Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуулийн цэцээс шүүхийг тойргийн системийг болиулж, хуучин хэвэнд оруулах шийдвэр гаргалаа. Энэ нь нэлээн зардал гаргаж байгаа байх?
-Тойргийн системд шилжсэнээрээ гол нь шүүхийг олон түмнээс холдууллаа гэдэг. Улсын хэмжээнд Захиргааны давж заалдах шүүх хотод нэг л байгаа. Үүнийг хэн ч биднээс холдлоо гэж үзэхгүй байгаа. Шүүх зардал гаргадаг шиг шүүхдэх хүн бас зардал гаргаж сурах ёстой биш үү. Тойргийн шүүхийн тухайд дээр хэлсэн GIZ-ийн судалгаанд оролцогчдын 64 хувь нь эерэг үнэлгээ өгсөн байна. Тэгэхээр судалгааны дүн оновчтой гэдгийг нотолж байна гэж үзнэ. Саяхан шүүхүүдээс санал хураахад 87 гаруй хувь нь тойргийн шүүхийг хэвээр үлдээе гэсэн санал өгсөн. Саналаа Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа.
-“Зовлон үзсэн чавганц шиг” гэж Ерөнхийлөгчийн зүйрлэж хэлсэн шүүхийн салбарыг шинэчлэхэд өнөөдөр яг ямар тулгамдсан бэрхшээл байна вэ?
-Олон асуудал бий. Асуудал шийдэх хэрээр бас асуудал төрдөг нь амьдралын үнэн. Шүүхийн хүний нөөцийг шинэтгэх нь амаргүй байна. Хуульч гэх хүн олон ч шүүгчид тэнцэх нь цөөн байна. Хориодхон настай “хүүхдүүд” шүүгчийн шалгалтад орох юм. Хэрэг шүүхэд элээсэн оймс бас хэрэгтэй биз дээ. Ийм нэг том асуудал байна. Бас шүүхийн дэд бүтэц их хуучирсан, хоцорсон байна. Би өчигдөр АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо баригдсан Сүхбаатар дүүргийн шинэ ордонг харлаа. Сайхан ордон. Гэтэл Дээд шүүхээс эхлэн шүүхийн байруудыг түүнтэй зэрэгцүүлэн харвал сэтгэл гутарна. Энэ яагаад ийм болов? Шүүхүүд яагаад хаягдав? Энэ бол бас нэг асуудал. Гэтэл соёлт ертөнцөд харин шүүхүүд нь ордонд байрладаг. Яагаад? Эрх ямбанд нь биш. Сүр хүч, бюрократ чанар, хүндэтгэл хүлээхүйц байлгах эрх ашиг нь тийм байхыг шаарддаг. Ингээд яриад байвал их олон зүйл, стандарт ярих болно шүү.
-Шүүхийн шинэтгэлийн асуудал ямар шатандаа явна вэ?
-Шинэтгэл хийх улс төрийн хүсэл зориг их тодорхой, тууштай байгаа. Шүүгчид шинэтгэл хийх шаардлага, түүний ач холбогдлыг сайн ойлгож, угтсан. Харин шинэтгэлийг хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа одоо санаа зовоосон асуудал болж байна. Мөнгө зарахгүй шинэтгэл хийнэ гэж бодож болохгүй. Харин ухаалаг, үр бүтээлтэй, ариг гамтай зарах тухай л бодох ёстой.
Шинэтгэл эсэргүүцэлгүй бол шинэтгэл биш байдаг гэсэн нэг үг бий. Тийм учраас зүй ёсны саад тотгор байлгүй яахав. Шинэтгэлийг хийх ёстойг дотроо хүлээн зөвшөөрдөг атлаа өнгөн дээрээ шүүмжилдэг, буруутгадаг, үгүйсгэдэг санаа бодолтой хүмүүс бий. Энэ бол байдаг л зүйл. Харин үүнийг “эм” болгож ашиглах нь дээр.
-Шүүгчдийн далд дайралт, эсэргүүцэл цухалздаг тухай сонсогддог. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна?
-Би тийм их хүчтэй юм байгаа гэж бодохгүй байна. Хүний эрүүл саруул оюун ухаанд би итгэдэг. Ил хүлээн зөвшөөрөхгүй ч, сайн зүйлийг хүн ямагт далдуур хүлээн зөвшөөрч суудаг ухаант амьтан. Тэр л хангалттай.
