УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-УИХ-аар төсвийн тодотголыг баталж, долоон төрлийн татвар нэмэхдээ ард түмний унаа болсон приус автомашины татварыг нэмэхээр болсон.Долоон төрлийн татварын гурав нь өнөөдрөөс хуулийн дагуу хэрэгжиж эхэлнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад хандан автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хүсэлт тавиад байгаа. Энэ талаар ярилцлагаа эхэлье…
-УИХ-д Төсвийн тодотгол оруулж ирэхдээ Монголын онцлог хийгээд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг дутуу тооцож, оруулж ирсэн. ОУВС-гаас санхүүгийн дэмжлэг хүсэхийн тулд энэ төсвийг эрх баригчид оруулж ирж УИХ-аар хэлэлцсэн. Сөрөг хүчний хувьд бүхнийг шүүмжилж, улдах нь бидний зорилго биш. Харин аливаа зүйлийг бодитоор харах нь бидний шаардлага юм. Эрх баригчид эдийн засаг хямралтай байна гэчихээд иргэдийн хэрэглээ, орлого хумигдаж байгаа үед татвар нэмэх шийдвэр гаргаж байгаа нь буруу. Татвар нэмэхдээ хүүхэд, хөгшид, иргэдийн халаас руу шууд өнгийж, нэг биш, хоёр биш долоон төрлөөр нэмэгдүүлж байгаа нь буруу байгаад л асуудлын гол байгаа юм.Буруу байна гэдгийг бидний зүгээс эрх баригчдад сануулсан. Харамсалтай нь бидний шаардлага биелэгдээгүй. Үүгээрээ нийгмийн бухимдлыг асар өндөр хэмжээнд хүргэсэн.
-Татвар нэмэхийн зэрэгцээ төрийн албан хаагчдын цалинг гурван жил царцаана гэсэн байсан?
-Цалин хөлсийг гурван жил нэмэхгүй.Цалин нэмэхгүй байж иргэдэд татварын дарамт учруулах шийдвэрийг МАН гаргасан. Татварыг нэмэхдээ ч нийтийн өдөр тутмын хэрэглээний, тансаг хэрэглээний гэж ялгаж үзэх ёстой гэдгийг эрх баригчдад анхааруулсан. Гэтэл ялгаж салгах нь битгий хэл үүн дотроос нийтийн хэрэглээ болсон хос тэжээлт автомашины татварыг нэмэх асуудлыг Засгийн газар чимээгүй оруулж ирсэн.
-Ер нь яагаад чимээгүй оруулж ирсэн юм бэ.Нэгэнт л ил болох зүйлийг хааж нуухын шалтгаан байдаг юм болов уу?
-Чимээгүй оруулж ирсэн шалтгаан нь бүх төрлийн автомашины онцгой албан татварыг нэмэнгүүтээ хос тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувь хөнгөлнө гэсэн зүйл заалт. Хос тэжээлт автомашиныг бид татваргүй оруулж ирдэг байсныг бүгд мэдэж байгаа. Үнэндээ Монголын ард түмний жирийн иргэдийн унаа бол приус автомашин болчихлоо. Үүнээс олох татварын хэмжээ нь 33 тэрбум төгрөг. 33 тэрбум төгрөгийг иргэдийн халааснаас авчихаар тэдний хувьд хүнд дарамт болж байгаа юм. Тэгсэн мөртлөө төсвийнхөө зардлыг хасахгүй байдаг нь ямар учиртай юм бэ. Зүгээр л дэд сайд, агентлагийн дарга, орлогч нарыг хасахад л энэ мөнгө гарчих юм, уг нь Зардлаа нэмж оруулж ирдэг, сайд нарынх нь багц нэмэгдэж орж ирдэг мөртлөө иргэдийн хэрэглээний татварын мөнгөөр энэ зардлыг санхүүжүүлж байгаа нь буруу.
-Танай бүлэгт автомашин импортлогчид хүсэлт тавьсныг та бүхэн Ерөнхий сайдад уламжилсан юм уу.Яг юу болсон юм бэ?
