Бүгд Найрамдах Конго улсын зүүн хэсэгт орших Хойд, Өмнөд Киву мужид олон жилийн турш цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн гарч байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр энд дор хаяж зэвсэгт 30 бүлэглэл тааралдсан бүхнийхээ эсрэг дайтдаг аж. Харамсалтай нь энэхүү дайнд энгийн номхон иргэд хамгийн ихээр өртдөг байна. Тухайлбал охид, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлэх нь гаарчээ. Ялангуяа “ХДХВ-ын халдвар тээгчдийн эскадрон”-ы дайчид харгис, хэрцгий үйлдлээрээ бусдаас ялгарч байна.
Тэдний үйлдсэн гэмт хэргийн талаар саяхан Бурунди, Руанда, Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад ажиллаад ирсэн Гадаадад суугаа францууд, дэлхийн франц хэлтэй орнуудын хамтын ажиллагааны олон улсын байгууллагын төлөөлөгч сайд Ямин Бенгиги дэлхий дахинаа ил болгосон юм.
Тэрбээр Киншаст болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Энэхүү эскадроны дайчид өрсөлдөгч омгийн эмэгтэйчүүдийг хүчирхийлэх замаар ХДХВ-ын вирусээ зориуд тараадаг” гэжээ. Сайдын хэлснээр Конгогийн зүүн хэсэгт хөгшин хөвөө гэлтгүй олон эмэгтэй ХДХВ-ын халдвар тээж байна. Тиймээс тэдэнд анхаарлаа хандуулахыг дэлхий нийтэд сонордуулжээ.
Түүнчлэн Конгогийн улстөр судлаач, “Нгамбо На Нгамбо” сэтгүүлийн ерөнхий редактор Лило Мианго “Оросын дуу хоолой”-д улсдаа үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ.
Шинжээчийн ярьж буйгаар тэрбээр 2000 онд Францад Угандагийн Мбарара хотын тухай телевизийн кино хийсэн гэнэ. Уг кинондоо тус хотод Европ, Африкийн хөлсний хүмүүс Конгогийн гэмт бүлэглэлтэй хамтран “ХДХВ тээгчдийн эскадрон” байгуулахаар шийдвэрлэсэн талаар дурджээ. Гэтэл уг киног гаргаагүй юм байна.
Энэхүү харгис хэрцгий үйлдлийн талаар Бурундийн сэтгүүлч түүнд анх мэдээлж байсан аж. Харин дараа нь Руанда улсын нэгэн сэтгүүлч баталсан гэнэ.
Тэгэхээр Бурунди, Руандагийн ХДХВ-ээр өвчилсөн цэргүүд Конгогийн зүүн хэсэгт цэргийн үйл ажиллагаа явуулахдаа нутгийн иргэдэд халдвар тарааж эхэлсэн бололтой. Лили Мианго энэ талаар “Энэ бүхэн нацист Германы Гитлерийн бодлогыг санагдуулж байна. Тэрээр цэвэр ари үндэстнийг хадгалж үлдэхийн тулд янз бүрийн үндэстэн угсаатны хүүхдүүдийг устгах бодлого баримталж байсан юм.
Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын Ерөнхийлөгч Жозеф Кабила Руандаг дэмжигч “Гуравдугаар сарын 23 хөдөлгөөн” зэрэг хэт даврагч бүлэглэлүүдийн эсрэг Киву мужуудад армиа илгээсэн ч цаагуураа Руанда, Угандагийн Ерөнхийлөгчидтэй нууц зөвшилцөл байгуулсан. Тиймээс ч Жозеф Кабила ийм хүчирхийллийн талаар ганц ч удаа ам нээж байгаагүй.” гэжээ.
Одоогийн байдлаар ХДХВ, сүрьеэ, хумхаатай тэмцэх дэлхийн сан санхүүгийн хямралаас болж Африкийн орнуудад явуулдаг үйл ажиллагаагаа хумьж буй. Тиймээс Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсад ХДХВ-ын халдвар тээгчдийн үйл ажиллагаа идэвхжиж, биологийн аюулт дайн дэгдэх аюул нүүрлээд байна.
Германы “Drzte Zeitung” сонинд бичсэнээр Конгод ХДХВ, ДОХ-ын асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн гэнэ.
“Хил хязгааргүй эмч нар” байгууллагын судалгаанаас үзэхэд тус улсын ХДХВ-ын халдвартай хүн амын дөнгөж 15 хувь нь л шаардлагатай эм бэлдмэлээ авах чадвартай аж. Гэтэл 2013 онд санхүүгийн хямралын улмаас вирустэй тэмцэхэд зориулж тун бага төсөв баталжээ.
Тус улсад нийт сая орчим хүн ХДХВ-ын халдвар тээж байна. Гэтэл 85 хувь нь ямар ч эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа аж.
Эмчилгээнээс гадна тус улсад эхээс хүүхдэд вирус дамжихаас урьдчилан сэргийлэх ажиллагаа ч бараг хийгддэггүй гэнэ. Тухайлбал ХДХВ-ын халдвар тээгч жирэмсэн эмэгтэйчүүдийн дөнгөж нэг хувь нь л урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар боддог аж.
Түүнчлэн ХДХВ-ын халдвартай ихэнх хүн энэ өвчин туссанаа бусдад мэдэгдэлгүй, чимээгүйхэн нас бардаг тухай судлаачид мэдээлжээ.