– Шинэчлэлийг төсөв, эдийн засаг талаас нь төр баталгаажуулаад өгөхөд дотоод сэтгэлгээний хуучинсаг арга хэлбэр нь өөрчлөгдөх юм уу?
– Хуучинтай, шинэтэй явдаг хорвоо л доо. Бидэнд хуучинсаг хүч хүчтэй байх хангалттай суурь шалтгаан бий. Пост-социалист орны, сэтгэлгээний монизмын, хөгжлийн гэх мэт. Гэхдээ монгол хүний менталитетийн нэг онцлог бий. Юмыг хурдан тусгаж авдаг, дасан зохицох чадвар өндөр, тэвчээртэй гэх мэт. Шүүгчидтэй уулзаж, ярилцаж байхад шинэтгэлд зохицох, өөрийгөө өөрчлөх гэсэн чармайлт ил тод ажиглагдаж байдаг. Энэ бол маш эерэг үзүүлэлт.
– Шүүхийн мэдээлэл технологийн шинэчлэл шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод болгох ажлын хүрээнд юу хийж байгаа вэ?
– Шударга, хараат бус шүүхийг олон нийтийн хяналтгүйгээр төсөөлөх аргагүй гэсэн үзэл баримтлал одоо дэлхий нийтэд хүчтэй түгжээ. Тийм учраас шүүхийн шинэтгэлийн нэг чухал тал нь шүүхийн нээлттэй, ил тод байдал мөн. Улс даяар шүүх хуралдааныг иргэд шүүхийн үүднээс нээлттэй үзэх бололцоотой боллоо. Орон нутагт жаахан ялгаа бий. Өмнө нь шүүх хуралдаанд оруулсангүй гэх гомдол санал одоо түүх болон үлдэж байна. Олон нийтээс нуух, нуугдах шалтгаан байхгүй. Хуулиар хаалттай хийхээс бусад шүүх хуралдаан нээлттэй байх ёстой.
– Шүүх хурлын үйл ажиллагааг цахим хэлбэрээр үзэх боломжтой болж байх шиг байна. Үүнээс үүдэн гарч болох сөрөг тал бий юү?
– Бүх юм хоёр талтай. Аль аль нь байж болно.Сөрөг талыг томруулбал том л харагдана. Эерэг талыг томруулбал бас л том харагдана. Тэгэхээр эерэг, сөргийг ярихаас илүү хуульд нийцсэн эсэх л ярианы гол сэдэв байх учиртай.
-Шүүгчдийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн бодлого бас том асуудал. Мэдээж хэл ам татлахгүй, гомдол шүүмжлэлгүй шалгаруулалт гэж байхгүй. Саяхан нэлээн томхон сонгон шалгаруулалт боллоо. Үүнээс болж гарч буй гомдол санал хэр их ирэв?
– Санасныг бодоход гайгүй. Гэхдээ цөөнгүй гомдол ирсэн. Нийт найман гомдол ирсэн. Хоёр хүн хуульч биш хүмүүс буюу шүүхийн захиргааны ажилтан нараа шүүгчийн шалгалтанд оруулж, хуульчдийн эрх ашгийг зөрчсөн гэсэн байна лээ. Мөн хоёр хүн ёс зүйн шалгалтын хугацаа ялгаатай байсан гэж гомдсон байсан. Оноо өөрчлөгдсөн гэсэн гомдол бас байсан. Тодорхой хүний тухай гомдол бас байлаа. Эдгээрийг нухацтай судалж үзсэн.
– “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн ерөнхий зовлон боллоо” гэж жиргэж байгаа харагддаг. Ингэж үзэл бодлоо илэрхийлэх нь шүүгчдийн ёс зүйд хэр нийцдэг юм бол?
