ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг болон холбогдох ажилтнуудын хамт 2017 оны 03 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь шүүхүүдэд танилцуулж, шүүгч ажилтнууд болон иргэдтэй уулзлаа.

     Одоогоос 3 жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, анх удаа орон нутгийн иргэдтэй шүүхийн шинэтгэлийн бодлого, үйл явц, хэрэгжилтийн талаар уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсч байв. Шүүхийн үйл ажиллагаанд хяналт өндөртэй, соргог ханддаг Дорнодчуудын үнэ цэнэтэй санал сэтгэгдэл дүүрэн, шүүхийн шинэтгэлд амжилт хүсч, ерөөл өргөсөн тэрхүү уулзалтаас улбаалж, шүүхийн шинэтгэлийг чимээлсэн эрдэмтний эх орноо нар зөв тойрсон холын аян эхэлсэн билээ. Тиймээс Дорнодчуудыг шүүхийн шинэтгэх үйлсэд урам нэмж, уухайлан дэмжсэн анхдагч ард түмэн гэж ч болох юм.

      75 мянган хүн амтай Дорнод аймагт Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус тус ажилладаг бөгөөд нийт 15 шүүгч, 32 шүүхийн захиргааны ажилтантай. Шийдвэрлэж буй хэргийн ачааллаараа улсдаа эхний тавд ордог, үй зайгүй шүүн таслах ажиллагаа “буцалж” байдаг тус шүүх зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Хэдийгээр өмнө нь танилцаж байсан ч профессор Н.Лүндэндорж шүүхийн 40 өрөө тасалгаа бүрээр алгасалгүй орж, шүүгч ажилтнуудтай нүүр тулж ярилцлаа. Томилолтын ажлын хэсэгт Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Наранбаяр, шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан нар шүүхээ танилцуулав. 1976 онд дотуур байрны зориулалтаар ашиглалтанд орсноос хойш өргөтгөлөөр сэлбэгдсэн тус 2 давхар байр нь шүүх хуралдааны 3 танхимтай, иж бүрэн тавилга, дүрст тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Шүүх хуралдааны танхимын 2 нь зөвлөлдөх тасалгаагүй.

     Мөн шүүх хуралдааны “А” танхимыг насанд хүрээгүй хүүхдийн өрөөтэй видео төхөөрөмжөөр холбосныг Н.Лүндэндорж дарга “Тунхаг төдий ашигладаггүй, үзүүлэн маягийн орон зай биш биз? Хэрвээ үнэхээр хүүхдэд ашиг тустай, эрэлттэй орчин мөн бол бага насны хүүхдийн сэтгэл санааг тайвшруулах орчинг бүрдүүлэх тоглоом сэлтийг төсөвт тусган хангаж өгч яагаад болохгүй гэж” хэмээн лавлахад тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан “Аймгийн хүүхдийн төлөө хэлтэстэй хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 12 нэр төрлийн 9,0 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тусгай камер, LCD зурагт, тавилга хэрэгслийг суурилуулсан” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Шүүхийн номын сан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын анхаарал хандуулж, саатах дуртай орон зайн нэг. Шүүгчдэд хамгийн сүүлийн үеийн эрэлт хэрэгцээ бүхий номыг өөрийн гараар бэлэглэх нь түүний томилолтын салшгүй хэсэг бөгөөд шүүгч хүн цаг ямагт эрдэм мэдлэгээ ахиулж байхын зэрэгцээ 85 жилийн түүхтэй шүүхийнхээ ажил үйлсийг мөнхжүүлэх, хойч үедээ амархан мартагдахааргүйгээр хоногшуулах түүхийг бүтээж ажиллахыг захилаа.

