Цацрагийн тухай ойлголтыг буруу өгснөөс болоод цацрагаас хордох нь гэсэн айдас бий болжээ. Үнэн хэрэг дээрээ бол бид цацрагаас айх цаг арай болоогүй байна. Уран олборлолтоос цацраг ялгардаг ч гэсэн арай хордох хэмжээнд хүрэхгүй. Уусган баяжуулалтаар олборлож байхад бүр ч хол хэрэг. Гэтэл бидний дунд Ураанаас хордчихно гэх айдас байсаар байгаа нь мэдлэг дутсаных. Бидний айх зүйл бол Уран биш Ус юм.
Уусган баяжуулах технологийг байгальд ээлтэй гэдэг. Учир нь газрын гүнд байгаа металлыг авахын тулд өрөмдлөгө хийсэн цооногоор өндөр даралтаар ус шахана. Усанд хүхрийн хүчил, Шүлтийн уусмал гэсэн хоёр төрлийн химийн бодис холино. Энэ нь битүү эргэлттэй учир хөрсний гадарга дээр юу ч өөрчлөгдөхгүй. Ураны хүдрийг авахаар усанд хольж шахсан химийн бодисоор уусгах явцад үүсдэг хорт нэгдлүүд нь хөрсөн дор үлдэж, гүний усанд хэрхэн нөлөөлж байгааг яаж хянах вэ гэдэг л хамгийн чухал асуудал.
Энэ хоёр төрлийн химийн бодисын алин ч байлаа гэсэн хортой. Зөвхөн ураан биш ер нь уул уурхай явуулж байгаа газар бүхэнд нэн тэргүүнд анхаарах зүйл бол гедрогеологийн судалгаа юм.
Гүний ус 3 төрөл байдаг гэнэ. Нэгд хүн уух, хоёрт хүн уух хэмжээний биш ч гэсэн мал амьтан ууж болох, гуравт хүн ч мал ч уух боломжгүй “бохир” ус гэж байдаг аж. Уул уурхай бол бохир ус хэрэглэх ёстой. Гэтэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудыг ямар ус хэрэглэж байгааг бид хянаж чадаж байна уу.
Дорногоь аймгийн Улаанбадрах суманд Кожеговь компани ураны туршилтын олборлолт хийхдээ ямар ус хэрэглэснийг бид мэдэхгүй сууж байна. Кожеговь компани гедрогеологийн судалгааг бүрэн хийгээгүй туршилт явуулжээ. Бүр 2500 кг ураны хүдэр олборлочихоод байна. Энэ нь байгаль орчны, хүний эрхийн зэрэг маш олон хууль зөрчсөн хэрэг. Ямар ч компани гедрогеологийн судалгааг нарийвчлан хийж байж ажлаа эхлэх ёстой. Түүнд нь орчин тойрны болон ордын усны нөөц байх бөгөөд гүний усны тогтоц ерөнхий бассейн гаргаж, урсацын чиглэл, хурдыг тогтоох ёстой. Урсац гадагш, дотогш эсвэл битүү эргэлттэй аль нэг нь байдаг аж. Энэ бүхнээс хамаарч хэрэглээний журам гарах ёстой гэнэ. Гэтэл Кожеговь үүнийг хийгээгүй байна. Улаанбадрахын малчид зөвхөн энэ асуудлаар Кожеговь компанийг шүүхэд өгөхөд хангалттай үндэслэл юм.
Уран бол монголын бүү хэл дэлхийн ирээдүй болчихоод байгаа учир бид ч дээд зэргээр анхаарах ёстой. Манай улс ураны батлагдсан нөөцөөрөө дэлхийд 13-т, таамаг нөөцөөрөө дэлхийд 1-т бичигдэж байна. Батлагдсан нөөцөөрөө тооцвол манай улс дэлхийн бүх хэрэгцээг хангана гэвэл 2 жилийн, зөвхөн өөрсдөө хэрэглэнэ гэвэл 1000 жилийн нөөцтэй гэсэн үг. 20$ байсан уран өнөөдөр 80$ хүрчихээд байна. Яг одоо ураны үнэ уналттай байгаа ч гэсэн цаашид ураны үнэ өснө үү гэхээс унахгүй нь хэнд ч ойлгомжтой байгаа. Тиймээс заяасан буянгаа яаж эдлэх нь Монголчуудын мэдлэг боловсролоос шууд хамаарна.
Тал бичээч Да.Жаргалсайхан