-Автомашин импортлогчдын холбоо, автомашин импортлогч 800 гаруй иргэнээс албан тоот надад ирсэн. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр анх энэ саналыг би гаргаж тавьсан. Харамсалтай нь эрх баригчид “команд” дагадаг хүмүүс тул кнопдоод унагачихсан юм. Би нэг зүйлийг онцолж хэлье. Энэ 76 гишүүн чинь гурван сая монгол хүний л нэг. Тиймээс гурван сая иргэнийхээ нүдээр асуудлыг харах болохоос “Би эрх мэдэлтэй болчихлоо” гэдэг өнцгөөс хэрхэвч асуудалд хандаж болохгүй.Автомашин импортлогчдын тавьсан шаардлага миний гаргаад унасан зарчмын зөрүүтэй саналын томьёололтой нийцсэн учраас Ерөнхий сайдад хүсэлт илгээсэн. Яагаад Ерөнхий сайдад илгээсэн бэ гэхээр Засгийн газар маш хурдан энэ асуудлыг Их хуралд оруулж ирэх боломжтой.Би өөрөө хууль өргөн барих гэхээр хугацаа их алдана. Тэр утгаар нь Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн. Тэд татвар төлөхгүй гээгүй. Тэд “Тавдугаар сарын нэгэн гэдэг чинь дэндүү давчуу хугацаа байна.Санхүү мөнгөний боломжгүй үед илүү мөнгө төлөх болчихоод байгаа юм. Бид тэндээс худалдаж авсан машины үнэ замдаа нэмэгдчихээд байна. Тиймээс ядаж хугацааг нь хойшлуулж өгөөч” гэж байгаа юм. Үүнийг би шаардлага гэхээсээ илүү эрүүл хүсэлт гэж харж байгаа. Төр иргэндээ хүндэтгэлтэй ханддаг байх зарчмыг бид хэзээ ч мартаж болохгүй. Зөв хүсэлт тавьсан бол шуурхай арга хэмжээ авч энэ боломжийг үргэлж бий болгож явах ёстой. Тэр бичигтээ онцгой албан татварыг аравдугаар сарын нэгнээс авахаар хойшлуулж өгөхийг хүссэн байгаа.
-Гэхдээ тэр хугацааны татвараас орох орлого бүрдэхээ байчихлаа гээд унах байх даа…
-Энэ тийм их хэмжээний мөнгө биш. Нэг улирлын л мөнгө. 33 тэрбум төгрөгийг жилд олно гэж үзэхээр нэг улирлын мөнгө гэхээр найман тэрбум төгрөгийн л асуудал.Найман тэрбум төгрөгийг олж төсвийн цоорхойг нөхөх боломж бидэнд маш их байна.Тансаглалаа жаахан таначихад гараад ирнэ.Өнөөдөр манайхаас дэлхийн зах зээлд экспортолж байгаа түүхий эдийн үнэ өсчихлөө. Уг өсөлтийн зөрүү, ханшийн зөрүүнээс бид 200 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлчих боломж харагдаад байгаа юм. Тиймээс энэ бол ямар ч асуудал биш. Тэр утгаараа үүнийг би шаардах болно. Хамгийн гол нь төр өөрөө бүсээ чангалж байж иргэдээсээ юм шаардах хэрэгтэй. Харамсалтай нь Их хурлаар баталсан төсвийн тодотгол үүний эсрэг явсан. Энэ чинь буруу үр дүн авчраад байгааг бүгд мэдэж байна. Эрх баригчид нийгмийн уур амьсгалаа мэдрэхгүй шийдвэрийг олноор нь гаргаж байгаа. Манайхан ч тэвчээртэй юм.
-Иргэд тэвчээртэй байж болно.Тэвчээр гэхдээ нэг л өдөр алдуурах байх.Татвар нэмээд байхад төсвийн орлого нэмэгдэхгүй бол бүр баларсан зүйл болох байх даа?