   Хэдийгээр ачаалал ихтэй ч шүүхийн захиргааны ажилтнууддаа өнгөрөгч онд 13 удаагийн сургалт зохион байгуулж, ур чадварын уралдаанаар тогтмол өрсөлдөөнийг бий болгодог нь хүний нөөцийн чадавхи, тогтвор суурьшилд эерэг нөлөөтэй, оюунлаг ажил болжээ. Дорнод аймаг дахь анхан шатны шүүхүүд 2016 онд эрүүгийн 166 хэрэг, иргэний 1907 нэхэмжлэл, захиргааны 56 нэхэмжлэл нийт 2129 хэрэг хүлээн авсан бол Давж заалдах шатны шүүх эрүүгийн 115 хэрэг, иргэний 43, нийт 158 хэрэг хүлээн авчээ. Хулгай, хүн амь, танхай, хүчингийн хэрэг зонхилдог эрүүгийн хэрэг өмнөх жилээс 29 хувь буурсан бол иргэний хэрэг 37 хувиар өссөний дийлэнх хувийг зээлийн, хөдөлмөрийн, гэр бүлийн маргаан эзэлж байгаа нь эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй бөгөөд 2017 онд ч үргэлжлэх хандлагатайг Ерөнхий шүүгч С.Ганчимэг тайлбарлав. Иргэний хэргийн ачаалал өссөн үзүүлэлттэй байхад эвлэрүүлэн зуучлал хэр амжилттай ажиллаж байгааг Н.Лүндэндорж дарга лавлаад, нийт 293 өргөдөл хүлээн авч, 196 өргөдлийг шийдвэрлэж, 96 өргөдлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үзүүлэлтийг “Улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлал иргэний хэргийн шүүхийн ачааллыг 20 гаруй хувиар бууруулж байгаа. Дорнод аймгийн иргэд л эвлэрэх дургүй, бусад нь дуртай байдаг гэж би хувьдаа үзэхгүй байна. Тиймээс иргэдэд хандсан үйл ажиллагаагаа сэтгэл гарган эрчимжүүлж, эрс өөрчлөлт, онцгой эргэлт хийж ажиллаарай” хэмээн эвлэрүүлэн зуучлагч Ц.Тамирт даалгалаа. Тэрбээр Баянхонгор аймагт Л.Бор, Баян-Өлгий аймагт Р.Асхабыл, Дархан-Уул аймагт З.Мөнхтүвшин нарын эвлэрүүлэн зуучлагчид жилдээ 900 шахам эвлэрэл амжилттай явуулж байгааг онцлон дурьдсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Шүүхийн үйл ажиллагаатай танилцсаны дараа томилолтын ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг 11 багц сэдвийн хүрээнд танилцууллаа. Тайлангийн эхэнд профессор Н.Лүндэндорж “Миний бие өөрийн биеэр танай шүүхэд ирж тайлан тавих завшаан тохиосонд баяртай байна. Энэ бол шүүхийн захиргаа захирдаг биш, үйлчилдэг захиргаа гэдгээ нотолж, шүүгч ажилтнууддаа биечлэн тайлан тавьж байгаа хүндэтгэл юм. Өмнөх 20 гаруй жилд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдэд тайлан тавьж байгаагүй бол Монголын нийт шүүх даяар гишүүд нэгэн зэрэг явж тайлагнадаг жишгийг бид үүгээр тогтоож байгаа. Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг та бүхэн мэднэ. Энэ бол Монголын 525 шүүгч, 1000 гаруй ажилтны хичээн зүтгэсэн чармайлтын үр дүн. 2016 он та бидний хөдөлмөр ард түмэнд үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн он байлаа. Бид юу хийж бүтээснээ мэддэг байх ёстой. 10 үр дүнг ард түмэн, хэвлэл мэдээллээр хэн ч, хаана ч эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрсөн. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн олон улсын, хөндлөнгийн, мэргэшсэн шинжээч нар Монголын шүүхийг цогцоор судлаад, дүнг дэлхийд зарласан. Энэ бол Шүүхийн ерөнхий зөвлөлийг биш шүүгч, ажилтнууд та бүхний ажлыг үнэлсэн үнэлгээ юм” гээд шүүхийн захиргааны удирдлага, хүний нөөцийн удирдлага, санхүү, хөрөнгө оруулалт, сургалт судалгаа, нээлттэй шүүх гэсэн чиглэлүүдээр тайлан тавиад, 2017 оны гол зорилтуудаа тоймлов. Хэдийгээр шүүхийн шинэтгэлд эдгээр олон ахиц дэвшил гарч байгаа боловч иргэд олон нийтэд арван хуруунд нь атгуулж, алаг нүдэнд нь харуулж, нотлох, итгүүлэх ажил маш чухал гэдгийг ч онцолсон юм. Эцэст нь тэрбээр жилийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулууныг томилолтоор ажиллахад шүүгчдээс уламжилсан 7 санал хүсэлт хэрхэн биелэлээ олж, ажил болсон талаар мөн танилцууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Шүүгч А.Энхбаатар “Шүүхийн ерөнхий зөвлөл сүүлийн 4 жилд шүүхийн бие даасан байдлыг маш сайн хангаж, хамгаалж ажиллалаа. Тун удахгүй гавьяаныхаа амралтанд гарах гэж байгаа миний хувьд шүүгчийн эдийн засгийн баталгааг баталгаажуулсанд их баярласан. Шүүгчийн хараат бус байдлыг хангаж чадсан нь бахархалтай байна. Үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд шүүхийн төсвийг өмнөх жилээс бууруулахгүй байх, шүүхийн төсөв улсын төсвийн тодорхой хувийг эзлэх, ШЕЗ шүүхийн төсвийг төсөвлөн УИХ-д шууд өргөн мэдүүлэх зэрэг чухал ажлуудыг хийж илүү сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол Ерөнхий шүүгч Б.