Би кино найруулагчийн хүүхэд. Бага насны минь ихээхэн цаг хугацаа “Монголкино” үйлдвэрийн заал танхим, техникийн цех тасгуудад өнгөрсөн. Тэглээ гээд “Монголкино”-ны талаар дуугүй суугаад байж түвдсэнгүй. Киног нь, киночдыг нь, алдар суут алтан үеийн жүжигчдийг нь шүүмжлэх гэж байгаа юм биш. Тэр кинонуудыг гаргасаар байгаа ТВ-үүдийг шүүмжлэх гэсэн юм. HD гэж нэг программаар хуучин киног сэргээгээд шинэ болгочихож болдог юм байна. Сэргээлээ, сайн байна. Зүгээр л архивтаа хадгалчих.
Өнгөрсөн зунжингаа олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар”, “Сүхбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр суугаад залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцэхдээ энэ нийтлэлээ бичлээ.
Энэхүү Богдыг ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, чухам л түүний буян, ухаанаар монголчууд Манжаас салж, тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн хэмээн үздэг нэртэй түүхч найз нараа (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) өмгөөлөн энэхүү нийтлэлийг бичиж байна хэмээн тооцоорой. Тэд маань яагаад дуугүй суугаад байгаад, тэгэх тусмаа өөрсдийнх нь нотлон гаргаж ирсэн шинэ дүгнэлтийг зориуд унагах гэсэн мэт уншигчид, үзэгчдийг нэр бүхий уран сайхны кинонуудаар хордуулаад байгаад тэд маань ус балгачихсан аятай эвлэрэн өнгөрүүлэхүйд нь гайхан гайхан энэхүү бичил нийтлэлийнхээ үгсийг хэлхлээ.
“Тунгалаг тамир” киноны 2-р бүлэгт ийм нэгэн яриа бий. Ардын засгийн төлөөлөгчөөр томилогдсон Эрдэнэд жанжин Сүхбаатар үүрэг өгч байна.
Эрдэнэ асууж байна:
– Хаад ноёд, хутагт хувилгаад, баячуудыг яах вэ?
Жанжин хариулж байна:
– Одоохондоо бидэнд түр ч гэсэн хань хэрэгтэй. Бид Богдод хайртайдаа түүнийг хэмжээт эрхт хаан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж, ухаан бодолд нь шингэсэн шарын шашинтай зөв хандахад л хамаг учир нь оршиж байгаа юм. Гэхдээ зорилгоо гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэргээсээ ухрахгүй ээ. Бидний дайсан ухаантай ч, зальтай ч, бид тэднээс ухаантай аргатай байж ялна.
Одоо Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьсан дүрс зурагтаар хөврөх юм. Богд бол дайсны цаадхи дайсан, бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсийг жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань жанжин Сүхбаатар түр ашиглаад л устгана гэсэн заналхийлэл тэр кинонд буй.
“Хатанбаатар” киноны 1-р бүлэгт ийм нэгэн хэсэг бий. Богд Өвлийн ордондоо заларч нөмгөн орон дээрээ тойлуулж байна. Хэлж байна:
– Би ч аалзны шүлсэнд орооцолдоно гэдэг болоод байна. Эд нар намайг их ороож байна. Миний төлөг төөрчээ. Чи нэг үзээдэх.
Тэгсний дараа Хатанбаатарыг хүлээн авч Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт нь тамгаа дарж өгч байна. Богдын яриа:
– Улаан Орос чинь Хаанаа ширээнээс нь буулгаж…
Тамгаа дарсны дараа Хатанбаатарыг гаргачихаад хэлж байна:
– Байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо?
– Би, би юу, юу хийчих вэ?
Зүрхээ зүсүүлсэн, зөнөж тэнэглэсэн нэгэн Богд хаан тэр кинонд дүрслэгджээ.
XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу? Үүнд миний номын садан доктор О.Батсайхан зоригтой үгсээ дуугарч хариулт хэлнэ үү?
“Өглөө”, “Тэмцэл” кинонд Монгол Ардын Намыг үндэслэгч, анхны удирдагч нь асан Бодоо, Данзан нарыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтдаар тэр хоёрыг дүрсэлжээ.
Жанжин Сүхбаатар Бодоог тодорхойлж хэлж байна:
– Бодоо бол зөвхөн Бодоо биш. Цаана нь Дамбийжаа, Хятадын цэргийн эрхтэн байгаа юм. Энэ хэргийг басч болохгүй ээ.
https://www.youtube.com/ сайт дахь “Өглөө”, “Тэмцэл” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хэн нэгэн нөхөр хасч сайт руу оруулжээ. Харин Данзанг аль муухайгаар нь дүрсэлсэн хэсэг үлдсэн байна. Тэгж монтажлахыг МАН-аас хэргээр хийлгэсэн юм биш байгаа? Хоёрын хооронд тэгэх хэрэггүй.
Хоёр хувилбар байна: 1) Бүтнээр нь архивлаад хадгалах; 2) Эсвэл үзүүлэх гэж байгаа бол өмнө нь манай түүхч найз нараар (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) тайлбарлуулж, тайлбар зүүлт дагалдуулж үзүүлж байхыг санал болгоё.
Нийтлэлч Баярхүү