-Иймэрхүү байдлаар иргэдийн халаас руу гараа дүрж, данхайсан төсөвтэй явчихаад оны эцэст эдийн засагт эерэг өөрчлөлт гаргаж, иргэдийн амьдрал дээшлэхгүй бол эрх баригчдын оршин тогтнох хугацаа улам багасна. Тэдний хийж буй үйлдэл бүр нь буруу алхам болоод байгаа тул ингэж хэлээд байгаа юм. Зарим зүйл дээр нь уян хатан ханд. Зарим зүйл дээр Монголын төр байгаа юм шиг бай. Юм болгоныг гадныхны даалгавраар хийх гэж харанхуй зүтгэдгээ болих цаг болсон. Энэ чинь тусгаар Монгол Улс шүү дээ. Гэтэл сайн сайхан болгоно гэж амлалт өгсөн эрх баригчид хүний гар харж сайн сайхан болгоно гэвэл буруу. Бид үүний эсрэг хатуу байр суурьтай байгаа.
-АН-аас эхтэй эдийн засгийн хямрал одоо үргэлжилж байгаа гэдэг шүү дээ.Эхнээс нь танай намынхан бодлогогүй явчихсан юм биш үү?
-МАН-ынхан Ардчилсан намаар бүтэн жил “хоол” хийж явлаа.Тэд Ардчилсан намыг муулснаараа өөрсдийнх нь ажиллах боломж тийм сайжирсан юм уу.Ард түмний амьдрал дээрдсэн юм уу. 2016 оны сонгуулиар бүх зүйл дээр хаалт хийсэн.2016 он хүртэл Ардчилсан намын бодлогоор явсан бүх үйл ажиллагаа дуусч, 2016 оноос хойших нь эрх баригчдын үйл ажиллагаа.Бүтэн жил болоход тэд АН-ыг муулж, доромжилж, гүтгэж, хорьж, шийтгэж хооллолоо. Ингээд Монголын эдийн засаг сайжирсан юм уу. 2016-2020 он бол тэдний хариуцлага, амлалтаа үүрэх цаг хугацаа. Юу хийгээд байгаа юм бэ. Үүн дээр л ард түмэн хариулт нэхээд байна. Тэд сонгуульд орохдоо сайн сайхан болгоно гэж орсон юм байгаа биз дээ. Сонгуулийн амлалт чинь эдийн засгийн нөөц боломжийг тооцно гэсэн хуультай. Гэтэл одоо яахаараа бүх зүйлийг болохгүй байна гэж яриад байгаа юм бэ. Үүнд хэн үнэмших юм. Биднийг муу л гэлээ. Өөрсдийнх нь сайжруулж байгаа нь хаана байгаа юм бэ гэж ард түмэн асууж байна. Нэг юм хийхээрээ л Ардчилсан намын үед тэгсэн, ингэсэн гэж ярьдаг болсон. Сүүлдээ бүр эрх баригчид маань хувь хүний өмч рүү орж, хувь хүний эрх рүү халдаад эхэлсэн. Энэ Монголд чөлөөтэй үгээ хэлэх эрхгүй, чөлөөтэй өмчөө эдлэх эрхгүй, гудамжинд хүртэл хүн чөлөөтэй явах эрхгүй болж эхлэх нь. Бүхнийг хуулийн дарангуйллаар шийдэх гэсэн оролдлого.
Энэ 65, Засгийн газар, эрх баригчид л бүгдийг шийднэ гэсэн цөөнхийн дарангуйлал руу хүчээр яваад орчихлоо. Нөгөө коммнунизм руугаа алхаад эхэллээ гэсэн үг.Хүн бүр айдастай, үг хэлж, өмч эзэмшиж болдоггүй болох нь бараг. Сүүлийн үед том бизнесүүд бүр хөдлөхөө больсон. Аргагүй шүү дээ, юм хийх гэхээр нь хардана, цагдана, шалгана. Ингээд байхаар энэ Монголыг чинь яаж босгох юм.
-Ингэж яриад байхаар л АН-ын бүлэг бүхнийг харлуулж байна гэж шүүмжлээд байгаа юм биш үү?