Оюун “2016 оны тайланг сонсч, 2017 оны зорилтуудтай дэлгэрэнгүй танилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөл ямар ч тохиолдолд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан бид бүхний төлөө оюун ухаан, сэтгэл зүтгэл бүхий л зүйлээ зориулж ажилладагт баярлаж явдагаа хувиасаа болон шүүгч, ажилтнуудынхаа өмнөөс илэрхийлье. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга тэртээх 10 жилийн өмнө шүүхийн шинэтгэлийн тухай асуудал дэвшүүлж бичиж байсан нь өнөөдөр шүүх эрх мэдэлд эргэлтийн шинжтэй олон дэвшил, үр дүнг бий болгож, бодит ажил болсонд баяртай байдаг. Шүүхийн захиргааны байгууллагыг удирдаж, шүүхийн шинэтгэлийн үйлсийг гардан хэрэгжүүлж байгаа эрдэмтэн хүний хувьд шүүхийн олон асуудалд цаг үргэлж сэтгэл чилээж байдаг тань бид бүхэнд мэдрэгддэг. Цаашид олон шинэлэг санал санаачлагуудыг хэрэгжүүлэх гэж байгааг сонсох таатай байна. Эцэг хүн шиг шүүгчдийн оюун мэдлэгт сэтгэл гаргаж, олон сайхан номнууд сорчлон сонгож, оюун сэтгэхүй төдийгүй эдийн засгийн баталгаанд хөрөнгө оруулж байгаа таньд болон хамтран зүтгэгчдэд тань баярлалаа. Ачаалал багатай шүүгчид зэврэхвий, мэдлэгээ ахиулж байгаасай гэсэн таны зөвлөгөөнд бид өөрсдийн хэмжээнд үргэлж мэрийлттэй суралцаж байгаагаа уламжилья” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Шүүгч З.Энхцэцэг “Давж заалдах шатны шүүх энэ тогтолцоогоор яваад байх уу. Хэр удаан үргэлжлэх вэ” гэсэн асуултанд “Асуудал зовлонтой байгаа. Алсыг хараагүй шийдвэр хоолойд яс тээглэсэн юм шиг асуудалд хүргэсэн. Уг нь шийдэхэд тийм ч хэцүү асуудал биш л дээ. Гол нь зөв нүдээр Монголын онцлогийг зөв хараад шийдвэл үргэлж энэ талаар бодож, судалж, харьцуулж байдаг бидэнд шийдэх гарц хэд хэдээрээ байгаа. Тэр гарц болгон хуулиар шийдэгддэг, Засгийн газартай зөвшилцдөг, Ерөнхийлөгч, УИХ-аар гээд олон даваа давдаг учраас үүнээс өөр арга байгаагүй. Шийдвэр гаргагчдад зөв ойлгуулах, хөрс суурийг нь тавих нь чухал. Манай шүүгчид аливааг бүтээхийн төлөө зүтггээд сурчихсан. Тэр зүтгэл дээр л тогтож байна л даа. Одоогийн механизмыг Шүүхийн ерөнхий зөвлөл олсон. Тэгэхгүй бол дагнасан шүүхээс ухрааж холимог руугаа орчих байсан. Дагнасан шүүхээ авч үлдэхийн тулд л ийм шилжилтийн шийдвэр гарсан. Энэ нь одоо харахад тийм удаан байж болохгүй байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа юу болох вэ гэдгээс хамаараад нэг бол хуучин руугаа ухраад орох байх. Ямар ч байсан би бүрэн эрхийнхээ хугацаанд дагнасан шүүхээс ухрахгүй. Надаас хойш яахыг бүү мэд. Эсвэл буцаад тойргийн шүүхээ байгуулах тал руугаа явбал хамгийн зөв байх. Тойргийн шүүхэд ажиллаж байсан шүүгчид дуу нэгтэй дэмждэг” гэх хариултыг авлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

     Тайлангийн төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд нь, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханд “Алтан гадас” одонгоор шагнагдсанд нь шүүгч ажилтнууд баяр хүргэж, амжилт хүслээ.

 Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажилласан профессор Н.Лүндэндоржийн албан томилолт шүүгчид, хуулийн байгууллагынхны төлөөлөлд “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага” сэдэвт лекцээр үргэлжлэв.

      Тус лекцийн дараа Дорнод аймгийн телевизүүдэд шүүхийн шинэтгэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгснөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын зүүн аймгууд дахь шүүхүүдэд ажилласан томилолт өндөрлөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Дорнод аймаг дахь шүүхүүдэд ажиллав

      Ажлын хэсгийн томилолт Хөвсгөл аймаг дахь шүүхүүдэд ажиллаж, орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаар үргэлжилнэ.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …