнгэр дор нэгэн сэтгэлээр НОЁН УУЛАА АВАРЪЯ” хэмээн Монголчуудаасаа уриаллаа.
Канад эзэдтэй гэгдэх “Сентерра гоулд” компанийн танилцуулгыг харвал:
Канад улсын Торонто хотод төвтэй, Хойд Америкийн алт олборлогч тэргүүлэх компани бөгөөд Төв Азид алт олборлодог компани юм. 2004 оны 6 сард Торонтогийн Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа гаргасан. 2013 онд нийт 19.6 тонн алт олборлосон ба 2013 оны 12 сарын байдлаар нийт 289.2 тонн алтны нөөцтэй гэж тогтоогджээ. Компанийн үндсэн хөрөнгө нь Киркизийн Кумтор болон Монголын Бороогийн уурхай бөгөөд 2008 оноос хойш Сентерра нь хайгуулын ажлаа Орос, Турк, Монгол, Хятад улсын нутагт хийсээр байна.
2014 онд уг компани нь 20 сая ам долларыг хайгуулын ажилд зарцуулжээ. Ашигт малтмалын ордыг эзэмших, ашиглалтанд бэлтгэх, ашиглах, хайгуулын ажил явуулах туршлагатай, чадварлаг удирдлагын багтай. Алтны томоохон үйлдвэрлэгч болон тэргүүлэх зорилготойгоор тэнцвэртэй өсөлтийн стратеги баримтлан ажиллаж байна. Кумторын ойр орчмын хайгуулын талбайнууд, Бороогийн уурхайтай ойролцоо орших Гацууртын орд, Дорнод аймгийн Алтан Цагаан Овоо (АЦО) зэрэг хэтийн төлөв бүхий хайгуулын талбайнуудыг эзэмшдэг.
Кумторын төсөл (Киргиз) Кумторын ордын 100 хувийг өөрсдийн охин компани болох Кумтор Гоулд Компани эзэмшдэг. Кумторын орд нь Киркизийн нутагт улсын нийслэлээс 350 км зайтай зүүн өмнөд хэсэгт байрлана. Уг уурхай нь 1997‐2013 онд нийт 289 тонн алт олборложээ. Харин 2013 онд уг орд нь 19 тонн алт олборлосон байна. Бороогийн төсөл (Монгол) Сентарра Гоулд нь Монголын хамгийн том, алтны үндсэн орд болох Бороогийн ордыг 100 хувь эзэмшдэг. Бороогийн орд нь Улаанбаатараас баруун хойд зүгт 110 км зайтай байрладаг. Бороогийн орд нь өөрсдийн үйлдвэрлэлийг 2004 оны 3 сараас эхэлсэн ба оны эцэс гэхэд нийт 7, 65 тонн алт олборложээ. Харин 2010 оны жилийн эцэст нийт 46.8 тонн алт үйлдвэрлэсэн байна. 2010 оны 11 сараас ил уурхайн олборлолтын ажил зогссонтой байна. Бороогийн орд нь алс нутагт байдаг ч дэд бүтэцтэй ойрхон байрладаг. Улаанбаатар‐Эрхүүг холбосон хатуу хучилттай замаас 3 км‐н зайтай. Эрхүү, Бээжинг холбосон Монголын төмөр замаас уурхай нь 20 км‐н зайтай байрладаг.
“Гацуурт төсөл (Монгол)
Сентерра нь Бороогийн уурхайгаас 35 км зайд орших Гацууртын хайгуулын талбайг 100% эзэмшдэг. Энэ хоёр талбайг холбосон 55 км урттай замыг 2010 онд барьж дуусгасан. Гацууртын уурхайн талбайн бэлтгэл ажлыг бүрэн гүйцэтгэсэн бөгөөд одоогоор олборлолтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл хүлээгдэж байна.
Өнөөг хүртэл Гацууртын уурхайн талбайд ямар нэгэн олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй болно. Бороо болон Гацууртад бүсийн хэмжээний нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгэсний үр дүнд 2005 оны 4‐р сард Сентерра нь Гацууртын ордын бодитой нөөцийг 12 тонноор нэмэгдсэнийг зарласан. Энэхүү шинэчилсэн тооцооллоор тус орд газарт нийт 38 тонн алт агуулсан 11.3 сая тонн хүдэр байгаа гэжээ. Хайгуулын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж ТЭЗҮ‐ийг 2005 оны 12‐р сард боловсруулж дууссаны дараа 2006 оны 1‐р сард шинэ нөөцийн тооцоог мэдээлсэн байна. Гацуурт төслийн шинэчилсэн ТЭЗҮ‐ийг 2006 оны эхний улиралд боловсруулж дууссан ба үүнд 2005 оны 12‐р сард боловсруулсан ТЭЗҮ‐д тусгасан төвийн бүсийн ил уурхайгаас гадна үндсэн бүсэд эдийн засгийн хувьд үр ашигтай ил уурхай байгуулахаар тусгасан байна” гэж албан ёсны мэдээлэлдээ дурдсан байна.
Ийн хөгжиж буй орнуудын уул уурхайн зах зээлд нэвтэрч Монголын хуулийг уландаа гишгэн, улс төрчдийг халаасандаа багтааж буй “Сентерра гоулд” компани болон Монголын баялаг, өв сан, түүхийг уландаа гишгэж буй улс төрчдийг “тэнгэр гэсгээнэ” гэж жагсаал, суулт зохион байгуулагчид үзэж эсэргүүцэл, тэмцлээ үзүүлсээр байх болно гэдгээ хэллээ.
Д.Тэргэл
Г.Эрдэм