-Ардчилсан намын бүлэг бүхнийг улдахын тулд яваагүй. Өнөөдрийн төрийн бодлого хаашаа явж байна вэ гэдгийг хатуу шүүмжилж байгаа юм. Үүнийг харин иргэддээ ойлгуулах нь бидний үүрэг. Хэн нэгэн нөхөр гарч ирээд загнахаар чимээгүй болдог нийгэм байж болохгүй. Тиймээс иргэний оролцоо чухал шүү гээд байхад хэдэн сайд дарга нар хууль боловсруулж гаргаад нийгэмд тулгадгаа болих хэрэгтэй.
Үүний хамгийн тод жишээ Зөрчлийн хууль дээр гарч байна.Жижиг зөрчил нийгэмд түгээмэл байдаг. Тэдгээр зөрчлийг арилгах нь хуулийн зорилго байхаас биш баривчилж, шийтгэхэд чиглэгдэх ёсгүй.
Шийтгэх шийтгэхдээ дааж давшгүй өндөр өртгөөр шийтгэх нь асуудлын гол биш. Энэ чинь иргэний эрхийн асуудал. Хоёр иргэний эрхийн хооронд үүссэн зөрчлийг хохиролгүй болгох харилцааны асуудал болохоос биш хуулийн дарангуйллаар зохицуулдаг юм биш.
-Зөрчлийн хууль яг яачихаад байгаа юм бэ?
-Зөрчлийн хуулиар гэмт хэргийг биш, захиргааны хэргийг биш зүгээр л зөрчлийг зохицуулна. Гэтэл зөрчлийг баривчлах ял оруулаад хулгайлах, хүний өмчийг устгах, хүний өмчийг завшихыг зөрчил болгоод оруулж ирсэн нь буруу болсон. Ингээд концепци нь алдагдчихаж байгаа юм.
Ардчилсан намынхны боловсруулсан Зөрчлийн хуульд ийм зүйл байгаагүй. Баривчлах ял гэж байгаагүй. Хэрэв баривчилж байгаа бол Эрүүгийн хууль болно биз дээ. Хүний эрхийн асуудлыг зохицуулдаг хууль байхаа больж байна. Тэгснээ эрх баригчид торгуулийг нь нэмээд байгаа юм. Үнэндээ энэ хууль иргэн хоорондын харилцааг зохицуулж, хохиролгүй болгох ёстой болохоос биш зөрчил нэрээр төр дундаас нь мөнгө завшиж, төсөв бүрдүүлэх асуудал биш. Иргэнийхээ талд зөв шийдвэр гаргадаг байхгүй бол хуулийн дарангуйллаар бүгдийг өөрчилдөг болж байгаа нь яав ч сайн зүйлд хүргэхгүй.
Сүүлийн үед ямар хууль гарав. Хүний халаасыг тэмтэрдэг, цалинг булаадаг, хүний хувийн өмчийг хураадаг хуулиуд.Үүнийгээ хуулийн засаглал гэж нэрлэх гээд байгаа юм уу. Үүнийг хуулийн дарангуйлал гэдэг юм. Үүнийг чинь нийгэмчлэх гэдэг юм. Монгол Улс энэ замыг 1937 онд туулаад өнгөрчихсөн. Бидний өвөг дээдсийн өмч хөрөнгийг тэд тэр үед яг иймэрхүү хуулиар булааж авсан. Хууль биелүүлэхгүй байсныг нь буудаж байгаад булааж авсан юм шүү дээ. Ардчилсан намын үед хамаг зүйл далан задгай байсан, дураараа аашилсан гэдэг. Хүн аль өнцгөөс харж байгаагаас энэ бүхэн шалтгаална. Эрх чөлөөгөө эдэлж байна уу, дураараа аашилж байна уу гэдэг хоёр өөр ойлголт. Бидний ойлголтоор хүн эрх чөлөөгөө эдлээд явж байсан байна. Бид хүний өмч рүү, эрх рүү нь халддаг зүйлийг хэзээ ч хийгээгүй, 27 жил Ардчилсан нам үүнийг хамгаалсан цайз нь болж ирсэн.