– Шүүгч хүн төлөв төвшин байх ёстой. Зарим орны Үндсэн хуульд өө сэвгүй хүн байх ёстой гэж бичдэг. Ааш зангаа захирч байх учиртай. Яагаад гэвэл олон түмэнд зөв харагдах үүрэгтэй. Тэгэх гэж шүүгч болдог.Тийм байна гэж тангараг өргөдөг. Нэг шүүгч тэгж жиргэдэг л гэсэн, би үзээгүй. Үндсэн хуулиар бий болгосон байгууллагыг зовлон гээд жиргээд байдаг шүүгчийг магадгүй тэр шүүгчээр хэрэг маргаанаа шийдүүлэх хүн бүр төлөв төвшин хүн гэж үнэлэх эсэх нь бас эргэлзээтэй.
– Шүүхийн захиргаа, шүүн таслах ажлыг салгасан нь үр дүн авчирч байна уу?
– Шүүхийн шинэтгэлийн нэг чухал багана энэ мөн л дөө. Үр дүн гарч байгааг шүүгчид ил тод хэлж байгаа. Олон нийт дэмжиж байгаа. GIZ-ийн саяхны судалгаагаар олон нийт зүйтэй ажил боллоо гэж дүгнэсэн байна лээ.
– Шүүгчдийн ёс зүй, мэдлэг боловсролыг сайжруулах дээр хэр анхаарч байна?
– Энэ бол мөнхийн асуудал. Шүүгчдийн сургалтын хөтөлбөрийн ерөнхий дизайн батлагдсан. Одоо нарийвчилсан хөтөлбөр хийж байна. Гол агуулга нь чадваржуулах, салбар дундын мэдлэг олгох, эрх зүйн хэрэглээний нийтлэг байдлыг хангахад чиглэж байгаа.
– Шүүхийн захиргааны ажилтнуудын ахуй хангамж, хараат бус байдалд ямар өөрчлөлт гарч байна. Мөн шүүгчдийн туслах нарыг шүүгч болгохгүй гэх мэтээр яриа гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ?
– Шүүхийн захиргааны ажилтны цалин, хангамж тааруу байгаа. Тэдгээр хүмүүс шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр оролцож байгаа учраас бусад төрийн албан хаагчдаас ялгаатай байх ёстой. Судалж, шийдэх зүйл энэ хүрээнд олон байгаа. Хуульчаар гурваас доошгүй жил ажилласан буюу эрх зүйн хэрэглэх ажил эрхэлдэг хуульч шүүгчийн сонгон шалгаруулалтанд оролцох эрхтэй гэсэн хуулийн заалт хэрэгжих учиртай.
– Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн хэрэгжилт, үр дүн ямар байна?
– Энэ хуулийн хэрэгжилт сайн байгаа. Шүүхийн ачааллыг бууруулах, иргэд маргаанаа эв зүйгээр шуурхай шийдэх хөшүүрэг болж чадаж байна. Жишээ нь эхний хагас жилийн байдлаар 1639 өргөдлийг шийдвэрлэж, түүний 899 эвлэрэл амжилттай болсон байна.
– Шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны төвшинг тогтоох тухай хуулийн зохицуулалт байгаа.Үүнийг олон нийт хүлээсээр байна. Энэ ажил хэзээ эхлэх вэ?
– Хуулиараа журмыг нь ШЕЗ боловсруулж, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч батлах зохицуулалттай. Бид журмаа боловсруулаад Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид хүргүүлсэн байгаа. Тэр журам батлагдахаар Мэргэшлийн хороо ажилдаа орно.
– Саяхны хэвлэлд шүүх шударга байснаас ухаалаг байх нь дээр гэсэн санаа харагдаж байсан. Энэ юу гэсэн үг вэ?
– Би бас тийм нэг юм харсан шиг санагдана. Шударга ёс, ухаалаг байдал хоёрыг ялгах, зэрэглэх гэсэн санаа юм уу даа. Гегелийн хэлсэн “Бодитой бүхэн зохистой, зохистой бүхэн бодитой” гэсэн үг байдаг. Түүн шиг шударга ёс, ухаалаг байдал хоёрыг зэрэглэж, ялгалгүйгээр “Шударга бүхэн ухаалаг, ухаалаг бүхэн шударга” гэж хэлмээр байна. Шударга ёсны тухай төсөөллүүд эрүүл саруул оюун ухааны шүүлтүүрээр шүүгдэж гэмээж, тэр нь “шударга” гэдэг ойлголт, үнэлэмжийг бий болгодог.
Б.Анир
Эх сурвалж: www.zaluu.com