-Татваруудаар эхэлсэн бидний яриа сүүлдээ улс төр болоод явчихлаа.Татварын тухайд эргээд ярихад бүлгийн зүгээс Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлж.Татвар нэмэгдэх сургаар машин импортлогчид үнээ нэмчихсэн байсан.Аравдугаар сарын нэгэн болж хуулийн хэрэгжилт хойшилбол тэд нэмсэн үнээ буулгах юм уу?
-Зөвхөн автомашины үнэ биш ээ. ОУВС-тай холбоотойгоор татвар болон олон зүйлийн үнэ нэмэгдчихлээ. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихлээ гээд судалгаагаар гарч ирж байна. Манай засгийн үед инфляцийг хоёр оронтой тооноос нэг оронтой тоо руу оруулж ирсэн. Бүр нэг хувь руу орсон. Одоо буцаад өсч байгаа. МАН-ын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу найман хувь болгоно гэх юм бол цаашид өргөн хэрэглээний барааны үнэ дахиад өснө. Иргэдийн цалин нэмэгдэхгүй өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байвал иргэдийн амьдрал хаашаа явах вэ гэдгийг заавал тооцох ёстой. Ардын намынхан дэндүү яаруу, дэндүү бодлогогүй шийдвэр гаргаад байна. ОУВС-д орохын тулд Монгол Улс ийм өндөр өртөг төлөх байсан юм уу.
-Гэхдээ Ерөнхий сайдын хэлснээр бензиний үнээс эхлээд аль болох тогтвортой барьж байгаа гэсэн шүү дээ?
-Ярих нэг өөр. Амьдрал дээр бас нэг өөр.Ардчилсан нам засаг барьж байхад бензиний үнэ нэмэгдээгүй. Энэ нь муу зүйл байсан юм уу. Гэтэл сүүлийн хэдхэн сард бензиний үнэ хоёр удаа нэмэгдчихээд байхад үүнийг яагаад ярихгүй байгаа юм.
-Ардчилсан намын ялалт байгуулсан Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг болон 54 сумын Засаг даргыг батламжлахгүй байгаа асуудал бий.Танай бүлгийн зүгээс Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлж, өөрсдөө ч мөн уулзсан. Энэ асуудал юу болж байгаа вэ?
-Ардчилсан намын бүлэг энэ асуудлын хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандсан. Ардчилсан намын ялсан сумдын Засаг дарга нарын томилгоог дуусгая, асуудал нь улстөржөөд бүтэн жил боллоо гэдгийг хэлсэн.Хоёрдугаарт, Сүхбаатар аймгийн сонгуулийн асуудлыг нэг тал руу нь цэгцэлье, бүхэл бүтэн аймгийг ингэж улстөржүүлж болохгүй. Тэнд иргэдийн амьдрал байгаа. Баянзүрх дүүргийн асуудлыг мөн ингэж тавьсан. Үнэмлэхүй олонхи болж ялсан бол үнэмлэхүй олонхи шиг бай. Ард түмний сонголтыг хүндэтгэ гэж байгаа юм. Засгийн газар дээр ажлын хэсэг ажиллаж байгаа гэж найдаж байна. Хэрэв энэ асуудлыг дахин түгжсэн байдалтай барих юм бол хүссэн хүсээгүй улс төрийн дараагийн акци руу орно.
-Сүүлийн үед ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихэд хүнд боллоо гэдэг зүйл ярьж байна.Өнгөрөгч баасан гаригт бүлэг нь хуралдаж энэ асуудлыг хэлэлцсэн гэж дуулсан.Танд ямар нэгэн мэдээлэл байна уу?
-Надад ямар ч албан ёсны мэдээлэл алга. Уг нь бид эдийн засаг, санхүүгээ өөрсдөө мэдэх ёстой байсан юм. Нэг гинжин урвал буруу явчихаар дамжаад явчихдаг байхгүй юу. Хүнд биш эхлээд өөрсдөдөө итгэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл ард түмэндээ итгэ. Ингээд яриахаар “Та нар улс орныг ийм болгосон.Энэ улсыг чинь өрөнд өгөх юм уу” гэж ярина л даа. Асуудал үүндээ байгаа юм биш. Үнэхээр хүнд байгаа бол ард түмэн ойлгоно. Хүндэвтэр байвал яаж шийдэх вэ гэдэг нь засаг төрийн ухаан байдаг юм. Ардчилсан нам засаг барьж байхад ганц тулгуурт эдийн засагтай, экспортод гаргадаг байсан хэдэн бүтээгдэхүүний үнэ уначихсан байсан нь үнэн. Бид бүтээн байгуулалт хийхийн тулд бонд босгосон нь үнэн. Бондын мөнгө элсэнд асгасан ус шиг болоогүй нь үнэн.
Энэ мөнгийг ажил хийдэг хүмүүс авсан юм шүү дээ. Монголд хэрэгтэй зам, дэд бүтцийг байгуулсан. Хүнд мэдрэгддэггүй хэрнээ хүнд хэрэгтэй зүйл гэж байдаг юм гэдгийг мэдрэх хэрэгтэй. Дотоодын үйлдвэрийг бодлогоор хөгжүүлж хүнээс юм гуйхгүй болчих юмсан гэсэн бодлого руу чиглэж байсан нь үнэн. Түүнээс биш Ардчилсан намынхан идэж уугаад дуусгачихсан зүйл огт байхгүй.
Өнөөдөр нөхцөл байдал өөр болсон.Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдчихлээ.Худалдан авах сонирхол нь нэмэгдсэн. Ийм үед төрийн торгон ухаан гаргахаас биш хүнээс юм гуйж явдаг нь зөв юм уу. Энэ ухаан, бодлого хоёр чинь дутаж байна гэдгийг эрх баригчдад хэлээд байгаа юм.
-Сүүлийн үед долоон төрлийн концессийн асуудал маргаан дагуулж байна.Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэ Засгийн газарт нэг зовлон тулгарлаа. Тэр нь энэ хавар аж ахуйн нэгжүүд ажил хийх юм уу, хүлээгдэж буй томоохон дэд бүтцийн ажлууд хийгдэх үү гэдэг. Энэ нь үе үеийн Засгийн газар болгоны зовлон байдаг. Намайг хүртэл концессоор шүүмжилсан. Зам барих, дэд бүтцүүдийг буй болгох нь өнөөдрийн Монголын суурь эдийн засгийн тулгамдсан асуудал. Би асуудал талаас нь ярьж байна. Хүссэн хүсээгүй үүн рүү орж байна. Нэг талаасаа бүтээн байгуулалт мэт боловч нөгөө талаасаа ажлын байр. Зам дээр хэчнээн компани, хэчнээн хүн цалин авах боломжтой болдог гэж бодож байна. Энэ утгаар нь би эерэг харахыг хүсч байгаа юм. Харин энэ концессууд хийгдэхэд хувийн ашиг сонирхол орсон уу гэдэг нь өөр асуудал. Энэ зааг дээр асуудал үүссэн юм болов уу гэж харж байгаа. Монголд бүх аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд тэгш эрхтэй. Ямар ч ажлыг хийж болно. Харин тендер, сонгон шалгаруулалт нь хуулийн хүрээнд явсан уу гэдэг нь л асуудал. Үүнийг эрх баригчид өөрсдөө шийдэх ёстой.
Монгол Улсад үйлдвэрлэл, бүтээн байгуулалт хийх, дэд бүтцийг бий болгох, ажлын байр нэмэгдүүлж бодит эдийн засгийг хөдөлгөх нь нэн тулгамдсан асуудал. Өнөөдөр манайд санхүү байхгүй. Концессоор ажил хийлгэнэ гэдэг чинь мөнгөгүй улсын зовлон. Тэр үед бидний үүрч байсан зовлон энэ Засгийн газрын зовлон ижил. Би бүх зүйлийг эрүүлээр харахыг бодож байна.
Ярилцсан Э.Энхболд